2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1226

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,  

улсын яллагч Н.Ундрах,

хохирогч ***,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн яллагдагч ***т холбогдох эрүүгийн 2508000000251 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***

 

Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч: “2025 оны 01 сарын 22-ны өдөр ажлаасаа тараад явж байхад *** эхнэртэйгээ маргалдаад сэтгэл санаа муу байна, танайд очъё гэсэн. Би хэд хоногийн өмнө дарга нартайгаа Эрээн хот руу явсан байсан. Манай гэрт ирээд хоол хийж идээд 1 виски уусан. Ямар нэгэн хэрүүл хийгээгүй. Дахин 1 виски уучхаад *** гэдэг найзыгаа дуудсан. Задалсан вискигээ ууж дуусгаад тамхилъя гээд хамт гарсан. Шууд намайг тамхины галаар дараад цохиод дайраад байсан. Гэр лүүгээ орох гэсэн чинь араас ирээд ноцолдоод байсан. Манай эхнэр боль гэж хэлэхээр нь гэртээ орох гэж байсан. Миний гутал сугараад хөл нүцгэн байсан. ***ыг ***ыг аваад яв гэж хэлээд би гэртээ ороод тэр хоёр тэндээ хоцорсон. Хэдэн цагийн дараа эхнэр намайг сэрээхэд манай хаалгыг эвдэлсэн байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Цагдаа ирээд тэр хоёрыг  хэдэн цагийн үед явсан гэж асуугаад явсан. Хэдэн цагийн дараа энэ хоёр хүн мөн үү гэж хоёр хүн авчирсан боловч биш байсан. Би ***той хашаан дотроо ноцолдож зодолдсон. Би ***ыг хутгалсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэсэн,

Хохирогч: “2025 оны 1 дүгээр 22-ны өдөр ***ийн гэрт очоод виски уусан. ***ыг ирээд аваач гэж дуудсан, явах гээд 2 дахь вискигээ ууж байхад эхнэртэйгээ хэрэлдээд эхнэрийгээ авч гарсан. Хөл нүцгэн явсан шалтгаан нь гутлаа тайлаад миний толгой руу цохисон. Хутгалсан нь үнэн хөлнөөс цус гарч байгааг хараад шууд зугтаасан, тэдний гэрээс гараад шууд гэртээ харьсан.” гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Хоёр. Эрүүгийн 2508000000251  дугаартай хэргээс:

1. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Цуг ажилладаг хүн зүүн хөлд хутгалсан” гэх утгатай бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал),

2. 2025 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 30-32 дахь тал),

3. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр найз ***тэй хамт түүний Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Найрамдалд байрлах гэрт нь 18 цагийн үед очиход эхнэр хүүхэд нь байсан. Бид нар хоол хийж идээд *** бид 2 виски хувааж уугаад согтоод хоорондоо маргалдаж улмаар гэрийн гадаа зодолдож байгаад *** зугтаад гэртээ орсон. Би араас орох гэтэл хаалгаа хаачихаар нь гаднаас нь нүдэж онгойлгох гэж байтал хаалганы доод онгорхой зайгаар *** хутга гаргаж ирээд миний зүүн хөлийн булчин шилбэ хэсэгт 2 удаа хатгаж бүлээд гэмтэл учруулсан. Тухайн үед би нэлээд согтсон байсан учир хутгалуулсан гэж мэдээгүй хөл жаахан мэдээгүй болоод байхаар нь найз ***ыг ирээд аваадхаач гээд дуудсан. Төд удалгүй найз *** ирээд намайг машиндаа суулгаад гэрт хүргэж өгсөн. Тэгээд өнөөдөр өглөө сэрэхэд зүүн хөлөөс маш их цус гарсан байсан ба эхнэр Нандин-Эрдэнэ 103 дуудаад ГССҮТ-д оёдол тавиулсан. *** ажлын найз бөгөөд хамтдаа явж бараа түгээдэг. Хамт ажиллаад 1 жил болж байна. *** 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Найрамдалд байх гэрийнхээ гадаа миний зүүн хөлийн булчин хэсэгт 2 удаа хутгаар хатгаж гэмтэл учруулсан. Бид 2 архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж согтсоноос болж маргалдах болсон. Би гомдолтой, эмчилгээ хийлгэмээр байна.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дахь тал),

-2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дахин өгсөн: “...Би ***тэй тэдний гэрийн гадаа тамхилж байхдаа зодолдсон. *** гэр рүүгээ зугтаасан тухайн үед гэрийнхээ хаалгыг хааж түгжсэн тул хаалгаа онгойлгооч гээд хаалгыг нь нүдэж байхдаа хаалганы доод хэсэг самбарыг өшиглөж хагалсан тухайн зайгаар *** гараараа цохиод байх шиг болохоор нь анзаараагүй. Гэтэл хөл рүү юм хатгах шиг болохоор нь гараараа хөлийн булчин хэсэг болон өвдөж байгаа хэсгийг барьж үзэхэд өмд цус болсон байсан тул айсандаа ***ын машин руу гүйсэн. *** машиныхаа гэрлийг хашааны жижиг хаалга руу тусгаад зогсож байсан бөгөөд машинд суугаад ***ад энэ талаар хэлээгүй гэртээ хүргүүлж маргааш өглөө нь *** гэрт ирэхэд нь өчигдөр *** хутгалсан байна гээд тухайн үед өмсөж байсан хувцас болон гэмтсэн биеийн хэсгийг үзүүлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

            4. Гэрч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: “Би 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Алтантариа ХХК-д түгээлтийн жолоочоор ороход *** борлуулагчаар, *** жолоочоор ажилладаг байсан тул тэр цагаас таньж мэддэг болсон. Би тухайн үед тэнд байсан бөгөөд 01 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн үед *** залгаж ***ийн гэрээс ирээд аваарай гээд байгаа газрынхаа байрлалыг явуулсан тул очиход ***, ***, түүний эхнэр *** мөн хүүхдүүд нь байсан. Намайг очиход 2 дахь архиа уугаад талдаа орчихсон байсан ба удалгүй дуусаж сүүлийн хундагыг *** ***ыг уучих гээд өгөхөд одоо болно найз нь хүнтэй ажилтай гээд тэр хоёр тамхилахаар гарсны дараа ***ийн том охин ахаа гадаа хүмүүс зодолдоод байна гэхээр нь гарсан чинь тэр хоёр хоорондоо маргасан бололтой нэгийгээ чи яах гээд байгаа юм гэхэд *** яасан ч яадаг юм гээд баруун гараараа нүүр рүү нь нэг цохисон чинь *** хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд тэр хоёр нэгийгээ араас нь ээлжилж гараараа цохиж хөөж байхдаа *** баруун талын гутлаараа ***ын нүүр хэсэг 2 удаа цохисон. ***ийн хүүхдүүд гарч ирээд орооч гэхэд гэр рүүгээ зугтааж ороод хаалгаа түгжсэн чинь *** гэрийн хаалгыг нь нүдэж 3 удаа өшиглөж байтал хаалганы доод самбар хагарсан чинь *** яаж байгаа пизда вэ гээд хутга гартаа барьчхаад хаалганы хагархай хэсгээр хөлийг нь хатгах гээд нэлээн хэдэн удаа гар нь орж гараад миний мэдэхээр 2 удаа ***ын зүүн хөлийн шилбэний арын хэсэг рүү хатгасан чинь *** пизда гээд над руу гүйж машин дотор орж ирэхэд *** гартаа хутга барьчихсан араас нь ирж байсан тул ***ыг гэрт нь хүргэж өгсөн. Тухайн гэрт байхад үхэр малын талаар ярьж байгаад Монгол үхэр үнэтэй, Сарлаг үнэтэй гээд маргалдсан удалгүй дуусаж тамхи татахаар гадагш гараад зодолдсон юунаас болсныг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

5. Гэрч  ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Орбитын 110 дугаар гудамж 45 тоот гэртээ хүүхдүүдийн хамт ажилдаа явалгүй амарч өнжсөн. Нөхөр найз ***ын хамт 17 цагийн үед орж ирээд юм яриад нэг виски хувааж ууж дуусгаад гадаа тамхи татахаар гарсан. Хэсэг хугацааны дараа гадаа дуу чимээ гараад байхаар нь гэрийнхээ үүдээр шагайгаад харахад нөхөр *** найз ***тойгоо барьцалдаж аваад хэрэлдээд нэгнээ цохиж аваад байсан. Тэгэхээр нь би дундуур ороод салгаад нөхрөө гэртээ ор гэж хэлээд ***ыг харь чамайг авч явах хүн ирсэн байна гэж хэлчхээд нөхрөө дагуулж ороод үүдээ дотор талаас нь түгжчихсэн юм. Нөхрөөсөө яагаад нэгнээ цохиод барилцаад байгаа юм гэхэд ***ыг тамхиа өгөөч гэхэд тамхины халуун ишээ шанаа дээр дараад түлээд үүнээс болж маргалдсан гэж хэлсэн. Тэр үед *** үүд хаалга нүдэж байгаад яваад өгсөн. Би нөхөрт хаалга нүдээд хэмхлээд хаячихлаа гэхэд *** цагдаа дуудсан. Нөхөр ямар нэгэн хутга гартаа барьсан талаар мэдэхгүй анзаараагүй. Тухайн үед нөхөр ***, *** болон түүний найз, хүүхдүүд байсан. ***, *** нар архи уусан согтуу байсан. Би ***ын хөл рүү хэн хутгалсныг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

6. Гэрч  *** мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 02 дугаар сарын 11-ны өдөр өгсөн: “...урьд өмнө ажил үүргийн хувьд хамт явж байхдаа *** нь тоглоом шоглоомоор хутга шаана шүү гэх зэргээр ярьдаг байсан. Одоо бодсон чинь хутга шаачихлаа гэж хэлж байсан. *** над руу бусдад хутгалуулсан зургаа чатаар явуулж ярьсан тул би тэр даруй 2025 оны 01 дүгээр сарын 24-ны өглөө 08 цагийн үед очиход цустай өмдөө орны хажууд тайлж өөрөө орон дээр хэвтэж байсан. Хөлийг нь харахад шилбэ болон хажууд нь зүсэгдсэн нилээн том шарх байсан. Архи гарч эрүүл болсон байсан. Би нөхрийг хүлээгээд ирэхгүй болохоор нь гэрээс гарч аавындаа хоносон бөгөөд бид жаахан маргалдсан байсан. Тухайн шөнө нөхрийн найз *** 2025 оны 01 дүгээр сарын 23-ний 23 цагийн орчим залгаад *** хөлөндөө гэмтэл авсан гэж хэлэхээр нь намайг гэрт аваачхын тулд худлаа хэлж байгаа байх гэж бодоод ***ын талаар бол сонсмооргүй байна гэж утсаа салгасан. Тухайн үед нөхөр хутгалуулаад гэртээ ирж байсныг дараа нь мэдсэн. Цагдаагийн байгууллага дээр нөхөр тайлбар өгөх үед *** болон эхнэр нь байсан. Тухайн үед нөхөр *** эхнэрт нь чи хутгыг нь аваад далд хийчихгүй дээ тэгсэн бол ийм юм болохгүй шүү дээ гэхэд эхнэр *** нь би мэдээгүй гэж хэлсэн. *** надад хэлэхдээ би хаалгыг нь нүдэж цохих үед *** эхнэр хүүхдийнхээ хамт гэртээ байсан. Тухайн үед хаалганы доод талын самбар үед *** завсраар нь хутгалсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

7. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №2591 дугаартай:

            - ***ын зүүн шилбэний ар дунд, гадна доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, доод уруулын дотор зүүн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүдээс шарх нь ир үзүүр бүхий зүйлийн, цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тус бүр нэг удаагийн үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулна.

- Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Уг гэмтлүүдийг хүн өөрөө өөртөө учруулах боломж багатай. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

8. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын криминалистикийн шинжилгээний хэлтсийн мөр судлалын лабораторийн мэргэшсэн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №742 дугаартай:

- Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг нь шинжилгээнд тэнцэнэ.

- Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмдөнд үүссэн 10 мм, 15 мм хэмжээтэй гэмтэл, саарал өнгийн өмдөнд үүссэн 10 мм, 15 мм хэмжээтэй гэмтлүүд нь хувцас давхарлагдсан байх үед хурц иртэй зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, хар өнгийн өмдөнд үүссэн 21 мм хэмжээтэй гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт, хар өнгийн өмдөнд үүссэн 14х8 мм, 190х65 мм хэмжээтэй талбайд хуучин сэмрэлт 102х36 мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалт байна.

- Шинжилгээнд ирүүлсэн өмднүүдэд үүссэн сэмрэлт, урагдалт нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг материалын нимгэн зузаан, эдэлгээ, үйлчилсэн хүчний хэмжээ зэргээс хамаарч тодорхойлох боломжгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 42 дахь тал),

            9. Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 02 дугаар сарын 25-ний өдөр өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахын 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг уншиж танилцлаа. Тогтоолтой холбоотой нэмж ярих тайлбар байна. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2025 оны 02 дугаар сарын 22-ний өдөр ажлаасаа 16 цагийн орчимд буух гэж байхад хамт ажилладаг *** залгаад хаана байгаа талаар асуугаад миний машины дэргэд хүлээж байсан тул юу болсон талаар асуухад чи урагшаа Хятад руу яваад ирсэн биз дээ танайд очиж виски ууж гэхээр нь гэртээ дагуулж очоод эхнэр хоол хийж байх хугацаанд 0,75 литрийн хэмжээтэй виски ууж юм ярьж сууж байтал *** хамт ажилладаг ***ыг дуудсан чинь хэсэг хугацааны дараа ирээд /цагийг нь хэлж мэдэхгүй байна. Тухайн үед нэлээн согтсон байсан/ тус архинаас 2-3 удаа уусан. Улмаар *** бид хоёр тамхилж бие засахаар гэрээс гарч намайг бие засаж байхад *** ямар нэгэн шалтгаангүйгээр татаж байсан тамхины ишээ нүдний дээд хэсэгт дарж унтраасан. Би яаж байгааг асуухад пизда минь ална шүү гээд миний нүүр рүү цохиж цамцнаас татах үед цамц татагдаж тайлагдсан. Улмаар бид хоёр нэлээн ноцолдож нэгнийгээ хөөж байтал миний гутал сугарч тэр хугацаанд эхнэр *** гэрээс гарч ирээд болиоч та хоёр яагаад ноцолдоод байгаа юм гээд намайг орж унт гээд салгаж гэр лүү оруулсан. Би гэрт ороод хүүхдүүдээ тэвэрч байгаад унтаж байхад эхнэр босож хаалга янзал гэхээр нь сэрээд харахад гэрийн хаалганы дотор самбар хагарч эвдэрсэн байсан тул цагдаад *** дугаарын утаснаас дуудлага өгсөн. Маргааш нь манайд цагдаагийн алба хаагчид ирж хэргийн газрын үзлэг хийсэн. Уг үйл явдал нь Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Орбитын 110 дугаар гудамж 45 тоотод 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 21 цагийн орчим болсон. Тухайн үед би эхнэр болон 3-10 насны хүүхдүүд мөн ***, *** нарын хамт байсан. Бид хоёр гэрээс тамхилж бие засах гээд гарсан. Архи ууж байхдаа *** нь сарлагын үхэр үнэтэй гэхэд нь би манай Хөвсгөл аймагт монгол үхэр үнэтэй гээд энэ сэдвээр бага зэрэг ярилцсан. Өөр маргаан болоогүй. Бид хоёрын хооронд өр авлага, өш хонзон байгаагүй. Би ***той хамт тоглоом тоглож байхдаа нэгнийгээ буудна, хутгална шүү л гэж тоглож байгаа тоглоомондоо орж тэгж хэлж байсан. Ямар нэгэн өш хонзонгийн сэдэлтэй хэлж байгаагүй. ..гэрээс гараад *** миний зүүн талын хавирга руу хоёр удаа өшиглөсөн. Улмаар цохих гэхэд нь би зугтааж байхад гутал сугарсан. Бид хоёр хашаан дотор зогсож ноцолдож байхдаа боль гээд гараараа уруул хэсэг рүү нь нэг удаа цохисон. Миний бие тухайн үед өвчин зовиуртай байсан бөгөөд одоо ямар нэгэн өвчин зовиур байхгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Бид хоёр 0,75 литрийн хужаа вискинээс хоёр шилийг уусан бөгөөд хоёулаа нэлээн согтолттой байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал),

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн, иргэний үнэмлэхийн, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх, жолоочийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 83-92 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 54-69 дэх тал), 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 164 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй, тооцуулахгүй болон хасуулах шинжлэн судлах дараалалтай холбоотой санал, хүсэлт гаргаагүй.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрах би Монгол улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйл, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч ***т холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч *** нь хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч ***ын мэдүүлэг, гэрч Нандин-Эрдэнийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дугаартай дүгнэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогчийн зүгээс 1,800,000-2,000,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан гэж байгаа боловч дээрх зардал нь баримтаар тогтоогдохгүй байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч *** нь Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Орбитын 110 дугаар гудамж 45 тоот гэртээ 2025 оны 01 дүгээр сарын 22-ний орой “Алтантариа” ХХК-д хамт ажилладаг ***той согтууруулах ундаа хэрэглэх үедээ маргалдан улмаар гэрээс гарч зодолдож байгаад гэртээ орж хаалгаа түгжихэд нь хохирогч хөлөөрөө өшиглөж гэрийн хаалганы модон самбарын доод хэсгийг эвдэхэд нь гэр дотроос хаалганы эвдэрсэн хэсгээр хохирогчийн хөл хэсэгт хутгаар хатгаж биед нь зүүн шилбэний ар дунд, гадна доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, доод уруулын дотор зүүн хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нь: 

- Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Цуг ажилладаг хүн зүүн хөлд хутгалсан” гэх утгатай бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал),

- 2025 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 30-32 дахь тал),

- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр болон 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дахин өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 06, 10 дахь тал),

- Гэрч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

- Гэрч  ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),

- Гэрч  ***н мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 02 дугаар сарын 11-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №2591 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын криминалистикийн шинжилгээний хэлтсийн мөр судлалын лабораторийн мэргэшсэн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №742 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 42 дахь тал),

            - Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 02 дугаар сарын 25-ний өдөр өгсөн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал), болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт байх тул хууль ёсны гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

1.2 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч ***ын эрүүл мэндэд хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдсон ба хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

            Мөн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байх тул түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

            Шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нь үл ойлголцол, маргаан үүсэж улмаар хэн альных нь зүй бус үйлдлээс үүдэлтэй гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

 

          Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

1.3 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

          Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.

          1.4 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан ба шүүх хохирол, хор уршгийн талаар дараах байдлаар дүгнэсэн болно.

Хохирогч нь хохирол, хор уршигтай холбоотой баримтыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлээгүй тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзсэн.

Мөн хохирогч нь сэтгэцийн хор уршиг нэхэмжлэхгүй, тогтоолгохгүй талаар тэмдэглэл хийсэн (хавтаст хэргийн 50 дахь тал),

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 1.500.000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн гэж мэдүүлсэн хэдий боловч баримт байхгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон сэтгэл санааны хохирол мөн цаашид гарах хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

2.1 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тус ялыг 3 сарын хугацаагаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл байсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэсэн ба шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо улсын яллагчийн ялын саналтай холбоотой тайлбар гаргаагүй.

2.2 Хууль зүйн дүгнэлт:                

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус хуульчилсан.

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ***ийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд:

- Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

- Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж  Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон.

- Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 02 дугаартай захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 361 хоногийн хорих ялаар сольж 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан талаарх баримт авагдсан байх тул шүүгдэгчид нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн нөгөө талаас хохирогч гомдолтой, хохирол төлбөр төлсөн талаарх баримт ирүүлээгүй, мөн хувийн байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Улсын яллагчийн торгох ялын санал гаргасныг шүүх хүлээн аваагүй. Учир нь шүүгдэгч хувийн байдлын хувьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, гэмт хэрэг үйлдэхдээ хүйтэн зэвсэг ашиглаж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, хохирогч гомдол саналтай зэрэг нөхцөл байдлуудад дүгнэлт хийсэн болно.

 

3. Бусад асуудлын талаар: Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус тогтоолд дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээ хийлгэсэн болон цаашид гарах зардал мөн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч нар  гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН