| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2022/00203/И |
| Дугаар | 131/ШШ2022/00361 |
| Огноо | 2022-06-03 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 131/ШШ2022/00361
2022 оны 06 сарын 03 өдөр Дугаар 131/ШШ2022/00361 Баянхонгор аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******
Хариуцагч: Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК-ийн 2022 оны 03 сарын 10-ны өдрийн №ҮХХ822/3184 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээг хүчингүй болгож дахин шинжээч томилохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, өмгөөлөгч Д.Уранчимэг, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надаас 16.605.503 төгрөг гаргуулж Капитал банк ХХК дахь эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн захирамжийн дагуу Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дараах эд хөрөнгийг үнэлснийг зөвшөөрөхгүй байна. Миний бие Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 17 дугаар гудамжны 29 тоотод байрлалтай 62.8 мкв талбайтай 2 өрөө байр, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх орон сууц, ******* мкв газартай, /2010 онд газраа хуульд зааснаар 203 мкв нэмж авсан/нийт 1169 мкв газар байгаа болно. Гэтэл миний дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 31 сая төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шийдвэр гүйцэтгэгч Анхзаяа дээрх үл хөдлөх эд хөрөнгө/граш 9х6 хэмжээтэй, 7.800.000 төгрөгөөр барьсан блокон амбаар 62.8 мвк хөрөнгүүдийг 120.000.000 төгрөгөөр үнэлэх саналаа гаргасан. Гэтэл ******* ХХК-ийн 2022 оны 03 сарын 10-ны өдрийн №ҮХХ822/3184 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээгээр 31.000.000 төгрөгөөр үнэгүйдүүлэн миний эрх ашгийг зөрчиж байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Манай газар дээр өрхийн үйлдвэрлэлийн зориулалтаар машин засварын граш барьсан одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн 3 тал блокон хашааг бид өөрийн хөрөнгөөр барьж босгосон. Цаашид үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломжтой, засмал зам дагуу, үзүүрийн хашаа тул үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна..гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинжээчээр томилогдсон үнэлгээний байгууллагын үнэлгээ тайлан нь эргэлзээгүй, үнэн зөв байх ёстой. Энэ шаардлагыг хангаагүй тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Капитал банкнаас анх энэ зээл гарахдаа амьжиргааны баталгаажих түвшин доогуур, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн амьжиргааг дэмжих зорилгоор өгсөн зээл юм. Шүүхийн шийдвэр гараад нэг жил ч болоогүй байна. Үнэлгээний хувьд 209 мкв газрыг үнэлээгүй орхигдуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энэ байдлаа тайлбарлахдаа ******* мкв газрыг нь тасдаж аваад худалдчих юм шиг юм яриад байгаа нь хуульд нийцэхгүй юм Түүнчлэн энэ 1169 мкв газар дээр 3 тал блокон хашаа барьсан байгааг үнэлээгүй юм. Нэг ширхэг блок ямар үнэтэй билээ. Хашааны өндөр нь 2 метр байгаа. Нэг метр кв газарт 200 блок орсон байгаа. Тэгвэл энэ блокын үнийг яах юм. Буулгаад хаячих юм уу. Газраас салгаж болохгүй зүйл гэж байдаг. Тусгай зөвшөөрөл бүхий Итгэл тайж гэх газраар кадастрын зураг хийлгэхэд 1169 мкв болох нь тогтоогдсон. Тэгэхээр анх газрын алба бүртгэхдээ газрын хэмжээг буруу, дутуу хэмжиж гаргаснаас засаг даргын захирамж буруу гарсан байна. Энэ зөрүүг дахин тодорхой болгож, засаг даргын захирамждаа өөрчлөлт оруулах ёстой юм. Иймд дээрх үнэлгээ нь *******ийн эд хөрөнгийг дутуу үнэлсэн, үнэгүйдүүлсэн нь түүний эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа тул үнэлгээг хүчингүй болгож, дахин шинжээч томилуулах шаардлагатай гэж үзэж байна. Бодит байдал дээр ******* ХХК-ийн үнэлгээчин ******* гэх хүн гарын үсэг зурдаг болохоос өөрөө ирж газар дээр нь ажилладаггүй, түүний төлөөлөгч гэх үнэлгээний эрхгүй хүн эд хөрөнгийн зургийг явуулснаар Жамъян гэх хүн нь үнэлгээ гаргаж ирүүлдэг юм шүү. Иймд энэ компаниар хөрөнгийн үнэлгээ гаргуулахдаа энэ тал дээр цаашид анхаарах ёстой юм..гэв. Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Маргаан бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу Капитал банкны эрх хүлээн авагчид төлөх төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус ШШГБ-ын шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хураан авч, битүүмжилсэн. Улмаар худалдан борлуулах зорилгоор хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий ******* ХХК аар 2022 оны 03 сарын 10-ны өдөр хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Уг газар нь албан ёсоор ******* мкв буюу үнэлгээнд тусгасан хэмжээтэй болох нь Төрийн байгууллагын эд хөрөнгийн лавлагаа, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын бүртгэлийн нэгдсэн сангийн 2021 оны 12 сарын 09-ний өдрийн 04/02 дугаар албан бичиг, ГХБХБГ-ын 2022 оны 04 сарын 04-ний өдрийн 185 дугаар албан бичгээр дээрх эд хөрөнгө нь *******ийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдсон байна. Мөн Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 05 сарын 19-ний өдрийн 329 дүгээр захирамжаар ******* мкв газар нь Төмөрсүхийн өмчлөлийн газар байгаад дараа нь 2014 оны 12 сарын 02-нд арилжааны гэрээгээр *******т шилжсэн тухай нотлогдож байгаа. Энэ тухай газрын гэрчилгээ бичиг баримтууд нь байгаа болно. Дээрх газар, үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 сарын 27-ны өдрийн 21030568/05 дугаар тогтоолоор битүүмжлэн, 06 дугаар тогтоолоор хураан авч, талуудаас үнийн санал авч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 03 сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолоор шинжээч томилуулан ******* ХХК-наар үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээгээр газрын эрх нь 5.808.000, барилга 25.646.611 төгрөг гэж үнэлэгдсэн. Бид энэ үнэлгээ явуулах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс үнэлгээний тайланд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй юм..гэв. Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн 2022 оны 03 сарын 10-ны өдрийн №ҮХХ822/3184 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээг хүчингүй болгож, дахин шинжээч томилохыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгөхийг хүсэн шаардсаныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ. ******* ХХК-ийн 2022 оны 03 сарын 10-ны өдрийн ҮХХ822/3184 дугаар хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлангаар *******ийн өмчлөлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 багийн Дуурсах 17-29 тоот хаягт байршилтай газар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Т.Анхзаяагийн захиалгын дагуу тухайн газрын болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргаж, газрын үнийг 5.808.000 төгрөг, барилга 25.646.611 төгрөг нийт 31.454.611 төгрөг гэж тогтоожээ. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ маргаан бүхий газар, байшинг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн, газрын хэмжээг багасгаж үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэж шаардлагаа тодорхойлсон бол хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс эд хөрөнгийн үнэлгээг зохих ёсоор хийлгэсэн, нэхэмжлэгчийн газрын хэмжээ нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр баталгаажаагүй, баримт материал дутуу гэж маргажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө.. 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно..гэсний дагуу нэхэмжлэгч нь үнэлгээний тайлантай холбоотой гомдлоо шүүхэд гаргаж, хариуцагчаар Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг тодорхойлсон нь үндэслэлтэй байна. Учир нь дээрх хөрөнгийн үнэлгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шинжээчээр томилогдсон үнэлгээчин хийсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг дахин шинжээч томилж өгөхийг даалгах шаардлага гаргасан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой байна гэж үзнэ.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Шүүх дараахь хэргийг гомдлоор авч хэлэлцэнэ, ... шүүх, прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага болон Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол, шүүх шийдвэрлэхээр хуульд заасан бусад гомдол..гэж заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлыг тус шүүх хүлээн авч харъяалан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Үйл баримтаар *******ийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 багийн Дуурсах 17-29 тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний ******* мкв талбай бүхий газрыг ******* ХХК-ийн 2022 оны 03 сарын 10-ны өдрийн ҮХХ822/3184 дугаар хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлангаар газрын эрх 5.808.000, барилга 25.646.611, нийт 31.454.611 төгрөг гэж тогтоож ирүүлсэн боловч уг газар дээр баригдсан ажлын байрны зориулалт бүхий тоосгоор барьсан гэх граш, ******* мкв газарт баригдсан 2 метр өндөртэй тоосгоор барьсан 3 тал хашаа зэргийг үнэлгээний тайланд оруулаагүй орхигдуулсан гэх үндэслэл тогтоогдож байна. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна..гэж тодорхойлсон бөгөөд дээрх тохиолдолд маргаан бүхий газар дээр баригдсан граш, блокон хашаа зэрэг нь уг газрын бүрдэл хэсэг гэж үзнэ. Улмаар уг газарт баригдсан граш, блокон хашааг тухайн газраас салгаж, зориулалтыг өөрчлөх бол тухайн барилга, байгууламжийн зориулалт өөрчлөгдсөнөөр эд хөрөнгө үнэгүйдэх нөхцөл болох тул дээрх хөрөнгийг газрын хамт зайлшгүй хамтад нь үнэлэх шаардлагатай байжээ.
Ингэснээр газар, түүний дээр байгаа эд хөрөнгө бодитойгоор үнэлэгдэх нөхцөл бүрдэх юм. Иймд маргаан бүхий хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, дахин үнэлгээ тогтоох шаардлагатай гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэрэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.3, 160 дугаар зүйлийн 160.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 17 дугаар гудамж, 29 тоотод байршилтай ******* мкв гэр бүлийн хэрэгцээний газар, 62.8 мкв талбайтай хувийн сууц зэрэг эд хөрөнгийг үнэлсэн ******* ХХК-ийн 2022 оны 03 сарын 10-ны өдрийн №ҮХХ822/3184 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээг хүчингүй болгож, дахин шинжээч томилон, үнэлгээ тогтоолгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасныг баримтлан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц *******т холбогдох Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 сарын 31-ний өдрийн 131/ШШ2021/00297 дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогоос буцаан гаргуулж *******т олгосугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ