Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 131/шш2022/00469

 

 

 

2022 оны 07 сарын 25 өдөр Дугаар 131/ШШ2022/00469 Баянхонгор аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р багт байрлах, 3132692 регистрийн дугаартай, Баянжаргант хүнс ХХК-д холбогдох Хохирол 40.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Отгонтөгс, Б.Биндэръяа, хариуцагч байгууллагын төлөөлөгч З.Шарав, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус аймагт 2020 онд аймгийн хэмжээнд зуншлага тааруу нийт нутгийн 60 хувь гандуу, өвөлжилт хүндэрч зудын гамшиг нүүрлэж, нийт нутгийн 80 хувь цасан бүрхүүл тогтож 2.0 сая гаруй мал онд орох боломжгүй, хорогдох эрсдэлтэй байсан. Иймд малчдын амьжиргааг дэмжих, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулж орон нутгийн мах боловсруулах үйлдвэр Баянжаргант хүнс ХХК-тай гэрээ байгуулан ажилласан. Тус гэрээ нь малчдын мал, махыг худалдан авч тээвэрлэн эдийн засгийн эргэлтэд оруулсны дараа төрд эргэн төлөх нөхцөлтэй байсан юм. Гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүчинтэй байсан. Гэрээний хугацаа дуусч, Баянжаргант хүнс ХХК -нд төлбөрөө барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж, албан бичгийг хүргүүлж ажилласан боловч төлөгдөхгүй байна. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй тул Баянжаргант хүнс ХХК-аас 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү .. гэжээ. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Отгонтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 онд Баянхонгор аймгийн хэмжээнд зуншлага тааруу нийт нутгийн 60 хувь нь гандуу өвөлжилт хүндэрч зудын гамшиг нүүрлэж нийт нутгийн 80 хувь нь цасан бүрхүүл тогтож 200,000 гаруй мал онд орох боломжгүй хорогдох эрсдэлтэй байсан. Малчдын амьжиргааг дэмжих, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Баянжаргант хүнс ХХК-тай гэрээ байгуулан ажилласан. Уг гэрээг малчдын мал малыг худалдан авч тээвэрлэн эдийн засгийн эргэлтэд оруулсны дараа төрд эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр байгуулсан. Гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүчинтэйгээр гэрээг байгуулсан. Гэрээний хугацаа дуусаж Баянжаргант ХХК-нд төлбөрөө барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж албан бичиг хүргүүлсэн боловч одоо хүртэл төлөөгүй байна. Иймд төрд учирсан 40,000,000 төгрөгийг гаргуулж төрийг хохиролгүй болгож өгнө үү. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн төрийн аудитын албан шаардлага ирсэн. Уг шаардлагад Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А\702 дугаартай захирамжаар мах тээвэрлэлтийн компаниудад аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжилт олгосон бөгөөд үүний нэг нь Баянжаргант ХХК юм. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс тухайн санхүүжилт гарсан байдаг. Мөн тухайн 40,000,000 төгрөгийг санхүүгийн тайланд авлагаар бүртгээд 2021 оны 04 дүгээр сард буцаан төрд төлүүлэхээр заасан тул уг албан шаардлагын дагуу төрд учирсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн бодлого хариуцсан мэргэжилтэн нь Баянжаргант ХХК-иас гэрээний хэрэгжилтийн талаар тайлбарыг авсан байдаг. Уг гэрээний хэрэгжилтэд мал мах тээвэрлэлтийн гэрээний үнэ 40,000,000 төгрөгөөс устгасан малын үнийг хасаж тооцвол 31,690,000 төгрөгийг эргүүлэн төлөх талаар заасан байна. 8,310,000 төгрөгийг хасаад устгалын мөнгийг хасаад эргүүлэн төлөх ёстой юм гэв.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Биндэръяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Засаг даргын чиглэлээр 5 компанитай гэрээ байгуулсан. Түүний нэг Баянжаргант хүнс ХХК байгаа. Тухайн үед говийн сумдууд ган гачигтай байсан тул малчдын малыг худалдан авах зорилгоор тээвэрлэлтийн гэрээг хийсэн. Тэгээд Засаг даргын чиглэлээр малчдын малыг тухайн компани аваад малын арьсыг 10,000 төгрөгөөр авсан. Малын махыг нь борлуулж зооринд хадгалж байгаад 2 сард нь уг махыг нь борлуулаад малчдад эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан.

Тухайн үед Улаанбаатар хотод Мах март ХХК-тай зооринд мах хадгалах зорилгоор тохиролцоод махаа үнэ төлбөргүй хадгалуулж байсан. Тэгээд уг малын махыг Баянжаргант ХХК нь борлуулж ашиг олоод буцааж төлөх нөхцөлтэйгөөр тээвэрлэлтийн гэрээ байгуулсан.

Тээвэрлэлтийн гэрээ дээр Баянжаргант ХХК нь уг малын махыг борлуулж ашиг олоод буцааж төлөх талаар зохицуулалт байхгүй боловч бодит байдал дээр тэгж тохирсон юм. Төрийн аудит дээр авлагаар тусгагдсан тул эргэн төлөх шаардлагатай гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Онцгой комиссын 2020 оны 10 сарын 19 ний өдрийн 27 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн 2020 онд зуншлага тааруу нийт нутгийн 60 хувь нь гандуу өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байсан. Иймээс АЗДТГ, засаг дарга Д.Мөнхсайханы өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хүнс хөдөө аж ахуйн газар, манай байгууллага болон малчидтай онд орох боломжгүй малыг худалдан авч хүн амын хүнсний хэрэгцээнд махыг нөөцлөх борлуулах хэт туранхай махыг устгалд оруулсан. Иймд малчдаас ямаа 2238 ямаа тус бүрд 15000 төгрөгийг манай байгууллага урьдчилгаанд өгсөн. Хонь 337 авсан. Нийт авсан малын 574 ийг нь устгалд оруулсан. Баянхонгор аймгийн Хөгжлийн бодлого хөрөнгө оруулалтын хэлтсээс бэлчээрээр ирж чадахгүй малыг тээвэрлэх, махыг ачиж буулгах зардалд ашиглах 40000000 төгрөгийг өгсөн. 40000000 төгрөгийн зарцуулалт нь Хээрийн бойнд өлгүүр 20 ш хийж үнийн дүн 5422000 Баянхонгороос Улаанбаатарлуу мах тээвэрлэх хөлсөнд 2890000 төгрөг зарцуулсан. Үлдэгдэл болох 31687000 төгрөг үлдсэн. Гамшгаас хамгаалах сангаас малчдад олгох мөнгө орж ирээгүй тул малчдад өгөх 70340000 төгрөгнөөс махыг зах зээлд худалдаж 39443000 төгрөг болгосон. Үүнд 40000000 төгрөгний үлдэгдэл 31687000 төгрөгийг нэмээд малчдын 70340000 төгрөгийг өгч барагдуулсан. Иймд 40 сая төгрөгийг манай байгууллага болон би хувьдаа хэрэглээгүй бөгөөд үлдэгдэл 31687000 төгрөгийг төлөхгүй..гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр энэхүү үйл ажиллагаа явагдсан. Малчдын онд орохооргүй туранхай эцэнхий малыг 2 компани хариуцаж авсан. Манай компани 5000 орчим малыг бойлсон байдаг. Түүнээс 70 хувийг нь устгалд оруулсан. 30 хувийг нь эдийн засгийн эргэлтэд оруулж Улаанбаатар хот руу Мах март компанийн зооринд хадгалуулсан. Манай компани тээвэрлэлт, бой нядалгааг нь хариуцаад үйл ажиллагаагаа явуулсан. Уг 40,000,000 төгрөг нь энэ үйл ажиллагаанаас гарсан зардалдаа зарцуул гэж өгсөн. Түүнээс эргэн төлөлт гэж байхгүй. Баянхонгор аймгийн Засаг даргын өөрийнх нь хийлгүүлсэн ажил шүү дээ.

Тэгээд уг 40,000,000 төгрөгөөс өлгүүр, тээвэрлэлтэд зарцуулж үлдсэн мөнгийг нь манай компанийн дансанд байж байгаад хавар малчдаас авсан малын мөнгийг нь буцаагаад л малчдад өгсөн. Түүнээс манай компани хэрэглээгүй, уг компанийн захирал миний бие хувьдаа ашиглаагүй. Миний бие удаа дараа мэргэжилтэн болоод Засаг дарга нарт тайлбарлаад хэлсэн. Хэрвээ одоо буцааж төлүүлнэ гэх юм бол малчдаас буцааж авч төлүүлээд харин малчдад эрсдэлийн сангаас үлдэгдэл мөнгийг нь олж өгөх юм болов уу. Үүнийг ойлгохгүй байна. Малчдаас газар дээр нь ямаанд 15,000 төгрөгийн урьдчилгаа өгөөд үлдсэн мөнгийг нь 3 сарын 1-ний өдөр өгнө гээд Засаг дарга хэрсэн. Тэгээд Хөдөө аж ахуй, манай компани малчин нар гурвалсан гэрээ байгуулсан тул малчид нь 3 сарын 1-ний өдрөөс эхлээд над руу залгаад эхэлсэн. Улаанбаатар хотод арай гайгүй махыг нь түүж аваад 18 тонн мах болсон. Уг махыг зах зээлийн үнээр борлуулаад 40,000,000 төгрөг болсон. Малчдад нийт 70,500,000 төгрөг өгөх ёстой байсан. Үүнээс 40,000,000 төгрөгийг нь мах болгоод 31,187,000 төгрөг нь манай компанийн дансанд байж байгаад үлдэгдлийг нь малчдад өгсөн. Гамшгаас хамгаалах сангаас мөнгө орж ирэхгүй байсан тул малчдад мөнгийг нь өгөхөөс өөр арга байгаагүй гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, 2020 оны 10 сарын 28-ны өдрийн 2020/152 дугаартай мал, мах тээвэрлэлтийн гэрээ, 2020 оны 10 сарын 30-ны өдрийн мал, худалдах, худалдан авах гэрээнүүд зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Засаг дарга нь Баянжаргант хүнс ХХК нд холбогдуулан төрд учруулсан хохирол 40000000 төгрөг гаргуулахыг хүсэн шаардсан байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Үйл баримтаар Баянхонгор аймгийн Засаг дарга нь Баянжаргант хүнс ХХК, захирал З.Шаравтай 2020 оны 10 сарын 28 ны өдөр мал, мах тээвэрлэлтийн гэрээ байгуулан, уг гэрээгээр Тээвэрлэгч нь Тээвэрлүүлэгчийн даалгаврын дагуу мал, махыг Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр болон Улаанбаатар хотруу тээвэрлэх ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх, зохих ёсоор хүлээлгэн өгөх, тээвэрлүүлэгч нь тээврийн хөлсийг төлөх ..эрх үүрэг хүлээн гэрээний хугацааг 2020 оны 10 сарын 29 ний өдрөөс 2021 оны 02 сарын 01 ний өдөр хүртэл тогтоож, гэрээний хөлсийг 40000000 төгрөгөөр тохиролцсон байна. Улмаар тээвэрлүүлэгч буюу аймгийн Засаг дарга нь гэрээний үнийг зохих ёсоор тээвэрлэгч талд шилжүүлсэн, тээвэрлэгч нь гэрээний хугацаанд Баянхонгор аймгийн сумдын малчдаас өөрийн хөрөнгөөр мал худалдан авч нядлан бэлтгэж, тээвэрлэн зарж борлуулсан гэжээ. Нэхэмжлэгч нь шаардах эрхээ тодорхойлохдоо гэрээний үнэ болох 40 сая төгрөгийг 2020 онд аймгийн хэмжээнд зуншлага тааруу, газрын гарц гандуу байснаас өвөлжилт хүндэрч зудын гамшиг болсноос 2021 оны хаваржилт хүндэрч малчдын мал онд мэнд орох боломжгүй байсан тул малчдын амьжиргааг дэмжих зорилгоор мал мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай тохиролцон тус бүрд нь 400000000 төгрөгийн санхүүжилт олгож, малчдаас газар дээр нь очиж онд орох боломжгүй малыг худалдан авч, тээвэрлэн худалдан борлуулж, санхүүжилтийг буцаан авах нөхцөлттэй гэрээ байгуулсан бөгөөд Баянжаргалант хүнс ХХК нь гэрээний үнийг буцаан төлөхгүй байгаа тул гэрээний үнийг буцаан төлүүлнэ гэжээ. Харин хариуцагчийн төлөөлөгч нь захиалагчаас өгсөн санхүүжилтийн дагуу Хээрийн бой хийх зардал 5422000 төгрөг, тээврийн зардалд 2890000 төгрөг,нийт 8.312.000 төгрөг зарцуулсан. Үлдэгдэл болох 31687000 төгрөг үлдсэн. Гамшгаас хамгаалах сангаас малчдад олгох мөнгө орж ирээгүй тул малчдад өгөх 70340000 төгрөгнөөс махыг зах зээлд худалдаж зарцуулж, үлдэгдэл 31687000 төгрөг байсныг малчдын мал мах худалдан авсны төлбөрт зарцуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлалаа тайлбарлажээ. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 1. Нэхэмжлэгч нь шаардах эрхээ буруу тодорхойлсон буюу шаардлага нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаар 40 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрх нь нотлогдохгүй байна гэж үзэв. Тухайлбал: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Баянжаргант хүнс ХХК нь малчдын мал, махыг худалдан авч тээвэрлэн эдийн засгийн эргэлтэд оруулсны дараа төрд эргэн төлөх нөхцөлтэй байсан гэж тодорхойлж байгаа ч хэрэгт авагдсан мал, мах тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлүүлэгчийн тодорхойлсон ачаа барааг тээвэрлэгч нь хүлээн авч тээвэрлэн гэрээний хөлсөнд 40 сая төгрөг авах тохиролцоог зохицуулсан байх бөгөөд тээвэрлэгч нь гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдож байна. Нөгөө талаар тээвэрлэлтийн гэрээ дуусгавар болсны дараа тээвэрлэгч нь тээвэрлүүлэгчид гэрээний үнийг буцаан төлөх тухай гэрээнд тусгагдаагүй тул нэхэмжлэгч нь энэ гэрээгээр гэрээний үнийг буцаан шаардах эрх үүсэхгүй юм. Түүнчлэн гэрээний 7 дугаар зүйлд тээвэрлэгч нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирол учирсан гэж үзвэл тээвэрлүүлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийг тээвэрлэгч хүлээх боловч нэхэмжлэгч нь энэ байдлыг нотлоогүй, нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй, тээвэрлүүлэгчид гэрээнээс үүссэн хохирол /ачаа барааг дутаасан, үрэгдүүлсэн, чанар байдлыг алдагдуулсан г/м/ учирсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад зохигчдын тайлбараар Зохигчдын дунд мал, мах тээвэрлэх гэрээ байгуулагдаж 40 сая төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлсэн боловч бодит байдал дээр уг мөнгөөр тээвэрлэгч нь малчдын зуданд нэрвэгдсэн онд орохгүй гэсэн малыг зохих үнээр худалдан авч бусдад худалдан борлуулж өөрт ашиг олох, санхүүжилтийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг хүлээж, харилцан тохиролцсон ..хариуцагч нь нэхэмжлэгчийн дээрх мөнгөөр өөрт тодорхой ашигтай ажилласан гэж шаардлагаа тодруулж байгаа ч шүүх энэ тайлбарт үндэслэн гэрээний өөр харилцаа гэж дүгнэх боломжгүй байна. Түүнчлэн хэрэгт авагдсан мал худалдах, худалдан авах гурвалсан гэрээ буюу худалдагч малчин, худалдан авагч Баянжаргант хүнс ХХК, гуравдагч этгээд буюу хариуцагч нэрээр оролцсон Баянхонгор аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын гэрээтэй танилцахад уг гэрээний худалдан авагч буюу Баянжаргант хүнс ХХК нь гэрээнд зааснаар өөрийн хөрөнгөөр мал мах худалдан авахаар гэрээнд тусгасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч аймгийн Засаг даргын 40 сая төгрөгийн хөрөнгөөр Баянжаргант хүнс ХХК нь малчдаас мал мах худалдан авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нөгөө талаар хариуцагч нь 40.000.000 төгрөгийн төлбөрийг малчдын мал махыг худалдан авах төлбөрт зарцуулж малчдын амьжиргааг дэмжих захиалагчийн үүргийг биелүүлж ажилласан гэх бөгөөд энэ харилцааг Иргэний хуулийн 238 дугаар зүйлээр зохицуулсан бөгөөд хуулийн 238.1Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно..238.4Хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагуудын хэмжээ харилцан адилгүй байвал бага хэмжээний шаардлагыг бүрэн хэмжээгээр тооцох бөгөөд их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна..зэргээр зохицуулсан байгааг анхаарах нь зүйтэй байна. 3. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа тээвэрлэлтийн гэрээний үнэ 40 сая төгрөгийн үлдэгдэл 31 сая төгрөгийг малчдын мал мах худалдан авсны төлбөрт буцаан төлсөн, энэ чиглэлийг аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга өгсөн бөгөөд төлбөрийг Гамшгаас хамгаалах сангаас буцаан төлнө гэсний дагуу малчдад малын үнийг төлж байсан хэмээн малчидтай хийсэн худалдах худалдан авах гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт зэргийг гаргаж ирүүлсэн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Баянхонгор аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 1/1154 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Засаг даргын хүсэлтээр тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор төрийн байгууллагыг төлөөлөн оролцохыг хүссэний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорыг оролцуулсан байна. Шүүх хуралдааны товыг прокурорт мэдэгдсэн ч тэрээр шүүх хуралдаанд оролцох боломжгүй, эзгүйгээр хэргийг шийдвэрлэж өгөх хүсэлт гаргасныг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно. Нэхэмжлэгч Засаг даргын нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 07 сарын 01-ний өдрийн 145 дугаар албан шаардлага, Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 10 сарын 28-ны өдрийн А/702 дугаар захирамж зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан бичмэл нотлох баримтанд тавигдах шаардлагыг хангахгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасныг баримтлан Баянхонгор аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй Баянжаргант хүнс ХХК-нд холбогдох 40.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ