Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/01962

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/01962

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дугааэр хороо, ... дүгээр хороолол, АОС, ... дугаар байр, .... тоот хаягт оршин суух, Б овогт И-ийн Н /РД: ...../-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ....дугаар хороо, ... дүгээр хороолол, А гудамж, ..-..... тоот хаягт оршин суух, М овогт Ц-ийн С /РД: ...../-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 10,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бэ,

Гэрч Д.С, Г.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ш.Н би 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Ц.Ст Баянгол дүүргийн ....дугаар хороо, ... дүгээр хороолол, .....гудамж, .... дугаар байрны .... тоотод байрлах 35.51 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцаа 85,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч холбогдох гэрээг нотариатаар батлуулан байгуулсан юм. Гэрээний дагуу худалдан авагч тал 74,870,670 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр надад хэсэгчлэн хувааж буюу 28,470,670 төгрөгийг дансаар өгсөн, тухайн байр нь энэ үед ОИ ББСБ ХХК-ийн барьцаанд байсан, мөн өдрөө 8,800,000 төгрөгийг ач хүү Г.Тд дансаар, мөн 1,600,000 төгрөгийг бэлнээр, маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 36,000,000 төгрөгийг дансаар тус тус шилжүүлэн өгсөн бөгөөд үлдэгдэл 10,150,000 төгрөгийг ИИК ББСБ ХХК-иас зээл аваад мөнгийг маань гаргаж өнгө гэсэн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй. Миний байрыг Ц.С өөрийн өмчлөлдөө буюу нэр дээрээ бүртгүүлэн шилжүүлж аваад зээлийн барьцаанд тавьсан байна. Гэрээнд заахдаа ИИК ББСБ ХХК-иас зээлийн гэрээ нь батлагдмагц уг зээлийн орлогоосоо надад үлдэгдэл төлбөрөө төлөхөөр ярьж тохирсон боловч түүнийгээ төлөлгүй, үүргээ биелүүлэлгүй өдийг хүрээд байна. Гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардаж удаа дараа залгаж, түүнтэй холбогдохыг хүссэн боловч утсаа авахгүй, гэрийнхээ хаалгыг тайлж өгөхгүй, намайг маш их чирэгдүүлж хохироож байна. Иймд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүргийн төлбөрийн үлдэгдэл болох 10,150,000 төгрөгийг хариуцагч Ц.Саас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч Ц.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бэ миний бие тус шүүхэд хянагдаж буй И.Нгийн нэхэмжлэлтэй Ц.Ст холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн 10,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. Худалдах-худалдан авах гэрээг Ц.С байгуулсан боловч уг орон сууцыг М.Бэ би худалдаж авсан болно. Миний бие М.Бэ нь И.Нтай Баянгол дүүрэг ....дугаар хороо, ... дүгээр хороолол, .....гудамж, ... дугаар байрны ..... тоот хаяг байрлах 35.51 м/кв талбай бүхий орон сууцыг 1 м/кв-ийг нь 2,200,000 төгрөг бодож нийт 78,122,000 худалдан авахаар тохиролцсон. Дээрх орон сууцны төлбөрт иргэн И.Нд нийт 74,930,670 төгрөг төлсөн бөгөөд төлбөрийн үлдэгдэл болох 3,150,000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон. Гэхдээ 3,150,000 төгрөгийг төлөхөө баталсан бичгийг хийж өгөхдөө 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ бичгээр хийж өгсөн. 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр худалдан авсан байранд ороход нойлын өрөөний суултуур болон угаалтуурын хоолой хэсгүүд нь бөглөрч ус алдахаар нь энэ тухай мэдэгдсэн боловч тодорхой зүйл хэлэхгүй байсан. Сууц өмчлөгчдийн холбоо болон хөрш айлуудаас асууж тодруулахад уг байр сангийн асуудалтай болж таарсан. Тиймээс нойлын өрөө сангийн асуудалтай учир үлдэгдэл 3,150,000 төгрөгийг өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. Гэтэл И.Нгийн ач нь гэх Г.Т гэдэг залуу 2021 оны 12 дугаар сард Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст залилан мэхэлсэн гэж гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хаасан байдаг. Орон сууцны төлбөрөөс 36,000,000 төгрөгийг ИИК ББСБ ХХК-иас зээл авч төлсөн бөгөөд зээл авах үед тухайн банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн барьцааны үнийн 40 хувиар зээл олгоно гэсэн учир бид орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнийг худалдан авч буй үнээс өндрөөр буюу 85,000,000 төгрөгөөр гэрээндээ бичсэн тул нэхэмжлэгч И.ннь энэ гэрээний үнийн дүнг үндэслэж үлдэгдэл 10,150,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дараахь нотлох баримтуудыг хавсаргажээ. Үүнд, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 3241 тоот худалдах-худалдан авах гэрээ, нэхэмжлэгч И.Н, хариуцагч Ц.С нарын иргэний үнэмлэх, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ........... дүгээр гэрчилгээг гарган өгсөн.

 

4. Хариуцагч шүүхэд хариу тайлбарын хамт Хаан банк ХХК дахь М.Бийн эзэмшлийн .............. тоот дансны депозит дансны хуулга, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 9352636 дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Г.Т, М.Бэ нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, ИИК ББСБ ХХК болон Ц.С нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн.

5. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2022/0798 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Прокурорын газраас Г.Тгийн гаргасан мэдүүлгийг, Үнэгүй групп ХХК-иас Баянгол дүүргийн ....дугаар хороо, ...... тоот орон сууцыг худалдан борлуулахаар зарлал нийтэлсэн талаарх баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч И.ннь хариуцагч Ц.Ст холбогдуулан гэрээний үүрэгт 10,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Ш.нби 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Ц.Ст Баянгол дүүргийн ....дугаар хороо, .... дүгээр хороолол, .....гудамж, .... дугаар байрны .... тоотод байрлах 35.51 м/кв орон сууцаа 85,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч холбогдох гэрээг нотариатаар батлуулан байгуулсан юм. Гэрээний дагуу худалдан авагч талаас 74,870,670 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр надад хэсэгчлэн хувааж буюу 28,470,670 төгрөгийг дансаар, мөн өдрөө 8,800,000 төгрөгийг ач хүү Г.Тд дансаар, мөн 1,600,000 төгрөгийг бэлнээр, маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 36,000,000 төгрөгийг дансаар тус тус шилжүүлэн өгсөн бөгөөд үлдэгдэл 10,150,000 төгрөгийг ИИК ББСБ ХХК-иас зээл аваад мөнгийг маань гаргаж өнгө гэсэн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан ба үндэслэлээ Хариуцагч Ц.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бэ миний бие тус шүүхэд хянагдаж буй И.Нгийн нэхэмжлэлтэй Ц.Ст холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн 10,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. Худалдах-худалдан авах гэрээг Ц.С байгуулсан боловч уг орон сууцыг М.Бэ би худалдаж авсан болно. Миний бие М.Бэ нь И.Нтай Баянгол дүүрэг ....дугаар хороо, ... дүгээр хороолол, .....гудамж, ........ дугаар байрны ....... тоот хаяг байрлах 35.51 м/кв талбай бүхий орон сууцыг 1 м/кв-ийг нь 2,200,000 төгрөг бодож нийт 78,122,000 худалдан авахаар тохиролцсон. Дээрх орон сууцны төлбөрт иргэн И.Нд нийт 74,930,670 төгрөг төлсөн бөгөөд төлбөрийн үлдэгдэл болох 3,150,000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон гэж тайлбарлажээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарам хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 3241 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ........... дүгээр гэрчилгээ, Хаан банк ХХК дахь М.Бийн эзэмшлийн .............. тоот дансны депозит дансны хуулга, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 9352636 дугаартай шилжүүлгийн мэдээлэл, Г.Т, М.Бэ нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, ИИК ББСБ ХХК болон Ц.С нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зохигчдын тайлбар, гэрч Г.Т, Д.С нарын мэдүүлгээр дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч И.Н, хариуцагч Ц.С нар нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүрэг ....дугаар хороо, . дүгээр хороолол, .....гудамж, .. дугаар байрны ..... тоот хаяг байрлах 35.51 м/кв талбай бүхий орон сууцыг 85,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, хариуцагч Ц.С нь гэрээний үүрэгт 74,870,670 төгрөгийг төлсөн, гэрээний үлдэгдэл төлбөрт 10,129,330 төгрөгийг төлөөгүй байна.

 

6. Дээрх үйл баримтаас үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр, нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

7, Нэхэмжлэгч нь гэрээний зүйл буюу орон сууцныг 85,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэж, хариуцагч тал орон сууцыг 78,122,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон гэж тайлбарлаж байгаагаас үзвэл орон сууцыг хэдэн төгрөгөөр худалдах-худалдан авахаар зохигчид харилцан тохиролцсон нь маргааны зүйл болж байна. Харин гэрээний үүрэгт хариуцагч Ц.С нь 74,870,670 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй болно. Нэхэмжлэгч И.Нгийн нэхэмжлэлийн ... орон сууцаа хариуцагч Ц.Ст 85,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэх хэсэг, зохигчдын хооронд байгуулагдсан 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний 3.1-т Гэрээний зүйлийн үнэ: Үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 85,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов гэх тохиролцоо нь гэрч Г.Тгийн шүүх худалдаанд ... нэхэмжлэгч И.ннь миний эмээ байгаа юм. Тэрээр өнгөрсөн жил буюу 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн ....дугаар хороо, ..-..... тоот орон сууцаа иргэн Ц.Ст 85,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон гэх мэдүүлгээр батлагдаж байх тул зохигчид тухайн орон сууцны үнийг 85,000,000 төгрөгөөр тогтоож худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэлслэлтэй. Иймд гэрээний үлдэгдэл /85,000,000 - 74,870,670 = 10,129,330 төгрөг/ 10,129,330 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас /10,150,000 - 10,129,670 = 670/ үлдэх 670 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

8. Хариуцагч нь орон сууцыг 78,122,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон гэж маргаж, татгалзлын үндэслэлээ нотлохоор гэрчээр Д.Сийг шүүх хуралдаанд оролцуулсан, мөн прокурорын байгууллагаас Д.Тгийн мэдүүлгийг шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулсан боловч дээрх нотлох баримтууд нь худалдах-худалдан авах гэрээгээр үгүйсгэгдэж байна.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 177,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Саас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл 10,129,330 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 670 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 177,019 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР