Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 159/2017/0021/З |
Дугаар | 25 |
Огноо | 2018-01-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 25
Г.С-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Х.Батсүрэн
Шүүгчид: Г.Банзрагч,
Ч.Тунгалаг,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох.
Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Э-ын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Баянгол сумын газрын даамалын ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх”,
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0787 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Хариуцагч: Б.Э, түүний өмгөөлөгч Т.У.
Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж , Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/31 дугаартай Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.С-ийг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын газрын даамалын албан тушаалд эгүүлэн томилж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 , Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С-ийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 2.266.941 /хоёр сая хоёр зуун жаран зургаан мянга есөн зуун дөчин нэг/ төгрөгийг Баянгол сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0787 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. “...Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасныг баримтлан үнэлээгүй, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан ...хуульд өөрөөр заагаагүй бол удаа, дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах тухай хуулийн зохицуулалтын агуулгыг ойлгоогүй бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
4. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Э нь 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар тус газарт газрын даамлаар ажиллаж байсан Г.С-ийг өөрийн эрх хэмжээний хүрээнд 2017 оны 1-5 сарын хугацаанд Төрийн албаны мөн чанар, зарчмыг баримталж ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ гүйцэтгэж чаддаггүй, албан үүрэгтээ удаа, дараа хариуцлагагүй хандаж байсан учраас Төрийн албанаас халах тухай хуулийн зохицуулалт болох Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан холбогдох баримтуудыг үндэслэн маргаан бүхий актыг гаргасан нь эрх зүйн зөрчилгүй акт байсан гэж үзэж байна.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс: Нэхэмжлэгчийн 2017 оны 1, 2 сарын төлөвлөгөөний биелэлтийг самбар хийгээгүй гэх үндэслэлээр хангалтгүй /46,6%/ гэж үнэлсэн нь буруу, самбар хийгээгүй нь ажлаас халах тушаалын үндэслэл болохгүй, төлөвлөгөөнд заасан сурталчилгааны самбар хийгээгүй гэж буруутгахдаа бодит байдалд биелүүлэх боломжтой байсан эсэхийг харгалзаагүй, Г.С нь 2017 оны 3 дугаар сард өөрийн зардлаар самбараа хийлгээд дараа нь самбар хийлгэсэн зардлыг байгууллагаас авсан байна, үр дүнгийн гэрээг жилд нэг удаа дүгнэх байсан, үүрэг даалгавар биелүүлээгүй гэх гомдол нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч Г.С-тэй 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод зааснаар тэрээр иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар өмчлөх, эзэмших, ашиглахыг хүссэн өргөдөл, хүсэлтийг хүлээн авч бүртгэж Сумын Засаг даргад уламжлан танилцуулж хариуг хугацаанд нь холбогдох хүмүүст хүргүүлэх үүрэгтэй байсан нь өргөдөл гомдлыг цаг хугацаанд нь биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй тул дээрх нөхцөл байдлууд нь “удаа, дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлд хамаарахгүй, ийм үндэслэл тогтоогдсонгүй гэж үзсэн.
6. Түүнчлэн иргэн Д.Хишигмаа, С.Марууш, Ц.Сэвхээш, Д. Ганбат, X.Оюунчимэг, Д.Нямсүрэн, У.Лхагвасүрэн нараас Баянгол сумын Засаг дарга, Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан өргөдөл гомдол нь агуулгын хувьд газрын даамалын үйл ажиллагаанд гомдол гаргасан гэхээс илүүтэй сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандсан газар, эзэмших, өмчлөх өргөдлийг шийдвэрлэхтэй холбоотой асуудал байх бөгөөд хэрхэн шийдвэрлэх нь нэхэмжлэгчээс үл хамаарах тул түүнийг өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэдэггүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Тус байгууллагын ирсэн бичгийн бүртгэл болон өргөдөл, гомдлын бүртгэлд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар бичилт хийгдсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
7. Мөн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар шалтгаангүйгээр ажлаас хоцорсон гэж, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар удаа, дараа ажлаас хоцорч ажлын цаг баримтлаагүй гэж, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар ажлын цаг баримтлаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж тус тус Г.С-т сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд маргаан бүхий тушаалын нэг үндэслэл нь мөн цаг ашиглалттай холбоотой сахилгын зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах шийдвэр гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.
8. Иймд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа зөвхөн хуульд заасан үндэслэл хангагдсан тохиолдолд ажлаас халах, ажлаас халах үндэслэл тус бүр тодорхой байх, гаргасан зөрчил болгоныг нотолж баримтжуулсны эцэст нэхэмжлэгчийн төрийн алба хаах эрхэд халдах эрхтэй болохоос тодорхойгүй зөрчил зааж төрийн албанаас халах шийдвэр гаргах эрхгүй. Хариуцагчаас нэхэмжлэгчийг буруутгаж буй үндэслэлүүд нь түүнийг төрийн албанаас халах шийдвэр гаргах хэмжээний зөрчил болох нь тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийг удаа, дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна гэсэнд гомдолтой байна.
9. Гомдлын үндэслэл: Төрийн албан тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт бол төрийн албан хаагч албан үүргээ удаа, дараа хангалтгүй биелүүлсэн тохиолдолд Төрийн албанаас төрийн жинхэнэ албан хаагчийг халах заалт гэдгийг хариуцагч маш сайн ойлгож байсан учраас энэ хуулийн заалтыг баримтлан Төрийн албанаас халсан юм.
10. Анхан болон давж заалдах шатны шүүхээс: 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүнс Хөдөө Аж Ахуйн газраас хадлангийн талбайн судалгаа ирүүлэх тухай албан тоот ирүүлснийг 2017 оны 01 дүгээр сарын 04-нд Засаг даргын Тамгын газар хүлээн авч газрын даамал Г.С-т хуваарилан 2017 оны 01 дүгээр сарын 15-ны дотор хариу хүргүүлэхийг үүрэг болгосон боловч энэ үүргийг огт биелүүлээгүй,
11. 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас /ГХБХБГ/ “Лэнд менежер-2” программын бэлтгэл ажлыг хангах тухай албан тоот ирүүлснийг хүлээн авч 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Г.С-т хуваарилан 2017 оны 02 дугаар сарын 15-ны дотор хариу хүргүүлэхийг үүрэг болгосон боловч огт биелүүлээгүй,
12. 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн ГХБХБГ-аас шаардлага хангахгүй инженерийн бүрэн хангамж, орон сууцны судалгааг хавсралтаар гаргаж ирүүлэх тухай албан тоотыг ЗДТГазар хүлээн авч, энэ албан үүргийг тухайн өдөрт нь Г.С-т хуваарилан 2017 оны 4 дүгээр сарын 15-ны дотор хариу хүргүүлэхийг үүрэг болгосон боловч энэ үүргийг биелүүлээгүй,
13. Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/218 тоот албан бичгээр сумдын Засаг даргад ...хаягийн мэдээллийн системийг хэрэглээнд нэвтрүүлэн үйл ажиллагаандаа ашиглах, хаягийн тэмдгийг газарт суулгаж тэмдэгжүүлэх ...ажлыг зохион байгуулахыг сумын Засаг даргын Тамгын газарт даалгасан. Энэ тоотын дагуу ажил зохион байгуулахыг газрын даамал Г.С-т ажлын байрны тодорхойлолттой мөн уялдуулан үүрэг болгосон боловч эдгээр хугацаатай үүргийг ажлаас халагдах өдрийг хүртэл огт биелүүлээгүй байсанд дүгнэлт огт хийгээгүйд гомдолтой байна.
14. Дээрх 4-н үндэслэл нь Г.С-ийг албан үүргээ удаа, дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэхэд хангалттай баримтуудад тооцогдоно. Эдгээр ажлууд нь тухайн нутаг дэвсгэр, сумын хүрээнд яригдаж байсан асуудал биш, харин Засгийн газраас Засгийн газрын бодлогын төвшинд орон нутгуудад яригдаж, зайлшгүй хийгдэх ажлууд байсан бөгөөд Төрийн албанаас халах тушаалд дурдсан буюу удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа, дараа биелүүлээгүй гэх үндэслэлд аль ч утгаараа хамаарч байгаа болно.
15. Ийнхүү дээрх ажил албан үүргийг төрийн албан хаагч биелүүлж гүйцэтгээгүй нь Төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 3.2-т “Төрийн албаны мөн чанар нь ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино”, мөн хуулийн 4 ; дүгээр зүйлийн 4.2.1-д “захирах, захирагдах ёс”, 4.2.3-т “ард түмэнд үйлчлэх” гэсэн зарчмыг зөрчиж байсан бодитой үйл баримт юм.
16. Хариуцагч сахилгын зөрчил удаа, дараа гаргаад байгаа газрын даамал Г.С-ийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг баримталж маргаан бүхий актыг гаргах байсан уу? үгүй юу гэдэг нь бидний маргааны гол зүйл биш юм. Харин Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан заалтын хууль зүйн үндэслэлд Г.С-ийн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үйлдэл хамаарах уу? үгүй юу? гэдэг дээр хэргийн зохигчид мэтгэлцсэн. Өөрөөр хэлбэл Г.С нь ажил албандаа 5-10 минут хоцроод байхаар нь төрийн албанаас халсан асуудал огт байхгүй, төрийн албан хаагч албан үүргээ биелүүлж чадаагүй гэдэгт л маргааны гол зүйл байсан юм.
17. Хариуцагч буюу ажил олгогч Б.Э нь газрын даамлаар ажиллаж байсан Г.С-ийг Төрийн албанаас халах ач холбогдлыг юунд өгсөн бэ? Өөрөө ямар сонголт хийсэн бэ? гэхээр буюу Төрийн албан хаагчийг Төрийн албанаас халсан маргаан бүхий захиргааны актын гол үндэслэл нь Г.С нь ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хангалттай гүйцэтгэх чадваргүй, хангалтгүй биелүүлдэг болох нь нотлогдсон учраас хариуцагч ийм хариуцлагагүй хүн цаашид Төрийн албыг хаших, боломжгүй, өмнөх удирдлагын үед ч албан үүргээ хангалтгүй биелүүлж байсан, төрийн албан хаагч бол хариуцлагатай байх ёстой гэж дүгнээд түүнийг Төрийн албанаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэсэн юм.
18. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх ямар ч хамааралгүй самбар, цаг ашиглалт гэсэн асуудал дээр дүгнэлт хийгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээд байгааг хуульч би ойлгохгүй байгаа. Г.С-ийн хувийн нөхцөл байдлыг авч үзвэл Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг удирдлага болгоод Төрийн албанаас халах дараагийн альтернатив хувилбар байгаа хэдий ч хариуцагч цаг баримталдаггүй гэдгийг нь баримтлан Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг хэрэглэж маргаан бүхий актыг гаргаагүй, харин Г.С-ийн үндсэн үүрэг нь төрийн чиг үүргийг ягштал биелүүлээд хэрэгжүүлээд л сууж байх явдал гэдэгт нь илүү ач холбогдол өгч албан үүргээ удаа, дараа хангалтгүй биелүүлсэн, мэдлэг чадвар нь хангалтгүй гэдэг үндэслэлээр төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндөх болсон.
19. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
20. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
21. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар Г.С-ийг “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй, ажлын цаг ашиглалтыг баримтлаагүй зэрэг зөрчил дутагдлыг удаа дараа гаргасан” гэсэн үндэслэлээр газрын даамалын үүрэгт ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасантай нийцээгүй байна.
22. Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг “Г.С нь ажлын цаг ашиглалт муу, удаа дараа ажлаас хоцорч, ажлын цаг баримтлаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй буюу үр дүнгийн гэрээний дагуу 1, 2 дугаар сарын төлөвлөгөөт ажлыг дүгнүүлэхдээ хангалтгүй үнэлгээ авсан учир 2017 оны Б/11, Б/21 дүгээр тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан, мөн иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй тул үүрэгт ажлаас нь халсан” гэсэн тайлбар гарган маргажээ.
23. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д төрийн жинхэнэ албан хаагчийг удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн албанаас халахыг хуульчилсан бөгөөд “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт заасан ажил үүргийг зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно.
24. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно”, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.3-т “...гэрээний биелэлтийг ...бүтэн жилээр дүгнэнэ” гэж тус тус заасан.
25. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Газрын даамал Г.С-ийн 2017 оны 1, 2, 3-р сарын ажлын төлөвлөгөө” гэсэн баримтын 3-т заасан “Газар зохион байгуулах төлөвлөгөөг сурталчилсан самбар гаргах” гэсэн ажлыг 46.6% гэж дүгнэсэн нь төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг дүгнэх дээрх журмын заалтыг зөрчсөн төдийгүй сурталчилгааны самбар хийгээгүй, дүгнүүлэхдээ хангалтгүй үнэлгээ авсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутган, ажлаас халах тушаалын нэг үндэслэл болгосон нь хууль бус байна.
26. Түүнчлэн иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй гэх үндэслэлийн тухайд Д.Хишигмаа, С.Марууш, Ц.Сэвхээш, Д.Ганбат, Х.Оюунчимэг, Д.Нямсүрэн, У.Лхагвасүрэн нарын иргэд нь газар эзэмших, ашиглах асуудлаар Баянгол сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан өргөдөл гомдол гаргасан, эдгээр иргэдийн гаргасан өргөдлийн зарим нь нэхэмжлэгчийг ажлаас халагдсаны дараа гарсан, мөн тэдний гаргасан өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэх нь дан ганц нэхэмжлэгчээс шууд үл хамаарахаар байна. Мөн тус Тамгын газрын ирсэн бичгийн болон өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтрээс үзвэл дээрх иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн талаар бичилт хийгдсэн байгаа нь энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгасныг үгүйсгэжээ.
27. Мөн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар удаа дараа ажлаас хоцорч, ажлын цаг баримтлаагүй гэсэн, 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар ажлын цаг баримтлаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Г.С-т сахилгын шийтгэл ногдуулжээ. Маргаан бүхий тушаалын өөр нэг үндэслэлийг цаг ашиглалттай холбон сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.
28. Дээрх байдлаар нэхэмжлэгч Г.С нь “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” нь тогтоогдоогүй бөгөөд энэ үндэслэлээр түүнийг ажлаас халсан Б/31 дүгээр тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн 2 шатны шүүхийн шийдвэр зөв байна.
29. Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалын үндэслэлээ дээрх байдлаар тодорхойлсон байхад хариуцагчийн өмгөөлөгчөөс уг тушаалын үндэслэл болоогүй буюу “...нэхэмжлэгч Г.С нь ...Сэлэнгэ аймгийн ХХААГазраас хадлангийн талбайн судалгаа ирүүлэх, ...Сэлэнгэ аймгийн ГХБХБГазраас “Лэнд менежер-2” программын бэлтгэл ажлыг хангах, ...Сэлэнгэ аймгийн ГХБХБГазраас шаардлага хангахгүй инженерийн бүрэн хангамж, орон сууцны судалгаа гаргаж ирүүлэх тухай албан бичгүүдийн хариуг хүргүүлэх үүргийг биелүүлээгүй, ...мөн газрын 01/218 тоот албан бичгээр сумдын Засаг даргын Тамгын газарт даалгасан ажлыг зохион байгуулахыг нэхэмжлэгчид үүрэг болгосон боловч биелүүлээгүй. Эдгээр 4 үндэслэл нь ...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэсэн үндэслэлд аль ч утгаараа хамаарч байгаа...” гэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.
30. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “эгүүлэн томилсугай” гэж буруу тодорхойлж бичсэн, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй нь буруу боловч энэ нь шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй юм.
31. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2017/0787 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА