Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/01853

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .. дугаар хороо, .. дүгээр байр, ... тоотод оршин суух, Х ургийн овогтой О.Д /РД:...../-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар гудамж, ..... тоотод оршин суух, Х ургийн овогтой Ж. М/РД:............../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 52,429,728 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч Ж.Мд холбогдуулан түрээсийн төлбөрт 31,486,720 төгрөг, 234 ширхэг сапуд /тулаас/-ны үнэ 16,220,000 төгрөг, алданги 4,723,008 төгрөг нийт 52,429,728 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 

1.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: О.Д нь Ж.М-тэй 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 32 дугаартай Барилга угсралтын материал түрээслэх гэрээ-г байгуулсан. Энэ гэрээгээр түрээслүүлэгч О.Д -аас түрээслэгч Ж.М-д V-4 маркийн солонгос сапуд 1,000 ширхгийг хоногийн 160 төгрөгөөр тооцож сарын 4,800,000 төгрөгөөр түрээсэлсэн. Түрээсийн төлбөрийг сар бүрийн 25-ны өдөр урьдчилан төлөх гэрээтэй байсан боловч түрээсийн төлбөрөөс зөвхөн 4,800,000 төгрөг төлж үлдэгдэл 31,486,720 төгрөгийг төлөөгүй. Иймд гэрээний хугацаандаа төлбөр төлөөгүй бол хоногийн 0,5 хувийн алданги тооцож төлөхөөр тохирсон бөгөөд энэ дагуу тооцсон алданги 4,723,008 төгрөг нийт 36,209,728 төгрөг болно. Мөн анх түрээсэлсэн 1,000 сапуднаас 234 ширхгийг өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй. Үүнийг зах зээлийн ханш 80,000 төгрөгөө тооцооход 16,220,000 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас түрээсийн төлбөр 31,486,720 төгрөг, 234 ширхэг сапудны үнэ 16,220,000 төгрөг, гэрээний алданги 4,723,008 төгрөг нийт 52,429,728 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Ж.М нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.М нь тухайн үед Ж ХХК-ийн туслан гүйцэтгэгч Б ХХК-д хангамж хариуцсан ажилтан албан тушаалтай ажиллаж байсан. Б ХХК нь С шилтгээн төслийн 44 айлын барилгын Б блокын барилга угсралтын ажилд ашиглахаар түрээслэгч байгууллагуудаас сапуд болон хэв хашмал түрээслэн ашиглаж байсан билээ. 2020 онд ажил хайж байх явцад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цар тахлын улмаас хорио цээрийн дэглэм тогтоосноос төслийн талбай руу орох боломжгүй болж, түрээсийн материалын буцаалт хийх боломжгүй болсон. Түүнээс хойш цар тахлын хорио цээрийн улмаас түрээсийн материалын буцаалт хийгдэх боломжгүй байдал үргэлжилсээр 2021 оны 01 дүгээр сарын үед хөл хорио түр сулрахад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажилчдаа цуглуулж О.Д харилцагчийнхаа материал болох сапудыг 578 ширхэг 2 удаагийн тээвэрлэж, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 188 ширхэг 1 удаагийн тээврээр буцаасан билээ. Үлдэгдэл 234 ширхэг В4 тулаасыг талбайгаас олохоо байсан. Олдохгүй байгаагаа ч О.Д д хэлсэн. Тус барилгын талбайд байгаа бараа материалын харуул хамгаалалтыг гэрээгээр Т ХХК хариуцаж байсан. Талбайгаас гарсан материалыг бүртгэж гаргадаг байсан. 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тус төсөлд ажиллаж байсан Б ХХК-ийн гэрээг цуцалж, түрээсийн материалаа буцаах хугацаа өгч барилгын талбайд орох эрх хязгаарлагдсан. Миний бие 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр О.Д тай уулзаж тооцоо нийлж 10,400,000 төгрөг төлөх тооцоо нийлсэн билээ. Алга болсон бараа материалыг Т ХХК-д 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүсэлт гаргаж албан бичиг өсгөн. Санхүүжилтын үлдэгдэл тооцоог мөн адил одоог хүртэл тодорхой хариу шийдэл аваагүй. Түүнд Солонгос В4 тулаас /сапуд/ 234 ширхэг, хэв хашмал /пум/ 51 ширхэг, тус тус олдохгүй байгааг мэдсэн. Би тооцоо нийлсэн төлбөр болон тулаас /сапуд/ 234 ширхэг олж өгөх буюу төлнө гэж бодож байгаа гэжээ.

 

3.Хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгчээс барилга угсралтын материал түрээслэх гэрээ /хх-ийн 4,5/, хавсралт /хх-ийн 6,7/, орлогын баримтууд /хх-ийн 13/, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1307 тоот /хх-ийн 14/, нэхэмжлэх /хх-ийн 32/,

Хариуцагчаас Б ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 005/21 тоот /хх-ийн 22/, тооцоо нийлсэн акт /хх-ийн 23/, нэхэмжлэх /хх-ийн 24/, орлогын баримт /хх-ийн 25,26/, зарлагын баримт /хх-ийн 27/ баримт гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ж.Мтэй 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 32 дугаартай Барилга угсралтын материал түрээслэх гэрээ-г байгуулж, V-4 маркийн сапуд /В-4 маркийн тулаас/ 1,000 ширхгийг сарын 4,800,000 төгрөгөөр түрээсэлсэн. Түрээсийн төлбөр, болон гэрээн хугацаа дууссанаас хойш хэрэглэсэн хугацааны төлбөрт нийт 31,486,720 төгрөг, гэрээгээр тохирсон хоногийн 0,5 хувийн алданги 4,723,008 төгрөгийг гэрээний хугацаад төлөөгүй 10,400,000 төгрөгөөс тооцсон. 234 ширхэг сапуд дутагдуулсан бөгөөд буцааж өгөхгүй байгаа учир үнэ 16,220,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан тайлбартаа ...Цар тахлын улмаас барилгын талбай руу орох боломжгүй болж, түрээсийн зүйлийг буцаах боломжгүй болсон. Барилгын харуул хамгаалалтыг Т ХХК хариуцаж байсан бөгөөд талбайгаас 234 ширхэг тулаас сапуд алга болсон олдохгүй байгаа. Олж өгөх буюу төлнө гэж тайлбарласан байна.

 

4.Нэхэмжлэгч О.Д , хариуцагч Ж.Мнар 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 32 тоот Барилга угсралтын материал түрээслэх гэрээ бичгээр байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч нь V-4 маркийн сапуд /Ви-4 маркийн тулаас/ 1,000 ширхгийг сарын 4,800,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон байна. /хх-ийн 4-6/

 

5.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан.

 

6.Зохигчид шүүхэд гаргасан тайлбартаа тэдний хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болсон талаар маргаангүй байна.

 

7.Нэхэмжлэгч нь хариуцагчаас 1 ширхэг сапудны түрээсийн төлбөрийг хоногт гэрээгээр тохиролцсон үнэ болох 160 төгрөгөөр тооцож, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 1,000 ширхэг сапудны түрээсийн төлбөр, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 422 ширхэг сапудын түрээсийн төлбөр, 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 234 ширхэг сапудны түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн байна.

 

8.Хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсэлсэн V-4 маркийн 1,000 ширхэг сапуднаас 578 ширхгийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, 02 дугаар сарын 04-ний өдөр 188 ширхгийг нийт 766 ширхгийг буцаан өгч, талууд гэрээний дагуу төлөх төлбөр тооцоог 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нийлж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 10,400,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхөөр тооцоо нийлж гэрээний үүргийг дуусгахаар тохиролцсон байна.

 

9.Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй, 326.2-т Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж тус тус заасан.

 

10.Хариуцагч нь түрээсийн зүйл болох V-4 маркийн 1,000 ширхэг сапуднаас 234 ширхэг сапудыг түрээслүүлэгчид буцааж өгөөгүй, хариуцагч түрээсийн зүйлийг дутагдуулж алга болсон гэж тайлбарласан байх тул нэхэмжлэгч хуулийн дээрх зохицуулалтын дагуу түрээсийн болон хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг, түрээсийн зүйлийн үнийг төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

11.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Тако ХХК-ийн барааны нэхэмжлэх баримтаар 1 ширхэг сапуд 80,000 төгрөгийн үнэтэй болох нь нотлогдож байна. Иймээс нэхэмжлэгчид 18,720,000 төгрөг /234ширхэг сапудх80,000 төгрөг/-ийн хохирлыг хариуцагч хариуцах үндэслэлтэй байна.

 

12.Мөн талуудын 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл тооцоо нийлсэн актын дагуу 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 10,400,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гэрээний хэтэрсэн хугацаанд хохирол 234 ширхэг V-4 маркийн сапудын түрээсийн төлбөрт 13,478,400 төгрөг нийт 23,878,400 төгрөг болж байна.

 

13.Түрээсийн гэрээний 5.3-т түрээсийн төлбөр хугацаандаа төлөөгүй бол хоног тутамд төлөгдөөгүй нийт үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, гэрээний 5.3-т тохиролцсоны дагуу хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тооцоо нийлж 10,400,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүй тооцсон буюу 4,723,008 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна.

 

14.Нэхэмжлэгч түрээсийн урьдчилгаа төлбөрт 2,500,000 төгрөгийг авсан байх тул төлбөрөөс хасах боломжтой.

 

...Дээрхээс дүгнэвэл хариуцагч Ж.Мнь нэхэмжлэгч О.Д д түрээсийн гэрээний болон хэтэрсэн хугацааны төлбөр 23,878,400 төгрөг, хохирол 18,720,000 төгрөг, алданги 4,723,008 төгрөг нийт 47,321,408 төгрөг үүнээс урьдчилгаа төлбөрт төлсөн 2,500,000 төгрөгийг хасаж үлдэх 44,821,408 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

16.Иймд хариуцагч Ж.Мэс 44,821,408 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,608,320 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

17.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 382,058 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.. дугаар зүйлийн 1...1, 1...2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 326.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хариуцагч Ж.Мэс 44,821,408 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,608,320 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч О.Д гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.М-ээс 382,058 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР