| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2022/00541/И |
| Дугаар | 102/ШШ2022/02442 |
| Огноо | 2022-06-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2022/02442
| 2022 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2022/02442 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Х ХХК нэхэмжлэлтэй,
хариуцагч: О , А нарт холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 10 608 234 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******
хариуцагч О.*******, Ц.******* нар оролцож
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч О.*******, Ц.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 608 234 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...зээлдэгч О.******* нь 2018 оны 10 сарын 02-ны өдөр Ц.*******ийг хамтран зээлдэгчээр татан 1560015499 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулаад 10,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай жилийн 21,6 хувийн хүүтэй зээл авсан. Хариуцагч нар 2020 оны 03 сарын 15-ны төлөлтөөс хойш төлөлт хийгээгүй. Нэхэмжлэл гаргах өдөр буюу 2022 оны 01 сарын 24-ний өдрийн байдлаар 649 хоног хугацаа хэтрээд үндсэн зээл 7,441,979.64 мөнгөний хүү нь 2,990,304.37 мөнгө, нэмэгдүүлсэн хүү нь 175,950 төгрөг нийт 10,608,234 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Банкны зүгээс зээлийн үүрэгтэй холбоотой санал хүсэлт гаргасан боловч ямар нэг төлөлт хийгдэлгүй 2 жилийн хугацаа өнгөрсөн. Иймд хариуцагч нараас 10,608,234 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Зөвхөн мөнгөн төлбөрийн үүргийг хангуулна... гэв.
4. Хариуцагч О.******* шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...миний бие ******* *******наас авсан цалингийн зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг зөвшөөрч байна. Гэвч ******* *******наас 10,608,234 төгрөгийг 3 сар хүртэл хугацаанд төлж дуусга гэсэн. Миний бие сард 800 000 төгрөгийн цалин авч байгаа учраас сардаа 500 000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна. Миний бие 2020 оны 4 сард ажлаас гарч ковидын үед ажилгүй байж байгаад 2022 оны 5 сараас ажилд орсон. Энэ зээлийг авсан нь үнэн, авсан зээлээ төлнө, хугацааг уян хатан шийдэж өгөөч гэж гуйж байна... гэв.
5. Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...маргаан байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа... гэв.
6. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/
******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 4 дүгээр тал/
Гүйцэтгэх захирлын тушаал, итгэмжлэл /хэргийн 5-6 дугаар тал/
О.*******, Ц.******* нарын иргэний үнэмлэх /хэргийн 7 дугаар тал/
Зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн өргөдөл, дансны хуулга /хэргийн 8-14 дүгээр тал/ нотлох баримтууд
7. Хариуцагч О.*******өөс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Хариу тайлбар /хэргийн 26 дугаар тал/ нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 10 608 234 төгрөг нэхэмжилнэ... гэж тайлбарлав.
3. Хариуцагч О.******* ...зээлийг авсан нь үнэн, авсан зээлээ төлнө, хугацааг уян хатан шийдэж өгнө үү... гэж тайлбарлав.
4. хариуцагч Ц.******* ...маргаан байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна... гэж тайлбарласан.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зээлийн гэрээний тухайд:
6. Хариуцагч О.*******, Ц.******* нар 2018 оны 10 сарын 02-ны өдөр №1560015499 тоот зээлийн гэрээг нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай байгуулж, 10 000 000 төгрөгийг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, өрхийн хэрэглээ зориулалтаар зээлжээ.
7. Зээлдэгч гэрээний үүргийг зээлийг ашигласан хоногоор сар бүрийн 15-17-ны өдөр хүү зээлийн үндсэн төлбөрийн хамт төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь гарган тохиролцсон байна. /хэргийн 8-10 дугаар тал/
8. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэхь хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.
9. Зээлийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
10. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 10 000 000 төгрөгийг хариуцагч нар буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.
11. Гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч 2018 оны 10 сарын 02-ны өдөр хариуцагч О.*******ийн эзэмшлийн ******* *******ны 1560015499 дугаарын данс руу шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, зээлдэгч гэрээний дагуу үндсэн зээл 2 558 020,36 төгрөг төлсөн нь хариуцагч О.*******ийн дансны хуулга баримтаар тогтоогдож байна. /хэргийн 14 дүгээр тал/
12. Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 сарын 17-ны өдөр дуусгавар болох хэдий ч зээлдэгч нар 2020 оны 04 сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлж, төлөлт хийгээгүй гэрээний үүргээ зөрчсөн, 2022 оны 01 сарын 24-ны өдрийн байдлаар үндсэн зээл 7 441 979,64 төгрөг, зээлийн хүү 2 990 304,37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 175 950 төгрөг нийт 10 608 234 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсныг зээлдүүлэгч нэхэмжилсэн. /хэргийн 21 дүгээр тал/
13. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагч нарыг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардсан байна.
14. Хариуцагч нар зээлийн төлбөрийн хэмжээ буюу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн үнийн дүнгийн талаар маргаагүй боловч энэ нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох хуульд заасан үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
15. Нэхэмжлэгч тал хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 7 441 979,64 төгрөг, хүү 2.990.304,37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 175 950 төгрөг нийт 10 608 234 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үндсэн зээлийн төлбөр 7 441 979, 64 төгрөгтэй холбоотой дансны хуулга баримтыг ирүүлсэн, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.1, 3.1.6, 3.1.7, 3.2.1, 3.2.9, 3.2.12, 4.1, 4.2-т зааснаар хүү нэмэгдүүлсэн хүү тогтоосон нэхэмжлэгч тэдгээрийг шаардах эрхтэй боловч хүү 2 990 304,37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 175 950 төгрөгийн тооцоололтой холбоотой баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг нотлоогүй тул шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй, нотлогдоогүй гэж үзэв.
16. Иймд нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байгаа хэмжээгээр буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 7 441 979,64 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.166.254,34 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184 682 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 134 021 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
18. 2022 оны 01 сарын 24-ний өдрийн дугаар 2б/422 нэхэмжлэгчээс С.*******т олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 6-7 дугаар тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч О.*******, Ц.******* нараас зээлийн гэрээний үүрэг 7 441 979,64 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 166 254,34 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184 682 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 134 021 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ