Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2022/02005

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2022/02005

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ... дугаар хороо, Тахилтын ....... тоот хаягт оршин суух, Х овогт Чын А /РД: ........./-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ..... дүгээр гудамж, ӨО ХХК-ийн хашаанд оршин суух, И овогт Д-ийн Н /РД: ........../-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.А,

Хариуцагч Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ч.А би хариуцагч Д.Нтай 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулан хүүгүйгээр 12,000,000 төгрөгийг зээлдүүлж, хариуцагчийн Төрийн банкин дахь .......... тоот данс руу нь шилжүүлсэн. Зээлийг 6 сарын хугацаатай буюу 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эргүүлж өгөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл эргүүлж өгөхгүй байх тул хариуцагч Д.Нгаас үндсэн зээлийн төлбөрт 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч энэ 12,000,000 төгрөг бол зээл байгаагүй, харин хариуцагч Д.Нгаас нэхэмжлэгч Ч.А би Баянгол дүүргийн .. дугаар хороо, ...... дугаар гудамж, .... тоот хаягт байрлах, 442 м/к талбай бүхий газрыг худалдах авахаар шилжүүлсэн төлбөр юм. Газрын бичиг баримтын зөрчилтэй асуудлаас болоод нэр шилжих боломжгүй болсон тул гэрээнээсээ татгалзаж, өгсөн мөнгөө буцааж авахаар шаардаж байна гэв.

 

2. Хариуцагч Д.Нгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Д.Н миний бие нь 12,000,000 төгрөгийг зээлж аваагүй, харин өөрийн амьдарч байгаа Баянгол дүүргийн ... дугаар хороо, ТЭЦ ...-ийн ... дугаар гудамж, .... тоот хаягт байрлах, 442 м/к талбай бүхий газраа 12,000,000 төгрөгөөр Ч.Ат худалдахаар тохиролцож Төрийн банкин дахь дансаараа шилжүүлж авсан. Энэ мөнгөөр нь жижиг машин авсан, тэр машиныг дүү маань унаж явж байгаад осолд оруулчихсан, үлдсэн мөнгөөр нь бага сага өр төлбөр байснаа төлсөн, тэгээд ахуй амьдралдаа зарцуулаад дууссан. Газрын нэр шилжих боломжгүй болсон тул наймаа аргагүй эрхэнд буцах болсон. Нэхэмжлэгчийн 12,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөх саналтай байна гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дараахь нотлох баримтуудыг хавсаргажээ. Үүнд, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2914 тоот зээлийн гэрээ, нэхэмжлэгч Ч.А, хариуцагч Д.Н нарын иргэний үнэмлэхний хуулбар, Хаан банк ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шилжүүлгийн мэдээллийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гарган өгчээ.

 

4. Хариуцагч Д.Н 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд хариу тайлбараа гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч Д.Нд холбогдуулан гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Ч.А би хариуцагч Д.Нтай 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулан хүүгүйгээр 12,000,000 төгрөгийг зээлдүүлж, хариуцагчийн Төрийн банкин дахь .......... тоот данс руу нь шилжүүлсэн. Зээлийг 6 сарын хугацаатай буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр эргүүлж өгөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл эргүүлж өгөхгүй байх тул хариуцагч Д.Нгаас үндсэн зээлийн төлбөрт 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч энэ 12,000,000 төгрөг бол зээл байгаагүй, харин хариуцагч Д.Нгаас нэхэмжлэгч Ч.А би Баянгол дүүргийн ..... дугаар хороо, ТЭЦ ....-ийн ... дугаар гудамж, ...... тоот хаягт байрлах, 442 м/к талбай бүхий газрыг худалдах авахаар шилжүүлсэн төлбөр юм. Гэвч газрын бичиг баримтын зөрчилтэй асуудлаас болоод нэр шилжих боломжгүй болсон тул гэрээнээсээ татгалзаж, өгсөн мөнгөө буцааж авахаар шаардаж байна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн ба төлбөрийг 3 сарын хугацаанд төлнө гэж тайлбарлажээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2914 тоот зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд, нэхэмжлэгч Ч.А, хариуцагч Д.Н нар нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хүүгүйгээр зээлдүүлсэн гэх боловч шүүх хуралдаанд зохигчдын гаргасан ... энэ бол зээлийн төлбөрөө байгаагүй, харин хариуцагч Д.Нгийн эзэмшлийн Баянгол дүүргийн .. дугаар хороо, ТЭЦ ..-ийн....... тоот хаяг байрлах, 442 м/кв талбай бүхий газрыг 12,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар төлсөн төлбөр гэх тайлбараас үзэхэд зохигчдын хооронд зээлийн гэрээ биш худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба нэхэмжлэгч Ч.А нь гэрээний үүрэгт газрын үнэ 12,000,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн ........ тоот данснаас Төрийн банкин дахь хариуцагч Д.Нгийн эзэмшлийн .......... тоот данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр, нэхэмжлэгч шаардах эрхтэй. Худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагч Д.Н нь эрхийн болон биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан ... газрын нэр шилжээгүй тул наймаа буцсан гэх тайлбараас үзвэл хариуцагч газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар дээрх шалтгаанаар нэхэмжлэгч Ч.А гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

 

7. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Д.Нгаас 12,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.Ат олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 206,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч Д.Нгаас 12,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.Ат олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 177,019 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР