| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2022/00213/И |
| Дугаар | 261 |
| Огноо | 2022-06-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г. банк ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...дугаар баг, Борхойн.. тоотод оршин суух, Эй транс ХХК-д илгээгч ажилтай, З овогт Х-ын Ө-д /РД:/ холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 33,155,249.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х , нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.У, Б. , хариуцагч Х.Ө , түүний өмгөөлөгч С.Эн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Г банк ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч З.Г, Х.Ө нар нь 2018 оны 05-р сарын 11-ний өдөр дугаар 1915110516 тоот зээлийн гэрээ байгуулан 28,500,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр зээлийн бүтээгдэхүүн авж 2018 оны 11 сарын 02-ны өдөр дугаар 1915110516 тоот гэрээнд өөрчлөлт оруулж 1915110516-1 тоот зээлийн гэрээ байгуулан 11,400,000 төгрөгийн зээлийг нэмж нийт 39,900,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр зээлийн бүтээгдэхүүн авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7 дэх хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар 267 хоног хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачилгаар гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр нэхэмжилж байна. Үндсэн зээлийн төлбөр 29,624,307.53 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,459,163.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 71,778.73 төгрөг нийт 33,155,249.73 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.У шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Г нь Замын-Үүд Өртөөнд ажиллаж байхдаа тухайн байгууллагын хамтран ажиллах гэрэний дагуу 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 28,500,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй авсан. Энэ үед ах З.Г нь хамтран зээлдэгчээр оролцсон. Үүний дараа нэмэлт зээл авах хугацааг хангаж, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, үлдэгдэл зээл дээр нэмж 11,400,000 төгрөгийн зээлийг авч, нийт зээлийн үлдэгдэл 38,239,928 төгрөг болсон. Уг зээлийн гэрээний хугацаа 60 сарын, жилийн хүү 15.6 хувь болж өөрчлөгдсөн. Ингээд зээлээ төлж явж байгаад 2019 оны 10 сараас эхлээд зээлийн төлөлт доголдож эхэлсэн байдаг. -Г-тай холбогдож чадахгүй байсан учраас Ө-д зээлээ төлөхийг хэлж байсан. Мөн Ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад биечилж уулзах, гарын үсэг зуруулах боломжгүй, утсаар мэдэгдсэн, энэ баримт архивт байгаа. Сүүлд 2022 оны 03 сард зээлээ төлөхийг Ө-с шаардсан. Ганбаатарын хувьд Солонгос Улсад ажиллаж амьдарч байгаа гэсэн ба зээлээс гадаад гүйлгээгээр төлдөг, гэхдээ хугацаа хэтрэлттэй байгаа учраас төлсөн мөнгө нөхөгдөөд явчихдаг. Одоогийн байдлаар гэрээний үүрэг биелэгдэхгүй 267 хоносон байна. Ганбаатарын хувьд анх зээл авахад ах нь хамтран зээлдэгчээр оролцсон боловч зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт ороход түүний эхнэр Х.Ө хамтран зээлдэгчээр оролцсон. Өмнөх зээл үргэлжлээд явж байгаа учраас Ганзоригийн үүрэг дууссан гэж үзэж Ө-аас нэхэмжилсэн. Мөн сүүлд нэмэлт зээл авах үед манайхаас Га-ын данс руу шилжүүлсэн мөнгө Ө-ын Төрийн банканд эзэмшдэг данс руу шилжсэн байсан. Нэгэнт зээлдэгч Ганбаатар нь Солонгос Улсад байгаа тул бид зээлийн төлбөр болох үндсэн зээлийн төлбөр 29,624,307.53 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,459,163.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 71,778.73 төгрөг нийт 33,155,249.73 төгрөгийг. төгрөгийг 100 хувь Х.Ө-аас гаргуулахаар нэхэмжилж байна. Өлзийжаргал, Ганбаатар нар нь зээл авах үед эхнэр, нөхөр байсан бөгөөд түүнийг нотлох хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг шүүхэд өгсөн байгаа гэв.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.Ө-ын хувьд 2018 оны 11 сарын 02-ны өдөр банктай байгуулсан гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг учраас зээлийн хариуцах үүрэгтэй гэж үзэж байна. 2020, 2021 онуудад Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газраас хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний хүрээнд зээл төлөлтийг хойшлуулах арга хэмжээ авсан. Мөн энэ үед зээлдэгч нартай уулзаж, зээлийг төлөх мэдэгдлийг биечлэн хүргүүлэх боломж байгаагүй, бүх зүйл хязгаарлалтай байсан. Өмгөөлөгчийн хувьд Гаыг Солонгос явсан талаар баримт байхгүй гэж байна, гэтэл Өлзийжаргал явсан гэдгийг хэлж байна шүү дээ. Зээл авах болохоороо авчхаад, өгөх болохоороо ийм нөхцөл байдал үүсгэж болохгүй. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
4.Хариуцагч Х.Ө шүүхэд ирүүлсэн татгалзал тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 сард Голомт банкнаас зээл авах үед бид хамт амьдарч байсан. Нэмэлт зээл авч байгаа гээд надаар гарын үсэг зуруулсан. Гэртээ тавилга авна гэж байсан аваагүй. Г-ыг зээлээ өөрөө төлчихнө гэж бодож байсан. Би энэ зээлээс хэрэглээгүй, миний төрийн банкны дансыг сүүлд Ганбаатар хэрэглээд байсан. Зээл авсан мөнгөөрөө мөрийтэй тоглоом тоглоод дууссан байх. Тэгээд Солонгос явсан. 2020 онд над руу банкнаас 2-3 удаа ярьж, зээл төлөгдөхгүй байна гэж хэлсэн. Тэгээд Ганбаатарыг хүүхэдтэйгээ хааяа ярихаар нь банкнаас зээл чинь нэхэгдээд байна гэж хэлэхээр төлнө гэдэг байсан. Сая хавар 2022 оны 03 сарын үед банкнаас над руу яриад зээлээ төл гэж мэдэгдсэн. Би эхний зээлийн 28,500,00 төгрөгөөс хэрэглээгүй, энэ зээлийн батлан даагч нь Га байсан. Г , Г нарыг байлцуулж байж хэргийг шийдвэрлүүлмээр байна. Би энэ зээлийг төлөхгүй. Г-ыг нэмж зээл авч байгаа гэдгийг мэдээгүй, хууртсан, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-д заасан “ хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн” бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй тул хамтран зээлдэгч биш гэж тооцож өгөхийг хүсч байна гэв.
5.Нэхэмжлэгч тал нь 2018 оны 05 сарын 11-ний өдөр Голомт банк ХХК, З.Г , З.Г нарын хооронд байгуулсан ЗГ1915110516 тоот зээл болон барьцааны гэрээний хуулбар,
-2018 оны 11 сарын 02-ны өдрийн Голомт банк ХХК, З.Г , Х.Ө л нарын хооронд байгуулсан ЗГ1915110516-1 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар,
-З.Г-ын нэмэлт зээл авах тухай хүсэлт, 2017 оны 05 сарын 08-ны өдөр төрсөн охин Г-н А-ын төрсний гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн.
6.Хариуцагч тал нь нотлох баримт гаргаж өгөөгүй, харин тэдний хүсэлтээр голомт банкны зээлийн бодлогын журмын хуулбар, цалингийн зээл хүсэгч иргэдийн өргөдлийн маягт буюу З.Ганбаатарын зээл авах үеийн банканд гаргасан өргөдөл зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн байна.
Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний үүрэгт нийт 33,155,249.73 төгрөгийг хариуцагч З.Г , Х.Ө нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь Х.Ө-с нэхэмжилжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. Үндэслэл нь:
1.Нэхэмжлэгч тал нь “ зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт ороход түүний эхнэр Х.Ө хамтран зээлдэгчээр оролцсон. Өмнөх зээл үргэлжлээд явж байгаа учраас Г үүрэг дууссан гэж үзэж Ө-с нэхэмжилсэн, зээлдэгч Ганбаатар нь Солонгос Улсад байгаа гэдгийг Х.Ө тайлбарласан, тэрээр гэрээнд үүрэг хүлээсэн тул бид зээлийн төлбөр болох 33,155,249.73 төгрөгийг 100 хувь Х.Ө-с гаргуулна” гэж шаардлагаа тодорхойлсон,
2.Хариуцагч Х.Ө нь нэмж зээл авч байгаа гэдгийг мэдээгүй, хууртсан, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-д заасан “ хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн” бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй тул хамтран зээлдэгч биш гэж тооцож өгөхийг,
-түүний өмгөөлөгч “ Зээл төлөхийг шаардсан мэдэгдэх хуудас хэрэгт авагдаагүй, Г-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж хэргийг шийдвэрлэх, З.Г-г хамтран хариуцагчаар оролцуулах үндэслэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж маргаж байгаа болно.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон талуудын тайлбараар зээлдэгч З.Г , З.Г г нар нь 2018 оны 05 сарын 11-ний өдөр зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Голомт банк ХХК-иас 28,500,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 20,4 хувийн хүүтэй зээлж авсан, мөн З.Г , Х.Ө нар нь 2018 оны 11 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр өмнөх зээл дээр 11,400,000 төгрөгийг нэмж нийт 38,239,928 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн зээлж авсан үйл баримт болсон байна.
Хариуцагч Х.Ө нь “ Г-т хууртсан, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-д заасан “ хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн “ бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй тул хамтран зээлдэгч биш гэж тооцуулна “ гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах нэг үндэслэлээ тайлбарладаг боловч тэрээр гэрээ байгуулах үед ямар хэлцлийг хүссэн байснаа эндүүрсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй, түүнчлэн түүнийг нэхэмжлэгч талтай гэрээ байгуулах үед хэлцэл хүчин төгөлдөр бус байх нөхцөл үүсээгүй байх тул талуудын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж, зээлийн гэрээний гол нөхцлийг тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч Голомт банк ХХК нь үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй, зээлийн гэрээний 3.3.4-т зааснаар гэрээг цуцлах эрхтэй байна.
4. Хариуцагч, түүний өмгөөлөгч нь зээлдэгч З.Г-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, З.Г-ийг хамтран хариуцагчаар татах хэргийг шийдвэрлүүлнэ гэж маргадаг.
Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “ нэхэмжлэгч “ гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Энэ утгаараа нэхэмжлэгч өөрийн эрхийг хэн, хэзээ зөрчсөн, хэнээс, юу шаардахыг өөрөө шийдвэрлэдэг ба үүнд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчим хамаарах тул нэхэмжлэгч З.Г-ийг хамтран хариуцагчаар тодорхойлоогүй байхад шүүх санаачилгаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч тал нь зээлдэгч З.Г нь Солонгос Улсад ажиллаж, амьдарч байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Ө-с нэхэмжилсэн болно.
5.Хариуцагч тал нь 2018 оны 05 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд үүрэг хүлээгээгүй, энэ зээлийн үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч З.Г хариуцах үүрэгтэй гэж маргадаг.
Хэрэгт авагдсан 2018 оны 05 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд хамтран хариуцагчаар З.Г үүрэг хүлээсэн байх боловч тухайн зээлийн гэрээнд 2018 оны 11 сарын 02-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр өмнөх зээлийн үүргээс үлдсэн зээл дээр нэмж 11,400,000 төгрөгийн зээлж авсан, зээлийн жилийн хүүг өөрчилж, хугацааг тогтоосон байгаагаас үзэхэд З.Ганзоригийн үүрэг дуусгавар болсон, нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр З.Г , Х.Ө нар нь үүрэг хүлээсэн байх тул хариуцагч Х.Ө нь гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцах хуульзүйн үндэслэлтэй байна.
Харин хариуцагч Х.Ө нь зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь хариуцах үндэслэлгүй байна. Учир нь зээлдэгч З.Г нь зээлийн болон барьцааны гэрээгээр нийтдээ 39,900,000 төгрөгийн зээлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан, гэрээгээр зээлдүүлэгчийн өмнө үүрэг хүлээсэн байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “ үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд зээлдэгч З.Г , Х.Ө нар нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “ үүрэг гүйцэтгүүлэгч нь /банк нь/ өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нарын хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр байна”, мөн зүйлийн 242.11-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасан байх тул зээлдэгч Х.Ө-д зээлийн үүргийн 50 хувийг хариуцуулах үндэслэлтэй байна.
Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч нь зээлдэгч Х.Ө-с зээл төлөхийг шаардаж мэдэгдэх хуудас өгсөн талаар нотлох баримт байхгүй гэж маргадаг.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зээлийн үүрэг 2019 оны 10 сараас эхэлж зөрчигдсөн, 2020, 2021 он Монгол Улсад Ковид-19 өвчин тархсантай холбогдуулан хязгаарлалт тогтоосны улмаас зээл төлөх мэдэгдлийг биечлэн хүргэх боломжгүй байсан тул утсаар холбогдож мэдэгдэж байсан, зээлдэгч нарын орлого муудсантай холбогдуулан Ковид-19 өвчний үед Засгийн газраас хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний дагуу зээл төлөх хугацааг сунгасан, хамгийн сүүлд 2022 оны 03 дугаар сард Х.Ө-д зээл төлөхийг мэдэгдсэн талаар тайлбарладаг ба энэ талаар хариуцагч Х.Ө нь маргадаггүй, банкнаас зээл төлөхийг удаа дараа мэдэгдсэн талаар шүүх хуралдаанд тайлбарласан болно.
Дээрхээс үзэхэд зээлдэгч нь зээлдүүлэгчид гэрээний үүрэг зөрчигдсөн талаар болон зээлийг төлөхийг цар тахлын үед мөрдөгдөж байсан хязгаарлалтын улмаас бичгээр мэдэгдэх боломжгүй байсан ч утсаар мэдэгдсэн талаар талууд маргаагүй, түүнчлэн 2022 оны 03 дугаар сард мэдэгдсэн байх тул нэхэмжлэгч талыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах эрхтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Х.Ө-с үндсэн зээл 14,812,153.75 төгрөг, зээлийн хүү 1,729,581.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,889.86 төгрөг, нийт 16,577,624.84 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 16,577,624.86 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Зохигчдод улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хуваарилав.
Монгол Улсын Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5, 242 дугаар зүйлийн 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Х.Ө-с үндсэн зээл 14,812,153.75 төгрөг, зээлийн хүү 1,729,581.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,889.86 төгрөг, нийт 16,577,624.84 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 16,577,624.86 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323,726.25 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 240,838 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Хариуцагч Х.Ө нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А. ЦЭРЭНХАНД