Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2022/0338

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ би, Н.А********** гомдолтой Монгол Улсын Сангийн яаманд холбогдох Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүн гарснаас хойш Улс төрийн намын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаас төрөөс ямар ямар улс төрийн намд хэдий хэмжээний нэг удаагийн дэмжлэг үзүүлсэн талаар, 19.2-т заасны дагуу ямар ямар улс төрийн намд хэдий хэмжээний санхүүжилт олгосон талаарх мэдээлэл өгөхгүй байгаа Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шаардагдах мэдээлэл өгөхийг Сангийн яаманд даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Н.А********* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Н.А********** гомдолтой Монгол Улсын Сангийн яаманд холбогдох захиргааны хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу гомдол гаргагч Н.А********* нь Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох, мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан гомдол гаргагч Н.А********* нь Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүн гарснаас хойш Улс төрийн намын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаас төрөөс ямар ямар улс төрийн намд хэдий хэмжээний нэг удаагийн дэмжлэг үзүүлсэн талаар, 19.2-т заасны дагуу ямар ямар улс төрийн намд хэдий хэмжээний санхүүжилт олгосон талаарх мэдээлэл өгөхгүй байгаа Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шаардагдах мэдээлэл өгөхийг Сангийн яаманд даалгах гомдлоосоо татгалзсаныг баталж, Монгол Улсын Сангийн яаманд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргагч Н.А********* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Гомдол гаргагч нь уг асуудлаар шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ