| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2022/00144/И |
| Дугаар | 154/ШШ2022/00175 |
| Огноо | 2022-07-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 154/ШШ2022/00175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган суманд 1953 оны 04 сарын 02-нд төрсөн, 69 настай, Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, /РД:ПБ53040277/, Хэрээт овогт Удвалын Батсүх,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган суманд 1960 оны 06 сарын 29-нд төрсөн, 62 настай, Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, /РД:ПБ60062960/, Яргай овогт Пунцагийн Дэжидмаа нарын нэхэмжлэлтэй хүү Б.Энхманлайн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг 2022 оны 06 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******атсүх,*******эжимдаа, Б.Энхжаргал /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******атсүх шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүү Б.Энхманлай нь охин Б.Энхжаргалаас төрсөн хүүхэд. Эхнэр бид хоёр одоо өндөр настай цаашид хүүхэд харж хандах боломжгүй байх тул төрсөн ээжид нь өгөхөөр үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргасан. Үрчлэлтийг хүчингүйд тооцож төрсөн эх Б.Энхжаргалаар овоглож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч*******эжидмаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Охин Б.Энхжаргал нь оюутан байхдаа хүүхдээ төрүүлж цаашид сурах боломжгүй болохоор нь хүүхдийг нь өргөж авсан. Хүү Б.Энхманлай нь цаашид ээжтэйгээ хамт байж сурч боловсрол эзэмших шаардлагатай байх тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү. Нөхөр бид хоёр одоо өндөр настай би өөрөө 8 хүүхэдтэй бид гэр бүлдээ өнөр олуулаа амьдарч байгаа гэв.
Нэхэмжлэгч Б.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний эцэг, эх өндөр настай болж хүүхэд асрах халамжлахад учир дутагдалтай болсон нөхцөл байдлыг харгалзан хүү Б.Энхманлайг миний нэрээр овоглож үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү. Цаашдаа би хүүгээ өөрөө авч сурч боловсрох нь дэмжлэг болох учраас хүүхдийн санал болон эцэг эхийн саналыг харгалзан үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нарын хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч *******атсүх,*******эжидмаа, Б.Энхжаргал нар нь 2005 оны 11 сарын 05-ны өдөр төрсөн хүү Э.Энхманлайг 2005 оны 11 сарын 24-ны өдөр *******атсүх,*******эжидмаа нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.
Б.Энхжаргалын Энхманлай нь 2005 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдөр *******атсүх,*******эжидмаа нарт үрчлэгдсэн болох нь Улсын бүртгэлийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №228401001317 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд хэргийн оролцогч нар нь үрчлэлтийг цуцлах үндэслэл нь хүүхдийн эрхийг хамгаалж хүүхэд төрүүлсэн эхийн хамт амьдрах, сургуульд суралцах зэрэг шалтгаан нөхцөл байдал байгаа бөгөөд төрүүлсэн эх нь Улаанбаатар хотод амьдарч байгаа, нэхэмжлэгч *******атсүх,*******эжидмаа нь нас өндөр гарсан зэрэг шалтгааны улмаас үрчлэлтийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 44.3 дахь хэсгүүдэд заасны дагуу авагдсан байх тул хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт гэж үзээд хүүхдийн өсөж хүмүүжих орчин, нэхэмжлэгч нарын хүсэлтүүд болон нэхэмжлэлийн шаардлагын талаар маргахгүй, хүү Б.Энхманлай нь төрсөн эх Б.Энхжаргалын хамт амьдрах хүсэлттэй байгаа зэрэг байдлыг харгалзан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т ...шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасныг үндэслэн хүү Б.Энхманлайг *******атсүх,*******эжидмаа нарт 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэснийг үндэслэн хүү Б.Энхманлайг төрсөн эх Б.Энхжаргалын асрамжид шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар 2005 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Б.Энхманлайг үрчлэгч Хэрээт овогт Удвалын Батсүх, Яргай овогт Пунцагийн Дэжидмаа нарт 2005 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хүү Б.Энхманлайг төрсөн эх Хэрээт овогт Батсүхийн Энхжаргалын асрамжид шилжүүлсүгэй.
3. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ