Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 276

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Г.Хатанцэцэг

шүүгдэгч Ц.Төмөрбаатар, түүний өмгөөлөгч М.Жаргалсайхан

гэрч Б.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 19-нд Өвөрхангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, Мастер засварын газарт засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянгол 27-60 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /ЙР90081931/, Сайн ноён овогт Цэрэнбандийн Төмөрбаатарт холбогдох 201726020728 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ц.Төмөрбаатар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцсийн орчим иргэн М.Ариунжаргалыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ц.Төмөрбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: Би ажлын байран дээрээ ажлаа хийж байхад манай найз Пүүжээ хүрч ирээд манай нийтийн байрны хөрш охины гэрт орж хэдэн шил пиво ууя нэг найзтайгаа 2 охин байна гэж хэлсэн. Би Пүүжээд ажлаа дуусгаад араас чинь яваад орье гэж хэлсэн. Би Пүүжээтэй хамт дэлгүүр ороод пиво авсан. Ариунжаргал гэнэт би хүүхэд өргөж авна гээд сонин зүйл яриад байхаар нь би дургүйцээд би одоо гэртээ харилаа гэж хэлсэн чинь Ариунжаргал би бас найзтайгаа хамт гарья бид хоёр зам дагуу чинь буучихна гэж хэлээд хамт таксинд суусан. Бид 4 явж байгаад хороололын эцэс ороод би Ариунжаргалыг найзтайгаа хамт одоо буу би цаашаа харьлаа гэхэд Ариунжаргал чи хүргээд өгчихгүй яасан арчаагүй залуу вэ гэж хэлхээр нь би тухайн үед жоохон маргалдсан. Зам дээр маргалдаад байж байхад цагдаагийн машин ирээд юу болоод байгаа талаар асуусан. Би цагдаад юу болсон талаар тайлбарлаж хэлсэн чинь нөгөө цагдаа намайг харж байхад та нар таксинд суугаад яв гэж хэлсэн. Тухайн шөнө тэр хүмүүстэй хамт пиво уусан нь үнэн. Би хохирогчид хохирол төлбөр төлөх юм бол асуудал шийдэгдэх байх гэж бодоод хохирогчид нийт 350.000 төгрөг төлсөн гэв.

 

гэрч Б.Оюунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт: Тэр өдөр Төмөрбаатар надтай зууралдаад намайг гараж руу чирсэн. Ариунжаргалыг таксинд суухад нь Төмөрбаатар гараас нь чирч гаргаж ирээд гараараа цохиж нүдсэн гэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Ц.Төмөрбаатарын оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 39/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40/, ял шалгах хуудас /хх-ийн 41/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 43/ болон бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                       

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Төмөрбаатар согтуугаар 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцсийн орчим иргэн М.Ариунжаргалыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч М.Ариунжаргалын”...2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай эгч Отгонбаяр ирж цагаан сарын бууз хийж өгөөдөх гээд тийшээ явах гээд гэртээ байж байсан. Манай найз охин Оюунцэцэг манайд ирсэн. Найз Оюунцэцэг эгчийнх рүүгээ арай явах болоогүй юм чинь ганц аяга пиво уучихъя гэсэн. Тэгээд пиво уугаад дуусаж байтал гэрийн хаалга тогшсон. Автозасварын газар ажилладаг Төмөрбаатар би охинтойгоо амьдардаг нийтийн байранд манай өөдөөс харсан хаалганд амьдардаг залуу байсан. Тэгээд намайг юу хийж байна гэсэн би тэгэхээр нь би эгчийнх рүүгээ явж бууз хийх гэж байна гэхэд юм яриад гартал чинь байж байя гэсэн тэгээд цуг ажилладаг 2 залуугийн хамт архи ундаа аваад ороод ирсэн. манай найз охин бид хоёр архинаас нь уугаагүй тэгж байтал манай байрны эзэн нь ч орж ирээд чимээ шуугиан гаргалаа гээд орж ирсэн. Би тэгэхээр нь  гарлаа та нар наад үлдсэн архиа өөрсдөө гараад уучих гэсэн. Тэгээд бүгдээрээ гарсан. Гараад манай найз бид хоёр явах гэхэд явуулахгүй гэсэн тэгээд бид хоёр хорооллын эцэс рүү хүргээд өгье гээд такси барьсан. Хороололын эцэст очоод буух гэхэд явуулахгүй байсан. Төмөрбаатар гэх залуу намайг өргөөд аваад явсан. Тэгээд намайг явъя гээд байсан өөр газар орж сууя гэж байсан...тэгээд би такси бариад урд нь суугаад явах гэтэл Төмөрбаатар гэх залуу намайг таксины хаалга онгойлгоод цуг явъя гээд буулгаад газар унагаагаад цохисон тэгэхэд гар хөлөөрөө цохиод гэмтсэн...гомдол санал байхгүй. /хх-ийн 7/ гэсэн,

 

гэрч Б.Оюунцэцэгийн”...2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 19 цагийн үед байх ....Ариунжаргал бид хоёр Эсса гэдэг нэртэй 0,5 литрийн пиво авч өрөөнд нь ууж байсан. ..такси бариад суух гэтэл тэр гурвын хоёр нь таксинд хамт суусан. Тэгээд хорооллын эцэс дээр ирээд буух гэтэл тэр Төмөрбаатар  гэдэг залуу байхаа тэр залуу Ариунжаргалыг нэг харанхуй газар руу гарнаас нь чирээд аваад явсан. Би араас нь очих гэтэл Төмөрбаатарын найз нь намайг барьчихаад явуулахгүй байсан. Тэгээд Ариунжаргал, Төмөрбаатар хоёр ууртай ирээд би өөр такси бариад Ариунжаргал нь суух гэтэл Төмөрбаатар нь тэр машинаас чирч гаргаж ирээд яг яаж зодсоныг нь харж чадаагүй гадаа харанхуй байсан. Ариунжаргал босож ирэхдээ гар өвдөөд байна гэхээр нь яасан зүгээр биздээ гэсэн чинь мэдэхгүй байна Төмөрбаатар миний дээрээс өшиглөөд дэвсээд байсан гар өвдөөд байна хоёулаа эмнэлэг явж үзүүлье гээд үзүүлсэн чинь зүүн гар нь хугарсан байсан /хх-ийн 17/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3119 дугаартай шинжээчийн”...М.Ариунжаргалын биед зүүн гарын шуу ясны далд хугарал, баруун зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Сайн ноён овогт Цэрэнбандийн Төмөрбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Төмөрбаатарт ял оногдуулахад анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг арилгасан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэв.

 

Хэрэгт хохирогч М.Ариунжаргал “Төмөрбаатараас эмчилгээний зардалд 350.000 төгрөг авсан тул одоо гомдол саналгүй /хх-ийн 27/ гэсэн бичгийн хүсэлт хавсаргасныг гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан гэж шүүх дүгнэсэн бөгөөд шүүгдэгч Ц.Төмөрбаатарыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон         

ТОГТООХ нь:

 

  1. Сайн ноён овогт Цэрэнбандийн Төмөрбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ц.Төмөрбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар  2 /хоёр/ жил  хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Ц.Төмөрбаатарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Ц.Төмөрбаатар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хохирогч М.Ариунжаргал гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурьдсугай.

 

  1. Ц.Төмөрбаатарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
  2. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ц.Төмөрбаатарт авсан “батлан даалтад өгөх” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

             

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ