Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/01959

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/01959

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт оршин суух, Д овогт Д-ийн Н /РД: ...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... тоот хаягт оршин суух, П.З овогт Б-ийн П /РД: ...../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,635,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Н,

Хариуцагч Б.П,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Нын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Д.Н нь 2021 оны 06 дугаар сарын 11-нд өдөр Б.П надад яаралтай мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа эргүүлээд өгнө гээд гуйгаад байхаар нь 3,000,000 төгрөг өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл эргүүлж өгөхгүй, настай надад хэцүү юм. Би тэтгэврийн зээлээр эмчилгээний зардлаа залгуулж явдаг хүн, үүнийгээ ч хэлж үзлээ. Ахмад хүн байвал тэрүүгээр чинь уламжилж байдлаа хэлье гэхээр тоодоггүй. Мөнгөө авч эмчилгээгээ хийлгэмээр байна. Маш яаралтай өдрийн цайны өмнө хэрэгтэй байна гээд гуйгаад байсан. Өөрийнхөө өгсөн тайлбар дээр тэгж бичээгүй юм билээ. Тэгээд сүүлдээ аман гэрээ, бичгээр гээд хачин хачин юм бичсэн байна лээ. Ах нь тийм юм мэдэхгүй, сүүлдээ тийм болоод хувирсан. Би миний хүүхдүүдээс ялгаа юу байхав гэж бодоод мөнгөө зээлдүүлсэн. Сарын 5 хувиар, 10 сарын хугацааны хүү бодсон, өөрөөр хэлбэл мөнгө зээлдүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаагаар буюу 10 сарын хүүнд 1,500,000 төгрөг, алданги нь мөнгөө буцааж өгөх ёстой байсан 2021 оны 07 дугаар сарын 8-ны өдрөөс хойшхи хоног тутамд 0.5 хувиар тооцож 135,000 төгрөг, нийт 4,635,000 төгрөгийг хариуцагч Б.П гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү, алданги тооцно гэж анх тохирч байгаагүй, хариуцагч Б.П нь 2021 оны 09 дүгээр сарын үед 400,000 төгрөг нэхэл дагал болж байж өгсөн нь үнэн гэв.

 

2. Хариуцагч Б.Пын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт ... Нэхэмжлэгч Д.Наас 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Би энэ мөнгөөр бизнес хийх гэж байгаад хүнд залилуулсны улмаас эргүүлж төлөхөд хүндрэл үүссэн юм. Гэхдээ би өнгөрсөн хугацаанд буюу 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 400,000 төгрөгийг төлсөн. Д.Н гуайгаас мөнгө авахдаа хүү, алданги тооцно гэж тохирч байгаагүй, бичгээр гэрээ байгуулаагүй. Үндсэн зээлийн үлдэгдэлээ 2 сарын хугацаанд төлж дуусгана гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмгэдтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Хаан банк ХХК дахь өөрийн эзэмшлийн 5920219271 тоот дансны хуулгыг хавсарган нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч 2022 оны 05 дугаар сарын 10-ний өдөр хариу тайлбараа бичгээр шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Б.Пт холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 3,000,000 төгрөг, хүүнд 1,500,000 төгрөг, алдангид 135,000 төгрөг, нийт 4,635,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Д.Н нь 2021 оны 06 дугаар сарын 11-нд өдөр Б.П надад яаралтай мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа эргүүлээд өгнө гээд гуйгаад байхаар нь 3,000,000 төгрөг өгсөн. Маш яаралтай өдрийн цайны өмнө хэрэгтэй байна гээд гуйгаад байсан. Өөрийнхөө өгсөн тайлбар дээр тэгж бичээгүй юм билээ. Тэгээд сүүлдээ аман гэрээ, бичгээр гээд хачин хачин юм бичсэн байна лээ. Ах нь тийм юм мэдэхгүй, сүүлдээ тийм болоод хувирсан. Сарын 5 хувиар, 10 сарын хугацааны хүү бодсон, өөрөөр хэлбэл мөнгө зээлдүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаагаар буюу 10 сарын хүүнд 1,500,000 төгрөг, алданги нь мөнгөө буцааж өгөх ётой байсан 2021 оны 07 дугаар сарын 8-ны өдрөөс хойшхи хоног тутамд 0.5 хувиар тооцож 135,000 төгрөг, нийт 4,635,000 төгрөгийг шаардаж байна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 2,600,000 төгрөгийг төлөх зөвшөөрч үлдэх хэсгийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Д.Наас 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Би энэ мөнгөөр бизнес хийх гэж байгаад хүнд залилуулсны улмаас эргүүлж төлөхөд хүндрэл үүссэн юм. Гэхдээ би өнгөрсөн хугацаанд буюу 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 400,000 төгрөгийг төлсөн. Д.Н гуайгаас мөнгө авахдаа хүү, алданги тооцно гэж тохирч байгаагүй, бичгээр гэрээ байгуулаагүй. Үндсэн зээлийн үлдэгдэлээ 2 сарын хугацаанд төлж дуусгана гэжээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хаан банк ХХК дахь нэхэмжлэгч Д.Нын эзэмшлийн 5920219271 тоот дансны хуулга, зохигчдын тайлбараар дараахь нөхцөл байдал нь тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч Д.Н нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Б.Пт хүүгүй, алдангигүйгээр 1 сарын хугацаатай зээлдүүлэхээр зохигчид харилцан тохиролцож, өөрийн эзэмшлийн 5920219271 тоот данснаас хариуцагч Б.Пын Хаан банкин дахь 5063266199 тоот данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч Б.П нь зээлийн гэрээний үүрэгт эргүүлэн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 400,000 төгрөгийг төлжээ.

 

6. Зохигчид зээлийн гэрээг хүү, алдангигүйгээр, 1 сарын хугацаатай байгуулсан талаар болон нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт хариуцагчид 3,000,000 төгрөг шилжүүлсэн талаар, мөн хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн талаар зохигчид маргахгүй байна.

 

7. Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Б.Пт 3,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүү, алдангигүйгээр зээлдүүлэхээр тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. Нэхэмжлэгч үндсэн зээлийг шаардах эрхтэй.

 

8. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, мөн 232.6Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.7Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд зохигчид зээлийн гэрээ байгуулахдаа алданги /анз/ төлөхөөр тохиролцоогүй, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт хүүнд 1,500,000 төгрөг, алдангид 135,000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 2021 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр 400,000 төгрөгийг эргүүлэн төлсөн нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул энэ төлбөрийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

9. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 232.6, 232.7, 281 дүгээр зүйлийн 281.1, 281.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Поос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,60,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,035,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 56,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 232.6, 232.7, 281 дүгээр зүйлийн 281.1, 281.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Поос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,60,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,035,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 56,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР