2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1104

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,  

улсын яллагч Х.Билгүүн (томилолтоор),  

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

гэрч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2311023090719 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ****

Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь шинжээч шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэгт:

1.Шүүгдэгч ***гаас: Би шинжээчээр 27 жил ажиллаж байна. 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 554 дугаартай тайлангаар би Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Хулангийн тавьсан асуултын дагуу шинжээчийн дүгнэлт бичсэн. Би хуурамчаар буруу дүгнэлт гаргах байсан бол шүүгчийн тавьсан асуултад хариулахгүйгээр, асуултгүйгээр дүгнэлтийг гаргаж явуулах байсан. 554 дугаартай шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгч, хариуцагч нарын тавьсан асуулт бүрд хариулсан байдаг. Шинжээчийн дүгнэлтийг багийн бүрэлдэхүүнтэйгээр хийдэг. Захирал ***, барилгын инженер *** нар газар дээр нь очиж 120 м.кв талбайтай маргаж буй барилгыг үзэж бүх гол үзүүлэлтийг гаргаад тооцооллыг хийсэн. 12-21 дүгээр хуудаст байх материал орхигдсон гэдэг нь 544 дүгээр тайланд бүх тооцооллыг хийсэн боловч задаргааг хийгээгүй байна. Жишээ нь хавтаст хэргийн 54 дүгээр хуудаст байгаа дүгнэлтэд доороосоо 6 дахь мөрөнд 12,207,300 төгрөгийн өртөгтэй ханын блокийг нурааж, буцааж блокоор өрж суулгасан гэж тэмдэглэсэн байгаа. Харин хавтаст хэргийн 78 дугаар хуудаст байгаа 10 дугаар сарын 25-ны өдрийн 603 дугаартай тайланд доороос 7 дахь мөрөнд мөн адил 12,207,300 төгрөг гэж бичсэн, энэ нь дахин дүгнэлт гаргасан ч үнийн дүн зөрүүгүй, энэ тоо бол зөв байжээ. Барилгын инженер ***н хийж өгсөн тооцооны дагуу хэвлээд тавьсан байсан, хавсралтгүй тайланг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд хүргэж өгсөн нь миний буруу байсан. Сүүлд бид нарыг Авлигатай тэмцэх газраас дуудаж авлигын хэрэгт мөнгө авсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгагдаж, авлига аваагүй гэдэг нь тогтоогдож Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс рүү шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн мөрдөгч намайг байцаасан. Би мөрдөгчид хэлэхдээ 61,1 хувийн дүгнэлт гаргасан нь миний санамсаргүй алдаа байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Дараа нь энэ байдлаа дүгнэлтдээ алдаагаа засаж ойлгоод 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр захирал  *** албан бичгээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Хуланд хандан уучлалт хүсэж, 70 хувийн гүйцэтгэлтэй байсан талаарх дүгнэлтийг хүргүүлсэн. Миний энэ хийсэн санамсаргүй алдаа байсан. Би 70 гаран настай учир насны эрхшээлээр мартаж санах асуудал гарсан. Миний хэргийг цагаатгаж өгнө үү. гэсэн мэдүүлгийг,

            2.Гэрч ***оос: Манай байгууллага нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нэртэйгээр 1995 онд үүсгэн байгуулагдсан. *** нь 1997 оноос хойш манай байгууллагад үнэлгээчнээр ажиллаж байгаа. Тухайн маргааны хувьд хөрөнгийн үнэлгээний төвөөс урьд нь дүгнэлт гаргаж байсан талаар шүүгчид хэлсэн. Харин шүүгч тавьсан асуултууд өөр учраас өөр шинжээч томилуулаад ажиллуулаад өгөөч гэж хэлэхэд би ***г томилсон. Үнэлгээг багаараа мэргэжлийн хүмүүс хамтарч гаргадаг. Маргаантай байгаа гэдэг асуудал дээр маргалдагч талуудыг байлцуулж, шүүгчийн захирамжийн асуултад хариулсан. Тооцооллыг дараа нь багаараа хийсэн. Би захирлын хувьд дүгнэлтийг хянан баталгаажуулж, хянадаг. Авлигатай тэмцэх газраас дуудахад дүгнэлтэд техникийн алдаа гарсан талаар мэдсэн.  Тухайн үед бид нар Хөвсгөл аймаг руу томилолтоор явсан. Би гарын үсэг зураад үлдээсэн. Ширээн дээр байсан буруу тайланг өгсөн байсан. Техникийн тооцооллыг дутуу хийсэн байсан тул 70 хувь болон өөрчлөгдсөн. ***, *** бид гурав тухайн үед Хөвсгөл аймаг руу ажлаар явсан. Анх дүгнэлт гарахад тооцоолол хийгдсэн байсан, харин эцсийн байдлаар нэгтгэгдээгүй байсан. Манай компани 11 ажилтантай, 10 ажилтан компьютер ашигладаг. *** компьютер дээр ажилладаггүй. Дутуу дүгнэлт шүүхэд гаргаж өгсөн талаар авлигатай тэмцэх газраас дуудах үед мэдсэн. *** тухайн шинжээчийн дүгнэлтэд засвар оруулж, *** бид хоёрт дахин гаргаж өгсөн зүйл байхгүй. Үнэлгээчин томилох тушаалыг би гаргасан. Манай байгууллагын эрхтэй, мэргэшсэн үнэлгээчин нь *** байгаа юм. Шинжээч өөрөө дүгнэлтээ баталгаажуулж гарын үсэг зурах ёстой. Би мэргэжлийн үнэлгээчин биш. Авлигатай тэмцэх газраас дуудагдах үед 603 дугаартай дүгнэлтийг гаргасан.гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Хоёр. Эрүүгийн 2311023090719 дугаартай хэргээс:

1. 2023 оны 10 дугаар сарын 17-ны гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 9 дэх тал),

2. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн ***ын Авлигатай тэмцэх газарт бичгээр гаргасан өргөдөл (1 дэх хавтаст хэргийн 10, 18 дахь тал),

3. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1608 дугаартай Прокурорын мэдээлэл баримт гаргуулан авах зөвшөөрөл (хавтаст хэргийн 35-36 дахь тал), уг зөвшөөрлийн дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа ***, *** нарын нэхэмжлэлтэй, хариуцагч ***т холбогдох иргэний хэрэгт үзлэг хийж баримт бичиг хуулбарлан авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал),

4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/Ш32022/16802 дугаартай захирамж (1 дэх хавтаст хэргийн 38-39 дэх тал),

5. Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтээс ***д 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10 тоот тогтоолоор мэргэшсэн хөрөнгийн үнэлгээчний эрхийг 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаагаар олгосон тухай гэрчилгээ (1 дэх хавтаст хэргийн 125 дахь тал),

6. Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 310 дугаартай албан бичиг, хавсралтад Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шинжээч  ***д 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хууль сануулан, танилцуулсан баталгааны хуудас (1 дэх  хавтаст хэргийн 185-190 дэх тал),

7. “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-ний гэрчилгээ, тус гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэл нь хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх гэсэн тухай (хавтаст хэргийн 127-128 дахь тал), 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаартай шинжээч томилох тухай захирлын тушаал (1 дэх хавтаст хэргийн 217 дахь тал),

8. “Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 544 дугаартай “Барилгын ажлын гүйцэтгэл үнэлсэн” тухай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 42-54 дэх тал),

9. “Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 дугаартай албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 55 дахь тал),

10. “Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгээр 603 дугаартай ...хариуцагч нар барилгын ажлыг орхиж явах үед барилгын дүн 129,302,000 төгрөг, 70 хувийн гүйцэтгэлтэй байсан.гэсэн барилгын ажлын гүйцэтгэл үнэлсэн тайлан (1 дэх хавтаст хэргийн 56-85 дахь тал),

11.1 Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: Би 2014 оны 04 дүгээр сарын 15-аас Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Дарь эх гэдэг газарт буюу Ерөнхий боловсролын 202 дугаар сургуулийн зүүн талд авто зам дагуу авто засварын зориулалттай 2 давхар барилгыг ***, *** нарын захиалгаар хамтран ажилладаг байсан ***ы хамтаар нийлж тухайн үеийн ханшаар 108,000,000 төгрөгөөр 2 давхар 280 м.кв талбай бүхий барилгыг барихаар гэрээ байгуулж барьж эхэлсэн. Гэтэл 2014 оны 08 дугаар сар бил үү 09 дүгээр сард ***, *** нар нь барилгын материал авах мөнгөгүй болсон гэх шалтгаанаар тухайн барилгын ажлыг зогсоосон. Тэгж зогсоохдоо цаашдаа энэ барилгыг та нараар бариулахгүй гэдгээ хэлсэн. Тэгэхээр нь бид өөрсдийн тоног төхөөрөмжөө аваад тухайн барилгаас явсан. *** бид хоёр ***, *** нарын захиалгаар тухайн авто засварын барилгыг 80-85 хувийн гүйцэтгэлтэйгээр барьчихсан, тухайн барилгын гадна пассат хэсгийг засах дутуу бусад барилгын ажил, дотор засал зэргийг бүгдийг хийчихсэн байсан. Тухайн барилгыг хүлээлгэж өгөхөд дутуу байсан ажил гэвэл автомашин орох том 3 хаалгыг хийлгэж суурилуулсан байсан боловч гагнаж бэхжүүлээгүй, 2 давхрын цонхны ялууг мөнгөгүй гэдэг шалтгаанаар арматураар холбож цутгахаар тохиролцож хийсэн, мөн гадна пассатыг хийх л дутуу байсан. Ингээд ***, *** нь нар биднээс татгалзсаны дараагаар буюу 2015 онд дээрх барилгыг бидэнд мэдэгдэхгүйгээр дуусгасан байсан. Тэгснээ Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “*** бид хоёроос ажил гүйцэтгэлийн үлдэгдэл 73 сая төгрөгийг гаргуулан авах"-аар нэхэмжлэл гаргасан байсан. Ингээд тухайн иргэний хэргийн анхан шатны шүүхээс ***, *** нарын нэхэмжлэлийг хангасан. Тэгэхээр нь тухайн шийдвэрт нь гомдол гаргаж давж заалдахад мөн л ***, *** нарын нэхэмжлэлийг хангасан. Тэгэхээр нь дээд шатны шүүхэд хандахад миний гаргасан гомдлыг хүлээж аваад анхан шатны шүүх рүү буцаасан. Буцаах болсон шалтгаан нь гэвэл миний ойлгосноор 85.5 сая төгрөгийг анхан болон давж заалдах шатны шүүх дээр бидний цалин гэж ойлгосон байсан. Гэтэл үнэн хэрэгтээ энэ 85.5 сая төгрөг нь тухайн барилгыг барихад гаргасан бүх зардал байгаа юм. Бүх зардал гэдэг нь газар шорооны ажил, тээврийн зардал, хүмүүсийн цалин мөнгө, мөн каркасаар намаг дээр барьсан барилгын материалын үнэ өртөг нь байгаа юм. Ингээд анхан шатны шүүх дээр очиход шүүхээс маргаан бүхий барилгыг тухайн үеийн ханшаар хэдэн  төгрөгөөр баригдсан эсэхэд үнэлгээний компаниар үнэлгээ гаргуулахаар шинжээч томилсон. Тэгсэн уг барилгын үнэлгээг “Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК нь гаргасан. Уг үнэлгээний компани нь манай барьсан барилгын гүйцэтгэлийг 61.1 хувь гэж гаргасан. Тухайн барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэй хийхэд нийт 159,011,100 төгрөгөөр хийж гүйцэтгэнэ гэж үнэлсэн байсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Учир нь нэгдүгээрт миний барьсан барилга 80-85 хувийн гүйцэтгэлтэй байсан. 2 дугаарт тухайн үеийн ханшаар тухайн барилгын үлдэгдэл ажлыг хийж гүйцэтгэхэд 20,0 орчим сая төгрөгөөр барьж дуусгах байсан. Гэтэл нэхэмжлэл 159,011,100 төгрөгөөр үнэлсэн байсан. Тэгэхээр тухайн барилгыг 61.1 хувь гэж гаргахаар үлдэгдэл ажил болох 38.9 хувийн 61,855,317 төгрөгийн зөрүү байгаа юм. Харин миний хувьд гүйцэтгэлийн 61.1 хувь гэж гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Би мэргэжлийн байгууллагаар тухайн гүйцэтгэлийг мэргэжлийн байгууллагаар тодорхойлоогүй. Тухайн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Одоо Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байна. Би энэ талаар мэдэхгүй. Үүнийг манай өмгөөлөгч л мэдэж байгаа, би өмгөөлөгчөөр дамжуулан бичүүлж өгье.гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 165-166 дахь тал),

11.2 Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дахин өгсөн: Би захиалагч талтай өөрийн биеэр 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажил гүйцэтгүүлэх гэрээг ***, *** гэх хүмүүстэй байгуулсан. Гэрээний нөхцөлийн хувьд гэвэл 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулж 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай 100 хувь гүйцэтгэлтэй, төлбөрийн нөхцөл нь 1 м.кв нь 385,715 төгрөг нийт барилга босож байгаа мөнгө нь 108,000,000 төгрөгөөр тохиролцож барилгын ажлыг эхлэхээр болсон. Гэхдээ тухайн үед 108,000,000 төгрөгөөр би барилгыг 100 хувь барина гэж тооцоолж бодсон боловч барилгын материалын үнэ өссөн, хөнгөмсгөөр найдаж мөнгө төгрөг хүрэлцэхгүй болсныг барилга барьж байх явцдаа мэдсэн. Тухайн газар нь хамгийн анх Баянзүрх дүүргийн Дарь эхийн НЕБ-ийн 202 дугаар сургуулийн зүүн талд байрлах авто зам дагуу авто засварын зориулалттай 2 давхар барилга барих байсан. Гэтэл хамгийн анх тэр газар нь намаг ихтэй барилга барих боломжгүй, сууринд маш их материал орохоор газар байсан. Би тухайн үедээ барилгыг хурдан дуусгахаар өөрөөсөө арматур, материал гаргаж 20,0 сая гаруй төгрөг илүү гаргаж өгсөн байгаа энэ нь хавтаст хэрэгт байгаа болно. Гэрээнд 30, 30, 30, 10 буюу 4 удаагийн гүйлгээгээр өгнө гэж заасан боловч хэзээ ч гэрээний дагуу захиалагч талаас мөнгөө өгөөгүй, би 108,000,000 төгрөг авч барилгыг гүйцэтгэх болсон боловч 85,000,000 төгрөг надад дансаар өгсөн. Тухайн үедээ миний хувьд 80-85 хувийн гүйцэтгэлтэй барьж гүйцэтгэсэн байж байтал захиалагч талаас барилгыг зогсоомоор байна, манайх мөнгөгүй болчихсон гэсэн шалтгаанаар манай барилгын бригадыг хөөгөөд явуулсан. Бид тоног төхөөрөмжөө аваад явсан. Тухайн үедээ ажлаа хийж гүйцэтгэж дуусахдаа захиалагч талд ажил хүлээлцэж өгөөгүй, ажлын зургууд байгаа. Манай байгууллага 85 хувийн гүйцэтгэлтэй хийсэн нотлох баримтууд байгаа болно. Ингээд байж байтал 2015 онд Хан-Уул дүүргийн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байсныг мэдсэн. Үүнд ажил гүйцэтгэлийн үлдэгдэл гэж 73,0 сая төгрөг нэхэмжилсэн. Би гайхаад шүүх дээр явж очоод судлаад үзтэл манай захиалагч тал бидний гүйцэтгэсэн барилгад дахин бригад оруулж 73,0 сая төгрөгөөр бариулж шүүхийн анхан шат давах дээр ялсан. Яагаад ялсан бэ гэхээр бидэнд өгсөн 85,0 сая төгрөг нь бидний цалин гэж ойлгоод шүүх дээр нэхэмжлэгч тал ялсан асуудал байгаа болно. Миний талаас захиалагч талаас өгсөн 85,0 сая төгрөгийг бүрэн барилгын материал бүрэн зарцуулсан. Энэ нь үнэлгээчний дүгнэлтэд хавсаргасан байгаа. Үүний дараа Улсын дээд шатны шүүхэд гаргасан гомдол мэдээллийг дээд шатны шүүх хүлээн авч анхан шатны шатны шүүх рүү шилжүүлж Хөрөнгийн үнэлгээ томилж үнэлгээ гаргуулахаар болсон. Ингээд хөрөнгийн үнэлгээний газрын захирал *** бидний барьсан барилгыг хамгийн анх 61,1 хувьтай барилга байна гэж дүгнэж тухайн барилга нь 100 хувь баригдахад 159,0 сая төгрөг болно гэж дүгнэсэн байсныг би няцааж авлигатай тэмцэх газарт үнэлгээчин худал дүгнэлт гаргасан байна гэж гомдол гаргасан. Яагаад үнэлгээчнийг худал дүгнэлт гаргасан гэж хардаад байгаа вэ гэхээр *** захиалагч нар өөрийнхөө талд ашигтай үнэлгээ гаргахаар мөнгө төгрөг өгсөн асуудал байж магадгүй, мөн хамгийн гол нотлох баримт нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний захирал *** нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *** танаа гэж өөрийн гаргасан дүгнэлтээсээ буцаж гаргасан дүгнэлтийнхээ 12-21 хүртэлх хуудсыг орхигдсон байна, буруу дүгнэлт оруулсан байна гэж албан бичиг бичиж гарын үсгээ зурж хүргүүлсэн байгаа болно. Хамгийн эцсийн дүгнэлтэд 75,6 хувийн гүйцэтгэлтэй барилга байна гэж дүгнэн 73,000,000 төгрөг надаас нэхэмжилж дүгнэлт гаргасан. Үүнийг шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй, яагаад гэхээр өмгөөлөгч болон хариуцагч нарын хүсэлтээр түдгэлзүүлсэн байгаа болно. Бидний зүгээс хөрөнгийн үнэлгээчний худал дүгнэлт гаргасан үйлдлийг шалгаж өгнө үү.гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 168 дахь тал),

 

12. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: Манай үнэлгээний төвд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2022/16802 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамж ирсэн. Энэ захирамжид манай “Хөрөнгийн үнэлгээний төв”-ийг шинжээчээр томилсон байсан. Үүний дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбэ 2 гудамжинд байрлалтай үйлчилгээний зориулалттай барилгад шүүгчийн захирамжид заасан асуултын дагуу шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа тухайн шүүгчийн асуусан асуултад тохирох салбар хуулиудыг мөрдөж, Олон Улсын үнэлгээний стандартын дагуу гаргасан байгаа. Олон Улсын үнэлгээний стандарт нь байнга шинэчлэгдэж байдаг. Хамгийн сүүлд 2021 онд шинэчлэгдсэн. Уг үнэлгээг гаргахдаа уг стандартыг баримталсан. Уг барилгад шинжээчээр үнэлгээний төвийн үнэлгээчин ***, үнэлгээчин, барилгын инженер *** болон миний бие оролцож дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтийг гаргахын тулд маргалдагч талуудыг бүгдийг оролцуулж газар дээр нь барилгын байдалтай танилцаж хэмжих чанар байдалд үнэлэлт дүгнэлт өгч хийсэн ажлын тоо хэмжээг тодорхойлох ажлыг хийсэн. Тухайн шинжилгээнд хамрагдаж байгаа объект нь 2014 онд хийгдэж байсан ажил байсан. Үүнийг 2014 оны байдлаар тодорхойлох ёстой. Ингэхийн тулд маргалдагч талуудыг байлцуулан газар дээр нь үзэж танилцаад ямар, ямар ажил хийсэн, ямар  ажлыг буцааж буулгасан байна, ямар ажлыг дахиж хийсэн байна гэдгийг тодорхойлно. Тухайн үед талуудыг байлцуулан газар дээр нь үзлэг хийж байх үед талууд хийсэн ажил, тоо хэмжээ, чанаргүй байдалд маргалдахгүй гэж тохиролцсон. Үүнийг би тайланд тусгасан. Үүний дараа шинжээчид тавьсан 20 асуултад хариулах тооцооллуудыг хийсэн. Монгол Улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар Олон Улсын үнэлгээний стандартыг баримталж гаргасан. Уг шинжээчийн дүгнэлтийг гаргахад миний бие газар дээр нь очиж үзлэг хийсэн, хийсэн ажлын тоо хэмжээг тодорхойлсон, ажлын чанар байдалд үнэлэлт өгөх ажлыг, тооцооллыг хянасан. Харин *** нь тооцоолол хийх, тоолол хянах, *** нь тооцоолол хийн барилгын чанар байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн. Хүн цагийн тооцоололд тооцоолол хийж график гаргах чиглэлээр ажилласан. Тухайн барилгыг бид шинжлэн судлаад 61.1 хувьтай гэж гаргасан. Хөрөнгийн үнэлгээний төв нь барилгын гүйцэтгэлийг хэдэн хувьтай байгаа эсэхийг тогтоодог. Бид энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүс байгаа. Мөн бид үнэлгээг гаргахдаа тухайн оны байдлаар бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийг бодит байдлаар судалгаа хийж гарган үнэлгээг тогтоож өгдөг. Миний хувьд ***, ***, ***, *** гэх хүмүүсийг таньдаггүй байсан. Үнэлгээ гаргасантай холбоотойгоор мэддэг болсон. Бидний дунд ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Тухайн ажлын шинжээчийн ажлын хөлс нь 3,000,000 төгрөг болсон. Үүнийг маргалдагч хоёр тал хувааж төлөхөөр болсон. Гэхдээ манай үнэлгээний төв шүүхэд ажлын хөлсний нэхэмжлэлийг явуулсан байгаа, одоогийн байдлаар ***, *** нар төлсөн байгаа. Анх шинжээчийн ажлын хөлсний талаар яриагүй. Шүүгчийн захирамжаар гаргасан, энэхүү шинжээчийн ажлын хөлс нь тарифаараа тооцвол 3,000,000 төгрөгөөс илүү гарна. Үнэлгээний төв дотооддоо 3,0 сая төгрөг гэсэн шийдвэр гаргасан юм. Ажлын хөлсийг хүн цагаар тооцож төлбөрийг бодсон байгаа.гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 170-171 дэх тал),

13. Гэрч ***н мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: Би 2022 оны 02 дугаар сард Техник технологийн дээд сургуулийг Барилгын инженер мэргэжлээр төгсөөд 2022 оны 02 дугаар сард “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-нд туслах үнэлгээчнээр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Миний ажил үүргийн хуваарь бол үнэлгээний тооцоолол, судалгаа, тайлан хийдэг. Би туслах үнэлгээчин учраас бие даан үнэлгээ гаргадаггүй, үнэлгээчидтэйгээ хамтран тайлан тооцоолол, судалгаа хийдэг. Голцуу *** үнэлгээчинтэй хамтран ажилладаг. 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаартай “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-ний захирал ***ын тушаалаар 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/Ш32022/16802 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжийн дагуу үнэлгээ хийхэд туслах үнэлгээчнээр томилогдон ажилласан. Үнэлгээчнээр *** томилогдон ажилласан. Би 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр захирал ***ын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбэ 2 дугаар гудамжны 39 тоотод байрлах авто засвар үйлчилгээний зориулалттай барилга дээр очиж үзлэг хэмжилт хийн зураг авсан. Мөн үзлэгийн дагуу гар зураг гаргаж шүүхийн захирамжийн дагуу 2014 оны байдлаар барилгын материал, ажлын хөлс, механизмын зардлын судалгааг Барилга.мн сэтгүүл, Үндэсний статистикийн 1212.мн сайт болон өөрийн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний 2014 онд хийж байсан архивын материалуудаас судалгааг хийж шүүгчийн захирамжид заасан асуултуудын дагуу төсвийн тооцооллыг үнэлгээчин ***гийн хамтаар гаргасан.  Би эхний тооцооллоороо механизмын зардлыг тооцолгүйгээр барилгын гүйцэтгэл 61.1 гэж гаргаад дүгнэлтийн нооргийг гарган үнэлгээчин ***, захирал *** нараар 2023 оны 08 дугаар сарын сүүлийн 7 хоногт байсан байх, яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна хянуулсан. Үнэлгээчин ***, захирал *** нар хянаж үзээд намайг механизмын болон бусад засварын ажлын зардлаа оруулаагүй гаргасан байна гээд буцаасан. Тэгээд механизмын зардал болон бусад зардлыг нэмж оруулж дахин тооцоолол хийхэд гүйцэтгэлийн тооцоо 70 хувьтай гарсан. Би дүгнэлтээ дахин үнэлгээчин ***, захирал *** нараар хянуулаад болсон байна гэсэн тул би 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр буюу баасан гаригт ажил тарахын өмнө дүгнэлтээ компьютероос хэвлэх команд өгөөд ажлаас гарсан. Тэгээд би бүтэн сайн өдөр нь, 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймаг руу явсан. Гэтэл *** ах эцсийн байдлаар гаргасан дүгнэлтийг намайг хэвлэж үлдээснийг мэдэлгүй, миний компьютер дээр байсан урд нь хянуулаад буцаагдсан барилгын гүйцэтгэл 61.1 хувьтай гэсэн ноорог дүгнэлтийг хэвлээд шүүх рүү хүргүүлсэн байсан. Сүүлд нь манай захирал ***ыг авлигатай тэмцэх газраас дуудахад нь бид хэд мэдээд эцсийн байдлаар гаргасан барилгын гүйцэтгэл 70 хувьтай гэсэн дүгнэлтийг зөвтгөж шүүх рүү хүргүүлсэн. Би үнэлгээчин ***д эцсийн үнэлгээг хэвлэсэн талаараа сануулж анхааруулаагүй, мөн *** хяналгүй урьд нь хянуулаад буцсан дүгнэлтийг шүүх рүү хүргүүлчихсэн алдаа гаргасан байсан. Бусдаар бол ямар нэг санаатай үйлдэл байхгүй. Би туслах үнэлгээчин болохоор надад хууль сануулаагүй. Компанийнхаа дүрэм журмын дагуу үнэн зөв үнэлгээ гаргах үүрэгтэй байдаг юм. Тэрнийхээ дагуу үнэн зөв дүгнэлт гаргасан.гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 178-179 дэх тал),

14. Гэрч ***н ажлын компьютерт үзлэг хийсэн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 86-93 дахь тал),

15. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: Би Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс хойш *** шүүгчийн туслахаар ажиллаж байна. Хөрөнгө үнэлгээний төвөөс уг дүгнэлтийг 9 дүгээр сарын хэдний өдөр хүлээн авснаа санахгүй байна. Хэргийн материалаас харахад 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс өмнө хүлээн авсан байна. Тухайн компанийн бичиг хүргэдэг ажилтан нь надад авчирч өгч байсан. Би 2023 оны 10 дугаар сарын 16-20-ны өдрийн хооронд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан сургалтад хамрагдсан. Миний ажлыг *** туслах орлож байсан. Мөн сургалтын дараа 5 хоног хуульчдын сонгон шалгаруулалт өгсөн. Тэгтэл 2023 оны 10 дугаар сарын  25-ны өдөр *** над руу чатаар “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-аас ирүүлсэн дүгнэлтийн 21 дэх хуудас нь алга байна, яасан юм бэ гэж тодруулж асуусан. Тэгэхээр нь дүгнэлтийг үдсэн үдээс нь хэвийн байгаа эсэхийг ***гээр шалгуулахад үдээс нь авагдаагүй хэвийн байсан. Тухайн үед уг дүгнэлт алдаатай гарсан талаар мэдээгүй. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр *** гэх хүн дахин дүгнэлт авчирч өгөхөд нь урд ирүүлсэн дүгнэлт алдаатай байсан байна гэдгийг мэдсэн. Манай шүүхээс болон би “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-тай танайх дүгнэлтээ буруу гаргаж ирүүлсэн байна гэж яриагүй. Оролцогч нараас ямар нэг байдлаар дүгнэлттэй холбоотой хүсэлт гаргаагүй. Тухайн хэрэг дээр өөр байгууллага дүгнэлт гаргаж байгаагүй.гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 181-183 дахь тал),

16. Гэрч Б.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: Би 2022 оны 10 дугаар сараас эхлэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн туслахаар өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа юм. Миний бие 2023 оны 10 дугаар сарын 16-ны  өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг дуустал Хулан шүүгчийн туслах ***ыг орлон ажлыг нь гүйцэтгэж байсан. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ***, *** нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 603 дугаартай албан бичгээр ***гийн гаргасан дүгнэлтийг *** гэх настай эрэгтэй хүн өөрөө авчирч өгч байсан. Тэр үед дүгнэлтийг нь харахад хуудас нь дутуу болохоор нь шүүгчийн туслах ***аас фейсбүүк чатаар асуухад хуудасны бүрэн бүтэн байдлыг шалгачих, бүрэн байвал анхнаасаа дутуу ирсэн байгаа гэж хэлэхээр нь шалгаж үзэхэд хэрэг үдсэн үдээсийг өөрчлөөгүй байсан. Тэгээд *** нь дүгнэлтээ засаад ирнэ гээд 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дахин өөрөө засаад авчирч өгсөн.гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 13 дахь тал),

17. Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дахин өгсөн: Би өмгөөлөгч авсан, гэхдээ өмгөөлөгч  хөдөө орон нутагт ажиллаж байгаа тул мэдүүлэг авах ажиллагаанд оролцох боломжгүй, одоо өгөх мэдүүлгийг өмгөөлөгчгүй өгнө. 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн Хөрөнгө үнэлгээний тайландаа үнэлгээний тооцооллын задаргааны хүснэгтүүдийг орхигдуулан өгсөн учраас шүүх цаашид асуудлыг шийдвэрлэх боломжгүй байсан. Хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг 61.1 хувь гэж бичсэн байсан. Энэ нөхцөлийг сүүлд нь мэдсэн. Шүүхийн туслах нь над руу ярьж тайлан дутуу байгаа талаар мэдэгдсэн. Шүүхийн туслах над руу ярихаас өмнө гомдол гаргагч Санчир нь үнэлгээний тайланг үзсэн юм шиг байна лээ. Тэгээд бид 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 306 тоот тайлангаар үнэлгээний материалыг засаж гаргасан. Уг тайлангаар урьд гаргасан байсан 61.1 хувийг гүйцэтгэлтэй байсан гэдгийг 70 хувийн гүйцэтгэлтэй байсан гэж зөвтгөж оруулсан. Ингээд алдааг залруулж 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх рүү 12-21 хүртэлх хуудас орхигдсон тул дүгнэлтийн хэсэгт дутуу тооцооллыг хийж дүгнэлтэд оруулсан. Бидний хариуцлагагүй байдлаас тайлан алдаатай явж ээ гэж уучлал хүссэн албан бичиг явуулсан. Би өөрийн гаргасан алдааг бол хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ алдааг санамсаргүйгээр гаргачхаад байгаа юм. Надад шүүхээс худал дүгнэлт гаргаж болохгүй талаар баталгаа авсан байсан тул би санаатайгаар худал дүгнэлт гаргахгүй. Шүүх дээр бид нарын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй асуудал зөндөө гардаг, энэ асуудлын хувьд шүүхээр хэлэлцэгдээгүй хяналтын явцдаа байсан асуудал юм. Гэтэл хариуцагч цаг хожих гэдэг юм уу яадаг юм хугацаа л авч байгаа асуудал байх гэж би үзэж байна. Уг хэрэг нь өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй 10 жил болж байгаа юм. Манай үнэлгээчин *** бид хоёр үнэлгээг гаргасан. Үнэлгээг манай захирал зөвлөх инженерийн хувьд хянаж гарын үсэг зурсан. Хуудас нь дутуу байсан учраас буруу гарсныг мэдээгүй явуулчихсан юм. Тэд нарын буруу гэж юу байх вэ. Шүүхэд өгсөн баталгаа дээр би баталгаа гаргаж гарын үсэг зурсан. *** баталгаа гаргасан эсэхийг мэдэхгүй байна. *** үнэлгээчин тооцооллын задаргааг хэвлэхдээ 12-21 хүртэлх хуудсыг орхигдуулаад хэвлэчхээд яаралтай ажлаар Хөвсгөл аймаг руу явсан байсныг би анзаараагүй дүгнэлтийг гарган шүүхэд хүргээд өгчихсөн байсан. Тухайн үед дүгнэлтийг гаргахад нэлээн хэдэн хувилбараар гарч байсан ба тэрний нэг нь 61.1 хувь гарсан байсныг би хянаагүй шүүх дээр аваачаад өгчихсөн байсан юм. Сүүлд нь бид нар нягталж сайн хянаж үзэхэд гүйцэтгэл 70 хувьтай гарсан юм. Зөндөө олон хувилбар гарган үзэж байсан, тэр үед бол 70 хувьтай гэж гарч байсан юм. 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд хүргүүлсэн дүгнэлтээ уг нь хянасан юм. Гэхдээ дүгнэлтийн задаргааны хуудсыг хавсаргаж явуулгүй байсан. ...миний энэ санамсаргүй хийсэн алдааг хялбаршуулсан журмаар хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна.гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 228-229 дэх тал),

18.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 194-198 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй, тооцуулахгүй болон хасуулах шинжлэн судлах дараалалтай холбоотой санал, хүсэлт гаргаагүй.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2022/16802 дугаартай захирамжийн дагуу 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 544 дугаартай дүгнэлтээр “Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 2 дугаар гудамж 39 тоот хаягт байрлах 280 м.кв талбай бүхий 2 давхар барилгын ажлыг хариуцагч нар орхиж явах үед барилгын ажил 61,1 хувийн гүйцэтгэлтэй байсан хэмээн зориуд худал дүгнэлт гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргаж өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна.гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс: Шүүгдэгч ***г цагаатгах байр суурьтай оролцохоо илэрхийлж дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн гол шинж нь гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр үйлдэгдэг. Өөрөөр хэлбэл хууль бус нотлох баримт үйлдэж байгаа гэдгээ ухамсарласан, гарах үр дагаврыг мэдсэн, түүнд зориуд хүргэхийг хүссэн байхыг шаардана. Хэргийн үйл баримтаас үзэхэд субьектив талын шинж болох гэм буруугийн санаатай хэлбэр тогтоогдохгүй байна. Өөрийнх нь хоёр эгч нас барсан, насны эрхшээлээр мартаж санасан гэдгээ мэдүүлдэг. Дүгнэлтийг засаарай гэж ***д хэлсэн байдаг ч засах гэсэн утга биш тооцооллыг нэмж гаргах гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл хууль сануулсан гэрчийн мэдүүлэгт “Би бүтэн сайн өдөр хэвлэх команд өгөөд Хөвсгөл аймаг явсан, урьд нь засаарай гэж хэлж байсан дүгнэлтийг *** гуай шүүхэд өгсөн байсан. Энэ талаар сүүлд мэдсэн” гэх талаар мэдүүлсэн байдаг. 61.1 хувь гэдэг тооцооллыг хийгээд дутуу байсан учир дахин нэмж тооцоолол хийгээд гаргаад ир гэж ***д хэлсэн байдаг. Тооцооллыг нэмсэн гэж хэлэхэд дүгнэлтийг шүүхэд хүргэж өгсөн үйл баримт тогтоогдож байна. Гэмт хэргийн гол үндсэн шинж халдлагын зүйл нь хуурамчаар үйлдэгдсэн нотлох баримтыг хэлж байна. Нотлох баримтын талаар Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн үйл баримтын ач холбогдол бүхий баримт сэлтийг нотлох баримт гэж үздэг. Шинжээчийн дүгнэлт бол нотлох баримтын эх сурвалжийн төрөлд хамаардаг. Худал гэдэг агуулга нь гэмт хэрэг үйлдэж байгаа гэм буруутай этгээд гэм буруугийн шууд санаатай хэлбэр, сэдэлт зорилготойгоор үйлдэж байж энэ хуурамч нотлох баримт гэдэг агуулгыг бий болгодог. Хуурамч гэдэгт зориуд зассан, өөрчилсөн, хувийн ашиг сонирхлоор хандаж хэн нэгэн оролцогчийн эрхийг хязгаарласан, илтэд тоо тэмдэглэгээг агуулгын хувьд хувиргаж шүүхэд гаргаж өгсөн зүйлийг худал, хуурамч дүгнэлт гаргасан гэж үзэх боломжтой. Харин өнөөдрийн нөхцөл байдалд хайхрамжгүй хандсан, мартсан, сольсон зүйл байна гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт миний үйлчлүүлэгч хэлж байгаа нь гэрч ***н мэдүүлгээр нотлогдож байна. Энэ нь санаатайгаар нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн субьектив шинжийг хангахгүй байна. Мөн тухайн шинжээчийн дүгнэлтийг *** хийсэн бөгөөд бичиг баримтыг засварлах ажлыг хариуцаж байсан. Харин гарын үсэг зурсан гэдэг утгаар ***г буруутгаж байна. Шинжээчийн дүгнэлтийг хамтарсан багаар гаргадаг талаар гэрч *** мэдүүлсэн. Шууд санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх тохиолдолд мэдсээр байж үйлдлээрээ дэмжлэг үзүүлсэн хүмүүс байна. 61,1 хувийг засах биш нэмээд 70 хувь болгоорой гэсэн үүргийг ***д өгсөн. Энэ тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтийг зориуд санаатайгаар, ашиг сонирхлын үүднээс буруу гаргасан гэж үзэх боломжгүй байгаа тул гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзэв. Үүнд:

1.1 Прокуророос шүүгдэгч ***г шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 544 дугаартай дүгнэлтээр зориуд худал дүгнэлт гаргасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

-Иргэн ***, *** нар нь захиалагчаар, *** нь гүйцэтгэгчээр тэдний хооронд 2014 оны 4 дүгээр сард барилгын ажил гүйцэтгүүлэх хэлцэл хийгджээ. Тухайн хэлцэлтэй холбоотой маргаан гарч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн ***, *** нар нь ***т холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *** нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/Ш32022/16802 дугаартай захирамжаар “Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 2 дугаар гудамж 39 тоот хаягт байрлах 280 м2 талбай бүхий 2 давхар барилгын ажлын гүйцэтгэлийн талаар үнэлгээ хийлгэхээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.10-д “үнэлгээний хуулийн этгээд” гэж хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг ойлгоно.гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага энэ хуулийн 14.1-д заасны дагуу шалгалтын дүнг үндэслэн үнэлгээчний эрхийг иргэнд гурван жилийн хугацаагаар олгоно гэж хуульчилжээ.

“Хөрөнгө үнэлгээний төв” ХХК нь дээрх хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэй буюу хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх ба (хх127-128) шүүхийн шийдвэрийн дагуу “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаартай тушаалаар шүүхийн шийдвэрт заагдсан барилгын ажлын гүйцэтгэлд хөрөнгийн үнэлгээ хийх шинжээчийг томилсон буюу шинжээчээр *** томилогджээ. *** нь Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтээс 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10 тоот тогтоолоор мэргэшсэн хөрөнгийн үнэлгээчний эрхийг авсан байх ба тус эрх нь 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаагаар олгогджээ. Эдгээрээс үзвэл *** нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээ хийх мэргэшсэн хөрөнгийн үнэлгээчний эрхтэй субъект байна.

Шинжээч *** нь шүүхийн шийдвэрт заагдсан барилгын ажлын гүйцэтгэлийн талаар хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахад шинжээчээр оролцож   2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 544 дугаартай Барилгын ажлын гүйцэтгэл үнэлсэн тухай дүгнэлтийг шүүхэд хүргүүлсэн үйл баримт тогтоогджээ.

1.2 Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/Ш32022/16802 дугаартай захирамжийн дагуу 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд үнэн зөв шинжээчийн дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 544 дугаартай дүгнэлтээр “Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 2 дугаар гудамж 39 тоот хаягт байрлах 280 м2 талбай бүхий 2 давхар барилгын ажлыг хариуцагч нар орхиж явах үед барилгын ажил 61.1 хувийн гүйцэтгэлтэй байсан” хэмээн зориуд худал дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 09 дүгээр сард гаргаж өгсөн буюу шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан болох нь

- 2023 оны 10 дугаар сарын 17-ны гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 9 дэх тал),

-2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн ***ын Авлигатай тэмцэх газарт бичгээр гаргасан өргөдөл (1 дэх хавтаст хэргийн 10, 18 дахь тал),

- Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа ***, *** нарын нэхэмжлэлтэй, хариуцагч ***т холбогдох иргэний хэрэгт үзлэг хийж баримт бичиг хуулбарлан авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал),

- Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 183/Ш32022/16802 дугаартай захирамж (1 дэх хавтаст хэргийн 38-39 дэх тал),

-Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтээс ***д 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10 тоот тогтоолоор мэргэшсэн хөрөнгийн үнэлгээчний эрхийг 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаагаар олгосон тухай гэрчилгээ (1 дэх хавтаст хэргийн 125 дахь тал),

- Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 310 дугаартай албан бичиг, хавсралтад Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шинжээч  ***д 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хууль сануулан, танилцуулсан баталгааны хуудас (1 дэх  хавтаст хэргийн 185-190 дэх тал),

-“Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаартай шинжээч томилох тухай захирлын тушаал (1 дэх хавтаст хэргийн 217 дахь тал),

-“Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 544 дугаартай “Барилгын ажлын гүйцэтгэл үнэлсэн” тухай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 42-54 дэх тал),

-“Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/20 дугаартай Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ...захирамжийн дагуу 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн №1 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу баригдсан “Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 2 дугаар гудамжны 39 тоот хаягт байрлах 280 м.кв талбай бүхий 2 давхар барилгын тооцоог 2014 оны байдлаар тооцоо хийж 9 дүгээр сарын 8-ны өдөр 544 дугаартай тайланг хүргүүлсэн боловч бидний хариуцлагагүй байдлаас тайлангийн тооцооны хэсэг болох 12-21 хүртэл хуудас орхигдсон, мөн дүгнэлт хэсэгт дутуу тооцсон үеийн буруу дүгнэлт оруулсан байна.гэсэн албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 55 дахь тал),

- “Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгээр 603 дугаартай ...хариуцагч нар барилгын ажлыг орхиж явах үед барилгын дүн 129,302,000 төгрөг, 70 хувийн гүйцэтгэлтэй байсан.гэсэн барилгын ажлын гүйцэтгэл үнэлсэн тайлан (1 дэх хавтаст хэргийн 56-85 дахь тал),

- Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 165-166 дахь тал),

-2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 168 дахь тал),

- Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 170-171 дэх тал),

- Гэрч ***н мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 178-179 дэх тал),

- 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн гэрч ***н ажлын компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 86-93 дахь тал),

- Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 181-183 дахь тал),

- “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаар шинжээч томилох тухай захирлын тушаал (1 дэх хавтаст хэргийн 217 дахь тал),

- Гэрч Б.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 13 дахь тал),

- Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 228-229 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт байх тул хууль ёсны гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгов.

1.3 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс шүүгдэгч ***гийн үйлдэлд шууд болон шууд бус субьектив шинж тогтоогдоогүй, урьд нь засаарай гэж хэлж байсан дүгнэлтийг *** шүүхэд өгсөн, тооцооллыг нэмсэн гэж хэлэхэд дүгнэлтийг шүүхэд хүргэж өгсөн, гэмт хэргийн халдлагын зүйл хуурамчаар үйлдэгдсэн нотлох баримтыг хэлэх ба худал гэдэгт санаатай, сэдэлт зорилгоор  байж хуурамч нотлох баримт болно. Хуурамч гэдэгт зориуд зассан, өөрчилсөн, хувийн ашиг сонирхлоор хандаж хэн нэгэн оролцогчийн эрхийг хязгаарласан, илтэд тоо тэмдэглэгээг агуулгын хувьд хувиргаж шүүхэд гаргаж өгсөн зүйлийг худал, хуурамч дүгнэлт гэж үзэх боломжтой ба ***гийн хувьд хайхрамжгүй хандсан, мартсан, сольсон зүйл байна гэдгээ хэлж байгаа, гарын үсэг зурсан гэдэг  утгаар ***г буруутгаж байна. Шинжээчийн дүгнэлтийг *** хийсэн, засварлах ажлыг хариуцаж байсан, хамтарсан багаар гаргасан, шинжээчийн дүгнэлтийг зориуд санаатайгаар, ашиг сонирхлын үүднээс буруу гаргасан гэж үзэх боломжгүй, гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.гэсэн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй байна. Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт нь шинжээчийн дүгнэлт ...зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.гэж, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно., 47.2 дахь хэсэгт Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална.гэж тус тус заажээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 дахь заалтад “тусгай мэдлэг" гэж хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай шинжлэх ухаан, техник технологи, урлаг, түүх, соёл, эдийн засгийн болон бусад тодорхой салбарын мэдлэгийг ойлгоно.,

4.1.4  дэх заалтад "шинжээч" гэж шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг,

4.1.8 дахь заалтад "шинжээчийн дүгнэлт" гэж хуульд заасан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангаж, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг ойлгоно.гэжээ.

Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна., 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна., 17.2-т Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна., 17.3-т Шинжилгээний байгууллагын шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр, эсхүл цахим гарын үсгээр баталгаажуулан цахим хэлбэрээр гаргана., 17.4-т Энэ хуулийн 8.2.2-т заасан шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан тохиолдолд дүгнэлтэд гарын үсэг зурж, хувийн тэмдгээр, 8.2.1, 8.2.3-т заасан этгээд дүгнэлтийг гарын үсгээр, 8.2.4-т заасан этгээд шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан бол дүгнэлтийг гарын үсэг, байгууллагын тэмдгээр баталгаажуулна.гэж тус тус заажээ.

            Дээрх хуульд заасны дагуу шинжээч *** нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд байх бөгөөд улмаар шүүхийн шийдвэрт заасан хөрөнгөд үнэлгээ хийх шинжээчээр томилогдож, хуульд заасан эрх үүрэгтэй  танилцаж, улмаар үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шинжээчийн эрх үүрэг танилцуулсан баталгааны хуудсанд гарын үсгээ зурж, баталгаажуулсны дараа тусгай мэдлэгийн хүрээнд 544 дугаартай дүгнэлтийг гаргасан байх боловч уг дүгнэлтээ барилгын ажлын гүйцэтгэлийг 61.1 хувийн гүйцэтгэлтэй гэх худал дүгнэлт гаргасан болох нь хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогджээ. Түүнчлэн шинжээчийн дүгнэлт нь хуульд зааснаар нотлох баримт, нотолгооны хэрэгсэлд хамаарах юм.

Гэтэл шинжээчээр оролцсон, шүүгдэгч *** нь 544 дугаартай дүгнэлтийг хуурамчаар гаргаагүй, харин хайхрамжгүй хандаж 12-21 дүгээр хуудсыг дутуу байсан дүгнэлт хүргүүлсэн гэж мэтгэлцэх боловч 2023 оны 9 дүгээр сард шинжээчийн дүгнэлтийг шүүхэд хүргүүлэхдээ үнэн зөв дүгнэлт гаргахаа ухамсарласан байсан бөгөөд 544 дугаартай дүгнэлтэд гарын үсгээ зурж баталгаажуулж хүргүүлсэн, ийнхүү баталгаажуулснаар дүгнэлт нь хүчин төгөлдөр гэж үзэх юм. Энэхүү шүүхэд баталгаажуулж хүргүүлсэн шинжээчийн дүгнэлтийг зохигчдод 2023 оны 9 дүгээр сард танилцуулжээ.

Үүний дараа иргэний хариуцагчаар оролцсон *** нь Авлигатай тэмцэх газарт 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шинжээчээр оролцсон ***гийн талаар гомдол гаргасан, ийнхүү шинжээч *** нь гомдолд  шалгагдаж байх хугацаандаа 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 603 дугаартай шинжээчийн дүгнэлт дахин гаргаж шүүхэд хүргүүлсэн болох нь 603 дугаартай дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, гэрч ***н компьютерт үзлэг хийсэн тэмдэглэлээр буюу, тус тэмдэглэлд шүүхэд өгсөн тайлан гэж хаягласан файлд нэвтрэхэд 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 14.00 цагт файл үүсгэж нээсэн, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 10 минутад файлд өөрчлөлт оруулж хадгалсан байгаа талаар тэмдэглэсэн зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас өөр эрх бүхий байгууллага, этгээдээр хийлгэж буй тохиолдолд эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах бөгөөд шинжээчийн дүгнэлтэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан зүйлийг тусгаж, тусгай мэдлэг эзэмшээгүй хүнд ойлгомжтойгоор салаа утга, эргэлзээ үүсгэхгүйгээр энгийн тодорхой өгүүлэмжээр, бүрэн дүүрэн илэрхийлж бичих, дүгнэх үүрэгтэй ба шүүгдэгч *** нь дүгнэлтэд 12-21 дүгээр хуудас дутуу байсныг мэдээгүй шүүхэд хүргүүлсэн гэх боловч шинжээчийн эрх үүрэгтэй танилцсан, түүнд үнэн зөв шинжээчийн дүгнэлт гаргах үүргийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр сануулсан байх бөгөөд тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтийн үнэн зөвийг *** өөрөө хариуцах, баталгаажуулах үүрэгтэй юм. Тиймээс дутуу дүгнэлт явуулсан гэх байдал нь түүний үйлдлийг үгүйсгэх нөхцөл болохгүй ба хуульд нийцэхгүй. Нөгөө талаар Авлигатай тэмцэх газарт гомдол шалгагдсаны дараа барилгын гүйцэтгэл нь 70 хувьтай болох талаар 603 дугаартай дүгнэлтийг дахин гаргасан нөхцөл байдал байна. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч ***, түүний өмгөөлөгчийн гаргаж буй цагаатгах үндэслэл тогтоогдоогүй, няцаагдаж байна.

 1.4 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээч шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан” гэж үндсэн шинжийг объектив талыг тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргах илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байх тул түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Прокуророос шинжээчийн дүгнэлтийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргаж өгсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн байх боловч хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр 2023 оны 9 дүгээр сард шүүхэд өгсөн үйл баримт тогтоогдож байх тул энэхүү хугацааг шүүх зөвтгөсөн болохыг тэмдэглэв.

             Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***г шинжээч үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

          1.5 Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг хаана төгссөн талаар тодорхой тусгаагүй байх бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шүүхийн харьяаллын дагуу гэж хэргийг тус шүүхэд  шилжүүлсэн ба шүүх хуралдаанд хэргийн оролцогчдоос шүүхийн харьяаллын талаар маргахгүй гэж илэрхийлсэн тул хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

          1.6 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу бодит хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй тул шүүгдэгч ***г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

2.1 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үнэлгээчин хийх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжээр торгох ял оногдуулах, уг ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус шүүхэд гаргаж байна” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс: Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээдэггүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоно гэж эрүүгийн хуульд заасан. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэм буруугаа хүлээж болдог. Шүүхээс гэм буруутай гэж тооцсон тохиолдолд  гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэж миний үйлчлүүлэгч хэлсэн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан хэм хэмжээг хэрэглэж өгнө үү. Мөн шүүхээс тус заалтуудыг хэрэглэх боломжгүй гэж үзвэл 5400 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү.гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

2.2 Хууль зүйн дүгнэлт:                

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ., 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус хуульчилсан.

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ***гийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч ***г “Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

3. Бусад асуудлын талаар: Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***г “Шинжээч шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн шинжээчээр ажиллах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан шинжээчээр ажиллах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч ***д оногдуулсан торгох болон эрх хасах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч нар  гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН