Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 131/шш2022/00459

 

 

 

2022 оны 07 сарын 22 өдөр Дугаар 131/ШШ2022/00459

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-11-1104 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* нэхэмжлэлтэй, Хариуцагч: ******* регистрийн дугаартай, Иргэний нисэхийн үндэсний төв Төрийн өмчит ААТҮГ-ийн дахь салбарт / дахь Нисэх буудал/ холбогдох

дахь Нисэх буудлын даргын ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, Ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл олгож, дээрх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогт Дарханбаатарын Уртнаст миний бие дахь Нисэх буудлын даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар нисэх буудлын ******* томилогдон ажиллаж байгаад мөн Нисэх буудлын даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар ажилд томилогдсон. Гэтэл дахь Нисэх буудлын дарга ******* 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б/12 дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан. Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.20 Ажилтан гадаад болон орон нутагт албан томилолтоор ажиллах, сургалтад хамрагдах хугацаандаа архидан согтуурч, нийгмийн дэг журам, алдагдуулсан, хууль тогтоомж зөрчсөн буруутай үйлдэл гаргасан бол, 5.6.4 Ажлын байранд этгээд буюу, ажил хэрэгч бус байдлаар хувцаслах, бусдыг үл хүндэтгэсэн байдал гаргах, 5.6.6 Ажлын цагаар төрөл бүрийн тоглоом тоглох, кино үзэх, оройн 22.00 цагаас хойш ажлын бус хэрэгцээ, шаардлагаар ажлын байранд үлдэх, хөдөлмөрийн гэрээний 4.2.2 Хөдөлмөрийн гэрээ, ажпын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хугацаанд нь чанартай бүрэн биелүүлэх, 4.2.3 Ажлын байр орчиндоо тогтоосон дэг журмыг сахиж, эмх цэгцтэй, соёлтой цэвэр байдлыг эрхэмлэж, ажил хэрэгч байдлаар хувцаслах, 4.2.5 Хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын цагт ажилдаа ирсэн, явсан бүртгэлээ цагийн бүртгэлийн системд тогтмол бүртгүүлэх, 4.2.6 Удирдах удирдуулах ёс журмыг эрхэмлэж эрхэлж буй ажилтай холбоотой асуудлаар өөрийн шууд удирдах ажилтнаар дамжуулан шат дараалан харьцах заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон намайг ажлаас чөлөөлсөн.

Миний хувьд дээрхи зөрчлийг гаргаагүй бөгөөд яагаад ажлаас халагдсанаа ойлгохгүй байна. Иймд дахь Нисэх буудлын даргын ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл олгож, дээрх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү ... гэжээ. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Нисэх буудалд аюулгүй байдлын ажилчнаар ажилд орж 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдөр аюулгүй байдлын шалгагч гэх албан тушаалд шинээр томилогдсон. Миний бие ажил хийх хугацаандаа ямар нэг байдлаар зөрчил гаргаж байгаагүй. Намайг ямар шалтгаанаар ажлаас халагдсан болохыг ойлгохгүй байгаа. 2022 оны 04 сарын 21-ний өдөр ******* аймагт 5 аймгийн бүсийн сургалт зохион байгуулж, Иргэний нисэхийн ерөнхий газраас 2 хүн ирсэн. Тэгээд доор хүлээн авалт болж байна, ажилчин нар цугларна уу гээд дуудсан. Тэгээд хамт явсан аюулгүй байдлын шалгагч намайг дуудахаар нь би орохгүй гэж хэлсэн. 11 цаг 30 минутын үед ахиад намайг дуудахаар нь би орохгүй түрүүнд хүмүүстэй танилцсан юм чинь одоо орохгүй гэж хэлсэн чинь аюулгүй байдлын шалгагч намайг бараг чирээд хүлээн авалт руу орсон. Намайг ороход өөрийгөө танилцуул гэсэн тул би өөрийгөө танилцуулсан. Тэгээд ширээн дээр архи байсан. Гэхдээ би тухайн архинаас уугаагүй. Би тэр өдөр архи уугаагүй, эрүүл байсан. Манай удамд архи уудаг хүн байхгүй, би архи ууж чададгүй. Нэг өрөөнд найзтайгаа хамт юм яриад байж байтал дарга гаднаас орж ирээд намайг чи хэн ч биш, юу ч биш, чи сагс волейбол тоглож чадахгүй тэмцээн уралдаанд оролцохгүй байна.. гээд намайг хэл амаар доромжлоод над руу дайраад байхаар нь миний цус хөөрөөд даргын урдаас 2 үг хэлсэн. Гэхдээ би хараалын үг хэлээгүй гэв.

Миний бие өөрийгөө сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй байна. Нийт ажиллах хугацаандаа нэг л удаа ажлаас хоцорсон бөгөөд маш их цас орчихсон дээрээс нь хоёр хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд 9 цаг 30 минутын үед ажилдаа хоцроод очсон. Гэтэл дарга тухайн өдөр бүтнээр нь ажил тасалсанд тооц, манай ажлаас чи зайл гэж хэлсэн. Нийт ажилчид ажлын цаг дуусаад тарчихаад байхад намайг ганцаар нь ажил дээр үлдээж илүү цагаар ажиллуулдаг. Бусад ажилчдыг 12 цаг гээд тараадаг. Тэгээд ******* аймгаас ирээд 1 дэх өдрийн өглөө 8 цаг гээд хурлын заал руу оруулаад цагаан цаас өгтөл халагдах тушаал байсан. Яагаад намайг ажлаас халсан болохыг би ойлгохгүй байна. 2022 оны 04 сард дутуу цалин авсан. 2022 оны 01-03 сарын цалин бол урамшуулал ороогүй цалин юм.. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч нь шүүхэд хандаж дахь Нисэх буудлын даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б\12 дугаартай тушаалыг хүчингүй болгож өмнөх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч талаас Үндсэн хуулиар олгогдсон хүний хөдөлмөрлөх эрхэд халдаж байгаа бол холбогдох хуулийн дагуу тушаал гаргах ёстой гэж үзэж байна. Хариуцагч байгууллагын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан заалтыг баримталж нэхэмжлэгчийг ажлаас халсан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан талаар баримт байхгүй байна. Хэрвээ ажилтан үнэхээр сахилгын зөрчил гаргасан юм бол Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж зааснаар ажиллагааг явуулаагүй байна. Хөдөлмөрийн гэрээг талууд хоорондоо байгуулсан байдаг. Уг хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох цуцлах талаар тодорхой зааж өгсөн. Гэтэл ажил олгогч нь ажлаас халах тушаал дээрээ энэ талаар огт дурдаагүй байна. Хөдөлмөрийн гэрээний 5.2.6-д ажлын байранд согтууруулах ундаа мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсхүл ажил үйлчилгээг гүйцэтгэхээр ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн бол ажлаас халах үндэслэл болно гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч нь ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй. Үзлэгээр харуулсан бичлэг нь ажлын байранд биш ******* аймагт ажлын бус цагт хийгдсэн бичлэг бөгөөд тухайн үед нэхэмжлэгчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг нь дуу хоолойноос нь сонсоод мэдэх боломжгүй. Тухайн үед нэхэмжлэгч нь зөрчил гаргасан бол Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тайлбар авч уг зөрчлийг хуулийн дагуу шалгаж тогтоож байж хариуцлага хүлээлгэх ёстой. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх үйл ажиллагааг Иргэний нисэхийн Ерөнхий газраас зохион байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараас харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд олгож нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянхонгор Нисэх буудлын даргын 2021 оны 12 сарын 15-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар ******* нь харуул талбайн журам сахиулагчийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2022 оны 03 сарын 15-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Аюудгүй байдлын үзлэгийн шалгагчийн ажилд дэвшин томилогдсон. ИНЕГ-ын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан дараах заалтуудыг зөрчсөн тул Нисэх буудлын даргын 2022 оны 04 сарын 25-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн. Үүнд: Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.20 буюу ажилтан гадаадад болон орон нутагт албан томилолтоор ажиллах, сургалтанд хамрагдах хугацаандаа архидан согтуурч нийгмийн дэг журам алдагдуулсан, хууль тогтоомж зөрчсөн буруутай үлдэл гаргасан бол ..гэснийг зөрчиж 2022 оны 04 сарын 21-23-ны өдрүүдэд ******* аймагт зохион байгуулагдсан төвийн сургалт, семинарын үеэр буюу 2022 оны 04 сарын 22-ны шөнийн 02 цагийн үед ажилчдын байрлаж байсан арвай палас зочид буудлын 4 давхарт хүн чанга ярьж, агсам тавьж байгаа дуу чимаа гарч байсан тул өрөөнөөс гарч шалгахад ******* аэродромын техникч Г.Баянжаргалыг дарамталсан, загнасан байдалтай өрөөндөө байсан. Уг үйлдэлд шаардлага тавихад үл тоож, урдаас хэл амаар доромжилж агсарсан. Нисэх буудлын даргын хувьд үүргээ биелүүл, эрхээ эд гэсэн шаардлага тавьсан. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 5.6.4 буюу ажлын байранд этгээд буюу ажил хэрэгч бус байдлаар хувцаслах, бусдыг үл хүндэтгэсэн байдал гаргах, 4.2.3 дахь хэсэгт ..ажлын байр, орчиндоо тогтоосон журмыг сахиж, эмх цэгцтэй, соёлтой, цэвэр байдлыг эрхэмлэж, ажил хэрэгч байдлаар хувцаслах..зэрэг заалтуудыг зөрчиж удаа дараа ажлын байранд тохиромжгүй хувцаслан ирж байсан тул шаардлага тавьж, гэрлүү нь буцааж хувцасыг нь солиулж байсан. Хөдөлмөрийн дотоод журмын 5.6.6-д ажлын цагаар төрөл бүрийн тоглоом тоглох, кино үзэх, оройн 22.00 цагаас хойш ажлын бус хэрэгцээ, шаардлагаар ажлын байранд үлдэх, хөдөлмөрийн гэрээний 4.2.5-д хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын цагт ажилдаа ирсэн, явсан бүртгэлээ цагийн бүртгэлийн системд тогтмол бүртгүүлэх..зэрэг заалтуудыг зөрчиж ажлын цагаар ажлын байранд цахим тоглоом тоглож, 2022 оны 04 сарын 14-ний өдөр 10 цагт ажилдаа хоцорч ирсэн. Даргын дэргэдэх зөвлөлийн 2022 оны 04 сарын 14-ний өдрийн хурлаар уг асуудлаар *******ад мэдэгдэж, сануулах арга хэмжээ авч байсан. Хөдөлмөрийн гэрээний 4.2.2-д хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойолтод заасан ажил үүргээ хугацаанд нь чанартай, бүрэн биелүүлэх, 4.2.6-д удирдах, удирдуулах, ёс журмыг эрхэмлэж, эрхэлж буй ажилтай холбоотой асуудлаар өөрийн шууд удирдах ажилтнаар дамжуулан шат дараалан харьцах зэрэг заалтуудыг удаа дараа зөрчсөн..гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянхонгор аймгийн Нисэх буудлын даргаар ажилладаг. Уртнастыг би ажилд аваад ажлаас чөлөөлсөн нь үнэн. Учир нь Иргэний нисэхийн ерөнхий газрын дүрэм болон хөдөлмөрийн гэрээнд ажилд ямар хувцас өмсөх, ажлын цаг хэдээс эхэлж хэдэн цагт дуусах талаар нарийвчлан зохицуулж өгсөн байдаг. Энэ хүн нэг удаа ажлаасаа хоцорсон. Ажиллах хугацаандаа дүрмийн бус хувцасласан. Үүнийг нь даргын зөвлөлийн хурлаар оруулж ажлаас хоцорсон байна мөн дүрмийн бус хувцаслаж байна гээд сануулах арга хэмжээ авч анхааруулж байсан. Манай байгууллага ******* аймагт бүсийн төрөлжсөн сургалт болсон тул байгууллагын хурал дээр ажилчдадаа архи дарс хэрэглэхгүй шүү тэмцээн уралдаан болно шүү гэж анхааруулж хэлж байсан. Манай байгууллагын дотоод журамд дотоод болон гадаад томилолттой явах хугацаандаа согтууруулах болон мансууруулах төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж болохгүй гэж заасан байдаг. Гэтэл Уртнаст нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргаж байгаа тайлбартаа би ямар ч зөрчлийн шинжтэй үйлдэл гаргаагүй гэж тайлбарлаж байгааг нь ойлгохгүй байна. Өнөөдөр архигүй аймаг болно гэсэн зорилготой байгаа. Архи дарс хэрэглээд хүн дарамталсан. Би тухайн үед 4 давхарт байсан. Гэтэл шөнийн 2 цаг болж байхад орилолдоод чанга, чанга дуугараад байхаар нь яваад очтол манай байгууллагын ажилчдын байрлаж байсан өрөө байсан. Тэгээд өрөөнд нь ортол н.Уртнаст нь гартаа архи бариад урдаа нэг хүн суулгачихсан дүр төрхтэй байсан. Тэгээд би н.Уртнастад хандаж чи архиа боль, хүн амьтан амруул гэсэн шаардлага тавьсан.

Түүнийг нотлохоор бичлэг хийгээд шүүхэд нотлох баримтаар CD гаргаж өгсөн. Уртнаст нь ийм үйлдэл гаргасан байж дарга намайг зөрчил гаргаагүй байхад ажлаас халсан гэсэн утга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаад гайхаж байна. Шүүхийн шийдвэр энэ хүний талд гарлаа гэж бодоход Уртнаст нь архи уусан үедээ ааш авир нь сонин байсан. Хэдэн жилийн дараа хамт ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд хэн хариуцлага хүлээх юм бэ? Магадгүй аварга шиг үйлдэл гаргахыг хэн ч үгүйсгэхгүй шүү дээ. CD дээр хураагдсан бичлэгт бүгд тодорхой харагдах болно. 10 цагийн үед уг үйл явдал болсон гэж тайлбарлаж байна. Үнэндээ шөнийн 01 цаг өнгөрсөн байсан. Уртнаст нь манай ажилтан Баянжаргалыг дарамтлаад байсан. Тэгээд би н.Баянжаргалаас яагаад байгаа юм бэ асуухад Уртнаст чинь намайг харуул хийдэг байхад даргатай хамт ирчихээд намайг дарамтлаад намайг хүндлэхгүйгээр хаалга онгойлгуулсан биз дээ гэж Баянжаргалд заналхийлж дарамтлаад архиар шахаад намайг явуулахгүй байна.. гэж надад хэлсэн. Шаардлагатай гэж үзвэл н.Баянжаргалаас тайлбар авч болно. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна.. гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Иргэний нисэхийн үндэсний төв Төрийн өмчит ААТҮГ-ийн дахь салбарт / дахь Нисэх буудал/ холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох, Ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл олгож, дээрх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг  хүсэн шаардсаныг хариуцагч байгууллагын төлөөлөгч зөвшөөрөхгүй гэж маргажээ. Нэхэмжлэгч ******* нь дахь Нисэх буудалд 2021 оны 12 сарын 15-ны өдрөөс эхлэн Нисэх буудлын харуул талбайн журам сахиулагч, ажилд тус тус томилогдон ажиллаж байгаад Нисэн буудлын даргын 2022 оны 04 сарын 25-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Ажил олгогчоос түүнийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.20, 5.6.4, 5.6.6 зэргийг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Үйл баримтаар ******* нь ажлаас халагдсан тушаалаа боломжит хугацаанд гардан авч, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаатай холбоотой гомдлоо шүүхэд хуулийн хугацаанд гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-дахь хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхтэй байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 1. Ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгахад Ажил олгогчоос тушаалын үндэслэлийг тайлбарлахдаа ******* нь хөдөлмөрийн гэрээний 4.2.2, 4.2.3, 4.2.5, 4.2.6 дахь заалтуудыг зөрчиж ажлын цагаар цахим тоглоом тоглож, ажлын цаг баримтлаагүй, ******* аймагт зохион байгуулагдсан төвийн бүсийн сургалтанд оролцох үеэр архидан согтуурсан тул хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон гэж дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан.. гэж тайлбарлажээ. Шүүхээс дахь Нисэх буудлын дарга *******, ажилтан ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 03 сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг хянахад ...гэрээний 4 дүгээр зүйлд ажилтны эрх, үүргийг тодорхойлсон байх бөгөөд 4.2.2-д хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хугацаанд нь чанартай, бүрэн биелүүлэх, 4.2.3-д ажлын байр, орчиндоо тогтоосон дэг журмыг сахиж, эмх цэгцтэй, соёлтой, цэвэр байдлыг эрхэмлэж, ажил хэрэгч байдлаар хувцаслах, 4.2.5-д Хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын цагт ажилдаа ирсэн, явсан бүртгэлээ цагийн бүртгэлийн системд тогтмол бүртгүүлэх, 4.2.6-д Удирдах, удирдуулах ёс журмыг эрхэмлэж, эрхэлж буй ажилтай холбоотой асуудлаар өөрийн шууд удирдах ажилтнаар дамжуулан шат дараалан харьцах..зэрэг үүргийг тодорхойлсон байна. Харин хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд Хөдөлмөрийн хуулийн 78 дугаар зүйлд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлүүд ямар зөрчлийг хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцох тохиолдлуудыг тодорхойлж өгчээ.

Тухайлбал гэрээний 5.2.5-д ажилтан ажлын 3 өдөр дараалан ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан цагийг нь нэгтгэн бодоход ажлын 3 өдрийн ажлын цагтай тэнцэж байвал, 5.2.6-д ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйлс хэрэглэсэн, эсхүл ажил үүргээ гүйцэтгэхээр ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан бол...хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах, ноцтой зөрчилд тооцно..гэжээ. Гэтэл ажил олгогч нь *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлд заасан ажилтны эрх үүргийг тодорхойлсон зүйл заалтыг зөрчсөн, энэ нь хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж тооцсон нь хуульд нийцэхгүй шийдвэр болжээ.

Зүй нь ажилтан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан, энэ нь баримтаар тогтоогдсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болох юм. Түүнчлэн *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох нэг үндэслэл болох ******* аймагт бүсийн сургалтанд оролцохдоо 2022 оны 04 сарын 21-22 нд шилжих шөнө буудлын өрөөнд архидан согтуурсан гэх үндэслэл нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй гэж үзэв. Тодруулбал: Ажил олгогч нь дээрх үндэслэлээ тайлбарлахдаа ******* нь бүсийн сургалтанд буюу албан томилолтор явах үедээ архидан согтуурсан гэж үзэн нотлох баримтаар өөрийн гар утсаар хийсэн, *******ын согтуурсан байх үеийн гэх аудио болон дүрс бүхий бичлэгийг хуулбарлан ирүүлснийг шинжлэн судлахад энэ баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх журмыг зөрчсөн байна.

Тухайлбал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т Хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно.. 38.5-д Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй..гэжээ.

Үйл баримтаар дээрх бичлэгийг хариуцагчийн төлөөлөгч нь нууц далд аргаар, нэхэмжлэгчид мэдэгдэлгүй хийсэн байх бөгөөд энэ нь Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл ердийн ба тусгай, нууц арга, хэрэгсэл ашиглан явуулж байгаа мэдээ, мэдээлэл, баримт бичиг, нотолгоо эрж олох, цуглуулах ажиллагаа нь тусгай чиг үүрэг бүхий төрийн байгууллагын зөвшөөрөлтэйгээр хийгддэг үйл ажиллагаа болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

Иймд дээрх хууль зөрчиж чуглуулсан баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзнэ. Түүнчлэн ******* нь ******* аймагт сургалтанд оролцохдоо архидан согтуурсан гэх боловч энэ үйлдэл нь ажлын цагаар болсон эсэх, дээд шатны байгууллагын удирдамж бүхий албан ёсны үйл ажиллагаа мөн байсан эсэх, ******* нь Нисэх буудлын албан томилолтоор сургалтанд хамрагдсан зэрэг нь тодорхойгүй, энэ байдлаа хариуцагч нотлоогүй, нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд ажил олгогчийн *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал хууль есны үндэслэл бүхий гараагүй байх тул *******ыг Иргэний нисэхийн үндэсний төв Төрийн өмчит ААТҮГ-ийн дахь салбарын / дахь Нисэх буудал/ ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хянахад

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3.5хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно... " гэжээ.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо 2022 оны 07 сарын 20-ны өдрийн *******ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн сүүлийн 3 сарын цалин болох 2022 оны 1,2,3 дугаар саруудад авч байсан 1289060+1229060+1498440 = 4.016.560 : 3 сар = 1.338.853 : 21 хоног = 63.754 төгрөг/нэг өдрийн цалин/ болж байна.

Нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан хугацааг нэхэмжлэлийн шаардлага болох 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртлэх ажлын 59 өдрөөр тооцож цалин, олговорт 3.761.486 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэв.

3.   Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө..гэж заасан нь хариуцагч ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг шаардах эрхтэйг илэрхийлж байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд даатгуулагч болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг тодорхойлж, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтанд бодогдсон тухайн сарын нийт цалин орлогоос хувилан гаргуулахаар тус тус хуульчилжээ.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах..гэж ажил олгогчийн үүргийг тодорхойлсон байна. Иймд *******ын 2022 оны 04 сарын 25-ны өдрөөс 2022 оны 07 сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нэрийн дансанд нөхөн төлөлт хийхийг хариуцагч ИНЕГ-ын харъяа дахь Нисэх буудлын захиргаанд даалгах нь зүйтэй байна. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч байгууллагаас энэ нэхэмжлэлд төлөгдвөл зохих улсын тэмдэгтийн хураамж, 70200, цалин, олговор 3.761.786 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 75133 төгрөг нийт 145,333 төгрөг гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулав. Шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан хариуцагч байгууллагаас гаргасан дугаар утасны месссеж зурвас 1 хуудас, аудио болон дүрс бүхий бичлэгтэй CD 1 ширхэг зэрэг нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар тухайн нотлох баримтыг үнэлээгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан *******ыг Иргэний нисэхийн үндэсний төв Төрийн өмчит ААТҮГ-ийн дахь салбарын / дахь Нисэх буудал/ ажилд эгүүлэн тогтоосугай. 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар дахь Нисэх буудлаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.761.486 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай. 3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан хугацааны цалин хөдөлмөрийн хөлсөнд төлөгдвөл зохих нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нэрийн дансанд нөхөн төлөхийг хариуцагч дахь Нисэх буудлын дарга *******д даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамж 145333 төгрөгийг хариуцагч дахь Нисэх буудлаас гаргуулж улсын орлогод оруулсугай. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-д зааснаар аудио болон дүрс бүхий бичлэгтэй CD 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хэрэгт үлдээсүгэй. 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ