Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 154/ШШ2022/00168

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 154/ШШ2022/00168

Булган сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 1966 оны 02 сарын 17-ны өдөр төрсөн, 56 настай, Ховд аймгийн Булган сумын Далт багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, РД:ПБ66021784, Бага баруун овогт Дугаржавын Хоролсүрэнгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, хүсэлт гаргагч *******оролсүрэн /онлайн/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч *******оролсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1982 онд наймдугаар ангиа төгсөөд Ховд аймаг Булган сумын АДХГЗ-д бичээчээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1985 оны 08 сард мэргэжил дээшлүүлэх курсэд суралцаж төгсөөд 1995 он хүртэл бичээчээр ажилласан.

Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлага гарч байх тул шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн 1987 оны 07 сарын 19-ний өдрөөс эхлэн 1995 он хүртэл Ховд аймгийн Булган сумын АДХГЗ-нд бичээчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч *******оролсүрэнгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

*******оролсүрэн нь 1987 оны 07 сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Ардын Депутатын Хурлын гүйцэтгэх захиргаанд бичээчээр ажиллаж байсан болох нь:

- түүний шүүхэд гаргасан хүсэлт,

Ховд аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 10 сарын 07-ны өдрийн 1031 дугаартай....Ховд аймгийн Булган сумын Ардын Депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1985 оны 11 сарын 28-ны өдрийн 97, 1989 оны 07 сарын 06-ны өдрийн 10 дугаар захирамжийг тушаалыг эх баримтаас хуулбарлан хүргүүлэв гэх архивын лавлагаа

1982 оны 07 сарын 19-ний өдөр олгосон ажиллаж байсан байдлын талаарх бичвэр бүхий хөдөлмөрийн дэвтэр

1985 оны 11 сарын 28-ны өдрийн 97 тоот *******оролсүрэнг 1985 оны 11 сарын 05-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Булган сумын Ардын Депутатын хурлын гүйцэтгэх захиргааны бичээчээр авч ажиллуулсан тухай тушаал

Гэрч: Ители овогт Данькийгийн Аманбайгийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн.....*******оролсүрэн нь 1982 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Ардын Депутатын гүйцэтгэх захиргаанд бичээчээр ажиллаж байгаад мэргэжил дээшлүүлэх курс суралцаж төгсөөд 1995 он хүртэл бичээчээр ажиллаж байсан.

Би 1982-1986 он хүртэл Ховд аймгийн Булган сумын АДХ гүйцэтгэх захиргаанд төсөвт байгууллагуудын нягтлангаар ажиллаж байгаад 1986-1996 онуудад Булган сумын Жаргалын зам нэгдэл, 1996-2000 онд Түмний зам ХХК-д тус тус нягтлангаар ажиллаж байсан. Бид нар нэг байгууллагад хамт олон жил ажилласан. Сум, нэгдэл нь нэг удирдлагатай даргаар нь Мудга, Баавдай дарга нар байсан гэх мэдүүлэг,

Гэрч: Наянтайнх овогт Чогломын Оошоожавын шүүхэд гэрчээр мэдүүлсэн....*******оролсүрэн нь 8 дугаар ангиа төгсөөд Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаанд бичээчээр орж ажилласан. Ажиллаж байх хугацаандаа бичээчийн курс төгсөөд үргэлжлүүлэн 1995 он хүртэл ажилласан. Би 1974-1984 онуудад Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн боловсон хүчнээр ажиллаж байгаад 1985 оноос АДХ-ын гүйцэтгэх захиргаанд хөдөлмөр нийгэм хангамжийн байцаагчаар 1999 он хүртэл ажилласан.Би *******оролсүрэнтэй нэг байгууллагад хамт ажиллаж байсны хувьд сайн мэднэ гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоож байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бага баруун овогт Дугаржавын Хоролсүрэнг 1982 оны 07 сарын 19-ний өдрөөс 1985 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Ардын Депутатын хурлын гүйцэтгэх захиргаанд бичээчээр, 1985 оны 11 сарын 05-ны өдрөөс 1995 оны 03 сарын 05-ны өдөр хүртэл мөн Ховд аймгийн Булган сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны бичээчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ