Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 154/ШШ2022/00166

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Мөст сумын Цэцэг гол багт оршин суух, Нарангэрэл овогтой Лхагважавд холбогдох 381,811 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 42444471 тоот гэрээ байгуулан 95118965 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн "Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ" байгуулан Samsung Galaxy A02. Red утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2021-11 сард "Анхааруулах хуудас" илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 199,875 төгрөг, төргуулийн үлдэгдэл төлбөрт 15,990 төгрөг. үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 165,946 төгрөг буюу нийт 381,811 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Лхагважав нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Лхагважав нь мобикомоос утас лизендэж аваад үлдэгдэл 381,811 төгрөг төлж барагдуулаагүй байсан. Иймд би 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор 318,811 төгрөг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь 381,811 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.Лхагважав төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 381,811 төгрөгийг хариуцагч Н.Лхагважав төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,105 төгрөгийн 6,052.5 төгрөгийг улсын орлогоос, 6,052.5 төгрөгийг хариуцагч Н.Лхагважаваас тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ