Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/89

 

 

 

 

 

 

     2025       05             28                                       2025/ШЦТ/89

      

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж,

Нарийн бичгийн дарга                                  Б.Саранзаяа

Улсын яллагч                                                            Б.Халиунгоо

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Д.Цолмон

Шүүгдэгч                                                       ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2504000000104 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт *******,******* орон сууцанд оршин суух, ******* (РД:*******)

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу жолоодох эрхгүй болсон үедээ 2025 оны 04 дүгээр сарын 05-ны шөнийн 23 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хорооны уулзвар зам дээр ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.35 хувийн согтолттой, согтуурсан үедээ жолоодсон, мөн цагдаагийн алба хаагчид согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн болох нь гэмт хэргийн талаар хүлээн авсан гомдол мэдээлэл, согтуурал шалгасан тухай тэмдэглэл (хх-ийн 1, 5), цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас (хх-ийн 7), гэрч ******* мэдүүлэг (хх-ийн 21), гэрч ******* мэдүүлэг (хх-ийн 17, 19), сэжигтэн *******гийн мэдүүлэг (хх-ийн 44),  Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025/ЗШ/253 дугаартай шийтгэвэр (хх-ийн 56-57), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 39), *******гийн жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 44) болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээрхи хэргийн улмаас шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Мөн шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож биелүүлэх үүрэгтэйг, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******д мэдэгдэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025/ЗШ/253 дугаартай шийтгэвэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэлийн хугацаа дууссан үеэс эхлэн хугацааг тоолох нь зүйтэй.

Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,

36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлдүүдэд заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянган долоон зуун (2.700) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган (2.700.000) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг дөрвөн /4/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож биелүүлэх үүрэгтэйг, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг *******д мэдэгдсүгэй.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг урьд 2025/ЗШ/253 дугаартай шийтгэвэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэлийн хугацаа дууссан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
  5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээсүгэй
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******д холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       А.БЯМБАЖАВ