Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/39

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, тус шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг, П.Доржбал нарын бүрэлдэхүүнтэйгээр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Иргэдийн төлөөлөгч Д.Т,

Хохирогч С.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Н.О холбогдох эрүүгийн **************дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *************************оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ************* регистрийн дугаартай, Б овгийн Н.О.

Шүүгдэгч Н.О нь 2024 оны 11 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Завхан аймгийн Түдэвтэй сумын Аргалант багийн нутаг Цагаанчулуут гэдэг газарт байрлах н.Б гэрийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас С.А хэвлийн тус газар хутгаар хутгалж, улмаар С.А эрүүл мэндэд хэвлийн хөндийд нэвт хутгалагдсан шарх, нарийн гэдэсний цоорол, тасрал, хэвлийн хөндийн перитонит шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт хамаарч байна.       

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

-Хохирогч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Н.О бид хоёр С гэх айлд очоод 0,5 граммтай архи уусан. Тэр айлаас гараад Б гэх айлд очиж хоол идээд ахиж архи уусан. Айлаас гараад явж байхдаа маргалдаад би эхэлж цохисон. Хамар руу цохисон. Өөр цохилцож зодолдоогүй. О явсан, тэгээд сайн санахгүй байгаа юм. Би тасарсан байсан. ...Дүүгийн маань хэргийг хөнгөн шийдэж өгнө үү...” гэв.

-Шүүгдэгч Н.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна. Хөнгөн шийдэх арга хэмжээг авч өгнө үү...” гэв.

-Улсын яллагч Б.Чулуунхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.О нь 2024 оны 11 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Завхан аймгийн Түдэвтэй сумын Аргалант баг Цагаанчулуут гэдэг газарт байрлах н.Б гэрийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас С.А хэвлийн тус газар хутгаар хутгалж, улмаар С.А эрүүл мэндэд хэвлийн хөндийд нэвт хутгалагдсан шарх, нарийн гэдэсний цоорол, тасрал, хэвлийн хөндийн перитонит шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Тийм учраас шүүгдэгчийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь хохирогчид 1,500,000 төгрөг төлсөн. Нэмж төлөх хохирол байхгүй. Тийм учраас шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй байна. Эрүүл мэндийн даатгалын санд 11,042,981 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг шүүгдэгч Н.О нь төлөөгүй байна. Иймд шүүгдэгчийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү. ...Шүүхээс шүүгдэгч Н.О Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлсөн, тухайн гэмт хэргийг үйлдэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга авч өгнө үү. Шүүгдэгч нь хохирогчид төлөх хохиролгүй. Эрүүл мэндийн даатгалын санд 11,042,981 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Битүүмжилсэн хөрөнгөгүй. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй гэв.

-Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.О нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс  30-нд шилжих шөнө Завхан аймгийн Түдэвтэй сумын Аргалант баг Цагаанчулуут гэдэг газарт байрлах н.Б гэрийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас С.А хэвлийн тус газар хутгаар хутгалж, улмаар С.А эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Нөхцөл байдал гарах болсон шалтгаан нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр хоёулаа архи уусан, хувийн таарамжгүй харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа учир маргах зүйлгүй. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан, сэтгэцэд учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд хохирогчийн эмчилгээтэй холбоотой зардал байгаа юм байна. ...Шүүгдэгч Н.О нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс  30-нд шилжих шөнө хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн шийдсэн. Н.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээж байсан, илрэх нөхцөл байдалд дэмжлэг үзүүлж байсан. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой. Хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хохирогчийн буруутай байдал зэргийг харгалзан 3 жил 2 сарын хугацаагаар багасгаж өгнө үү. Оногдуулж байгаа ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой…” гэв.

-Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Т нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Бусдын эрүүл мэндэд зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хохирол учруулсан гэм буруутай гэж үзэж байна...” гэв.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өөрийн хүргэн дүү болох О хамт явж байгаад С гэдэг айлд очсон. С гэрт очоод О бид 2 нэг шил архи хувааж уусан. С ах гэртээ ганцаараа байсан тул архи уугаагүй. С ахын гэрт нэг шил архи ууж дуусаад гараад явсан. С гэрээс гараад бид 2 Б гэдэг айлд очих гээд явсан. Б гэдэг айлд очих үед Б ах гэртээ эхнэртэйгээ хамт байсан. О бид 2-ыг гэрт нь ороход Б ах тал шил архи гаргаж өгсөн. Тэр архийг О бид 2 хувааж уусан. Архиа ууж дуусаад гэр рүүгээ явах гээд гарсан. Б ахын гэрийн гадаа гараад явах гэж байснаа санаж байгаа тэгээд цааш нь юу болсон талаар санахгүй байна. Нэг ухаан ортол О ирээд миний гэдэсний зүүн хэсэгт хутгалаад машин руугаа явсан. Би гэдсээ дараад үзтэл цус гарч байхаар нь буцаад Б ахын гэрт ороод “О намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгтэл Б ах эхнэрийнхээ хамт намайг аваад өөрийнхөө машинаар сумын төвийн эмнэлэг хүргэж өгсөн. ...Намайг манай хүргэн Н.О хутгалсан гэдгийг би өөрөө мэдэж байгаа. Тэр үед Б ах, түүний эхнэр, О бид 4 л хамт байсан. Б ах эхнэрийнхээ хамт унтах гээд гэртээ үлдсэн. Би О хамт гэр рүүгээ явах гэж гараад гадаа гараад ийм зүйл болсон. О намайг хутгалахыг би өөрөө харсан. Тэгээд Б ахын гэрт ороод О намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэднийд өөр хүн байгаагүй, гаднаас хүн ирээгүй, ойр хавьд нь айл байгаагүй. О бид 2 хүнс гаргах гээд машиндаа хутга авч явсан, бор өнгийн модон иштэй, дунд зэргийн хутга байсан. Би хүнс гаргаж байхад тэр хутгыг харж байсан. О хутга байсан. О тэр хутгыг хаясан, эрээд олохгүй байгаа гэсэн. Уг хэрэг гарах үед миний хажууд О байсан, Б ах эхнэртэйгээ гэртээ байсан өөр хүн байгаагүй. ...Уг хэрэг Түдэвтэй сумын төвөөс 10 гаран км зайтай, ************ гэдэг газар Б гэдэг айлын өвөлжөө, гэрийнх нь гадна болсон. Хэрэг гарах үед би өмд цамцтай явсан. Уг хувцсыг сумын төв орж ирээд эмнэлэг дээр тайлаад эмээдээ үлдээгээд явсан манай эмээ шатаасан байна лээ. ...Миний гэдсэнд хутгалж хэвлий рүү нэвтэрсэн, би аймгийн эмнэлэгт болон сумын эмнэлэгт хагалгаанд орсон. Одоо биеийн байдал гайгүй болж байна. Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй. ...О бид 2 С гэдэг айлд 0.75 литрийн архи 1 ширхэг, Б гэдэг хүний гэрт тал шил архи уусан. Бид 2 уг нь согтолт гайгүй л байх шиг байсан. О надад эм тарианы мөнгө, нааш, цааш явсан бензин тосны зардал, эмнэлгийн мөнгө зэргийг бүгдийг нь гаргаж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-25-р хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Дээрх хэргийн хохирогч С.А /**************/ нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Түдэвтэй сумын эмнэлэг, Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг зэргээс үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 11,042,981 төгрөгийн төлбөр гаргуулсан байна. Дээрх иргэн Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан  11,042,981 төгрөгийн төлбөрөө буцааж төлөөгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд дээрх төлбөрийг буруутай этгээдээс гаргуулахаар заасан байгаа. Энэ хэрэгт гэм буруутай этгээдээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 11,042,981 төгрөгийн төлбөрийг буцааж гаргуулмаар байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

-Гэрч Ю.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манай хүү С.А, О хоёр Б гэх айлд очсон юм байна лээ. Тэгээд манай хүү С.А, О нар гэр рүүгээ явах гэж гадагш гараад хоорондоо жаахан муудалцаад О нь манай хүү А хаяад яваад өгсөн юм байна лээ. Тэгээд А гадаа бие засчхаад яваад оръё гээд Б эхнэрт хэлчхээд зогсож байх үед нь О буцаж ирээд хутгалчхаад буцаад явсан гэж Б эхнэрээс сонссон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,

-Гэрч Ч.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр байсан би гэртээ нөхөр Б хамт унтаж байтал манай гэрийн хаалгыг хүн цохиод байсан. Тэгээд нөхөр босоод хаалгаа онгойлгоод өгөхөд 2 согтуу залуу орж ирсэн. Тэр 2 залуу манай гэрт орж ирээд цай уугаад хоол идээд хэсэг юм яриад сууж байгаад явах гээд гараад явсан. Тэр 2 манай гэрээс гараад чанга, чанга дуугараад маргалдаад байсан. Би араас нь гараад гэрэл тусгаад “юу болоод байгаа юм явбал яваад явахгүй бол орж ирээд унтаач гэж хэлсэн. Тэгтэл тэр 2 залуу цааш яваад манай өвөлжөөний хашааны гадаа гараад зодолдоод эхэлсэн. Тэгтэл 2 залуугийн хүргэн нь гээд байсан залуугийн хамраас цус гарсан байхаар нь би “та нар болиоч би аав ээж рүү чинь ярьж хэлнэ” гэж хэлээд буцаж гэр рүүгээ орж ирээд хүмүүс рүү утсаар залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд би эргээд гараад хартал А гэдэг залуу нь “намайг хутгалчихлаа” гээд ирсэн. Тэгэхээр нь сандраад нөхөр Б хэлээд орноос нь босгоод машинаа асаагаад А гэдэг залууг аваад сумын төв рүү эмнэлэгт хүргэж өгсөн. ...Тэр 2 манай гэрт шөнө согтуу орж ирээд нэлээд согтуу байсан, А нь арай гайгүй байсан. Тэр 2 хүн машинтай явж байсан. А “намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Бодвол хамт явж байсан хүргэн гээд байгаа залуу хутгалсан, тэр 2 хашааны гадна чанга, чанга дуугараад маргалдаад зодолдож байсан. ...Тэр 2 залуу хоёулхнаа явж байсан өөр хүн орж ирээгүй, манай гэрт нөхөр Б бид 2 байсан өөр хүн байгаагүй. ...Би А хаана нь яаж хутгалсан талаар надад мэдэх зүйл байхгүй, элгээ тэвэрсэн байсан /нэг гараараа/..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-57-р хуудас/,

-Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 30-ны үүрээр 04 цагийн орчим манай эмнэлгийн жижүүрээс над руу залгаад “хутгалуулсан хүн хүргэгдэж ирлээ та хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэхээр нь би гэрээсээ гараад ажил дээрээ хүрээд ирэхэд С.А гэх хүн манай эмнэлгийн нэгдүгээр давхарт байх үүдний сандал дээр нэлээд согтуу, орилоод сууж байсан. Манай сувилагч түүний амин үзүүлэлтийг үзээд байж байсан. Би ажил дээрээ ирээд А боолтын өрөөнд оруулаад хувцсыг нь тайлаад хартал хэвлийн зүүн талд, суганы урд шугамаар 4-5 см орчим  нэвтэрсэн байж болзошгүй шархтай байсан. Би бээлий өмсөөд шарх руу хуруугаа хийж үзэх үед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн байж болзошгүй байсан. Тэхээр нь ЭХО-д харах гэтэл агсраад орилоод харуулаагүй. Тэхээр нь лаборантаа дуудаад шинжилгээ авсан. Тэр үед эмнэлэг дээр А эгч С гэдэг хүн ирсэн байсан ба тэр эгч нь А архийг нь гаргаад ирье гээд аваад явсан. Тэгээд буцаж ирэхгүй болохоор залгаад дуудахад хүрээд ирсэн. Тэгээд эргэж ирэхдээ архи нь гарсан, шокийн байдалтай ирсэн. Тэхээр нь би эмчилгээ хийж эхлээд, эход хараад сул шингэн их байсан тул аймгийн эмнэлэг рүү дуудлага өгсөн. ...А 2024  оны 11 дүгээр сарын 30-ны шөнө 04 цагийн орчим Аргалант багийн малчин Б гэдэг хүн эхнэрийнхээ хамт авч ирсэн байсан. Б гэдэг хүний эхнэр нь “энэ залуу бас нэг залуугийн хамт манай гэрт ирээд хоол унд идээд юм яриад байж байгаад гарч яваад гадаа гараад маргалдаж муудалцаад байж байгаад эргээд хутгалуулчихлаа гээд ороод ирсэн” гэж хэлж байсан. Эмнэлэг дуудах гэсэн чинь дугаарыг нь мэдэхгүй, ойрхон болохоор аваад ирлээ гэж хэлж байсан. ...А биед хэвлийд үүссэн шархнаас өөр ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй, хэвлийн шархнаас нь цус гараад цамц нь нэвтэрсэн байсан, цус гоожиж урсаад хатсан байсан. А нь нэлээд согтуу байсан, эмнэлэг дээр агсам согтуу тавиад, хэл амаар доромжлоод байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-62-р хуудас/,

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 000000014 дугаартай: “...Хохирогч С.А биед хэвлийн хөндийд нэвт хутгалагдсан шарх, нарийн гэдэсний цоорол, тасрал, хэвлийн хөндийн перитонит гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Хохирогчийн биед учирсан гэмтлүүд хэрэг учрал болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Тухайн гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Хохирогч С.А биед учирсан хэвлийн хөндийд нэвт хутгалагдсан шарх, нарийн гэдэсний цоорол, тасрал, хэвлийн хөндийн перитонит гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83-84-р хуудас/,

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эмчийн тодорхойлолт, өвчний түүхийн хуулбар,

-Н.О хувийн байдалд холбогдох баримтууд зэрэг болно.

 Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудаар  шүүгдэгч Н.О нь 2024 оны 11 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Завхан аймгийн Түдэвтэй сумын Аргалант баг Цагаанчулуут гэдэг газарт байрлах н.Б гэрийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас С.А хэвлийн тус газар хутгаар хутгалж, улмаар С.А эрүүл мэндэд хэвлийн хөндийд нэвт хутгалагдсан шарх, нарийн гэдэсний цоорол, тасрал, хэвлийн хөндийн перитонит шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Мөн түүнчлэн уг үйл баримт нь хэрэгт авагдсан гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, С.А өвчний түүхийн хуулбар, эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан баримтууд зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Тодруулбал шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтэл учирсан газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Н.О холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны  явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.

Хүний халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 13-т ”Иргэн бүр халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.

Н.О нь хүнийг хутгалах үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах, тэр ч бүү хэл амь нас нь хохирох боломжтой, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдах нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай  байгаа бөгөөд тэрээр  ухамсарласан үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэсэн байна.

 Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт: “Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” гэж хуульчилсан тул Н.О үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.О нь өөрийн гаргаж буй үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдэн, хохирогч С.А Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй дархан байх эрхийг нь зөрчиж, хүний эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нь  Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэснийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон зүйлчлэхээр хуульчилсан ба Н.О нь хохирогч С.А биед зэвсэг хэрэглэж шууд санаатай үйлдлээр эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн обьектив шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Иймд  шүүгдэгч Н.О хохирогч С.А хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч Н.О холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Н.О зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Ийнхүү дүгнэлт хийхдээ шүүх нь шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Т “... Бусдын эрүүл мэндэд зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хохирол учруулсан гэм буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг харгалзан үзсэн болно.

Түүнчлэн шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч М.Гомборагчаа нар нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний ...эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, харин энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцдог.

Шүүгдэгч Н.О үйлдлийн улмаас хохирогч С.А эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн эмчилгээний зардлыг шүүгдэгч хариуцсан үндэслэлээр хохирогч нь шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй болно.  

Харин С.А эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 11,042,981 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч Н.О нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан тул хуулийн энэхүү зохицуулалтын дагуу шүүгдэгч Н.О 11,042,981 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй юм.

Түүнчлэн шүүгдэгч Н.О гэмт үйлдлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардал гарсан талаар баримт хэрэгт авагдаагүй, хэн нэгэн этгээдээс энэ талаар зардал нэхэмжлээгүй учир шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн бол 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан тул шүүгдэгч Н.О хуулийн уг зохицуулалтын дагуу хорих ял оногдуулах нь үндэслэлтэй юм.

Шүүх шүүгдэгч Н.О хорих ял оногдуулах хэмжээ хязгаарыг тогтоохдоо түүнийг гэмт үйлдлийнхээ улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудаас гадна түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг нь харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан үзлээ.

Мөн шүүгдэгч Н.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан, мансуурсан байдалтай байсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байх бөгөөд дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлж, шүүгдэгч нь нийгмийн харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчиж хүний халдашгүй дархан байх, амьд явах жам ёсны эрхийг хөндсөн байдлыг ч тал бүрээс нь харгалзан үзсэн болно. 

Эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа нь: “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т  “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах…”-аар хуульчилсан байх тул 3 жил, 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Энэ хүний насны байдал, хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзнэ үү...” гэсэн санал гаргасан байна.

Мөн шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч ч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хөнгөрүүлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал болох талаар дурдаж, татгалзаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, 1 дэх хэсгийн 1.4-т: “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 12 жил, эсхүл 15 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Н.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг болон хөнгөрүүлэх, хүндрүүлэх бусад нөхцөл байдлуудыг харгалзан  шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Н.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхээр тогтов.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдал тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Н.О оногдуулсан хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Н.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй ба түүнд шүүхээс хорих ял оногдуулахаар шийдвэрлэж буй учир урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овгийн Н.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар ангийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.О 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Н.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

5.  Шүүгдэгч Н.О нь бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тэмдэглэсүгэй.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О 11,042,981 /арван нэгэн сая дөчин хоёр мянга есөн зуун наян нэг/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тэмдэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ                                       Б.УРТНАСАН

 

                    ШҮҮГЧИД                                         Б.ӨЛЗИЙХИШИГ

 

                                                                           П.ДОРЖБАЛ