Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 675

 

 

 

 

 

 

 

 

 

 “С ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.О даргалж, шүүгч Д.Д, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00378 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн хариуцагч Х.Г-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5 747 561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.О-н илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, хариуцагч Х.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Г нь 1850 УНР улсын дугаартай, Тоуоtа Highlander маркийн, JТЕЕW21А770046874 арлын дугаартай автомашиныг унаж явах нөхцөлтэйгээр барьцаалан зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй 10 300 000 төгрөгийг зээлсэн. Х.Г нь зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 350 000 төгрөг тус тус төлсөн. Зээлдэгчийг зээлээ төлж барагдуулахыг удаа дараа сануулсан бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Х.Г нь зээлийн гэрээг сунгах хүсэлт гаргасныг үндэслэн 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай 11 660 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, зээлийн гэрээг  шинэчлэн байгуулсан. Шинээр гэрээ байгуулснаас хойш 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 700 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 350 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 350 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 7 000 000 төгрөг, 2016 ны 6 дугаар сарын 22-ны өдөр 1 700 000 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй бөгөөд удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүй. Иймд зээлийн үлдэгдэл үндсэн зээл, алданги 74 561 төгрөг, нийт 5 745 561 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэв зээлийн хөрөнгөөс Б.З-д өгсөн бол энэ талаараа шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Өмнө нь н.Зоригт автомашинаа барьцаалан зээл авч тооцоогоо дуусгасан байсан. Хариуцагч манай саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул алдангийг нэхэмжилнэ. Х.Г-тай гэрээ байгуулсан, урт хугацаанд зээлээ төлөөгүй тул хүү, алданги тооцоход их дүнтэй болох учраас боломжтой хувилбараар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.З-д 5 000 000 - 6 000 000 төгрөг хэрэг болсон талаараа хэлэхэд надад таньдаг хүн байгаа та нэмж надад мөнгө зээлээд 10 000 000 төгрөг авчих, хувааж төлье гэсэн учир би автомашинаа барьцаанд тавьж 10 300 000 төгрөгийн зээлсэн. Үүнээс 6 800 000 төгрөг, Б.З-т 3 500 000 төгрөгийн зээл авснаас хойш хүүг сар бүр төлж байсан. Харин Б.З-т нь хүүг төлөхгүй явж байгаад 2 удаа төлсөн. Үүнээс хойш Б.М-тай тохирч би авсан мөнгөө төлж дуусгасан. Харин Б.З-т нь нэг удаа 170 000 төгрөг төлөөд дахин мөнгө төлөөгүй. Б.М бид 2 Б.З-той холбогдоход удахгүй төлнө гэж хэлдэг. Харин Б.З-ыг Б.М бид нар тохиролцож, миний төлөлт дууссан тул Б.З-т нар гэрээ хоорондоо гэрээ байгуулахаар болж 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Үүнээс хойш Б.З-т зээлээ төлөхгүй байсан тул Б.Мөнхтуул надад хандаж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.З-ыг шалгуулахаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандсан. Харин хэрэг нээхээс татгалзсан бичигт Х.Г Б.З-т мөнгө зээлсэн тогтоогдсон гэсэн хариу ирсэн. 2016 онд 10 000 000 төгрөгийн зээлийн эхний сарын хүүг төлөх шаардлагатай болсон тул 10 300 000 төгрөгийн гэрээ байгуулсан. Тухайн үед би гарын үсэг ганцаараа зурж, Б.З-т гарын үсэг зурахгүй 3 500 000 төгрөг авсан. Тухайн үед зээлийн хүү хоцорч байсан тул алдангийн алданги гэж тооцож байсан баримтууд байгаа. Б.З-т 3 500 000 төгрөг авсныг нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа ба би 7 000 000 төгрөг төлж, 5 000 000 төгрөг үлдсэн. Нэхэмжлэгчтэй холбоотой байсан ба Б.З-той гэрээ байгуулсан тул би зээлийг төлөхгүй. 3 500 000 төгрөгт эвлэрэх боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 3 830 374 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 915 187 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 106 879 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 76 236 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Х.Г-тай байгуулсан гэрээ нь хуучин буюу компанийн хэлбэр ХХК байх үед зээлийн гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээний хүрээнд хариуцагчаас зээлийн үндсэн төлбөр, үндсэн зээлийн 50 хувиар тооцож алдангийг шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлдээ Х.Г-ийн үндсэн зээлийн төлбөр болох 3 830 374 төгрөг мөн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас төлөх үндсэн зээлийн 50 хувийн алданги тооцож нэхэмжлэл гаргасан. Үндсэн төлбөр 3 830 374 төгрөгөөс 1 915 187 төгрөгийг алданги тооцож, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна гэж тус тус заасны дагуу алдангийг хариуцагчаас гаргах үндэслэлгүй юм. Иймд хуулийн дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Х.Г-аас зээлийн гэрээний үүрэгт 3 830 374 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,915,187 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. “С ББСБ” ХХК нь банк бус санхүүгийн байгууллага болоогүй ХХК байх үед Х.Г-тай зээлийн гэрээ байгуулсан байдаг ба тус гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа хуулийн хүрээнд гаргасан. Энэ гэрээний дагуу хариуцагчаас үндсэн зээл болон алдангийг нэхэмжлэх үндэслэлтэй тул алдангийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 10 000 000 төгрөг зээл авч хувааж төлөхөөр болж 18-50 УНР улсын дугаартай Тоуоtа Highlander маркийн автомашиныг барьцаанд тавьж, 10 300 000 төгрөгийн зээл авсан. Үүнээс 6 800 000 төгрөгийг би, 3 500 000 төгрөгийг Б.З-т авсан. Би авсан зээлийн хүүгээ тухай бүрт төлж байсан бөгөөд Б.З-т тухай бүрт төлөхгүй, нэг удаа 170 000 төгрөг төлсөн байсан. Харин би авсан зээлээ төлсөн тул Б.З-т болон Б.М нар хоорондоо 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Б.З-ыг шалгуулахаар цагдаад хандсан. Иймд үлдэгдэл төлбөрийг Б.З-с гаргуулж, нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулж, гэрээг дуусгавар болгох хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “С” ББСБ ХХК нь хариуцагч Х.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 745 561 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, үндэслэлээ 10 300 000 төгрөгийн зээл авч, Б.З-д 3 500 000 төгрөгийг зээлдүүлсэн, би өөрийн авсан зээлээ төлсөн тул уг мөнгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ. /хх25/

Хариуцагч Х.Г нь  2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ТЗ-1694 дугаар зээлийн гэрээгээр /хх10/ 1850 УНР улсын дугаартай Тоуоtа Highlander маркийн автомашинаа барьцаалан 10 300 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатайгаар зээлэх, зээлдүүлэгч нь зээлийн хөрөнгийг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх10-13/

Зээлдэгч буюу хариуцагч Х.Г-н зээлийн гэрээний хугацаа сунгуулахаар гаргасан хүсэлтийг зээлдүүлэгч хүлээн авч, гэрээний хугацааг 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл сунгаж, зээлийн үлдэгдэл 11 660 000 төгрөгт зээлийн гэрээг байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. дэх хэсэгт зааснаар зээлийг хугацаандаа төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь талуудын тайлбар, зээлийн тооцооллоор тогтоогдсон тул үлдэгдэл төлбөрийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.  

 Хариуцагч нь зээлийг Б.З-той хамтран авсан, 3 500 000 төгрөгийг Б.З-т төлнө гэж татгалзлаа гаргасан боловч зээлийн гэрээнд Х.Г гарын үсэг зурсан, Б.З-ыг хамтран зээлдэгч гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд шүүх зээлийн үлдэгдэл төлбөр 3 830 374 төгрөгийг Х.Г-аас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, гэрээний заалтыг зөрчөөгүй байна.

Харин талууд зээлийн гэрээнд алдангийн талаар тохиролцохдоо гэрээний 1.1.6-д “зээлдэгч сард 3-4 удаа төлөхөөр график гаргуулаад төлөөгүй бол” гэх нөхцөл заасан, дурдсан нөхцөл бүрдсэн талаарх баримтыг зээлдэгч тал шүүхэд гаргаагүй, алдангийн нөхцлийг өөр өөрөөр, ойлгомжгүй тодорхойлсон байна. Иймд алдангийн талаарх гэрээний 1.1.6 дахь заалтыг Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасны дагуу тайлбарлавал алданги төлөх нөхцөл нь тодорхой бус байх тул стандарт нөхцлийг хүлээн авагч тал болох зээлдэгч буюу хариуцагчид ашигтайгаар тайлбарлаж, алданги тооцох талаар тохиролцоогүй гэж үзэв. Иймд анхан шатны шүүх алдангийн 1 915 187 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 45 592 төгрөг, хариуцагчийн төлсөн 76 236 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.О

                                    ШҮҮГЧИД                                           Д.Д

                                                                                                А.О