Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/14

 

 

 

 

 

 

 2021         03            17                                         2021/ДШМ/14

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

                                                       Н.Гт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: М.Берикбол,

Шүүгдэгч:  Н.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Тэрбиш,

Нарийн бичгийн дарга: Л.Сувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолтой  Н.Гт холбогдох 2038004650411 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, хохирогч Д.Б нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, М овогт Н-ийн Г, ... оны 1 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ..................../.

Шүүгдэгч  Н.Г нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Бтой хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдэнд доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор  шүүгдэгч М овогт Н-гийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Моодий овогт Н.Гийг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч  Н.Г нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн 2038004650411 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч  Н.Гээс нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Н.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч  Н.Г, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш нар давж заалдах гомдолдоо: ... Шүүхээс намайг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 мянган төгрөгөөр торгож, хэргийн бодит байдлыг бүрэн бодитойгоор нотолж тогтоогоогүй, эргэлзээтэй байхад хэт нэг талыг барьж ял шийтгэл оногдуулсныг зөвшөөрөхгүй байна.

Шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 412 дугаар дүгнэлтэд: 2020-08-03-ны өдрийн эмчийн үзлэгт баруун нүд, зүүн нүд 0, нүдний даралт баруун 6, зүүн 23 гэжээ. Энэ нь гадны нөлөөтэй үүссэн гэмтэл, аль эсвэл өвчний улмаас үүссэн аль нь болох нь тодорхойгүй, гэмтэл учирсан талаар мэргэжлийн эмч, эмнэлгийн үзлэг шинжилгээ байхгүй, учирсан гэмтлийн талаар ямар нэгэн тодорхой нотлох баримт, тэмдэглэл огт байхгүй, хэрэв гэмтэл учирсан бол аль хэсэгт ямар гэмтэл учирсан талаар мөрдөгчөөс шинжээч томилох тогтоолд зааснаар шинжээчид тавьсан асуултыг бүрэн хариулж чадаагүй байна.

Шинжээч нь Д.Бын зүүн нүдэнд доргилт бүхий гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгдсэн байна гэж дүгнэсэн нь бодит үзлэгээр тогтоогдоогүй, нүдний аль хэсэгт ямар доргилт бүхий гэмтэл үүссэн нь ч тодорхойгүй, нүдний даралт өвчний улмаас 2017 онд зүүн нүд бүрэн хараагүй болсон, эмчийн хяналтад эмчлэгдэж байгаа талаар хавтаст хэрэгт байгаа иргэний эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглэгдсэнээс өөрөөр ямар ч баримтаар батлагдаж нотлогдсон гэмтэл байхгүй байна.

... Иймд шинжээчийн дүгнэлт бүрэн биш, нотлогдвол зохих баримт байхгүй байна. Шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхэд нүдний хараа зүйн тусгай мэргэжил, мэдлэг эзэмшсэн шинжээчийн багаар шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байна.

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих баримтуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах зайлшгүй шаардлагатай, дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

Хохирогч Д.Б давж заалдах гомдолдоо: Д овогтой Б би төрөлхийн хараа муу, нүдний даралт өвчний улмаас эмчийн хяналтад байдаг бөгөөд эмч нар намайг “нүдээ цохиулж, доргиулж болохгүй” гэсэн зөвлөгөө өгдөг. Гэтэл 2020 оны 7 дугаар сарын 31-нд өөрийн хамаатан болох Баянзүрх сумын иргэн Н.Гт нүдэн тус газартаа цохиулсны улмаас хөнгөн гэмтэл авч улмаар нүдний даралт харваж, нүд хараагүй болсноор би нүдэндээ хагалгаа хийлгэж, хагалгааны өмнөх болон дараах хагалгаанд орсон. Тэгээд шүүх хурлаас өмнө Г болон түүний өмгөөлөгч нар хохирлоо төлье, ах дүү улсууд ингэж ойлголцохгүй хэл ам хиймээргүй байна, би уучлал хүсч байна, эвлэрч эвлэрлийн гэрээ хийе, хохирлоо төлье гэснээр шүүх хуралдаанаас хугацаа авч эвлэрлийн гэрээ хийж шүүх хуралд орсон.  Ингээд шүүх хурлаас хойш манай эхнэр 1,433,836 төгрөгт тооцож өгсөн амралтын газар дээрх 2 шовгорыг очиж үзэхэд дээвэргүй, 5 см-ийн банзаар барьсан 2 торх байсан бөгөөд энэ нь 1,433,836 төгрөгийн үнэнд хүрэхээргүй байх тул би хохирлоо бүрэн төлүүлсэн гэж үзэх боломжгүй, намайг хуурсан байна гэж үзэж байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дахин хянаж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.Г, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, хохирогч Д.Б нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч  Н.Г нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Бтой хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдэнд доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Моодий овогт Н.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон байна.

Мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал болох “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нотлоогүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул энэ үндэслэлээр  шүүгдэгч  Н.Г, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, хохирогч Д.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны шийдвэрт  заасан тусгай мэдлэг шаардсан асуудал /шинжлэх ухаан, техник, урлаг, түүх, соёл, нягтлан бодох бүртгэл зэрэг/-ыг шийдвэрлэхийн тулд шинжилгээний объектод шинжилгээ хийж дүгнэлт гаргахыг шинжээчид даалгах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох”-д заавал шинжилгээ хийлгэнэ.

Шинжээч нь шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийж, хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлыг олж тогтоовол энэ талаар дүгнэлтдээ тусгах үүрэгтэй бөгөөд хохирогч Д.Бын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох шинжилгээ нь дээрх шаардлагыг хангаагүй гэж дүгнэв.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 412 дугаар дүгнэлтийн “Үзлэг ба шинжилгээ”  хэсэгт хохирогчийн биед гэмтэл, доргилт учирсан эсэх талаар дурдаагүй атал “Дүгнэлт” хэсэгт “Д.Бын биед зүүн нүдэнд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, дүгнэлтийн үндэслэл нь холбогдох нотлох баримтаар нотлогдоогүй байна.

Мөн шинжээчийн дүгнэлтийн “Үзлэг ба шинжилгээ” хэсэгт тусгасан 2020.08.03-ны өдрийн эмчийн үзлэгт: баруун нүд, зүүн нүд 0, нүдний даралт баруун 6, зүүн 23” гэх байдал нь гэмтлээс үүсэх боломжтой эсэх, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх  нь тодорхойгүй байна.

Шинжээч тусгай мэдлэг шаардсан асуудлын талаар үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй, дүгнэлт нь эргэлзээтэй, холбогдох хуульд заасан шаардлага хангаагүй байх тул уг дүгнэлтийг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

 Хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийн ангилал, түүнийг тогтоосон  шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн зүйлчлэл  тодорхойлогдох  тул хуульд заасан шаардлага хангасан дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Д.Бын “...дахин өөр бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах” хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхиж  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол шүүгдэгч  Н.Гт урд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРХҮҮ

           ШҮҮГЧИД                                                Л.ЭРДЭНЭБАТ

                                                                 Б.СОСОРБАРАМ