Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 262

 

      

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Ш.Дондогмаа

нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан

улсын яллагч Л.Соёмбо

хохирогч Т.Батцэнгэл, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий

шүүгдэгч Ж.Амартүвшин, түүний өмгөөлөгч М.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626020032 дугаартай хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 9 дүгээр сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Зайсан Голден Вилл” хотхоны 202 дугаар байрны 1 дүгээр орц, 4 давхар 07 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД: ХГ70092176/ Сонгоол овогт Жанчивдорж овогтой Амартүвшинд холбогдох 3 хавтаст хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ж.Амартүвшин “Бласт Фурнас Плант”, “Дархан Говь Феоро” ХХК-иудаас өөрийгөө Швейцарь улсын “UBS” банкны Бүгд найрамдах Хятад ард улсын засаг захиргааны тусгай нэгж болох Хонг Конг дахь салбарын Монголын талыг хариуцсан гүйцэтгэх захирлаар ажилладаг 9.500.000 ам долларын төслийн зээл авахад зуучилж хамтарч ажиллана гэж хуурч мэхлэх аргаар 2014 оны 5 дугаар сарын 20-нд 30.000 ам доллар буюу 54.375.300 төгрөгийг “Дархан Говь Феоро” ХХК-ны Голомт банкны 2010006608 тоот төгрөгийн данснаас өөрийн 3000001641 тоот ам долларын дансанд шилжүүлж авсан,

2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр давтан үйлдлээр “Дархан Говь Феоро” ХХК-ны данснаас өөрийн 3000001641 тоот дансанд 29.794.15 ам доллар буюу 54.602.248 төгрөгийг шилжүүлж авсан,

2014 оны 9 дүгээр сарын 12-нд өөрийн 3009352415 тоот Голомт банкны ам долларын дансанд 17.000 ам доллар буюу 31.358.030 төгрөгийг “Бласт Фурнас Плант” ХХК-аас “BFP LLC” гэрээний төлбөр гэсэн утгаар шилжүүлж авсан,

2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн 3009352415 тоот Голомт банкны ам долларын дансанд 53.000 ам доллар буюу 97.743.660 төгрөгийг “Бласт Фурнас Плант” ХХК-аас BFP LLC” гэрээний урьдчилгаа гэсэн утгаар нийт 4 удаагийн үйлдлээр 129.794.15 ам доллар буюу 238.079.238 төгрөгийг шилжүүлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүгдэгч Ж.Амартүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр шүүхэд нэмж мэдүүлэх зүйлгүй. Миний UBS банк руу шилжүүлсэн 130 мянган ам доллар буцаж орж ирээгүй.  Энэ мөнгөө буцааж авах талаар UBS банкинд хандахаар “та холбогдсон эрүүгийн хэргээ хэрэгсэхгүй болгуулчихвал мөнгийг чинь буцааж өгч болно” гэдэг гэв.

 

Хохирогч Т.Батцэнгэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би “Бласт Фурнас Плант” ХХК,  “Дархан Говь Феоро” ХХК-д хувьцаа эзэмшдэг, мөн эдгээр компаниудыг би төлөөлж энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон. “Сэчмен” компанийн төслийг Амартүвшин олж өгч чадах юм бол тэр төслийг авах хүмүүс байгаа юм. Тэр ажлаар би саяхан Хятадад хүмүүстэй уулзалт хийж яваад ирлээ. Энэ ажил бүтчих юм бол Амартүвшингээс бид хохирол төлбөрөө авсанд тооцоод явна. Хохиролоо л барагдуулж авмаар байна гэв.

 

Шүүгдэгч Ж.Амартүвшингийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 126/, оршин суух хорооны тодорхойлолт /1хх-ийн 127/, урьд ял шийтгэгдээгүй талаархи ял шалгах хуудас /1хх-ийн 128/, жолоочийн лавлагаа /1хх-ийн 129, 142, 87/,  тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх-ийн 87, 88/ болон,

гэрч Ж.Амгаланжав”...Ж.Амартүвшин миний дүү төрсөн дүү...бид хоёр эх нэгтэй боловч эцэг өөртэй юм. Амартүвшин эцэг эхтэйгээ, би эмээ өвөөтэйгээ хамт амьдарч байсан. Амартүвшин уг нь эхнэр хоёр хүүхэдтэй, гэр бүлээрээ АНУ-д 10 орчим жил амьдарсан. Амартүвшин орос 3 дугаар сургуулийг төгссөн, миний мэдэхийн Монголд их дээд сургуульд сураагүй...Амартүвшин багадаа хүнд өвчнөөр өвчилж байсан болохоор эцэг,  эх хоёр эрхлүүлсэн. Тийм  болохоор бас дураараа зантай.../3хх-ийн 179-180/ гэсэн мэдүүлэг,

шүүх сэтгэц эмгэг судлалын 87 дугаартай:..”Ж.Амартүвшин нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.  Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Үйлдсэн хэргийнхээ үйлдлийг тайлбарлан мэдүүлэх чадвартай байна. Сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Одоо ямар нэгэн сэтгэцийн өвчингүй байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Хэрэг үйлдэх үедээ сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл болон согтууруулах мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн эсэхийг манай шинжилгээгээр тогтоодоггүй болно. Тухайн үед эмгэг согтолттой байсан гэх шинж тэмдэг баримт үгүй байна. Амартүвшин нь хэрэг хариуцах чадвартай байна /1хх-ийн 106/ гэсэн дүгнэлт зэргийг шинжлэн судлав.

                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ж.Амартүвшин “Бласт Фурнас Плант”, “Дархан Говь Феоро” ХХК-иудаас өөрийгөө Швейцарь улсын “UBS” банкны Бүгд найрамдах Хятад ард улсын засаг захиргааны тусгай нэгж болох Хонг Конг дахь салбарын Монголын талыг хариуцсан гүйцэтгэх захирлаар ажилладаг 9.500 ам долларын төслийн зээл авахад зуучилж хамтарч ажиллана гэж хуурч мэхлэх аргаар 2014 оны 5 дугаар сарын 20-нд 30.000 ам доллар буюу 54.375.300 төгрөгийг “Дархан Говь Феоро” ХХК-ны Голомт банкны 2010006608 тоот төгрөгийн данснаас өөрийн 3000001641 тоот ам долларын дансанд шилжүүлж авсан,

2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр давтан үйлдлээр “Дархан Говь Феоро” ХХК-ны данснаас өөрийн 3000001641 тоот дансанд 29.794.15 ам доллар буюу 54.602.248 төгрөгийг шилжүүлж авсан,

2014 оны 9 дүгээр сарын 12-нд өөрийн 3009352415 тоот Голомт банкны ам долларын дансанд 17.000 ам доллар буюу 31.358.030 төгрөгийг “Бласт Фурнас Плант” ХХК-аас “BFP LLC” гэрээний төлбөр гэсэн утгаар шилжүүлж авсан,

2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн 3009352415 тоот Голомт банкны ам долларын дансанд 53.000 ам доллар буюу 97.743.660 төгрөгийг “Бласт Фурнас Плант” ХХК-аас BFP LLC” гэрээний урьдчилгаа гэсэн утгаар нийт 4 удаагийн давтан үйлдлээр 129.794.15 ам доллар буюу 238.079.238 төгрөгийг шилжүүлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Т.Батцэнгэлийн”...Анх Амартүвшинтэй 2014 онд Чингистөрийн хүү Энх-Амгалангийн найзынх нь хойд эцэг гэж анх танилцаад гэрт нь очиход “Вилла Веста” хотхонд “UBS” банкны байранд амьдардаг манай оффис “UBS” банкны Монгол дахь талын захирал гэж өөрийгөө танилцуулсан. Тэгээд олон төслүүдийг хийдэг санхүүжилт хийдэг гээд гэрээр нь дүүрэн төслүүд байсан мөн “майл” хаягаар “UBS” банкны захиралаас ирсэн бичгүүд үзүүлээд урьдчилгаа төлбөрөө төл, зээлийг чинь хурдан шийдмээр байна гэсэн. Тэгэхээр нь 2014 оны 7 дугаар сарын 09-нд Голомт банкны дансаар 55 сая төгрөг буюу 30000 ам доллар, 2014 оны 9 дүгээр сарын 12-нд Голомт банкны дансаар 17000 ам доллар, 2014 оны 9 дүгээр сарын 15-нд Голомт банкны дансаар 53000 ам доллар Ж.Амартүвшингийн хувийн данс руу тус тус шилжүүлсэн. 2015 оны 8 дугаар сард би та нартай хийсэн зуучлалын гэрээг зогсоолоо мөнгийг чинь эргүүлж өгнө гэсэн тэгээд мөнгөө өгөхгүй нэхэхээр сар болгоны сүүлээр мөнгө орж ирэхээр өгнө гээд өгдөггүй. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Монголд “UBS” банкны салбар байгуулагдаагүй байхад би өөрийгөө Монгол дахь захирал гэдэг байсан юм.... Учирсан хохирол маш их болсон бид энэ 130000  ам долларыг шилжүүлэхдээ Банк бус санхүүгийн байгууллага болон өөрийнхөө байраа барьцаалж 5 хувийн зээл авсан, одоо байрыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас байрыг хураан авсан, зээлсэн мөнгөний хүүг одоо хүртэл төлөөд явж байна. Энэ ажлыг хүлээгээд их зүйлсээ алдсан юм....Ж.Амартүвшин мөнгөө өгнө л гэдэг юм....Хохиролоо яаралтай барагдуулж авахыг хүсэж байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 74-75 хуудас/

 

гэрч Д.Түвшинжаргалын”...би Амартүвшинг танина. Хоёр гурван удаа уулзаж байсан. Манай нөхөр Батцэнгэлтэй хамтарч ажиллаж байгаа хүн гэж ойлгож байсан. Манай нөхөр Батцэнгэл Дархан говь феоре ХХК-ны хувьцаа эзэмшигч бөгөөд тухайн үед гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Зэсэнбаатартай хамт орон сууцаа барьцаалаад зээл аваад өгчөх, ондоо багтаагаад мөнгийг нь гаргаад өгнө гэсэн учраас өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Авзагын 17-09 тоот орон сууцаа  Ними ББСБ-д барьцаалж 100 саяг төгрөгийн зээл аваад авсан мөнгөө Зэсэнбаатар бил үү өөр  нэгнийх нь данс руу шилжүүлсэн. 2014 оны 9 дүгээр сарын 13-нд 3 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээл аваад, зээлийн хүүг компаниас төлөөд явж байсан. Сүүлдээ мөнгө, түүний хүүг нэхэмжилсэн, тэгээд эвлэрлийн гэрээ байгуулсан. Компани нь зээлийн хүүг төлөөд явж байсан учраас хүү төлсөн болон шүүхийн шийдвэр зэрэг бичиг баритууд компанид байгаа. Хамгийн сүүлийн байдлаар Ними ББСБ ХХК-д 124 сая төгрөг төлөх төлбөртэй байгаа. Амартүвшин өөрөө бол намайг байраа барьцаалж зээл авч өг гэх асуудлаар уулзаж байгаагүй учраас би цаашид компаниас төлбөрөө нэхэмжилнэ. гэх мэдүүлэг /2хх-ийн 183/,

        

Зээлийн гэрээний хуулбар /2хх-ийн 50-51/, барьцааны гэрээ /2хх-ийн 52/, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан гэрээний хуулбар /2хх-ийн 53-56/ ,

 

гэрч Чингистөрийн”...Анх Ж.Амартүвшинтэй 2014 онд манай хүү Энх- Амгалангийн найз Анхбаярын хойд эцэг гэж анх танилцаад гэрт нь очиход гэрээр нь дүүрэн Монгол улсад хэрэгжүүлж буй том том төслүүд ширээн дээр нь байсан өөрийгөө би ийм төслүүдийг хийдэг гэж танилцуулж байсан юм. Тухайн үед Амартүвшин нь Австралийн “Сэчмен” ХХК-ны Монгол дахь төлөөлөгчийн газрын захиралаар нь ажиллаж байсан юм, тэгээд өөрөө “Эм Си Эс” ХХК-ны 600 сая долларыг босголцож байсан мөн гадны олон пүүс компаниудыг холбож өгдөг гэж ярьж байсан, тэгээд манай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийнхөн ярилцаад энэ хүнээр мөнгө босгуулах 9.5 сая долларын төслийн зээл авахад зуучилж яриад хийлгэхээр болоод 2014 оны 5 сарын 29-нд “Сэчман” компанийн хуучин Чех элчингийн байранд өрөөнд нь манай компанийн гүйцэтгэх захирал М.Зэсэнбаатар гэрээг хийсэн түүнээс хойш хугацаа хэтрээд 2015 оны 8 сард байх Ж.Амартүвшин ажил бүтэхээ болилоо танайхаас авсан 130 мянган ам долларыг эргүүлж өгнө гэсэн боловч одоо өгдөггүй бид энэ мөнгөний 70 мянган ам долларыг нь хувь хүнээс өндөр хүүтэй авсан юмаа одоо хүртэл хүүг нь төлөөд явж байна.... Манай компани 3 гишүүнтэй, гүйцэтгэх захиралтайгаа 4 хүн л мэдэж байгаа тэр 4 хүн Зэсэнбаатар, Ганжаргал, Батцэнгэл бид нар мэдэж байгаа. Зэсэнбаатар 2016 оны 03 сарын 05-ны өдөр өөрийн хүсэлтээр өөр ажилд шилжсэн юм тэгээд ажлаас чөлөөлөгдөх тушаал гарсан юм. Ийм учраас энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тус компанийн ТУЗ-ын гишүүн захирал Т.Батцэнгэлийг томилохоор боллоо....ТУЗ-ын гишүүн захирал Т.Батцэнгэлийн утас 89112011, гэрийн хаягыг хэлж мэдэхгүй байна. Өнөөдрөөс тушаал гаргаад маргааш тань руу явуулъя Орос улс руу ажлаар явсан маргаашнаас ирэх байх... гэх мэдүүлэг /1хх-ийн 95-96/,

 

гэрч Б.Ганжаргалын”...2014 оны 4-өөс 5 сарын үед Амартүвшин гэж хүнтэй танилцсан өөрийгөө “Сэчмэн” банкны Монгол дахь төлөөлөгч гэсэн тэгээд танай компанид гадаадын “UBS” банкнаас мөнгө босгож өгнө гэсэн тэгээд урьдчилгаанд нь мөнгө хэрэгтэй яаралтай энэ мөнгийг шилжүүлэхгүй бол мөнгө босгох ажил чинь бүтэхгүй гэсэн цаанаас мөнгөө шилжүүл гээд байна гэсэн тэгээд 2014 оныхоо 6-8 дугаар сарын хооронд 130 мянган ам долларыг Амартүвшингийн хувийн Голомт банкны данс руу нь “Дархан говь феорс” ХХК-ны данснаас шилжүүлсэн. Амартүвшин өөрөө “UBS” банк руугаа шилжүүлнэ гэсэн өдийг хүртэл бид нарыг хохироогоод мөнгө өгөхгүй явж байна. Амартүвшин нь манай компанийг хохироож худлаа яриад өдийг хүргэсэн юм....Баримт байхгүй “UBS” банк руу мөнгө шилжүүлээгүй та нарын мөнгийг гаргаж өгнө гэдэг хүмүүсийн ярьсныг дуулснаар урьд өмнө иймэрхүү байдлаар хүмүүсийг залилсан юм байна лээ одоо мөнгөө хурдан авмаар байна. Амартүвшин нь мөнгөө нэхэхээр өгнө гээд байнга худлаа яриад сар сар хойшлуулаад яваад байгаа юмаа....Яаралтай хохиролгүй болохыг хүсэж байна. Энэ Амартүвшинд өгсөн мөнгийг банк болон банк бус санхүүгийн байгууллагаас хүүтэй авч өгсөн болохоор шүүх, цагдаа болоод маш их хохирч байна...”гэх мэдүүлэг /1хх-ийн 97-98/,

 

гэрч Э.Ариунболдын”...Амартүвшин гэх хүнтэй төрөл садан, найз нөхдийн холбоогүй. Би “Вагнер Ази Автоматив” ХХК-д  өглөг  авлага хариуцсан ажилтнаар 2015 оноос эхэлж ажиллаж байгаа бөгөөд энэ үеэс Ж.Амартүвшин гэх хүнтэй холбоотой авлагын асуудлыг хариуцах болсон. Ж.Амартүвшин гэх хүн 2012 онд SALLMAME4CA373031 арлын дугаартай “РЕНЖ РОВЕР” авто машиныг зээлээр худалдан аваад, 2012 оны 12 сард төлбөр тооцоог дуусгасан байсан дараа нь 2014 оны 06 сарын 06-нд “SALGA2VF8EA168130” арлын дугаартай “РЕНЖ РОВЕР” автомашиныг мөн зээлээр худалдаж авсан бөгөөд урьдчилгаа төлбөрт 17-17 УНН улсын дугаартай бенз автомашиныг өгсөн. Энэ автомашиныг манай байгууллага эзэмшилдээ шилжүүлж аваагүй, гэхдээ дараагийн худалдан авагчид мөн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад зарчихсан байгаа. 2014 оны 10 дугаар сарын 06-нд иргэн Баатарзаяад автомашиныг хүлээлгээд өгчихсөн. Энэ хүний төлбөр тооцоо дуусч байгаа тэгээд энэ хүний эзэмшилд шилжүүлж өгнө. Ж.Амартүвшин “SALGA2VF8EA168130” арлын дугаартай “РЕНЖ РОВЕР” автомашиныг 322 сая төгрөгөөр худалдан авахаар тохироод 17-17 УНН дугаарын бенз автомашиныг 65.746.800 төгрөгөөр тооцож урьдчилгаанд өгсөн. Түүнээс хойш нэг ч төгрөг нэмж төлөөгүй учраас дээрх “SALGA2VF8EA168130” арлын дугаартай 82-43 УНИ улсын дугаартай “РЕНЖ РОВЕР” автомашиныг манай компани хурааж авсан байгаа. Энэ автомашин нь манай компанийн эзэмшилд бүртгэлтэй байгаа бөгөөд худалдах худалдан авах гэрээг Ж.Амартүвшин нь “Ган Гянт Болд” ХХК-ний гүйцэтгэх захирал Оргилын нэр дээр байгуулсан байгаа. Бид гэрээг Оргилтой байгуулсан учраас Оргилтой холбогдож машины төлбөрөө төл гэдэг боловч Оргил нь Амартүвшинтэй холбогддог. Амартүвшин нь манай ажилтнууд захиралтай ирж уулздаг, гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирэх юм яриад л яваад байдаг. Компанийн зүгээс энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр шийдсэн байгаа. Иргэний журмаар шүүхэд хандана, Оргил гэх хүнийг шүүхэд өгөх юм...Ж.Амартүвшин гадаадаас Монгол улсад хөрөнгө татаж өгсөн гүйцэтгэлээс нь хувь авдаг, хувиа аваад төлбөрөө төлнө гэдэг. Намайг энэ ажлыг хариуцаж эхэлсэн үеэс л ингэж ярьж байгаа...гэх мэдүүлэг / 2 хх-ийн 2-3/,

 

гэрч М.Нинжбадгарын ”Би Монгол банкны хууль эрх зүйн газарт мэргэжилтнээр ажилладаг. Гадаад улсын банк нь Монгол улсад салбар төлөөлөгчийн газар байгуулахгүйгээр Монгол улсын иргэн аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд хөрөнгө оруулалтын зээл олгож болно. Гадаад улсын банкнаас зээл авахдаа тухайн зээл авах гэж байгаа аж ахуйн нэгж валютын зохицуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт заасны дагуу Монгол банкинд урьдчилаад мэдэгддэг Монгол улсын Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх тухай хуульд зааснаар уг хөрөнгө оруулалт банкаар дамжуулж орж ирсэн тохиолдолд 20 сая төгрөгөөс дээш төгрөгийн гүйлгээг Монгол банкнаас хянаж шалгана. Гаалиар орж ирсэн тохиолдолд 15 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол шалгана. Гэхдээ гадаадаас хөрөнгө оруулалт авах гэж байгаа бол Гадаадын хөрөнгө оруулалтын газарт мэдэгдэж зохих зөвшөөрөл авах ёстой, тэр нь гадаад хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжид нийцсэн байх естой байдаг....Харин зээл авах гэж байгаа манай улсын хуулийн этгээд ингэж зээл авах гэж байгаа талаараа мэдэгддэг. Мөн гадаад улсын банкинд ямар нэг ажил албан тушаал эрхэлж байгаа бол Монгол улсын иргэн заавал Монгол банкинд мэдээллээ ирүүлэх шаардлага тавихгүй, оршин суух газар, эрхлэх ажлаа иргэн хүн чөлөөтэй сонгох эрхтэй....Гадаад улсын банкнаас хөрөнгө оруулалтын зээл авах гэж байгаа Монгол улсын хуулийн этгээдийн өмчлөлийн хэлбэр. үйл ажиллагааны чиглэл, мөн аль улсын ямар хэлбэрийн өмчлөлийн банкнаас хөрөнгө оруулалтын зэзл авах гэж байгаа зэрэг ач холбогдолтой. Тухайн тохиолдолд хуулийн дагуу шийдвэр гаргадаг.... гэх мэдүүлэг /2хх-ийн 250/,

гэрч М.Мөнхбаатарын”...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан голден вилл хотхоны 202-7 тоот орон сууыг Амартүвшин гэж хүн ямар нэг гэрээ байгуулалгүйгээр худалдаж авна гээд урьдчилгаа 7800 ам доллар төлөөд уг байранд нүүж орсон байдаг. 2015 оны 9 дүгээр сарын 8-нд төлсөн баримттай. Түүнээс хойш нэмж төлбөр төлөөгүй. СӨХ-ийн төлбөрөө төлөөгүй, зөвхөн орон сууцны ашиглалтын зардлаа төлөөд амьдарч байсан юм байна лээ. Энэ хүн манай компанийн нэг захирлыг таньдаг байгаад орон сууцны төлбөрийг төлж, худалдаж авна гэж амаар тохироод л нүүж орсон юм шиг байна лээ. Энэ хүн төлбөрөө төлөөгүй учраас одоо орон сууцаа чөлөөлүүлж авах хүсэлтэй байгаа. Урьдчилгаа төлсөн мөнгийг түрээсийн төлбөрт тооцож авна...гэх мэдүүлэг /2хх-ийн 182/

яллагдагч Ж.Амартүвшингийн:..”Би Зэсэнбаатар, Чингистөр, Цэнгэл, Ганаа нартай тохирсон ёсоор тухайн компаниудаас өөрийн “Голомт” банкин дахь дансаар аваад, харин "UBS” банк руу би өөрийн Хонг Конг дахь "Сити" банкны дансан дах мөнгөнөөсеө шилжүүлсэн. Би өөрийн хувийн 130.000 ам долларыг “Дархан Говь феоро”, “Бласт фурнаст Плант” ХХК-иас авсан 130.000 ам доллартай нийлүүлээд 260.000 ам долларыг “Сити” банкин дах данснаасаа “UBS” банк руу шилжүүлсэн гэсэн үг. Энэ ямар зорилготой шилжүүлж байгаа мөнгө вэ гэхээр “UBS” банк нь 9 сая АНУ-ын долларын хөрөнгө оруулалтыг Монгол улсад хийхийн тулд манай улсад өөрөөр хэлбэл гадаад улсад хийхийн тулд хуулийн фирм, судалгааны компани хөлсөлж авч судалгаа шинжилгээ хийлгэдэг. Энэ зардлыг хөрөнгө оруулалт авах гэж байгаа тал нь хариуцдаг юм. Би дээрх компаниудтай хамтарч ажиллах гэж байгаа учраас би тал зардлыг гаргасан, надад компанийхаа хувьцааны 24 хувийг эзэмшүүлнэ гэж санал тавьсан байсан. Канад улсын иргэн Тим Онил нь эхлээд 2014 оны 10 сар орчим ганцаараа ирсэн, энэ хүн "Контентиаль" зочид буудлын цаана түрээсийн байранд буусан байсан, тэр асуудлыг нь би хөөцөлдөөгүй болохоор сайн мэдэхгүй байна. Харин дараагийн төлөөлөгч Shiau Sin Yen /Шау Син/ нь Кемпенский зочид буудалд буусан. “UBS” банк нь Щвейцарын банк, харин “Сити” банк нь АНУ-ын банк бөгөөд Ази дах салбарууд нь Хонг Конгод байдаг юм....Энэ банк албан ёсоор төлөөлөгчийн газар нээгээгүй байсан. Уул уурхайн салбарын үйл ажиллагаа доголдсон учраас хөрөнгө оруулалтын гэрээ хийгдээгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдээд хөрөнгө оруулалт орж ирсэн тохиолдолд Монгол банкинд мэдэгдэх байсан юм. Одоо бол энэ төслийн талаар Монгол банкинд мэдээлэл байхгүй гэсэн үг....Тим Онил нь нас барсан учраас дараагийн төлөөлөгч Shiau Sin Yen /Шау Син/ болсон байсан. Тэгээд бас дараа нь Кабир гэж хүнд ажлаа хүлээлгэж өгсөн байсан. Одоо Кабир гэж хүн “UBS” банкийг төлөөлж надтай майлээр харилцаж байгаа юм....Би өөрийн "Сити" банкны данснаас 260.000 ам долларыг “UBS” банк руу шилжүүлсэн учраас тэр компаниудаас миний “Голомт" банкинд шилжүүлсэн 130.000 ам долларыг би хувийн хэрэгцээндээ зарцуулсан....Энэ хоёр компани нэг л эзэдтэй компани бөгөөд төмрийн хүдэр боловсруулах үйлдвэртэй байсан. Энэ үйлдвэрийн үйл ажиллагааг  өргөжүүлэх Дархан хотын төмөр замаас өөрийн үйлдвэр рүү төмөр зам барих төсөл байсан. Төслийн хувийг “UBS” банк руу явуулсан.  Энэ төслийн талаар “UBS” банк Монголд ирсэн төлөөлөгчтэй уулзаж ярилцаж байсан, түүнээс Хонг Конгод очиж уулзаж байгаагүй, зардал бага гаргах зорилготой. Зэсэнбаатар анх ирсэн Тим Онилтэй уулзаж байсан. Тим Онил Монголд сар болсон, Харин Shian Sin Yen /Шау Син/-тэй Зэсэнбаатар уулзаж байгаагүй, би ч энэ хүнтэй энэ төслөөр биш өөр Таван толгойд хэрэгжүүлэх төслийн талаар хоёр удаа уулзаж байсан /урьдчилгаа 30 хувийн хөрөнгийг босгоход оролцох төсөл байсан юм/...Би одоо Монголын “Эй экспресс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Олон улсын онгоцны нислэгийн билет борлуулдаг компани байгаа юм. “Богд” гэж шинээр байгуулагдаж байгаа банктай хамтарч ажиллаж байгаа төслийг хэрэгт хавсаргасан байгаа...Тим нас барсан талаар фэйсбүүк найзаас мейл ирсэн. Зэсэнбаатарт хэлж үзүүлж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 121-122 / гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4229 дугаартай”...шинжилгээнд ирүүлсэн 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн “private/confidential” гэсэн баримтын 7 дахь хуудсанд “Matthew Hanning, Peggy Wong” гэсэн бичгийн дээд талд зурагдсан гарын үсгүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Уг гарын үсгүүдийн будагч бодисын зах ирмэг жигд бус, будаг бодис нь цэгэн хэлбэрээр дүрслэгдсэн нь ердийн хэвлэх төхөөрөмж ашиглан үйлдсэн байна. Уг гэрээн дээрхи Ж.Амартүвшин гэсэн гарын үсэг нь харьцуулах шинжилгээнд харьцангүй загвараар ирүүлсэн Ж.Амартүвшингийн зурсан гэх гарын үсгийн загвартай тохирч байна. /2хх-ийн 8-11/,

 

Ж.Амартүвшингээс гаргасан  ажлын гэрээ /1ххийн 25-47/, Дархан говь феоре ххк-тай байгуулсан гэрээ /1хх-ийн 49-55/, Голомт банкны дансны хуулга /1хх-ийн 56/, UBS банкны мэдээлэл /1хх-ийн 60/, Citibank-ны данснаас 260.000 доллар гарсан гэх баримт /1хх-ийн 64/

2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Дархан говь феорь” ХХК-ны Голомт банкны дансны хуулга, зарлага 54.720.000 /1хх-ийн 89/

2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр “Дархан говь феорь” ХХК-ны Голомт банкны дансны хуулга, зарлага 55.000.000 /1хх-ийн 89 ар тал/

Ж.Амартүвшингийн Голомт банкны дансны хуулга

2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 30.000=54.579.600 орлого, /1хх-ийн 191/

2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 29.794.15=55.000.000 орлого /1хх-ийн 192/

2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 17.000=31.358.030 орлого,

2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 53.000=97.743.660 орлого /1хх-ийн 197-198/

Ж.Амартүвшингийн Сity банкны дансны хуулга /1хх-ийн 64/, Төрийн банкны дансны хуулга /1хх-ийн 169/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /1хх-ийн 175-178/, Хаан банкны дансны хуулга /1хх-ийн 183-184/, Бласт Фурнас Плант ХХК-ны баримт бичгүүд /1хх-ийн 76-79/, Дархан говь феорь ХХК-ны баримт бичгүүд /1хх-ийн 80-86/ Монгол банкны лавлагаа /1хх-ийн 159/, Вагнер  Ази Автомотив-ын тайлбар /2хх-ийн 43/, Ж.Амартүвшингийн захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /2хх-ийн 60-64/, тээврийн хэрэгслийн бүртгэх маягт /2хх-ийн 89, 94, 96/, Худалдаа хөгжлийн банкны албан бичиг /2хх-ийн 92, 95/ Үнэлгээний шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 81-86/, Голомт банкны арилжааны ханшийн хуулбар /2хх-ийн 206-209/, Волтам ХХК-ны ерөнхий журналын тайлан /2хх-ийн 213/, Амартүвшингийн Худалдаа хөгжлийн банкны зээлийн дансны хуулга /2хх-ийн 221-224/, Зээлийн гэрээний хуулбар /2хх-ийн 225/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /2хх-ийн 230/, Ж.Амартүвшингийн нэр дээр бүртгэлтэй Ред Хорсе ХХК-ны лавлагаа /3хх-ийн 6/, Ж.Амартүвшингийн нэр дээр бүртгэлтэй Фортис Капитал ХХК-ны лавлагаа /3хх-ийн 7/ зэрэг энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй хуульд заасан үндэслэл журмын дагуу  хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн  нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд Ж.Амартүвшинг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг үйлдэж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан ял оногдуулах хуулийн үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Амартүвшинд ял оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн тогтоов.  

Шүүх хуралдааны шүүмжлэлийн явцад:

Шүүгдэгч Ж.Амартүвшингийн өмгөөлөгч М.Ариунболдоос”...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд дутуу шалгагдсан, мөн хохирогч буруу тогтоогдсон тул” хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэсэн,

хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий ”Ж.Амартүвшинд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэсэн,

хохирогч Ц.Батцэнгэл ”би өөрийнхөө өмгөөлөгчийн Ж.Амартүвшинд холбогдох хэргийг цагаатгуулах” гэсэн саналыг дэмжихгүй, харин хэргийг мөрдөн байцаалтанд буцааж байгаад Ж.Амараагаас Сэчмэн ХХК-ийн төслийг авахуулчихвал бид хохиролоо барагдсанд тооцох боломжтой. Энэ хүн шоронд яваад өгвөл бид юу ч үгүй үлдэнэ” гэсэн хүсэлт бүхий тайлбар гаргалаа.

 

Прокуророос Ж.Амартүвшинд холбогдох хэрэгт шалгагдвал зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, түүнд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

 

Түүнчлэн Ж.Амартүвшингийн үйлдсэн гэмт хэрэг нь Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг хангаж байх тул хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан түүнд холбогдох хэргийг цагаатгах талаар гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

 

Энэ хэрэгт  “Бласт Фурнас Плант”, “Дархан Говь Феоро” ХХК-иудад хувьцаа эзэмшигч Т.Батцэнгэлийг нэр бүхий компаниудын эрх бүхий албан тушаалтнууд хохирогчоор томилсон баримтууд хэрэгт хангалттай авагдаж, Т.Батцэнгэлийг мөрдөн байцаалтын явцад хохирогчоор тогтоож түүнд хууль сануулан мэдүүлэг авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Иймд Ж.Амартүвшинд холбогдох хэрэгт Т.Батцэнгэл  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  42 дугаар зүйлд заасан эрх эдэлж үүрэг хүлээх субьект мөн  гэж үзнэ.

 

Хэрэгт хураагдаж ирсэн 51.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий  Ногоон Дарь эх бурханы лагшинг дүрсэлсэн алт шармал зэс хөөмөл бүтээлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Амартүвшин болон түүний ар гэрийнхэнд нь олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Сонгоол овогт Жанчивдоржийн Амартүвшинг давтан үйлдлээр хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг үйлдэж бусдад онц их хэмжээний хохирол  учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

  1. Ж.Амартүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 100000 /нэг зуу мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 /арав/ жил 1 /нэг/  сар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Ж.Амартүвшинд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг баримтлан мөн хуулийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ногоон Дарь эх бурханы лагшинг дүрсэлсэн алт шармал зэс хөөмөл бүтээлийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ж.Амартүвшин болон түүний ар гэрийнхэнд олгосугай.

 

  1. Ж.Амартүвшингийн цагдан хоригдсон 136 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ж.Амартүвшингээс нийт 238.079.238 /хоёр зуун гучин найман сая далан есөн мянга хоёр зуун гучин найм/ төгрөг гаргуулан хохирогч Т.Батцэнгэл болон /Бласт фурнас плант ххк/-д 129.101.690 /нэг зуун хорин есөн сая нэг зуун нэг мянга зургаан зуун ер/ төгрөг олгож,

хохирогч Т.Батцэнгэл болон /Дархан говь феоре ххк/-д 108.977.548 /нэг зуун найман сая есөн зуун далан долоо таван зуун дөчин найм/  төгрөг тус тус олгосугай.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Амартүвшинд “цагдан хорихоор” авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                               

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ДАЙРИЙЖАВ

                   ШҮҮГЧИД                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ