| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 195/2025/0919/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1180 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Эрдэнэзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1180
2025 04 29 2025/ШЦТ/1180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,
улсын яллагч Эрдэнэзаяа /томилолтоор/
хохирогч *** түүний өмгөөлөгч Б.Ууганбаатар
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн яллагдагч ***д холбогдох эрүүгийн 2405044100045 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч: “Гэм буруу дээр маргахгүй тул мэдүүлэг гаргахгүй.” гэсэн,
Хохирогч: “2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *** найзтайгаа хамт пиво ууж байгаад *** гэдэг найзтайгаа уулзах гээд очиход *** хамт байсан. Бид нар хамтдаа хэдэн пиво уугаад явах гэтэл *** явуулахгүй байсан. Бид нар буудалд ороод пиво ууж байхад *** гаднаас орж ирээд маргаан болоод намайг эхнэртэйгээ хардаад зодсон.” гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.
Хоёр. Эрүүгийн 2405044100045 дугаартай хэргээс:
2. Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “Би 10 дугаар хороолол 4 байр 69 тоот гэртээ байж байтал багын найз *** 2024 оны 10 дугаар сарын 15-ны 20 цагийн үед залгаад “хаана байгаа юм бэ, уулзъя ” гэж ярихаар нь гэрээсээ гараад Улаан цав зочид буудлын 1 давхарт байдаг хоолны газарт ороод ярилцаад шар айраг уусан юм. *** эхнэртэйгээ муудалцсан явж байна гэж ярьсан. Бид хоёр 02 цаг өнгөрч байхад Саппорогоос салаад *** согтсон байсан болохоор дуудлагын жолооч дуудаж өгөөд гэр лүү нь явуулсан. Би ***г эхнэртэй нь эвлэрүүлэх гээд эхнэр *** руу нь залгаад “хаана байгаа юм бэ, уулзъя” гэхэд 10 дугаар хорооллын “Auroro” зочид буудлын ресторан пабад нь байна, одоо гарах гэж байна, хүрээд ир гэсэн юм. Би “Auroro” зочид буудалд очиход *** нэг эмэгтэй найзтайгаа хамт байсан. Би найзыг нь танихгүй, анх удаа харсан, нэрийг нь *** гэдэг гэсэн. Тэгээд юм ярьж сууцгаах уу гэж би хэлтэл *** *** хоёр баар орж бүжиглэе гээд бид 3 арав дугаар хорооллын “Стелла” баар орж бүжиглээд 04 цагт гарсан. Тэгээд “Улаан цав” гэх нэртэй 3 дугаар эмнэлгийн зүүн талд байдаг зочид буудалд юм ярьж сууя гээд 4 давхарт 403 тоотод өрөө захиалаад ***, *** бид 3 ороод юм яриад сууж байтал ***гийн утас дуугараад гарч нөхөртэйгөө ярьчхаад ирье гээд өрөөнөөс гараад утсаар яриад байсан. /юу ярьсан талаар нь мэдэхгүй байна/ Төд удалгүй өрөөнд орж ирээд бид хоёртой юм яриад сууж байтал дахиад ***гийн утас дуугараад нөхөр нь видео каллаар ***тай ярьсан. *** нөхөртөө *** бид хоёрыг харуулаад бид 3 хамт байна, юм яриад сууж байна гэсэн. Тэгтэл цаанаас нь нөхөр нь хаана байгаа юм бэ, наана чинь яваад очъё гээд тасалсан. Төд удалгүй /хэдэн минутын дараа гэдгийг санахгүй байна/ ***гийн нөхөр гэх намхан нуруутай, махлагдуу биетэй 30 гарсан /миний үеийн байх/ гэмээр залуу гаднаас орж ирээд би орон дээр сууж байтал ойртож ирээд миний нүүрэн тус газар гараараа /аль гараараа цохисныг санахгүй байна/ нэг удаа цохисон. Миний ухаан балартаад цааш юу болсныг санахгүй нэг ухаан ороод харахад би доош тонгойгоод газар сууж байсан, тэр залуу миний хэвлий тус газар хөлөөрөө /аль хөлөөрөө гэдгийг санахгүй байна/ өшиглөсөн. /хэдэн удаа гэдгийг нь санахгүй байна, давтамжтай өшиглөөд байсан/. Тэгээд ***, *** хоёр тэр залууг холдуулж салгаад цагдаа дуудсан. Би *** болон нөхрийг нь танихгүй, тухайн өдөр анх удаа харсан. Уг асуудал болох үед хажууд *** болон *** хоёр байсан. *** 88034653 дугаарын гар утастай, ***тай холбогдох утсыг мэдэхгүй байна. Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, дээд талын үүдэн 2 шүд хөдөлж эмтэрсэн, доод талын үүдэн 1 шүд эмтэрсэн, толгой өвдөж байна. Өөр учирсан гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гомдолтой байна, эмчилгээний зардлаа гаргуулмаар байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15 дахь тал),
- 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дахин өгсөн: Багын найз ***н эхнэр ***, түүний найз *** нарын хамт /03 цаг болж байсан гэж санаж байна/ “Улаан цав” зочид буудалд ороод 1 давхарт угтагчаас өрөө асууж 4 давхарт /тоотыг санахгүй байна/ өрөө захиалаад тухайн буудлаас Харбин нэртэй шилтэй пиво /5-6 ширхэг пиво авсан гэж санаж байна/ аваад тооцоог би дансаар хийчхээд захиалсан өрөөндөө орсон. Тэгээд бид гурав юм яриад сууж байтал ***ын найз болох эмэгтэй /***/ өрөөнөөс гарч ороод утсаар яриад яваад байсан. Тэгтэл *** тэр эмэгтэйгээс хэнтэй яриад байгаа юм бэ гэж асуухад нөхөртэйгөө ярьж байна гэсэн. *** видео каллаар нөхөртэйгөө ярьж байхдаа *** бид хоёрыг харуулсан, би утсыг нь аваад нөхөртэй нь ярьсан. Ярихдаа ***н найз байгаа юм аа, хүрээд ирээрэй гээд хэлсэн, уурлаж муудалцаж маргалдсан зүйл байхгүй. Төд удахгүй би орон дээр сууж байсан ба *** *** 2 цаад талын орон дээр сууж байгаад ***гийн нөхөр болох залуу ирээд хаалга тогшиход *** босож хаалга тайлж өгсөн. Би мэндлэх гээд бостол тэр эрэгтэй өрөөнд орж ирээд над руу ойртоод нүүрэн тус газар луу гараараа нэг удаа цохисон, миний ухаан балартаад нэг ухаан ороход газарт нүүрээ дараад тонгойгоод хэвтэж байсан. Тэр эрэгтэй дээрээс хөлөөрөө өшиглөж байсан /дэвсэж байсан/. Бид хоёрыг ***, *** хоёр салгасан байх, салгасны дараа би тэр залууд хандаж чи муу яахаараа зүгээр байгаа намайг зоддог юм бэ гээд хажууд байсан пивоны шилийг аваад би ч гэсэн чамайг зодож чадна шүү дээ гэтэл ***, *** 2 болиулсан. Би тэр эрэгтэйн биед халдаж зодсон, эсэргүүцэл үзүүлсэн зүйл байхгүй. Босоод утсаа аваад цагдаа дуудсан. Төд удахгүй цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
3. Гэрч М.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “Хамт ажилладаг найз *** тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2, 3 хоногийн өмнөөс уулзъя, завтай байна уу гээд байсан юм. Би уулзах боломжгүй байж байгаад 10 сарын 16-ны өдөр завтай байж таараад *** руу зурвас бичээд бид хоёр 3 дугаар эмнэлгийн замын урд талд байдаг “Aurora” зочид буудлын 12 давхарт байдаг ресторанд уулзахаар тохирсон. 21 цаг өнгөрч байхад бид 2 тохирсон газраа уулзаад, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд юм яриад сууж байгаад тухайн ресторан 01 цаг 30 минутад хаах үед гараад 10 дугаар хорооллын Стелла баар орох гээд явж байтал 30 гаран насны залуу хүрээд ирсэн. *** манай найз байгаа юм гэж танилцуулсан. Тэгээд гурвуулаа “Стелла” баар орж бүжиглэж байгаад 03 цаг 30 минутын үед гарцгаасан. Үүний дараа гэр гэр лүүгээ харьцгаая гээд баруун тийшээ гурвуулаа алхаад явж байтал нөгөө залуу ***тай онгорхой газар байгаа юу гээд ярилцаад байсан. Үүний дараа “Улаан цав” гэх газар луу оръё гэхээр нь би ямар газар юм бэ, би гэр лүү гээ явлаа гэтэл ганц хоёр пиво уучхаад явъя гээд байхаар нь “Улаан цав” зочид буудал руу өрөө захиалж орсон. /2 давхарт байх, сайн санахгүй байна / Ороод их удаагүй 5-10 минут орчим болж байхад нөхөр *** залгаад хаана байгаа юм бэ гэж асуухаар нь хаана байгаагаа сайн мэдэхгүй байна, 10 дугаар хороололд нэг газар сууж байна гэсэн чинь видео калл хийгээд байгаа газраа харуулаарай гэхээр нь нөхөр лүүгээ залгаад “Улаан цав” зочид буудлаас гарч байгаад байгаа газраа харуулчхаад утсаа таслахгүйгээр буцаад өрөө рүү гээ ороод өрөөний эргэн тойрныг харуулахад нөгөө эрэгтэйг наад хүн чинь хэн юм гээд асуусан. Би ***ын найз гээд тайлбарлатал хажуу талаас ***ын найз гэх залуу наад пизда чинь юу гээд байгаа юм бэ, энэ тэр гээд хэл амаар доромжлоод байсан. Гэтэл нөхөр уурлаад чи айлын эхнэрүүдийг эзгүйчлээд буудал авч ороод ямар овоо гар вэ гээд хоорондоо миний утсаар хэрэлдсэн. Тэгээд нөхөр намайг очиж авъя гээд утсаа таслаад 20 минут болсон байх, хурдан хүрээд ирсэн. Нөхөр буудлын өрөөний хаалгыг хүчтэй цохиод /хэн нь хаалга нээснийг санахгүй байна/ өрөөнд орж ирэхэд ***ын найз гэх залуу ууж байсан пивоныхоо шилийг бариад нөхөр лүү шидэх гээд далайтал нөхөр өөрийгөө хамгаалаад нүүрэн тус газар луу нь баруун гараараа 1 удаа цохисон. Үүний дараа тэр залуу нөхрийг заамдаж аваад хоорондоо ноцолдоод хамт газарт унасан. Хоорондоо ноцолдоод байсан, тэр залуу удахгүй халааснаасаа гар утсаа гаргаж ирээд цагдаа руу залгаад дуудлага өгсөн. *** тухайн залууг багын сайн найз гэж танилцуулсан. Манай нөхөр болон би урьд өмнө нь таарч байгаагүй, танихгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
4. Гэрч У.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “Мөнхтулга нь нөхөр ***н багын найз, тухайн өдөр би нөхөртэйгөө муудалцаад 21 цагийн үед байх /цагаа сайн санахгүй байна/ гэрээсээ гараад хамт ажилладаг ***тай 10 дугаар хорооллын “Aurora” зочид буудлын 12 давхарт байдаг ресторанд уулзаад ярилцаж байтал нөхрийн багын найз Мөнхтулга залгаад хаана байгаа юм бэ, та хоёр юунаас болж муудалцан юм бэ, уулзаж ярилцъя гэсэн. Утсаар ярьснаас хойш 15 минутын дараа байх Мөнхтулга ирээд өөр газар ороод ярилцаж сууя гээд 00 цаг өнгөрч байхад /цагийг тодорхой санахгүй байна/ “Aurora” ресторанаас гарсан. Мөнхтулга надад караоке оръё, эсхүл танайх руу явъя гэсэн. Хажууд байсан *** баар оръё гээд ***гийн хэлснээр бид 3 алхаад 10 дугаар хорооллын Стелла баар ороод бүжиглэж байгаад /1 цаг орчим болсон байх/ гараад такси барьж ***г гэр лүү нь явуулах гэтэл “танихгүй эрэгтэй хүнтэй чамайг ганцааранг явуулахгүй” гээд яваагүй. Тэгээд бид 3 ярилцаад буудал орж суухаар болоод 10 дугаар хорооллын “Улаан цав” зочид буудалд /хэдэн цагийн үед хэдэн тоот өрөөнд орсноо санахгүй байна/ өрөө захиалж ороод Мөнхтулга бид хоёр юм яриад сууж байтал *** өрөөнөөс гараад явчихсан байсан. Төд удалгүй гаднаас нөхөртэйгөө видео калл хийгээд орж ирээд намайг болон Мөнхтулгыг харуулахад нөхөр нь Мөнхтулга болон намайг буудалд юу хийж байгаа юм бэ, наад эрэгтэй чинь хэн юм бэ гээд элдвээр хэлээд байсан. Мөнхтулга ***д учир явдлаа хэлээд тайлбарлахад ойлгохгүй, өөдөөс нь чи ямар овоо юм бэ, хүний эхнэр дагуулж буудалд ордог чи хэн бэ гээд маргалдаад, намайг бас хэл амаар доромжлоод байсан. *** утсаа аваад буудлын хаягийг зааж өгөөд байх шиг байсан. Мөнхтулга *** нар нэгнийгээ танихгүй. Үүнээс хойш удаагүй 15-20 минутын дараа ***гийн нөхөр *** өрөөнд орж ирээд үгийн зөрүүгүй сандал дээр сууж байсан Мөнхтулгыг заамдаж аваад нүүрэн тус газар луу нь гараараа цохисон, тэгээд хоорондоо барьцалдаад зогсож байгаад нэг харахад Мөнхтулга газарт уначихсан байхад *** өшиглөж байсан. Мөнхтулга өндөр согтолттой ***г эсэргүүцэж зодолдох тэнхэл байгаагүй. Мөнхтулга чи яаж байгаа юм бэ гээд босож ирэхэд нь царайг нь харахад нүд, уруул нь хавдсан байсан. Мөнхтулга өрөөний орон дээр сууж байгаад утсаараа цагдаа дуудсан. *** бид хоёр дундуур нь орж салгах гэж үзсэн боловч бид хоёрыг *** түлхэж холдуулчхаад Мөнхтулгыг зодоод байсан.Бид хоёр салгах гээд дийлээгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
5. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №13722 дугаартай:
- *** зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт, зүүн дээд 1, 2, доод 2 дугаар шүдний паалан эмтрэл, баруун далны гадна доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ.
- Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
- Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал),
6. Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: Би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед *** намайг пивоны шилээр цохих гээд байсан тул өөрийгөө хамгаалж *** биед халдаж гэмтэл учруулснаас болоод шалгагдаж байгаа. Би уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал),
7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 71-74 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 80 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй, тооцуулахгүй болон хасуулах шинжлэн судлах дараалалтай холбоотой санал, хүсэлт гаргаагүй.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч *** нь хохирогч М.Мөнхтулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтууд зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид баримтаар учирсан хохиролд 210,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах, сэтгэл санааны хохирол, хор уршиг, шүдний эмчилгээний төлбөрийн мөнгийг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг тус тус гаргаж байна.” гэсэн,
Хохирогчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч нь гэм буруу дээр маргахгүй байх тул гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийг төлөх нь зүйтэй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 , 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчид учирсан хохиролд 7,970,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Улаан цав" зочид буудалд хохирогч ***тай 2024 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 04 цагийн үед "айлын эхнэр буудалд дагуулж ордог хэн бэ" гэж утсаар маргалдан, улмаар тухайн газарт очиж нүүрэн тус газар нь гараар цохиж, хөлөөр өшиглөж биед нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт, зүүн дээд 1, 2 доод 2-р шүдний паалан эмтрэл, баруун далны гадна доод хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “бусдад зодуулсан” гэх утгатай бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),
- Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15 дахь тал),
- 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
- Гэрч М.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
- Гэрч У.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №13722 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал),
- Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт байх тул хууль ёсны гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
1.2 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.
Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч *** эрүүл мэндэд хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдсон ба хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч нь эхнэрээ хардсаны улмаас хохирогчийг зодож бие эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.3 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
1.4 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан ба шүүх хохирол, хор уршгийн талаарх дараах байдлаар дүгнэсэн болно.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 150,000 төгрөгийн болон 56,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгсөн байх ба шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч нь 5 минутын завсарлага авч тухайн хохирлыг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана., 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэжээ.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт Сэтгэцийн шинжилгээ хийх журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэж заасан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, ХА/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1 дэх хэсэгт Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр (цаашид “хүснэгт” гэх) шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ: 2.1.1-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах) гэж, 2.3-т Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана гэжээ. Хохирогч *** нь сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн байна. (хавтаст хэргийн 44 дэх тал).
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтан буюу мөрдөгчийн эрхийг мөн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх чиг үүргийг уг хуулийн холбогдох бүлгүүдэд (6-8, 11-16, 21-32 г.м) тодорхойлон зохицуулжээ.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадалгааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.
Дээрх хуулийн эдгээр заалтад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоож болох талаар хуульчлагдаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.
2.1.1.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж зохицуулсан байна.
Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тодорхойлсон байна.
Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч *** сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад мөрдөгч түүнд хамтарсан тушаалаар батлагдсан хүснэгтийг танилцуулснаар (хэргийн 44 дэх тал) хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох боломжгүй байна.
Иймд хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон сэтгэл санааны хохирол мөн цаашид гарах хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
2.1 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг тус тус гаргаж байна.” гэсэн,
Хохирогчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн саналыг дэмжиж байна.” гэсэн дүгнэлт, тайлбарыг гаргасан.
2.2 Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ., 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ***гийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч ***г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Хохирогч *** эмчилгээтэй холбоотой эрүүл мэндийн даатгалаас гарсан 564.160 төгрөгийг шүүгдэгч ***гаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13 дахь хэсэгт “оролцогч гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг” гэж, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж тодорхойлжээ.
Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч гэдэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өөрийн гэсэн эрх, үүргийг хэрэгжүүлж оролцож байгаа хэргийн оролцогчид хамаарах субъект байх тул түүнд зохих ёсоор эрх, үүрэг танилцуулж, холбогдон гаргах санал, хүсэлтийг хүлээн авснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бие даасан оролцогч болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэж зааснаас үзэхэд дээрх зохицуулалт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагатай тохиолдолд эрх бүхий этгээдүүд заавал биелүүлэхээр үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ бөгөөд тус хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэний нэхэмжлэлтэй холбоотой санал, хүсэлт гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн энэ дагуу мөрдөгч, прокурор Иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж ерөнхийлөн заасан боловч тухайн харилцааг зохицуулсан хуулийн зүйл, заалт хоорондоо зөрчилтэй байвал шүүх нарийвчилсан зохицуулалттай хэм хэмжээг хэрэглэх нь зүйтэй бөгөөд нарийвчилсан зохицуулалт гэдэг нь хэлэлцэж буй тухайн асуудлын ерөнхий зарчим, онцлог, ухагдахууныг тодорхойлсон хэм хэмжээг хэлэх ба энэхүү зохицуулалтын үйлчлэл нь дээрх асуудалтай холбоотой тохиолдол бүрд хамаарна.
Иймд бие даасан хэргийн оролцогчоор тогтоогдоогүй Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэрийн өмнөөс нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж зааснаар хэлэлцээгүй орхиж шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.
3. Бусад асуудлын талаар: Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *** нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон сэтгэл санааны хохирол мөн цаашид гарах хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч нар гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН