Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/43

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Ст холбогдох 2524000000016 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт А.С, регистрийн дугаар: ИГ98071154       

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч А.С нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багт байрлах Булнайн 13 дугаар гудамжны 1126 дугаар тоотод байрлах өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Гын баруун дал хэсэгт нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд баруун далны ар дунд хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн В.Этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт нь гараараа цохих болон хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь баруун дээд 8 дугаар агт араа шүдний булгарал, баруун зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогдсон байна.

 

            Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус хамаарч байна. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэл:

 Шүүгдэгч А.С нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багт байрлах Булнайн 13 дугаар гудамжны 1126 дугаар тоотод байрлах өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Гын баруун дал хэсэгт нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд баруун далны ар дунд хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн В.Этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт нь гараараа цохих болон хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь баруун дээд 8 дугаар агт араа шүдний булгарал, баруун зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд буюу 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

 

  • Хохирогч Д.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

 

- Хохирогч Д.Гын “...Би эхнэр хүүхдээсээ салаад 2 жил болж байгаа. Эхнэрээсээ салснаас хойш айлуудаар амьдарч байгаа. А.С гэх залуугийнд 2 хоногийн өмнө очиж тэдний гэрт амьдарч байна. 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Э, С бид гурав 1 шил архи хувааж уугаад байж байхад Сын найз охин Ц.Д 8 настай хүүхэдтэйгээ хамт ирсэн. Удалгүй Э 22 цагийн үед гэртээ харилаа гээд гараад явсан. Тэгээд гэрт С, Д болон түүний хүүхэд бид дөрөв үлдсэн. Тэгээд бид гурав хөзөр тоглож байгаад шөнийн 23 цагийн үед 2.5 литрийн хэмжээтэй Боргио пиво 2 ширхгийг, 0.75 литр хэмжээтэй Агар архины хамт аваад Сын гэрт очоод бид гурав хувааж ууцгаасан. Дын 8 настай хүүхэд гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. Бид нар дэлгүүрээс авсан архи пиво өглөө бараг 06 цаг хүртэл уусан байх. Бид нар гэрийн зүүн талын орны урд ууцгаасан. Би гэрийн зүүн талын орны урд завилж суугаад С орон дээрээ суугаад хажууд нь түүний найз Д нь орон дээр сууж байсан. Би тухайн үед хар өнгийн цамц, дотуураа улаан өнгийн фудволктай сууж байсан. Тэгтэл Д гэртээ харилаа гэхэд С гэнэтхэн гал тогооны шургуулгаас хутга аваад Гаа чамайг хутгална гэж хэлээд намайг завилаад сууж байхад миний баруун талын дал руу нэг удаа хутгалсан. Тэгтэл миний далнаас цус гараад эхлэхэд миний өмсөж байсан цамц, фудволкыг тайлаад фудволкоор цус гарч байгаа хэсгийг дарсан. Тэгээд би Сыг цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч гэхэд эхлээд дуудлага өгч байгаа дүр эсгэж хэсэг худлаа залгаж байснаа сүүлдээ эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэгээд эмнэлгээс эмч нар ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. С эмнэлэг рүү дуудлага өгөхдөө хүн хутгалсан гэдгээ хэлж байсан. Ийм л зүйл болсон. Намайг хутгалуулах үед Д хажууд байсан. Харин хүүхэд нь гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. С намайг хутгалсныхаа дараа миний биеэс гарсан цусыг эхнэртэйгээ нийлээд бүгдийг нь арчиж цэвэрлэсэн. Эмч ирэхэд гэрт асгарсан цусыг бүгдийг цэвэрлэсэн байсан. ...Би Сыг цохиж зодоогүй. С ч гэсэн намайг цохиж зодоогүй. Бид хоёр хоорондоо маргалдаагүй. Найз охин Д нь явлаа гэж хэлтэл түүнээс болоод намайг хутгалсан. Би түүний найз охинтой нь ямар нэгэн асуудал болоогүй. С нь 2025 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 06 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Булнай 13 дугаар гудамжны 1126 тоотод шар өнгийн модон иштэй хутгаар миний баруун дал руу нэг удаа хутгалсан. Би эмнэлэгт очоод хутгалуулсан газраа 3 оёдол тавиулсан. Миний биед учирсан гэмтлийг С нэг удаа хутгалж учруулсан. Хэрэг бол Сын өөрийн гэрт нь болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

-  Гэрч Ц.Дын “...2025 оны 01 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн үед хөдөө ихрийндээ байж байгаад 8 настай хүү Итай хамт А.Сын гэрт очсон. Бид хоёрыг тэдний гэрт очиход А.С, Г ах, Э ах нар хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд удалгүй 22 цагийн үед Э ах гэртээ харилаа гээд явсан. Бид гурав түүнийг явснаас хойш 1 цагийн дараа Нэгдсэн эмнэлгийн зүүн талын Жи Пи гэх дэлгүүр орж 2.5 литрийн хэмжээтэй Боргио пиво 2-ыг, 0.75 литрийн хэмжээтэй Агар нэртэй архи дэлгүүрээс аваад буцаж Сын гэрт очиж хувааж ууцгаасан. Бид нарыг архийг гэрийн зүүн талын орон дээр уусан. Манай хүү гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. Тэгээд дэлгүүрээс авсан архи, пиво ууж дуусаад шөнийн 05-06 цагийн үед байхаа гэрийн зүүн талын орны доод хэсэгт би суугаад миний хажууд буюу баруун гар талд С суугаад Г ах түүний дээд талд орны урд газарт сууж байснаа хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгтэл Г ах Ст хандаж чаддаг юм бол чи намайг хутгалчих гээд дахин дахин хэлээд өдөөд байсан. Тэгтэл С гэнэтхэн орноос босоод гал тогооны тавиурын шургуулгаас хутга аваад пизда минь чи миний уурыг хүргэсэн шүү май гэж хэлээд Гын ахыг зүүн талын орны урд сууж байхад нь баруун дал руу нэг удаа хутгалсан. Тэгтэл Г ах цус гараад эхэллээ гэхээр нь С ногоон өнгийн аяганы алчуураар хутгалсан газартаа дарсан. Тэгээд С эмнэлэг рүү залгаад би хүн хутгалчихлаа гээд дуудлага өгсөн. Удалгүй 103-ын эмч ирж үзээд түүнийг эмнэлэг рүү авч явсан. Ийм л зүйл болсон. Г ах Стай маргалдсан боловч түүний биед халдаж цохиж зодоогүй. С нэг удаа л дал руу нь хутгалсан. Өөр бол цохиж зодоогүй. ...Хэрэг гарах үед манай 8 настай хүү И гэрийн зүүн талын орон дээр унтаж байсан. С, Г ах бид гурав л байсан. Өөр хүн байгаагүй. Э ах эрт бид нарыг архи уухаас өмнө 22 цагийн үед Сын гэрээс гараад явсан. Хэрэг гарах үед надаас өөр гэрч байгаагүй. Э ахынд байхад тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаагүй, бид нар зүгээр л хөзөр тоглоод үлдсэн. С, Г ах хоёр өмнө нь хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаагүй, хоорондоо ямар нэгэн таарамжгүй харьцаа байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн эмчлүүлэгчийн баримт бичиг /хавтаст хэргийн 34-54 дүгээр хуудас/,

 Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн АКТ №ЗАВ-ТОС-0725/072 дугаартай “...1. Д.Гын эрүүл мэндэд баруун далны ар дунд хэсэгт шарх хохирол тогтоогдлоо.

2. Учирсан хохирол нь хурц ир ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хохирол байна. Олон тооны хохирол тогтоогдсонгүй.

3. Д.Гын эрүүл мэндэд учирсан хохирол нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хохирол байна.

4. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Д.Гын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /Хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/ болон шүүгдэгч А.Сын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

  • Хохирогч В.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

 

- Хохирогч В.Эгийн “...Би яах аргагүй Сын гэрт зодуулсан. Намайг тэдний гэрт зодуулсан гэдгийг тэнд байсан хүмүүс гэрчилнэ. Би Ст зодуулаад гэр рүүгээ явсан. Тэгээд манай охин цагдаад дуудлага өгсөн. Удалгүй Д гэх цагдаа ирэхээр нь би түүнд А.С гэх залууд тэдний гэрт түүнд зодуулсан гэдгээ хүртэл хэлж байсан. Намайг эмнэлэг дээр үйлчлүүлж байхад С, Даваагэрэл хоёр ирчихсэн явж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120 дугаар хуудас/,

 - Гэрч Б.Д “...2025 оны 01 дүгээр сарын 27-ны орой 18 цагийн үед байх гэж бодож байна С над руу залгаад манайд хүрээд ирээч гэж дуудсан. Би хэсэг хугацааны дараа тэдний гэрт очиход С болон түүний найз эмэгтэй 2-3 хүүхэдтэйгээ мөн Э гэх ах байсан. С, Э ах хоёр 0.75 литр хэмжээтэй Хараа архи уугаад сууж байсан. Тэр хоёр хоорондоо гутлын наймаа хийгээд Э ах үйлдвэрийн хангалтын гутал гээд ажлын дотортой хагас түрийтэй гутал 150.000 төгрөгөөр худалдаж байгаа гэсэн. Тэгтэл архи ууж байхдаа С согтоод Э ахад хандаж надад зарах гэж байгаа гутлаа 50.000 төгрөгөөр өгөх юм бол би авлаа гэсэн. Тэгтэл Э нь 50.000 төгрөгөөр өгөхгүй гээд түүнээс болоод маргалдсан. Тэгтэл С эхлээд Э ахын нүүрэн тус газар руу нь нэг удаа гараараа цохисон. Э ах цохиулаад доошоо тонгойсон байхад С үргэлжлүүлэн нүүр рүү нь 1-2 удаа өшиглөсөн. Э ахын хамраас нь бололтой нэлээн цус гараад нүүрээ дараад хэвтээд байхаар нь Э ахыг зүгээр үү гэхэд Э ах босож ирээд шууд гэрээс гараад явсан. Би хэсэг байж байгаад гэр рүүгээ явсан. Тэгтэл С яриад эмнэлэг хамт оръё гээд байхаар нь түүнтэй хамт эмнэлэг ороход цагдаа бид хоёрыг аваад цагдаагийн хэлтэс дээр авчраад согтолт шалгасан. Би Э ахтай хэрэлдэж маргалдаж зодолдоогүй. ...В.Э ахын зодуулсан газар бол Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Жинст дэлгүүрийн хажуу талын хашаанд болсон. Би тоот болон гудамжийг нь хэлж мэдэхгүй байна. Уг хэрэг гарсан гэр бол Сын өөрийнх нь гэр байгаа юмаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудас/,

- Гэрч Ц.Дын “...2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сын гэрт 3 хүүхэдтэйгээ хамт байхад гаднаас Э ах орж ирсэн. С гутал авмаар байна гээд надтай ярьж байхад Э ах надад зарах гутал байгаа тэр гутлыг үзээд худалдаж авч болно би гэрээсээ очоод аваад ирье гээд явсан. Түүнийг явсан хооронд С дэлгүүр яваад 2.5 литрийн хэмжээтэй 2 том пиво, 1 шил архи авчирсан. Удалгүй Э ах гэрээсээ хар өнгөтэй, үдээстэй, нэхий дотортой гутал авчраад Ст худалдахаар болоод С гутлыг нь авахаар болсон. Тэгээд тэр хоёр дэлгүүрээс авчирсан пиво ууж байхад гаднаас Д ганцаараа орж ирсэн. Тэгээд тэр гурав 2 том пиво, 1 шил архиа ууж дуусгасан. Тэр гурав гэрийн зүүн талын орон дээр суугаад ууцгааж байсан. Тэгтэл С согтоод Э ахыг гутлаа хямдруулаад 50.000 төгрөгт өг, арай үнэтэй байна гээд түүнээсээ болоод хоорондоо маргалдсан. С маргалдаж байхдаа Э ахын нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгтэл Э ахын хамраас нь цус гарч эхэлсэн бөгөөд тонгойгоод сууж байхад нь С нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд Э ах яасан гэж намайг зодож байгаа юм бэ? гээд гэрээс гараад явсан. Дахиж манайд ирээгүй. С тухайн үед нэлээн согтуу байсан. Даваагэрэл хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдаж зодолдоогүй. Э ах Сыг зөрүүлж цохиогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас/,

- Гэрч Г.Д “...Би 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр жижүүр эмчээр ажиллаж байсан. Тэгтэл 22 цаг өнгөрч байхад байхаа цагийг нь сайн санахгүй байна яаралтай түргэн тусламжийн тасаг дээр В.Э гэх хүн ирсэн. Би уг хүнийг үзэж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Уг хүний биед үзлэг хийхэд биеийн ерөнхий байдал дунд, баруун зүүн нүдний 2 зовхи хавдаж хөхөрсөн, уруул нь зулгарч хавдсан байдалтай. Ил харагдах шарх, гэмтэл, цус алдалт байхгүй байсан. Уг хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас/,

- Гэрч Э.О “...2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр орой 21 цагийн үед  манай ээж над руу 96697629 дугаараас залгаад аав чинь хүнд зодуулсан гэнэ гэрт нь очоод үзээдхээч гэхээр нь би дүү О хамт гэр рүү нь алхаад явж байтал гудамжинд аавтай тааралдсан. Тэгээд гэр рүүгээ оруулж ирээд харахад 2 нүд нь хавдаж, нүүр гар нь цус болоод шүд уначихлаа гэж байсан. Тэгээд ааваас юунаас болоод хэнд зодуулсан бэ гэхэд А.С гэх залуу намайг зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаа руу дуудлага өгч аавыгаа хүнд зодуулсан гэж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 140-141 дүгээр хуудас/,

-. Гэрч Р.Д “...2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр намайг Улаанбаатар хотод байхад орой 21 цагийн үед байх гэж бодож байна манай нөхөр согтуу над руу залгаад “би хүн зодуулчихлаа, охинд хэлээд өгөөч, миний толгой өвдөөд байна” гэхээр нь би өөрийн төрсөн охин О руу залгаад аав чинь хүнд зодуулсан байна миний хүү зодуулсан гэх газраас нь очоод аавыгаа аваарай гэж хэлсэн. Би нөхрөөсөө хаана, хэнд зодуулсан бэ? гэхэд А хүү С өөрийнхөө гэрт намайг зодчихлоо, миний нүүр рүү гараараа цохиод үргэлжлүүлээд өшиглөж зодсон гэж хэлсэн. Би А.С гэх залууг бол таньдаг. Уг залуугийн хажуу талд манай хүүгийнх байдаг. Тэдний гэр нь Хайрхан багийн Булнай 12 дугаар гудамжинд байдаг. Тухайн үед манай охин аавыгаа авах гэж явахдаа гудамжинд тааралдаад гэртээ оруулаад үзэхэд нүүр ам нь цус болсон байдалтай болсон байсан гэсэн. А.С гэх залуу юунаас болж манай нөхрийг зодсоныг би мэдэхгүй. Ямар ч байсан тэр өдөр хамт архи уусан гэсэн. А.С гэх залуу манай нөхрийг ганцаараа зодсон гэсэн. Өөр хүн манай нөхрийг зодоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 183-184 дүгээр хуудас/

- Завхан аймгийн Тосонцэнгэлийн сумын Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн рентген зураг, эмчийн тодорхойлолт /Хавтаст хэргийн 147-149 дүгээр хуудас/,

- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ЗАВ/ТОС0725/076 дугаартай “...1. В.Эгийн эрүүл мэндэд хохирол учирсан байна.

2. Хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой баруун дээд 8-р агт араа шүдний булгарал, баруун зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн дээд урууланд зулгаралт хохирол тогтоогдлоо.

3. Уг хохирол нь цаг хугацааны хувьд тухайн зөрчил үйлдэгдэхэд үүссэн байх боломжтой шинэ хохирол байна.

4. Учирсан хохирол нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдаланд тогтонги 10% нөлөөлнө.

5. В.Эгийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 42.1-д зааснаар хөдөлмөрийн чадавх алдалтанд тогтонги 10% нөлөөлөх тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 151-152-р хуудас/,

- Шинжээч эмч Б.Сэргэлэнбаярын “...Хохирогч В.Э гэх хүний биед учирсан Баруун дээд 8-р агт араа шүдний булгарал болон баруун зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал хохирол нь дан дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн дээд уруулд зулгаралт хохирол нь дангаараа хохирлын зэрэгт хамаарахгүй. Дээрх хохирлууд нь бүгд нийлээд хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 157 дугаар хуудас/,

- Мөрдөгчийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 179-181 дүгээр хуудас/ болон шүүгдэгч А.Сын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

  • Шүүгдэгч А.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ  согтуугаар тээврийн хэрэгсэл хэргийн үйл баримт нь:

 

- Гэрч М.Д “...2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 12:00-18:00 цагийн хооронд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт замын цагдаагийн хяналтаар өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 14 цагийн үед Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт болох Дэнжийн 14 дүгээр гудамжинд согтуу хүн мотоцикл унаад явж байна гэх дуудлагыг ахлах ахлагч Батсайхан надад өгсөн. Би дуудлага мэдээллийг хүлээн авч Улаантолгой багийн 14 дүгээр гудамжинд очиход улаан өнгийн улсын дугааргүй Мустанг5 маркийн мотоциклийг А С гэх иргэн согтуугаар жолоодсон байсан. Тухайн жолоочийн регистрийн дугаарыг шалгаж жолооны эрхтэй эсэхийг үзэхэд жолоодох эрхгүй, хэдхэн хоногийн өмнө Тосонцэнгэл сумын сум дундын шүүхээр орж шүүгчийн шийтгэврээр жолооны эрхээ хасуулсан байхаар нь тухайн жолоочийг цагдаагийн хэлтэс дээр авчирч согтолтыг нь шалгаж үзэхэд 2.45%-ийн согтолттой байхаар нь тээврийн хэрэгслийг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд байрлуулаад тухайн иргэний согтуурал шалгасан тэмдэглэл, тээврийн хэрэгсэл саатуулсан тэмдэглэл үйлдэж жижүүрт мэдээгээ өгөөд дараагийн ажилдаа орсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 206-207 дугаар хуудас/,

-  Гэрч О.Д “...2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх баривчлах байрны жижүүр цагдаагаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. ...Улаантолгой багийн Дэнжийн 14 дүгээр гудамжинд явж байтал хойд талаас хамгаалах малгай өмсөөгүй хойд талдаа эмэгтэй хүн суулгаад дундаа бага насны хүүхэд суулгасан А.С гэх залуу согтуу жолоодож явахаар нь зогсоогоод цагдаа жолооч Батсайханыг тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч М.Д руу залгаад дуудлага өг гэж хэлсэн. Удалгүй цагдаа зохицуулагч М.Д ирэхээр нь түүнд хүлээлгэж өгсөн. Тухайн иргэн улсын дугааргүй хүрэн өнгийн Мустанг5 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан байсан. Жолооч А.С гэх залуу би хөдөөгөөс орж ирээд гэрээрээ ороод эхнэр хүүхдээ аваад одоо айлд очих гэж байна гэж хэлсэн. Тухайн иргэн согтуу гэдэг нь илт мэдэгдэж байсан. Яагаад гэвэл мотоцикл жолоодож байгаа байдал болон ойртоход архи үнэртээд харилцан ярилцахад ил мэдэгдэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 209-210 дугаар хуудас/,

-  Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай “...Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 3.4.В-д заасан “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэснийг тус тус зөрсөн байх үндэслэлтэй байна...” гэх магадалгаа /хавтаст хэргийн 211-213 дугаар хуудас/

- 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 188 дугаар хуудас/,

-  Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 190 дүгээр хуудас/,

- 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 191-193 дугаар хуудас/, 

-  Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн ...... шүүгчийн шийтгэвэр /хавтаст хэргийн 197-199 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” талаараа тайлбар өгсөн байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нарыг  оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

 

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч А.С нь хохирогч нарын хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчиж тэднийг зодсон үйлдлийн улмаас хохирогч Д.Г, В.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар /хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан/ үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

Шүүгдэгч А.С нь бусдын биед халдах нь хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хохирогч нарыг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасан.

Дээрх хориглосон заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ дахин тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг тус зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тайлбарласан.

Иймд шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал, хууль зүйн мэдлэг дутмаг, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг байдал нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

  • Хохирлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г, В.Э нарын  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч А.Сыг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин дээрх гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.Гын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 489,655 төгрөгийн, хохирогч В.Эгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 227,150 төгрөгийн нийт 766,805 төгрөгийн зардал гарсан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ гэж хуульчилсан байх тул шүүгдэгч А.Саас 766,805 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд оруулахаар шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

            Шүүх шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

 

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч А.С урьд нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял шийтгүүлж байсан болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.  /хавтаст хэргийн 75-82 дугаар хуудас/

Шүүгдэгч А.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгч А.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 480 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 8 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч А.Ст оногдуулсан дээрх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх эрх хасах ялыг хорих ял дээр оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч А.Ст оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах 2 /хоёр/ жилийн нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

              Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 0.75 литрийн “Агар” нэртэй архины шил 1 ширхэг, хар өнгийн фудболк 1 ширхэг, Шар өнгийн модон иштэй, бариул нь салж унасан, нийт 30 см урттай, ажлын хэсэг 18 см, 3.1 см өргөнтэй, бариул хэсэг нь 12 см хэмжээтэй хутга 1 ширхэг, улаан өнгийн поло загварын фудболк 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

              Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хорих ялын биелэлтийг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ст оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч А.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан 8 /найм/ сарын хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 0.75 литрийн “Агар” нэртэй архины шил 1 ширхэг, хар өнгийн фудболк 1 ширхэг, шар өнгийн модон иштэй, бариул нь салж унасан, нийт 30 см урттай, ажлын хэсэг 18 см, 3.1 см өргөнтэй, бариул хэсэг нь 12 см хэмжээтэй хутга 1 ширхэг, улаан өнгийн поло загварын фудболк 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Саас 766,805 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ДОРЖБАЛ