| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2024/0026/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/786 |
| Огноо | 2025-03-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/786
2025 3 27 2025/ШЦТ/786
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Батсайхан, Э.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
иргэдийн төлөөлөгч С.Цэрэндэжид,
улсын яллагч К.Чимгээ,
шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, Т.Мөнх-Очир, Г.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Сд холбогдох эрүүгийн 2206 04905 0503 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Т.С.
Шүүгдэгч Т.С нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд инстаграм цахим орчинд “...” нэртэй хаяг нээн, улмаар “Хүссэн бүхнээ хямд үнээр, амжиж захиалга өгөөрэй. 14-20 хоногт ирнэ.” гэсэн зар байршуулж, төлбөрөө 100 хувь хийснээр баталгаажна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж нийт 509 удаагийн үйлдлээр бусдад 37,571,901 төгрөгийн хохирол учруулж залилан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Сг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгон, инстаграм цахим орчинд “...” нэртэй хаяг нээн, улмаар “Хүссэн бүхнээ хямд үнээр, амжиж захиалга өгөөрэй. 14-20 хоногт ирнэ.” гэсэн зар байршуулж, төлбөрөө 100 хувь хийснээр баталгаажна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 509 иргэнээс 37,571,901 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх шинжийг энэ гэмт хэргийг: 2.1.албан тушаалын байдлаа ашиглаж; 2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт онц хүндрүүлэх шижийг энэ гэмт хэргийг: 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон; 3.2: олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн; 3.3:зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хуульчилжээ. Залилах гэмт хэргийн суьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх ба хууль бус үйлдээс өөртөө ашиг бий болгох, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах гэсэн шунахай сэдэлттэй байдаг.
“Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд залилах гэмт хэргийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж олсон хууль бус орлогоороо өөрийгөө болон гэр бүл, бусдыг тэжээн тэтгэж, тэрхүү гэмт үйлдлээ амьдралын хэвшил болгосон байдлыг ойлгохоос гадна хохирогч бүрд учирсан хохирлын хэр хэмжээ, амьдрал ахуйд нь санхүүгийн хувьд нөлөөлсөн байдал мөн нийт хохирлын хэмжээ нь гэмт этгээдийн амьдралын чанарт өөрчлөлт оруулах хэмжээний эсэх, зэрэгт цогц байдлаар дүгнэлт хийх шаардлагатай.
Тодруулбал залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэн зүйлчлэхдээ гэмт этгээдийн гэмт зан үйлийн хэвшилт шинж, хохиролын хэмжээ зэрэгт анхаарах учиртай. Мөн залилах гэмт хэрэг шунахай сэдэлттэй үйлдэгддэг учраас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгөнөөс тодорхой хэмжээг өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан байдлыг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болгох шаардлагагүй юм.
Хэргийн тухайд шүүгдэгч Т.С нь цахим орчинд буюу “...” нэртэй инстаграм хаягаар хувцасны захиалга авна гэсэн утга бүхий заруудыг байршуулж, 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд нийт 1800 гаруй иргэдээс бараа захиалга авсан нь Т.Сгийн Хаан банкны ... дугаартын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 98-159 дэх тал/, дансны хуулга /40 дүгээр хавтаст хэргийн 20-193 дахь тал/ гэх баримтаар тогтоогдож байх тул түүнийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын хэвшил буюу зан үйлийн хэв шинж болгосон үзэх үндэслэлгүй байна. Мөн түүний үйлдсэн залилах гэмт хэргийн нийт хохирол нь их хэмжээнээс бага буюу 37,571,901 төгрөг байгаа зэргийг харгалзан зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.
Иймд Т.Сгийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд инстаграм цахим орчинд “...” нэртэй хаяг нээн, улмаар “Хүссэн бүхнээ хямд үнээр, амжиж захиалга өгөөрэй. 14-20 хоногт ирнэ.” гэсэн зар байршуулж, төлбөрөө 100 хувь хийснээр баталгаажна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж нийт 509 удаагийн үйлдлээр бусдад 37,571,901 төгрөгийн хохирол учруулж үргэлжилсэн үйлдлээр залилсан гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан тул гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Т.Сгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Гэм буруугийн талаарх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч С.Цэрэндэжид нь шүүгдэгч Т.Сг гэм буруутай байна гэж дүгнэсэн болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Т.Сд 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаярын зүгээс “...Зорчих эрхийг хязгаарлах ялтай санал нийлгэхгүй байна. Торгох ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Очирын зүгээс “...Нэг жилийн хугацаагаар тэнсэж, ял хойшлуулах зэрэг эдлэхэд хялбар ял сонгож оногдуулж өгнө үү. Нялх хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзаж өгөөч.” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэнгийн зүгээс: “...Торгох ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч Т.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүхээс хохирол төлбөрийг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүхээс шүүгдэгч Т.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол, хор уршгаа төлсөн, нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилжээ.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Т.С нь шүүх хэргийн хүлээн авч хянан шийдвэрлэх явцад 396 иргэний 28,397,391 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн. Зарим хохирогчид нөхөн төлөх хохирлын данс зөрүүтэй, тодорхойгүй үндэслэлээр 113 иргэний 9,174,510 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байсныг шүүхийн шатанд тус шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд 9,174,510 төгрөгийг байршуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хохирол нөхөн төлөгдөх бололцоогоор хангасан тул шүүгдэгч Т.Сг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл бүрдсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хохирол нөхөн төлөх зорилгоор шүүгдэгч Т.Сгаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сан дахь барьцааны 100900005406 дугаарын дансанд 9,174,510 төгрөг байршуулснаас нэр бүхий хохирогч нарт тус тус гаргуулан олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Т.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Т.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Т.С /РД/-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Т.Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Л оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хохирол нөхөн төлөх зорилгоор шүүгдэгч Т.Сгаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сан дахь барьцааны 100900005406 дугаарын дансанд 9,174,510 төгрөг байршуулснаас нэр бүхий хохирогч нарт тус тус гаргуулан олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН
Э.ЧАНЦАЛНЯМ