| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 307/2025/0194/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/226 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/226
2025 05 06 2025/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0194/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагчаар Ч.Мядагбадам,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2518000000249 дугаартай хэргийг 2025 оны 04 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан- Уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийх ял,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил, 06 сарын хугацаагаар хорих ял,
Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960,000 төгрөгөөр торгох ял,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 16,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ******* ,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” зөрчил үйлдэж жолоодох эрхээ 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1 жилийн хугацаагаар хасуулсан атлаа 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын *******ийн нутаг дэвсгэрт байрлах Чулуутхайрхан хүнсний дэлгүүрийн хажуугийн шороон зам дээр 3,89 хувийн согтолттойгоор мөнгөлөг саарал өнгийн ******* улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь:
Гэрч *******: “...Дархан сум *******ийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийгээд явж байхад гудамж эргээд нэг саарал өнгийн Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэл урд салхины шил нь хагарчихсан байдалтай орж ирэхээр нь би зогсоож шалгасан. Очоод тухайн жолоочийг очиж шалгахад жолооч нь эрэгтэй хүн байсан. Бичиг баримтаа шалгуулна уу гэхэд ах нь эрхээ хасуулчихсан, уучлаарай гэж байсан. Тэгэхээр нь би за та юутай ч буугаад ирээч, танаас архи согтууруулах ундааны зүйл үнэртээд байна шалгаадахъя гэж хэлсэн. Тэгээд согтуурал хэмжих багажаар тухайн жолоочийг үлээлгэж шалгахад 3.89% согтолттой гарсан ба Дархан-Уул аймагт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан ******* гэж хүн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13/,
2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан” талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 08-11/,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******гийн жолоодох эрхийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн 2024/ЗШ/4533 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 65-67/,
Яллагдагч *******гийн “...Тухайн өдөр 12 цагийн үед би дэлгүүрээс 0.33 литрийн Хараа архи аваад гэртээ ирээд ганцаараа уучихсан юм. Тухайн архиа ууж дуусгаад гэртээ унтаж байгаад орой 22 цагийн үед сэрээд эхнэрийн нэр дээр байдаг ******* улсын дугаартай Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа Дархан сумын *******т байдаг Чулуутхайрхан хүнсний дэлгүүрээс тамхи аваад буцаад гэр лүүгээ явж байх үед зам дээр цагдаа нар зогсоогоод намайг шалгаж саатуулсан юм. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 11 дүгээр сард гэрийнхээ ойролцоо согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдаж 1 жилээр хасуулж 7 хоног баривчилгаанд явж байсан юм. Миний очсон дэлгүүр манай гэрээс 100 метр зайтай байдаг болохоор би согтуугаар 100 метр орчим зайд тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 20/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 16,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байх тул энэ тогтоолоор торгох ял шийтгэх үндэслэлгүй гэж үзэв.
Шүүгдэгч нь өмнө удаа дараа ял шийтгүүлж байсан байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт “...эхнэр маань жирэмсэн, анх удаа л хүн шиг амьдрал зохиож үр хүүхэдтэй болох гэж байна, цаашид хичээж амьдрах болно, хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байж чадна” гэж мэдүүлсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, ял эдлэх бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 16,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16,000,000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 16,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16,000,000 төгрөгөөр торгох ял, энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД