Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 256

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум,   дугаар баг,   тоотод оршин суух, Б. овогт Г. Г /РД: , утас: /-гийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум,   дүгээр баг,  дугаар хэсэг    тоотод оршин суух, Зүүн-Х. овогт Б.Н. / , утас: /-д холбогдох

            42,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзиймаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э., нэхэмжлэгч Г.Г., хариуцагч Б.Н. хариуцагчийн өмгөөлөгч М.Ц./онлайн/ нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:      

Нэхэмжлэгч Г.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г.Г. миний бие нь Г.Н  гэх танилынхаа МУ-ын хилээр орж ирэх ачаа барааны гаалийн бүрдүүлэлтийг хийдэг байсан. 2021 оны 03 дугаар сард Г.Н  ахын бараа болох цахилгаан шат МУ-ын хилээр орж ирсэн бөгөөд гаальд мэдүүлж бүрдүүлэлт хийн улсын хилээр гаргах шаардлагатай болсон. Миний бие өмнө нь цахилгаан шат мэдүүлж гаргаж байгаагүй бөгөөд Б.Н-г ачаа барааны гаалийн бүрдүүлэлт хийж илгээдэг гэдэг утгаар таньдаг байсан учир Б.Н-г гуйж бүрдүүлэлтийг хийлгэж гаргуулахаар тохирсон. Б.Н  намайг эхлээд Г.Н-с татварт төлөх 12,500,000 төгрөг авчих тэр мөнгөнд багтаан гаалийн бүрдүүлэлтийг хийж гаргаж өгнө гэсэн би түүний хэлснээр Г.Н  ахтай утсаар ярьж 2021 оны 03 дугаар 12-ны өдөр 12,5000,000 төгрөгийг Б.Н-ын 5374330005 тоот данс руу шилжүүлсэн. Цахилгаан шатыг хавтан гэж мэдүүлсэн байсан боловч барааг буруу мэдүүлсэн гэдэг үндэслэлээр 93 буюу гаалийн давхар хяналтаар орж бараагаа дахин үнэн зөвөөр мэдүүлж, гаалийн татварыг 100 хувь төлж, үнийн дүнгийн 50 хувиар торгууль тавиулчихлаа дахин барааны эзнээс 18,000,000 төгрөг авах шаардлагатай гэсэн. Б.Н-ын хэлсний дагуу миний бие Н  ахаас дахин учир байдлыг тайлбарлан хэлж 18,000,000 төгрөгийг Б.Н-ын данс руу 2021 оны 04 дүгээр сарын 02-нд шилжүүлсэн. Нийт ачааны татварын мөнгө 30,500,000 төгрөг Б.Н  нь шилжүүлэн авсан боловч уг ачааг гаргаж өгөөгүй. Г.Н  ах өөрөө татварыг нь төлж ачаагаа авсан байсан. Миний бие Н  ахад Н  гаалийн бүрдүүлэлт хийлгэж байгаа гэж хэлээгүй бөгөөд намайг өөрөө бүрдүүлэлт хийн гаргаж байгаа гэж ойлгож байсан. Б.Н  нь намайг 2021 оны 04 дүгээр сарын 05-06-ны өдөр дансаа ашиглуулаач данс руу чинь мөнгө хийгээд тоглох гэсэн юм. Мөнгө хожоод нөгөө хүний чинь мөнгийг олоод өгье гэсэн. Би түүнд итгээд хүний мөнгө олж өгч байвал хамаа алга гээд зөвшөөрсөн. Дансаа хэлчих ах болон дүүгээс чиний данс руу мөнгө орж ирнэ гэсэн. Удалгүй миний дансанд 10 саяар 2 удаа, 10,500,000 төгрөгөөр 1 удаа орлого орж ирсэн. Б.Н  нь намайг 2021 оны 04 дүгээр сарын 05-нд 1,000,000 төгрөг, 300,000 төгрөг, 700,000 төгрөг 2,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 18,000,000 төгрөг, 500,000 төгрөгөөр тус тус тоглоомын данс руу Понги гэх утгатай шилжүүлүүлсэн. 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр надаас гуйж шалсаар одоо яг хожно мөнгө хэрэгтэй байна өөрийнхөө хоёр Мобикомын дугаарыг барьцаанд тавиад 10,000,000 төгрөг зээлээд өгчих би дараа нь зээлийг нь төлөөд дугаарыг чинь аваад өгнө санаа зоволтгүй гэж шалж гуйсаар байсан. Би дахиад л түүнд итгэсэн итгэхгүй байхын аргагүй гуйж байсан. Өөрөө намайг 68 зээлийн төв рүү яваад оччих би хүнтэй ярьсан байгаа очоод 99116767 гэсэн дугаар луу залгаад Монхор гэдэг хүн байгаа Понги явуулсан гээд хоёр дугаараа 10,000,000 төгрөгөөр тавьчих гэсэн. Би түүний хэлснээр өөрийн нэр дээрх 99994522, 99994622 гэсэн хос дугаараа барьцаанд тавьж 10,000,000 төгрөгийг дансандаа байршуулсан байсныг мөн мөрийтэй тоглоом тоглож алдсан. Би дараа нь түүнийг зээлээ төлж дугаар авч өгөх, хүний ачааны мөнгийг өгөөч гэж шаардахад барааны мөнгийг 2021 оны 08 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна гээд өөрийн гараар бичиг хийж өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, мөн миний дансанд байсан мөнгө болон дугаар тавьж зээлүүлсэн 10,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Энэ хугацаанд миний бие цагдаагийн байгууллагаар шалгагдаж У.Н ахад ачааны 30,500,000 төгрөгийг төлж барагдуулахаар болсон. Б.Н нь цагдаагийн байгууллагад хүртэл өөрийгөө хамгаалж худал хуурмаг мэдүүлгийг гаргаж байсанд үнэхээр гомдолтой байна. Иймд Б.Н-с гаалийн бүрдүүлэлт хийж өгнө гэж шилжүүлж авсан 30,500,000 төгрөг, надаас зээлж тоглосон 12,000,000 төгрөг нийт 42,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г миний бие нь Н гэх танилынхаа Монгол улсын хилээр орж ирж байгаа бараа материалын бүрдүүлэлтийг хийдэг байсан. 2021 оны 03 дугаар сард Н ахын ачаа болох цахилгаан шат орж ирсэн. Тэрний гаалийн бүрдүүлэлтийг хийх шаардлага гарсан. Урьд өмнө нь би цахилгаан шатны бүрдүүлэлт хийж байгаагүй. Н-ыг гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээд гэдэг утгаар нь таньдаг байсан учир Н-ыг гуйж гаалийн бүрдүүлэлтийг хийлгэхээр тохирсон. Н нь эхлээд намайг ачааны эзэн болох Н-с 12,500,000 төгрөг авчих, түүнд багтааж гаалийн бүрдүүлэлтийг хийнэ гэж хэлсний дагуу би Н ахтай утсаар ярьж 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Н-ын Хаан банкны 5374330005 тоот данс руу гаалийн бүрдүүлэлтийн 12,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Цахилгаан шатыг хавтан гэж мэдүүлсэн байсан боловч барааг буруу мэдүүлсэн гэдэг үндэслэлээр гаалийн давхар хяналтаар орж бараагаа дахин үнэн зөвөөр мэдүүлж гаалийн татварыг 100 хувь төлүүлж үнийг дүнгийн 50 хувиар торгууль тавиулж барааны эзнээс 18,000,000 төгрөг авах шаардлагатай гэсэн. Н-ын хэлсний дагуу Н ахад учир байдлаа хэлж 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 18,000,000 төгрөгийг Н-ын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Нийт ачааны мөнгө болох 30,500,000 төгрөгийг Н шилжүүлж авсан боловч уг ачааг гаргаж өгөөгүй. Н ах өөрөө ачаа барааныхаа татварыг төлж гаалиас ачаа бараагаа авсан. Миний бие Н ахад Н-аар гаалийн бүрдүүлэлт хийлгэж байгаа гэж ерөөсөө хэлээгүй. Намайг л гаалийн бүрдүүлэлтээ хийж байгаа гэж Н ах тухайн үед ойлгож байсан. Н намайг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дансаа ашиглуулаач, данс руу чинь мөнгө хийгээд тоглох гэсэн юм, мөнгө хожиж хүний ачааны мөнгийг олоод өгье гэсэн. Би түүнд итгэсэн. Хүний ачааны мөнгийг олж л байвал хамаа алга гээд зөвшөөрсөн. Ах болон дүүгээс чиний данс руу мөнгө орж ирнэ гэсэн. Удалгүй миний дансанд 10,000,000 төгрөгөөр 2 удаа, 10,500,000 төгрөгөөр 1 удаа орлого орж ирсэн. Ннь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 300,000 төгрөг, 700,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 18,000,000 төгрөг, 500,000 төгрөг гэх мөнгийг тоглоомын данс руу  Понги гэдэг утгатай шилжүүлүүлсэн. 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөнгө хэрэгтэй байна, яг одоо хожно, чи Мобикомынхоо 2 дугаарыг барьцаанд тавиад 10,000,000 төгрөг зээлээд өгчих, дараа нь би чиний дугаарыг чинь аваад өгнө, санаа зоволтгүй гэж гуйж шалсаар л байсан. Би түүнд итгэсэн. Итгэхгүй байхын аргагүй гуйж байсан. Н намайг өөрөө 68 зээлийн төв рүү яваад оччих, би хүнд хэлсэн байгаа, 99116767 гэсэн хүн рүү ярьчих, Монхор гэдэг хүн байгаа, Понги явуулсан юм гээд хэлчих,  очоод 2 дугаараа 10 сая төгрөгт тавьчих гэж хэлсэн. Түүний дагуу би 68 зээлийн төв дээр очиж 2 дугаараа барьцаанд тавьж дансандаа байршуулсан. Мөн л адилхан тоглож мөнгөө алдсан. Би Н-с дугаар болон ачааны мөнгө болох 30,500,000 төгрөг өгөхийг шаардсан боловч Н нь 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ачааны мөнгө болох 30,500,000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн өөрийн гараар бичиг хийж өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байгаа. Энэ хугацаанд би цагдаагийн байгууллагаар шалгагдаж Н ахад 30,500,000 төгрөгийг төлөхөөр болсон. Н нь цагдаагийн байгууллагад өөрийгөө хамгаалсан худал хуурмаг мэдүүлэг өгсөнд би гомдолтой байгаа. Иймээс ачааны мөнгө болох 30,500,000 төгрөг, дугаарын 10,000,000 төгрөг, миний өөрийн дансанд байсан 2,000,000 төгрөг, 42,500,000 төгрөгийг Наранбатаас гаргуулах хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид яагаад хариуцагчаар Н-ыг татаж оруулж ирсэн бэ гэхээр иргэний хэргийн алтан зарчим болох гараас гарт гэсэн зарчим байгаа. Намжмаа бол Гантуяатай бүрдүүлэлт хийхээр тохирсон боловч Н  Н-ай хийх гэж ерөөсөө тохироогүй. Тийм учраас Г  болохоор Н-д хэлэхгүйгээр цаашаа Н-ыг гуйсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ хоёрын дунд аман хэлэлцээгээр буюу Иргэний хуулийн 259 дүгээр зүйлд зааснаар хөлсөөр ажиллах гэрээний нэг хэлбэр байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Тэгэхээр Г-ийн Н-с барааг нь бүрдүүлж оруулж ирнэ гэсэн мөнгөө цаашаагаа Н-ай хөлсөөр ажиллах гэрээ амаар хийгээд шилжүүлж байгаа энэ үйл баримт маань өөрөө хариуцагчаар Н-ыг татаж оруулж ирэх үндэслэлтэй юм. Тэгэхээр Н т зүй ёсны хариуцагч юм. Н-д холбогдуулж гомдол гаргасан боловч цагдаагийн байгууллага буюу хуулийн байгууллага шалгахдаа Г-д холбогдуулж шалгаад тэгээд хэргийг энэ хоёрын хооронд иргэний харилцаа байна гэж үзээд хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг. Хоёрт, хариуцагч Н  тайлбартаа би огт тоглоом тоглож байгаагүй, тоглоомын данс руу би ямар нэгэн байдлаар мөнгө шилжүүлээгүй гэж яриад байдаг юм. Тэгтэл өмнө нь эрүүгийн хэрэгт гомдлоор шалгагдаж байсан гомдол хаасан тухай прокурорын тогтоолоор мөрийтэй тоглосон гэдэг нь тогтоогдож байна. Үүнийг тухайн үед тайлбарлахдаа хүн мэдээж өөрийгөө хамгаалсан байдлаар мэдүүлэг өгсөн. Тэрийг юу гэж өгсөн бэ гэхээр Г  уйлаад гуйгаад байхаар нь би тэр мөнгөөр нь тоглож өгсөн юм гэдэг тайлбарыг гомдлоор шалгагдаж байхдаа гэрчээр өгсөн байдаг. Тэгтэл өнөөдөр шүүхэд өгсөн тайлбартаа би огт тоглоом тоглож байгаагүй, хоёрт, Г-с орж ирсэн бүрдүүлэлт хийгээд байгаа мөнгийг нь би гаалийн бүрдүүлэлтийг нь хийсэн, тэр нь гаалийн татвартаа төлөгдөөд дууссан гэж өнөөдөр тайлбар гаргаад байна. Тэгтэл энэ тайлбарлаад байгаа үндэслэлээ өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нотолсон зүйл байна уу. Тэгтэл өнөөдөр хавтаст хэрэгт гаалийн татвар Н-ыг төлсөн юм гэсэн адаглаад мөнгө шилжүүлээд гарын үсэг зурсан банкны хуулга алга байна. Баримт алга байна. Татварын мэдүүлэг байдаг, мэдүүлэг нь алга байна. Тэгэхээр үүнийг  нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ нотолж чадаагүй байна гэж харж байна. Гуравт, Г-ийн нэхэмжлэлийн шаардлага маань өөрөө юугаар нотлогдоод байгаа юм бэ гэхээр Н-ын данс руу 2 удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн байгаа байдлаар харагддаг. Энэ бол түүний дансны хуулгаар нотлогдож байна. Хоёрт, Н-ийн гэрчийн мэдүүлэг байгаа. Миний ачаа гараагүй учраас би өөрөө компанийнхаа мөнгө төгрөгийг төлж би өөрөө бараагаа бүрэн бүтэн авсан гэсэн мэдүүлэг байна. Дараагийн дугаарт, 10 сая төгрөгийг 68 зээлийн төвөөс авхуулаад Н  тоглосон. Энэ асуудал бол хэний нотлох баримтаар нотлогдоод байна вэ гэхээр хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд байна, зээл хаасан хуулга байна, мөн гэрч Дашбалжирын мэдүүлэг байна. Үүгээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Тиймээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой учраас Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

 Хариуцагч Б.Н  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Н би Г.Г- надад холбогдуулан 42,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Миний хувьд Г.Г-с ямар нэгэн мөнгө, төлбөрийг бэлнээр болон бусад хэлбэрээр аваагүй бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Н  гэх хүнээс шилжсэн мөнгө гаалийн татвар болон бусад төлбөрт төлөгдсөн байдаг. Мөн намайг тоглоомын данс руу мөнгө шилжүүлсэн гэх үндэслэлгүй шаардлага гаргаж байгаад гайхаж байна. Миний хувьд Г.Г-с мөнгө зээлсэн зүйл байхгүй, бусдын данс руу мөнгө шилжүүл гэж хэлж байгаагүй. Г.Г  нь Н  гэх хүний барааг мэдүүлж байхдаа өөрөө илүү мөнгө авсан байсныг надад өгсөн мэтээр Н  гэх хүндээ хэлсэн байгаа, удахгүй аваад өгнө гээд хэлчихсэн гээд “надаар Н  гэх хүний ачааны мөнгийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна” гэсэн бичиг хийгээд өгөөч гээд гуйгаад байхаар нь би түүнд туслах зорилгоор бичиг хийж өгсөн болохоос биш Н  гэх хүнээс авсан төлбөрийг би 100 хувь түүний барааны мэдүүлэг, гаалийн татвар зэрэг үйлсэд зарцуулсан. Иймд Г.Г  гаргасан 42,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

            Хариуцагч Б.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г  бол аягүй аюултай хүн. Яагаад би аюултай гэж хэлж байна вэ гэхээр ерөөсөө энэ 31 сая төгрөгийг чи надад дараа төлнө гэж бичиж өгвөл гааль төлөх татварыг цаад компани төлөх гээд байна, би компанийн байранд амьдардаг учраас гудамжинд гарах гээд байна, чи намайг 1 удаа бодооч, чи надад тийм л бичиг хийгээд өгөх юм бол гаалийн татварыг төлөөд бид хоёр дараа нь учраа олох юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би за яах вэ миний гарын үсэг ямар хамаа байх вэ, ажил төрөл нь бүтээд хүүхдээ тэвэрсэн хүүхэд гудамжинд гарчихгүй бол гээд нэг хүнд ч гэсэн тус болъё гэж би бодсон. Тэгсэн чинь эргээд тэр бичгийг хийж өгсөн өдрөөс эхлээд над руу чамд миний ийм бичиг байгаа шүү, чи надад мөнгө төлнө шүү, чи бүгдийг нь төлнө шүү гэж янз бүрийн байдлаар дарамтлах иймэрхүү маягийн юм байнга ярьдаг болсон. Тэрнээс хойш харьцахаа больж, найзлахаа байсан. Ер нь өмнө нь найз нөхдийн холбоотой байсан. Ингэж яриад байхаар нь би энэ хүнээс болгоомжлоод энэ хүн аюултай юм байна, энэ хүнтэй дахиж ярьж, уулзаж, харьцаад нэмэргүй юм байна гээд би больсон. Ийм учиртай байдаг. Хэргийн тал дээр надад Г-ийн данснаас орж ирсэн мөнгийг би өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсийн данснаас бүгдийг нь нэг төгрөг ч дутаалгүйгээр буцааж хийсэн байдаг. Энэ хүн надад бэлнээр болон дансаар нэг төгрөг ч өгөөгүй. Миний тоглоомын хаягийн дансыг энэ хүн мэддэг байсан. Тэр хаягаар тоглодог байсан юм уу, яадаг байсан юм бэ би мэдэхгүй. Тэрүүгээр тоглосон бололтой Понги гэдэг нэрээр мөнгө шилжүүлчхээд эргэж надаас нэхээд байгаа нь маш аюултай. Тийм учраас шүүгч минь ийм аюултай хүний ийм худал хуурмаг үйлдлийг таслан зогсоож шийдвэрлэхгүй бол би өр зээлтэй, ажил хийж амьдрах гээд байж байхад хаа байсан Өмнөговиос дуудуулаад шүүх цагдаа болоод бичүүлсэн юмаараа намайг дарамтлаад ийм байдал үүсгээд байгаад би маш их гомдолтой байгаа. Үүнийг үнэн зөвөөр нь шүүх шийдэж өгөх байх гэж бодож байна. Энэ хүнд надаас бэлнээр болон дансаар өгсөн нэг төгрөгийн ч нотлох баримт байхгүй. Ломбардын хүүхэнтэйгээ найз л юм шиг байгаа юм. Энэ хүүхэнтэйгээ миний өмнө танил байсан Монхор гээд ахыг ямар ч хамаагүй хүнийг хөндлөнгөөс оролцуулаад байдаг. Тэр банк бусын үйл ажиллагаа гэдэг чинь хүний үгээр зээл гаргадаг газар биш. Заавал барьцаа хөрөнгө авч байж баримт бичиг үйлдэж байж хийдэг юмыг энэ хүн ингэж завааруулж байгаад би үнэхээр харамсаж гомдож байна. Ийм учраас үүнийг шүүгч үнэн зөвөөр нь шийдэж өгөх байх. Цагдаагийн байгууллага дээр ч өгөөд хэргийн үнэн зөв нь тогтоогдлоо гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон хэргийг дахиад ингээд шүүхэд өгөөд хүндрэл чирэгдэл учруулаад төвөгтэй байна. Үүнийг шүүх үнэн зөвөөр шийдэж өгөхийг найдаж байна. Өөр зүйлгүй гэв.  

           Хариуцагчийн өмгөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээний дагуу шаардаж байна. Нэхэмжлэлийн шаардлага өөрөө нэгдүгээрт тодорхой байх ёстой. Зээлийн гэрээ гэж яриад байгаа, 12 сая төгрөг Н зээлсэн гэж яриад байгаа асуудал өөрөө хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддоггүй. Зээлийн гэрээ Иргэний хуульд зааснаар байгуулагдсан тохиолдолд зээлийн гэрээ бичгээр болон амаар байгуулж болно гэж байгаа. Зээлийн зүйл болох эд хөрөнгө, мөнгөн хэлбэрээр зээлж байгаа бол мөнгө төгрөг нь тухайн зээлдэгчид шилжсэн байх ёстой. Тэгж байж зээлийн гэрээ маань өөрөө хүчин төгөлдөр хуулийн шаардлагыг хангаж зээлдэгчээс зээлдүүлсэн мөнгөө шаардах ийм зохицуулалттай байдаг. Тэгэхээр Н  Г нарын хооронд үүссэн харилцаанаас зээлийн гэрээ бол байгуулагдаагүй юм байна гэдэг асуудал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой харагдаж байна. Г  өөрөө 10 сая төгрөг зээлж авсан. Тэгээд энэ мөнгөө Н  өгөөгүй, өөр дансанд шилжүүлсэн. Үүнийг Н миний мөнгийг аваад тоглосон юм гэж тайлбарладаг боловч Н  нь Г  руу ийм данс руу шилжүүлээрэй гэсэн хүсэлт ч байдаг юм уу, мессеж ч байдаг юм уу тийм нотлох баримтыг нэхэмжлэгч тал гаргаж ирээгүй. Н  өөрийнхөө дансанд аваагүй тохиолдолд өөр ямар хүний дансаар энэ мөнгийг авсан юм бэ гэдгийг нотолсон тийм баримт байхгүй. Хоёрдугаарт, Н  Г  хөлсөөр ажиллуулсан гээд байна. Хөлсөөр ажиллуулсан юм бол Н хэдэн төгрөгийн цалин өгөөд байгаа юм, хэдэн төгрөгийн хөлс, шан харамж өгөөд байгаа юм, хэдэн төгрөгт гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо нь хийгдээд байгаа юм гэдэг нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Тэгэхээр 30,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө Г нэхэх ёстой мөнгө юм уу, Н гэдэг хүн нэхэх ёстой мөнгө юм уу гэдэг нь тодорхойгүй. Дээрээс нь түрүүн асуулт хариултын шатанд Г  хэллээ.  Н бол бүрдүүлэлт хийгээгүй, Арвайдай гэдэг компани бүрдүүлэлт хийсэн гээд өөрөө хүлээн зөвшөөрөөд миний асуултад хариуллаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлсэн. Н 30,500,000 төгрөгийг аваад гаалийн татвар бүрдүүлэлтэд өгсөн гэж яриад байгаа боловч үүнийгээ нотолсон баримт шүүхэд гаргаж өгөөгүй байна. Тэгэхээр Н  өөрөө бүрдүүлэлт хийгээгүй. Арвайдай компани бүрдүүлэлт хийсэн байгаа учраас Н  ямар ч гаргаж өгөх баримт байхгүй байх нь ойлгомжтой. Яах вэ, Н  дамжуулаад Арвайдай гэдэг компани гарч ирсэн байх л даа. Гэхдээ Н  өнөөдөр тэр компанийн хийсэн хувь хүний оруулж ирсэн гаалийн бүрдүүлэлт, татвар тооцоог өөрөө компанийн нууцтай холбоотой болохоор өөрөө авч өгөх боломжгүй нөхцөл байдалтай байгаа юм. Гуравдугаарт, нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон юм болов уу. Өөрөө жинхэнэ нэхэмжлэгч мөн юм уу, биш юм уу гэдэг асуудал бас яригдана. Тэгэхээр Арвайдай гээд компани Н  цахилгаан шатуудыг бүрдүүлэлтийг нь хийгээд гаалиар оруулж ирсэн юм байна гээд хүлээн зөвшөөрсөн юм бол яагаад Г-с гаалийн бүрдүүлэлт, татвар тооцоонд зориулж өгсөн 30,500,000 төгрөгийг нэхэмжлээд байгаа юм бэ. Цаад компани нь үнэхээр татвар тооцоогоо төлөөгүй юм бол Арвайдай гэдэг компаниасаа нэхэмжлэх ёстой юм биш үү. Эцэст нь хэлэхэд Н нь Г-д 30,500,000 төгрөг төлж барагдуулъя гэсэн хэлцэл хийж өгсөн байдаг. Энэ нь Г  Н-д мөнгө өгөх болоод байдаг. Н нь Г цагдаа сэргийлэхэд өгөөд айлгаж сүрдүүлээд яваад байдаг. Тухайн үед Н-д Н-с би мөнгийг чинь аваад өгчихнө гэж үзүүлэх зорилгоор дүр үзүүлж хийсэн хэлцэл юм байна гэж дүгнүүлэх тийм нөхцөл байдал үүсэж байна л даа. Тэгэхээр шүүх энэ хүчин төгөлдөр бус хэлцлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэж болох хуультай учраас Г Н  нарын хооронд байгуулагдсан 30,500,000 төгрөгийг төлж барагдуулъя гэж хийсэн хэлцэл нь өөрөө дүр үзүүлсэн хэлцлийн хэлбэрийг агуулж байгаа учраас энэхүү гэрээг дүгнэж өгөөч гэсэн саналтай байна. Н, Г нарын хооронд ямар нэгэн байдлаар хөлсөөр ажиллах болон зээлийн гэрээ байгуулагдаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч. Дээрээс нь Н нь өөрөө гаалийн бүрдүүлэлт хийгээгүй гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Арвайдай гэдэг компани гаалийн бүрдүүлэлт хийсэн учраас хариуцагчаа зөв сонгоод дахин нэхэмжлэлээ гаргаач гэсэн байр суурьтай байна гэв.

 

            Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                          ҮНДЭСЛЭХ нь:          

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Б.Н холбогдуулан 42,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Б.Н нь нэхэмжлэгчээс 42,500,000 төгрөгийг аваагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Ц шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах, эрх үүрэг тайлбарласан баримт болон нөлөөллийн мэдүүлэг зэрэгт гарын үсэг зурах тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай  хүсэлт гаргажээ. Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. Учир нь хариуцагчийн өмгөөлөгчид хэргийн материалтай ирж танилцах талаар удаа, дараа утсаар мэдэгдсэн боловч 2022 оны 06 сарын 08-ны өдөр зарлагдсан шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцаагүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гарсныг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах, эрх үүрэг тайлбарласан баримт болон нөлөөллийн мэдүүлэг зэрэгт гарын үсэг зурах зэрэг урьд гаргасан хүсэлтээ дахин гаргаж байгааг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2 “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” эрхтэйг хариуцагч Б.Н шүүгчийн туслах 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш буюу нэхэмжлэлийн хувийг гардуулж өгөхдөө хүртэл тайлбарлаж гарын үсэг зуруулсан байдаг мөн “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох”-ыг удаа дараа хариуцагч болон түүний өмгөөлөгчид 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдаан хойшлоход утсаар ярьж хэлсэн учраас шүүх хэргийн материалтай танилцах хангалттай хугацаа өгсөн гэж үзэж хэргийг шийдвэрлэв.

 Шүүх хэргийн оролцогч нарыг хэргийн материалтай танилцах, зохигч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангах үүрэгтэй бөгөөд хэргийн материалтай танилцах зэрэг асуудал нь хэргийн оролцогч нарын үүрэг юм. Хариуцагчийн өмгөөлөгчийн нэг үндэслэлээр дахин дахин шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байгааг шүүхийг үл хүндэтгэсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Б.Н Н гэх хүний барааг хил, гаалиар гаргуулахын тулд өөрийн ХААН банкны 5990124045 дугаарын данснаас хариуцагч Б.Н-ын Хаан банкны 5374330005 дугаартай  дансанд 2 удаагийн үйлдлээр буюу 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 12,500,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 18,000,000 төгрөг нийт 30,500,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд хариуцагч нь Н  гэгчийн ачаа барааг хил гаалиар гаргаж өгөөгүй, уг мөнгийг нэхэмжлэгч Г.Г-д эргүүлж өгөөгүй болох нь мөн хариуцагч Б.Н  нь нэхэмжлэгчийн дансыг ашиглаж, мөрийтэй тоглох зорилгоор нэхэмжлэгчийн дансанд байсан 2,000,000 төгрөг, 68 зээлийн газраас нэхэмжлэгчээр зээл гаргуулж, 10,000,000 төгрөг бүгд 12,000,000 төгрөгөөр тоглож үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нь хариуцагч Б.Н-с Г.Г-д ачааны төлбөрт 31,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тодорхойлолт, “Понги” гэх нэрээр 5077381875 тоот данс руу 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгөөр нэг удаа тус дансанд дахин 300,000 төгрөг,  5374542838 тоот данс руу 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 700,000 төгрөг, 5400516105 тоот данс руу 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн Хаан банкин дахь Г.Г-ийн депозит дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбар, Их Мөнх Наран ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, тодорхойлолт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Мобиком ХХК-ийн гэрээ шилжүүлсэн албан бичгийн хуулбар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/58, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/149 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тус тус тогтоолуудын хуулбар, Хаан банк ХХК-ийн Замын-Үүд салбарын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5374/254, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 5374/287 тоот тус тус албан бичиг болон Хаан банкны 5374330005 дугаартай дансны 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх дансны хуулга, гэрч Г.Н, Ж.Д, Д.Т нарын мэдүүлэг,  /хх-ийн 10-17 43-44, 53-58, 68, 73-75, 96-97, 99-196/ зэргээр тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч Г.Г-г ачааны мөнгө 30,500,000 төгрөгийг  нэхэмжлэх эрхтэй юу, нэхэмжлэгч мөн үү гэж маргажээ. Ачааны эзэн гэх Г.Н  нь нэхэмжлэгч Г.Г-н дансанд хоёр удаагийн үйлдлээр 30,500,000 төгрөгийг шилжүүлснээр уг мөнгийг эзэмших эрх нь үүссэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Г.Н  нь Г.Г-с, Г.Г  нь Б.Н-с тус тус нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “хэргийн оролцогч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй”. Хариуцагч Б.Н  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж буй байдлаа баримтаар нотлоогүй болно. Өөрөөр хэлбэл татгалзаж байгаа үндэслэлээ нотолсон нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол ...хөрөнгө шилжүүлсэн этгээд уг эд зүйлийг олж авсан этгээдээс шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заажээ.

Хэрэгт цугларсан бичгийн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 42,500,000 төгрөгийг  өгсөн болох нь нотлогдсон, нэхэмжлэгч нь уг мөнгийг хариуцагчаас буцаан авахгүй талаар тохиролцоогүй, зохигчдын хооронд ямар нэг хэлцэл, гэрээний үүргийн харилцаа үүсээгүй бөгөөд энэ тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүргийн харилцаа гэж үзэж, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас 42,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч З овогт Б-Н  /РД -аас 42,500,000 /дөчин хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б овогт Г.Г  /РД: /-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-с 370,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ