| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2021/02836/И |
| Дугаар | 102/ШШ2022/02516 |
| Огноо | 2022-07-01 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2022/02516
| 2022 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2022/02516 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Т нэхэмжлэлтэй,
хариуцагч: Н П холбогдох,
гэрээний үүрэг 6 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн ******* ашиглуулах гэрээний 3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хохирол 5 473 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* нар оролцож
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.******* хариуцагч******* ******* ХХК-д холбогдуулан ... 6 500 000 төгрөг... гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч ******* ашиглуулах гэрээний 3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хохирол 5 473 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...иргэн ******* болон******* ******* ХХК нарын хооронд 2021 оны 05 сарын 19-ний өдөр Вагончик ашиглуулах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр ******* нь өөрийн эзэмшлийн 5,000,000 төгрөгний үнэтэй вагончикыг 2021 оны 05 сарын 19-ний өдрөөс 2021 оны 06 сарын 19-ний өдөр хүртэл нэг сарын хугацаанд үнэ төлбөргүй ашиглуулах, 19-ний өдрөөс хойш буцааж хүлээлгэж өгөхгүй бол гэрээний 3 дугаар зүйлд зааснаар вагончикын өдрийн 500,000 төгрөгөөр түрээслэх болсныг тооцож 2021 оны 06 сарын 20-ны өдрөөс эхлэн хоног тутам 500,000 төгрөг нэхэмжилнэ гэж талууд тохиролцсон. 2021 оны 05 сарын 19-ний өдөр Б тал вагончикыг хүлээн авсан. Энэ талаар мөн гэрээндээ дурьдаж өгсөн байгаа. Улмаар 2021 оны 07 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө А талын вагончикыг хашаанд нь авч ирж өгсөн гэж манаач нь *******т утсаар мэдэгдсэн байдаг. Гэрээний 3 дугаар зүйлд зааснаар Б тал нь 13 хоногийн хугацааны түрээсийн төлбөрт 6,500,000 төгрөгийг А талаас нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан... гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ... 2021 оны 05 сарын 19-ний өдрийн вагончик ашиглуулах гэрээний дагуу түрээсийн төлбөр 6,500,000 төгрөгийг Нью пинакли ******* ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг гэрээ нь вагончик знэ төлбөргүй ашиглуулах гэж анхнаасаа ойлгосон байсан. Гэрээний үндэслэх хэсэгт нэг сар төлбөргүй ашиглуулах гэсэн заалт байгаа. Үүнээс үзэхэд үнэ төлбөргүй ашиглуулах болсон гэж ойлгож байна. Хугацаа хэтэрвэл түрээсийн төлбөр төлөх талаар анхнаасаа тохиролцоогүй. Хэрвээ тохиролцсон бол вагончик түрээслэж ашиглах нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байгаа. Хугацаа хэтэрвэл түрээсийн төлбөр төлөх талаар огт мэдэгдээгүй. Нью пинакли ******* ХХК-ийн захирал Жаргалсайхан тус гэрээг гүйцэт уншиж танилцаагүй гарын үсэг зурсан асуудал харагддаг. Яагаад гэхээр 2021 оны 05 сарын 19-ний өдрийн 10 цагт Москва хорооллын Дархан төвийн гудамжинд гадаа ******* гэрээгээ бэлдчихсэн ирчихсэн байсан. Хайгуулын өрөм түрээслэх гэрээ мөн вагончик ашиглах гэрээгээ хамтад нь авчраад гарын үсэг зуруулсан. ******* ашиглуулах 2021 оны 05 сарын 19-ний өдрийн******* ******* ХХК-д өгсөн гэрээний нэг хувь дээр ******* хүлээлгэж өгсөн гарын үсэг огт байхгүй. Энэ гэрээг уншиж танилцаагүй гарын үсэг зурсан байдал нь гэрээний А талыг төлөөлж иргэн ******* Б талыг төлөөлж иргэн Жаргалсайхан нар харилцан тохиролцож энэ гэрээг байгуулав гэсэн байдаг. Дандаа иргэн гэж бичсэн байсныг огт харалгүйгээр хүлээн авсан иргэн Жаргалсайхан гэдэг дээр гарын үсэг зурахдаа шууд компанийнхаа тамгыг дарсан байдал харагдаж байгаа. Тэгэхээр энэ байдлуудаас үзэхэд вагончикыг үнэгүй ашиглах юм байна гэдэг ойлголтоороо гарын үсэг зураад тамга дарсан. Тийм учраас энэ байдлуудаас болж хайгуулын өрөм түрээслэх гэрээний салшгүй хэсэг гэж ойлгож байсан. Хайгуулын өрөм түрээслэх, вагончик ашиглуулах гэрээнүүд бол хоёулаа нэг өдөр буюу 2021 оны 05 сарын 19-ний өдөр цуг байгуулагдсан. Хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд 2021 оны 09 сарын 20-нд хариуцагч талаас хайгуулын өрөм түрээслүүлэх гэрээний хэргийг шийдвэрлэхэд өөр шүүгч дээр хуваарилагдсан байсан. Сүүлд Хангал шүүгч дээр вагончик түрээслэх гэрээнүүд тус тусдаа шийдэгдсэн учраас энэ хэргийг нэгтгэж өгнө үү гэх хүсэлтийг өгч байсан. Энэ бол ******* ******* ХХК-ийн өмч байна гэж ойлгоод яваад байсан. Хэрвээ өөрийн өмч байсан бол вагончикын гэрчилгээг вагончик ашиглуулах гэрээн дээр өөрийн өмч гэдгийг нотлосон баримтыг хэрэгт хавсаргаагүй байдал харагдаж байна. Эдгээрээс үзэхэд Нью пинакли ******* ХХК бол үнэ төлбөргүй ашиглуулсан гэрээ гэж үзээд гэрээн дээр гарын үсэг зураад тамга дарсан нь харагдана. Хайхрамжгүй төөрөдсөн байдлаас ийм зүйл болсон учраас төөрөгдсөн талаараа сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан вагончик ашиглуулах гэрээтэй холбоотой түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:.... Нью пинакли ******* ХХК 2021 оны 05 сарын 19-ний өдөр 2106 дугаартай хайгуулын өрөм түрээслэх гэрээг ******* ******* ХХК-тай байгуулахдаа вагончик ашиглуулах гэрээг мөн өдөр ******* ******* ХХК-ийн захирал иргэн *******тай байгуулсан. Нью пинакли ******* ХХК-ийн захирал Жаргалсайхан 2021 оны 05 сарын 19-ний өдөр вагончик ашиглуулах гэрээг байгуулахдаа үнэ төлбөргүй ашиглана мөн иргэн *******ын өмч гэж мэдээгүй. ******* ******* ХХК-тай байгуулсан хайгуулын өрөм түрээслэх гэрээний салшгүй хэсэг гэж ойлгосон. Мөн вагончик ашиглуулах гэрээнд хугацаа хэтрүүлснээр үүсэх үр дагавар мөнгөн төлбөрийг тохиролцоогүй, ******* мэдэгдээгүй зэрэг байдлаас гэрээг уншиж танилцаагүй. Мөн гэрээг хийхдээ Москва хорооллын Дархан төвийн гудамжинд гадаа компанийн тамга дарж хайхрамжгүй байдлаасаа төөрөлдсөн тул иргэн *******тай хийсэн 2021 оны 05 сарын 19-ний өдөр байгуулсан вагончик ашиглуулах гэрээний 3 дахь заалт болох 2021 оны 06 сарын 20-ны өдрөөс хугацаа хэтэрсэн хоног тутам 500,000 төгрөгөөр түрээслэхээр тооцож нэхэмжилнэ гэсэн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Гэрээнд заасан хугацаанд хайгуулын өрөм, вагончикыг хүлээлгэж өгч чадаагүй нь хайгуулын өрөм эвдэрч засвар хийж хугацаа алдаж, өрмийг 1,573,000 төгрөгөөр засуулсан. Мөн өрөмний хэтрүүлсэн хугацаа 3,900,000 төгрөгийг төлөөд барагдуулсан. Нийт 5,473,000 төгрөгийг буруутай этгээд *******аас гаргуулж өгнө үү... гэв.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар хариу тайлбартаа: .... Эхний шаардлагын тухайд: вагончикийг үнэ төлбөргүй ашиглана гэж ойлгосон, П.*******ын өмч гэж мэдээгүй, ******* ******* ХХК-тай байгуулсан хайгуулын өрөм түрээслүүлэх гэрээний нэг тал гэж ойлгосон, уг гэрээнд хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагавар болох түрээсийн төлбөр төлөх талаар тохиролцоогүй, энэ талаар П.******* мэдэгдээгүй зэрэг байдлаас гэрээг уншиж танилцаагүй гарын үсэг зурж компанийн тамга дарж хайхрамжгүйгээс төөрөгдсөн байх тул иргэн П.*******тай хийсэн 2021 оны 5-р сарын 19-ний өдөр байгуулсан ******* ашиглуулах гэрээний 3 дахь заалт болох 2021 оны 6-р сарын 20-ны өдрөөс эхлэн вагончикийн түрээсэнд хоног тутамд 500,000 төгрөгөөр түрээслэхээр тооцож нэхэмжилнэ. гэсэн заалтыг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ. Энэ шаардлага нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Уг гэрээг хариуцагч компанийн захирал өөрөө уншиж танилцаад гарын үсэг зурж, тамгаа дарж баталгаажуулсан юм. Хоёрдугаар шаардлагын тухайд: Нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй огт хамааралгүй, хоёрдугаарт энэ хайгуулын өрөм хугацаа хэтрүүлж хүлээлгэн өгсөнтэй холбоотой асуудлаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.15-ны өдрийн Дугаар 102/1111112021/02598 тоот Шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-т заасныг баримтлан хариуцагч******* ******* ХХК-иас нөхөн төлбөр 3,900,000 төгрөгийг гаргуулж, ******* ******* ХХК-д олгосугай хэмээн шийдвэр гарсан ... ингэхдээ хариуцагчийн хариуцагчийн 1.573,000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг хүдалдан авч түрээсийн доголдлыг арилгасныг үгүйсгэхгүй ба нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хайгуулын өрөм хүлээлгэн өгсөн баримтаар доголдолгүй хөрөнгө хариуцагчид хүлээлгэн өгсөн тул хариуцагч эд хөрөнгийг буцаан шилжүүлэхдээ гэмтэлгүй доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ гэж дүгнэсэн/, уг шийдвэрт давж заалдах хяналтын журмаар гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан буюу шүүхийн шийдвэр нэгэнт хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэлийн шатанд төлбөр төлөгч Нью пинакли ******* ХХК төлж барагдуулснаар шийдвэрлэгдэж дууссан асуудал юм. Иймд шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.
6. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/
Итгэмжлэл /хэргийн 4 дүгээр тал/
******* ашиглуулах гэрээ /хэргийн 5 дугаар тал/
Худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 38-39 дүгээр тал/
Сөрөг нэхэмжлэлийн тайлбар, тус шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол /хэргийн 113-121 дүгээр тал/ нотлох баримтууд,
7. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн
Итгэмжлэл /хэргийн 8, 9 дүгээр тал/
Ньюпинакли ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хэргийн 10-12 дугаар тал/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 17 дугаар тал/
Хариу тайлбар /хэргийн 20 дугаар тал/
Хайгуулын өрөм түрээслүүлэх гэрээ /хэргийн 28-29 дүгээр тал/
Хөдөлмөрийн гэрээ, зураг /хэргийн 30-32 дугаар тал/ нотлох баримтууд,
Сөрөг нэхэмжлэл, улсны тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ашиглуулах гэрээ, зарлагын баримт, падаан, дансны хуулга /хэргийн 10-107 дугаар тал/
8. Шүүхээс
Т.Энхтөгсөөс гэрчээр асуусан мэдүүлэг /хэргийн 45-46 дугаар тал/
Авто тээврийн Үндэсний төвийн лавлагаа /хэргийн 52-53 дугаар тал/
Итгэмжлэл /хэргийн 98 дугаар тал/
Тус шүүхийн 2021.11.24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /хэргийн 128-130 дугаар тал/ тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...гэрээгээр тохирсны дагуу 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 13 хоногийн хугацааны түрээсийн төлбөр 6,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардана гэж тайлбарласныг,
3. хариуцагч эс зөвшөөрч ... үр дагавар болох түрээсийн төлбөр төлөх талаар тохиролцоогүй, энэ талаар П.******* мэдэгдээгүй зэрэг байдлаас гэрээг уншиж танилцаагүй гарын үсэг зурж компанийн тамга дарж хайхрамжгүйгээс төөрөгдсөн... гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр П.*******, Ө.Жаргалсайхан нар ******* ашиглуулах гэрээ байгуулж, П.******* өөрийн эзэмшлийн 05-12 АЧ улсын дугаартай чиргүүл дээр суурилуулсан 5,000,000 төгрөгийн үнэ бүхий вагончикийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай Ө.Жаргалсайханд төлбөргүй ашиглуулах, Ө.Жаргалсайхан гэрээнд заасан хугацаанд вагончикийг П.*******т буцаан хүлээлгэж өгөхгүй бол вагончикийг өдрийн 500,000 төгрөгөөр түрээслэхээр болсонд тооцож, нэхэмжлэгч 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн уг вагончикийн түрээсэнд хоног тутамд 500,000 төгрөгийг Ө.Жаргалсайханаас нэхэмжлэхээр тохирсон нь гэрээ баримтаар тогтоогдож байна. /хэргийн 5 дугаар тал/
6. Дээрх гэрээнд ...вагончикийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай Б талд төлбөргүй ашиглахыг зөвшөөрөв, ...Б тал гэрээнд заасан хугацаанд вагончикийг А талд буцаан хүлээлгэж өгөхгүй бол Б тал вагончикийг А талаас өдрийн 500,000 төгрөгөөр түрээслэхээр болсонд тооцож, А тал 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн уг вагончикийн түрээсэнд хоног тутамд 500,000 төгрөгийг Б талаас нэхэмжилнэ гэж заасан ба гэрээний агуулга, талуудын тохиролцооноос үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах болон мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний шинжүүдийг агуулсан холимог гэрээ байгуулагдсан.
7. Тодруулбал, хариуцагч гэрээний зүйл болох вагончикийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд үнэгүй ашиглах, үүнээс хэтэрсэн хоног бүр өдрийн 500,000 төгрөг төлөх гол нөхцлийг харилцан тохирч гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурж тамга даран баталгаажуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасныг зөрчөөгүй.
8. Зохигчид гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй ба хариуцагч тухайн гэрээний 3 дах зааалт буюу Ө.Жаргалсайхан гэрээнд заасан хугацаанд вагончикийг П.*******т буцаан хүлээлгэж өгөхгүй бол вагончикийг өдрийн 500,000 төгрөгөөр түрээслэхээр болсонд тооцож, нэхэмжлэгч 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн уг вагончикийн түрээсэнд хоног тутамд 500,000 төгрөгийг Ө.Жаргалсайханаас нэхэмжилнэ гэсэн хэсгийг ...гэрээг уншин танилцаагүй гарын үсэг зурж тамга дарж хайхрамжгүйгээс болж төөрөгдсөн...үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасныг шүүх үндэслэлгүй гэж үзэв.
9. Учир нь хуульд зааснаар хариуцагч төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахаас өмнө төөрөгдсөн талаар хариуцагчид мэдэгдсэн ямар нэг баримтыг гаргаж өөрийн тайлбар татгалзлаа нотлоогүй, мөн хариуцагчийн ... үнэ төлбөргүй ашиглуулах болсон гэж ойлгож байна. Хугацаа хэтэрвэл түрээсийн төлбөр төлөх талаар анхнаасаа тохиролцоогүй. Хэрвээ тохиролцсон бол вагончик түрээслэж ашиглах нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байгаа. Хугацаа хэтэрвэл түрээсийн төлбөр төлөх талаар огт мэдэгдээгүй. Нью пинакли ******* ХХК-ийн захирал Жаргалсайхан тус гэрээг гүйцэт уншиж танилцаагүй гарын үсэг зурсан асуудал харагддаг... гэх тайлбар татгалзал нотлогдоогүй болно.
10. Иймд талуудын хооронд байгуулагдсан ******* ашиглуулах гэрээ хүчин төгөлдөр хэлцэл юм.
11. 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ******* ашиглуулах гэрээ-нд Б талыг төлөөлж Ө.Жаргалсайхан гарын үсэг зурсан байх хэдий ч гэрээнд******* ******* ХХК-ийн тамга дарагджээ. Энэ байдлыг хэрэгт авагдсан******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэмтэй харьцуулан судлахад ******* ашиглуулах гэрээ-ний талуудыг П.******* болон******* ******* ХХК-иудыг гэж үзнэ.
12. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй.
13. Гэрээний дагуу вагончик эд хөрөнгийг хариуцагч өөрийн эзэмшил ашиглалтад нэхэмжлэгчээс хүлээн аваагүй гэж маргаагүй тул эд хөрөнгө ашигласны хөлс төлөх үүрэгтэй.
14. Гэрч Т.Энхтөгсийн ...өрмийг ...2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл байлгасан гэх мэдүүлгийг үндэслэж хариуцагч тал вагончикийг 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 12 хоногийн хугацаанд өөрийн эзэмшилдээ байлгасан буюу ашигласан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч П.*******т 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ******* ашиглуулах гэрээний 3 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрх үүссэн байна.
15. Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.6, 58.7, 186 дугаар зүйлийн 186.1, 287 дугаар зүйлийн 287.1 зааснаар ******* ашиглуулах гэрээний 3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч******* ******* ХХК-иас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг 6,000,000 /12хоног х 500,000/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
16. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох өрмийн ерөнхий гол, түлкийн хамт худалдан авсан 1,573,000 төгрөгийн асуудлыг өмнө шийдвэрлэсэн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол байгаа, мөн шүүхийн шийдвэрээр хариуцагч нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөрт 3900,000 төгрөг төлснийг нэхэмжлэгчээс нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй тул хохирол 5,473,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102 518 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 15 650 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, 118 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус тогтоов.
18. 2021 оны 8 сарын 03-ны өдрийн 96 дугаар нэхэмжлэгчээс С.*******д, 2022 оны 6 сарын 10-ны өдрийн 10/01 дугаар хариуцагчаас Ч.*******д олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4, 98 дугаар тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар хариуцагч Ньюпинакли ******* ХХК-иас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг 6 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.6, 58.7, 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар нэхэмжлэгч П.*******т холбогдуулан гаргасан ******* ашиглуулах гэрээний 3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хохирол 5 473 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ньюпинакли ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102 518 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 15 650 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, 118 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ