Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 137/2022/00004/и |
Дугаар | 260 |
Огноо | 2022-06-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т аймгийн З мод сумын . дугаар баг, Хийдийн....тоотод оршин суух, Төв аймгийн Зуун мод сумын Засаг даргын Тамгын газарт мэдээлэл технологийн мэргэжилтэн ажилтай, Б овогт Д-ын Т-н /РД: нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, ... дугаар байрны ... тоотод оршин суух, Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын дүгээр сургуульд багш ажилтай, З овогт Г-ЫН Б-д /РД: / холбогдох
дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд сумын дүгээр баг, дугаар байрны тоотод байрлах 52,85 м.кв орон сууцны өмчлөлийг Г.Б-д үлдээж, түүний зах зээлийн үнэ болох 47,500,000 төгрөгөөс 50 хувь буюу 23,750,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х , нэхэмжлэгч Д.Т , түүний өмгөөлөгч С.Б , хариуцагч Г.Б , түүний өмгөөлөгч С.Э нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргсан нэхэмжлэлдээ: Би Б-эй 2013 онд танилцан, 2015 онд хүүтэй болсон. Амьдрах орчноо сайжруулах зорилгоор байр худалдан авсан бөгөөд ингэхдээ Төрийн банкнаас би 24,000,000 төгрөгийн, Бямбасүрэн 17,000,000 төгрөгийг зээл авсан юм. Одоо тус, тусынхаа зээлийг төлөөд явж байгаа. Бид 2019 оноос эхлэн тусдаа амьдарсан бөгөөд би 2020 оны 10 сараас эхлэн хүүхдийн тэтгэмжийг төлөөд явж байна. Хамгийн сүүлд 2022 оны 05 сард тэтгэмжээ төлсөн. Миний хувьд одоо 18,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй бөгөөд хамт амьдарч байсан байрныхаа үнийг 50, 50 хувиар авбал зээл төлөөд илүү гарсан мөнгийг нь хүүхдэдээ өгөх боломж байгаа. Шүүхэд нэхэмжлэл өгсний дараа орон сууцанд үнэлгээ гаргуулахад зах зээлийн ханш 47,500,000 төгрөг гэж үнэлсэн байсан. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 136 дугаар байрны 45 тоотод байрлах 52,85 м.кв байрны өмчлөлийг Г.Б-д үлдээж, түүний зах зээлийн үнэ болох 47,500,000 төгрөгөөс 50 хувь буюу 23,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн татгалзал тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т-ай 2013 онд танилцаж, хамт амьдарч байгаад 2015 оны 07 сарын 08-ны өдөр хүү Дөлгөөнмөрөнг төрүүлсэн. Ингээд бид 2019 онд Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 136 дугаар байрны 45 тоот хаягт байрлах 52,85 м.кв орон сууцыг 33,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Энэ үедээ Т 24,000,000 төгрөг, би 17,000,000 төгрөгийн зээл авч, хэн хэнийхээ батлан даагч болсон. Миний хувьд өнөөдрийг хүртэл зээлээ төлж байгаа, Т цалингийн зээлээ төлөхгүй үед банкнаас над руу утасдаж хүндрэл учруулдаг. Бид 2019 оны 10 сараас хойш тусдаа амьдарч байна. Т 2020 оны 10 сараас эхлэн хүүдээ тэтгэмж төлж байгаа бөгөөд тэтгэмжээ сар бүр өгдөггүй, хүүхэдтэйгээ утсаар ярьдаггүй, үүрэг хариуцлагаа мэддэггүй. Гэтэл одоо яагаад хүүдээ байрны оногдох хувийг өгөх талаар ярихгүй, үнийг 50 хуваалгана гээд байгааг ойлгохгүй байна. Би байрны үнийг 50 хувийг өгөхийг зөвшөөрөхгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх, эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан учраас анх худалдаж авсан үнэ болох 33,000,000 төгрөгөөс хүүдээ болон өөрт оногдох хувь тус бүр 11,000,000 төгрөгийг тогтоож, Т-т 11,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.
3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар нэхэмжлэгч Д.Т-ын 2019 оны 01 сарын 19-нөөс 2022 оны 06 сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны зээлийн дансны хуулга /Төрийн банк ХХК/
4. Хариуцагч нотлох баримтаар 2019 оны 01 сарын 15-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 352 дугаартай шийдвэрийн хуулбар,Дорноговь аймгийн Замын-Үүд сумын дүгээр баг, дугаар байрны тоотод байрлах 52,85 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн Ү- дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагч Г.Б нь 2018 оны 11 сарын 29-ний өдөр Төрийн банк ХХК-тай барьцаат зээлийн гэрээ байгуулж 17,000,000 төгрөг зээлж авсан гэрээ,
5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ашид билгүүн ХХК-нийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Т нь шүүхэд анх хариуцагч Г.Б-д холбогдуулан Ү- дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...дүгээр баг, ... дугаар байрны ... тоотод байрлах 52,85 м.кв орон сууцны үнэ болох 50,000,000 төгрөгийн 50 хувь буюу 25,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад уг орон сууцны өмчлөлийг хариуцагч Г.Б-д үлдээж, түүний зах зээлийн үнэ болох 47,500,000 төгрөгөөс 50 хувь буюу 23,750,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:
1.Нэхэмжлэгч Д.Т нь 2020 оны 10 сараас хойш хүүхэддээ тэтгэлэг төлөөд явж байгаа, орон сууцнаас оногдох хувиа авчихвал орон сууц худалдан авахад авсан зээлийн үлдэгдэл 18,000,000 төгрөгөөс илүүг хүүдээ өгөх боломжтой гэж, түүний өмгөөлөгч нь дундын өмчлөлийн хөрөнгө хуваарилахад Иргэний хуулийн 125-133 дугаар зүйл хамаарахгүй тул зах зээлийн ханш болох 47,500,000 төгрөгийн 50 хувь буюу 23,750,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон,
2.Хариуцагч Г.Б нь анх худалдан авсан үнэ буюу 33,000,000 төгрөгийг хүүдээ, өөрт оногдох хувийг авч, үлдэх 11,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгнө, гэрлэлтээ батлуулаагүй ч хамт амьдарч байсан хүүхэд оногдох хувийг авах эрхтэй гэж, түүний өмгөөлөгч хүүхдэд оногдох хэсгийг гаргуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргах шаардлага байхгүй, татгалзлаа тайлбарлаж байгаа үндэслэлээ тайлбарласан, гэрлээгүй боловч тэдний дундаас төрсөн хүүхэд нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “ гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх, эдэлж үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу хүүхэд оногдох хувийг авах эрхтэй гэж маргаж байгаа болно.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч Д.Т , хариуцагч Г.Б нар нь 2013 онд танилцан, 2014 оны 09 сараас хамтын амьдралыг эхлүүлж, энэ хугацаандаа 2015 оны 07 сарын 08-ны өдөр хүү Дөлгөөнмөрөнг төрүүлсэн, 2019 оны 01 сарын 15-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... дүгээр баг,.. . дугаар хэсэг, ... дугаар байрны.. . тоотын 52,85м.кв орон сууцыг 33,000,000 төгрөгөөр худалдан авсан, энэ үедээ нэхэмжлэгч Д.Т нь 24,000,000 төгрөгийн цалингийн зээлийг Төрийн банк ХХК-иас, хариуцагч Г.Б нь 17,000,000 төгрөгийн цалингийн зээлийг Төрийн банк ХХК-ниас тус, тус авч байрны төлбөрийг барагдуулсан, одоо тус, тусын зээлийг хариуцан төлдөг үйл баримт тогтоогдож байна.
Зохигчид нь хамтран амьдрах хугацаандаа бий болсон хөрөнгийг хэн нэгнийхээ өмчлөлд үлдээх, түүнээс өөрт оногдох хэсгийг шаардах эрхтэй байна.
Гэрлэгчдийн болон хамтын амьдралтай байсан этгээдийн дундын өмчлөлийн хөрөнгийг хуваарилах, оногдох хэсгийг гаргуулахад Иргэний хуулийн 125 дугаар зүйлээс 133 дугаар зүйл, 108 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалт хамаарна.
Хэрэв зохигчид нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар сайн дурын үндсэн дээр гэрлэлтээ батлуулан хамт амьдрах хугацаандаа эд хөрөнгө бий болгосон бол тэдний хөрөнгийг хуваарилахад Иргэний хуульд заасан гэр бүлийн хөрөнгө, түүний зохицуулалт хамаарна. Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т зааснаар “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, “ гэр бүл “ гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гишүүдийг хэлэх учир тэдний хөрөнгийг хуваарилах, оногдох хэсгийг гаргуулах нь Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлд заасан гэр бүлийн хөрөнгийн харилцаанд хамааралтай байна.
Харин гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагчийн дундын өмчлөлийн эрх Иргэний хуулийн 125 дугаар зүйлээс 133 дугаар зүйлд заасан зохицуулалт хамаарахгүй, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д ззааснаар “ хэлцлийн үндсэн дээр” үүсдэг байна.
Хариуцагч нь гэрлэлтээ батлуулаагүй боловч хамт амьдарч байх үед бий болсон хөрөнгө учраас хүү Дөлгөөнмөрөнд оногдох хувийг гаргуулна гэж маргаж байгаа боловч дээрх хуулийн үндэслэлээр үгүйсгэгдэж байна.
Хэдийгээр Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “ гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх, эдэлж үүрэг хүлээнэ” гэж заасан, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 2-д заасан үүргийг хэрэгжүүлэх боловч эд хөрөнгийг хуваарилах явдал нь зөвхөн гэрлэлтээ батлуулсан гэр бүлийн гишүүдэд хамааралтай байна.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 50,000,000 төгрөгөөр үнэлж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гарган, Ашид билгүүн ХХК-иар шинжээчийн дүгнэлт гаргуулж, зах зээлийн ханшийг тогтоолгосон 47,500,000 төгрөгөөр үнэлсэнд талууд маргаагүй болно.
Түүнчлэн хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг анх худалдан авсан үеийн үнэ буюу 33,000,000 төгрөгийг хуваарилуулна гэж маргах боловч нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үнийг тодорхойлсон ч хэрэг хянан шийдвэрлэх явцад өөрийн шаардлагыг нотлох үүднээс эд хөрөнгийг эрх бүхий байгууллагаар үнэлүүлэн, тухайн үнэлгээг үндэслэн шаардлагаа бууруулж, үнийг тодорхойлж байгаа нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6-д “үл хөдлөх хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр” тодорхойлно гэж заасантай нийцэж байна.
Иймд дээрх үндэслэлээр Ү-......дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .. дүгээр ба...г, . дугаар байрны ... тоотод байрлах 52,85 м.кв байрны өмчлөлийг Г.Б-д үлдээж, хариуцагчаас орон сууцны зах зээлийн үнэ болох 47,500,000 төгрөгөөс 50 хувь буюу 23,750,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
4.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 108 дугаар зүйлийн 108.1-т зааснаар Ү-0.......дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... дүгээр баг,... 1. дугаар байрны ... тоотод байрлах 52,85 м.кв орон сууцны өмчлөлийг Г.Б-д үлдээж, хариуцагч Г.Б-с орон сууцны зах зээлийн үнэ болох 47,500,000 төгрөгөөс 50 хувь буюу 23,750,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Т-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 276,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД