Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2022/0904

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х****** Ш** ХХК РД:*******/,                                           

Хариуцагч: Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын хавсралтад Х****** Ш** ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А********, хариуцагчийн өмгөөлөгч Т.Э********нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Х****** Ш** ХХК нь тус шүүхэд хандан Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын хавсралтад Х****** Ш** ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Х****** Ш** ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зарласан СБДХААА/202101007/01/01 урилгын дугаартай 1-8 дугаар хорооны гэрэлтүүлгийн толгой солих цахим тендерт 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр оролцсон.[1]

2.2.Тус тендерийн материалд гүйцэтгэх ажлын цахилгааны инженерийн орон тоонд D201007186 дугаартай Цахилгаан хангамжийн инженерийн дипломтой гэх Ц********* овогтой М********* санал болгож илгээсэн.[2]

2.3. Улмаар Ц******** овогтой М********** D201007186 дугаартай Цахилгаан хангамжийн инженерийн диплом хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч Ц.Батзул хяналт шалгалт явуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, мөн хуулийн 14.5, 52.2.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулахаар 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/09 дугаартай дүгнэлтийг гаргасан.[3]

2.4. Улсын байцаагчаас дээрх дүгнэлтийг гаргахдаа Х****** Ш** ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох тус компанийн захирлаар ажилладаг Т.Г********** сонсох ажиллагаанд оролцуулж, холбогдох тайлбар, нотлох баримтуудыг гаргуулан авсан.

2.5. Нэхэмжлэгч нь тус дүгнэлтийг эс хүлээн зөвшөөрч, Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм-ийн 7.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган маргасан.

2.6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус маргааныг хянан шийдвэрлэж, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 0210 дугаартай шийдвэр гаргасан.[4]

2.7. Тус шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.[5]

2.8. Дээрх маргааныг шүүхэд хянан шийдвэрлэж байх хугацаанд маргаж буй Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаартай тушаал[6] гарч, тус тушаалын хавсралтын 1-д[7] Х****** Ш** ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдээр бүртгэжээ.

2.9. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Г********* 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03/2153 тоот албан бичгээр[8] нэхэмжлэгчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдээр бүртгэсэн бүртгэлд хамруулж, Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаал гаргасан талаар мэдэгдсэн.

2.10. Нэхэмжлэгчийн зүгээс ... маргаан бүхий 75 дугаартай тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа, тайлбар сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар аваагүй шийдвэр гаргасан. Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээд 3 жилийн хугацаанд аливаа тендерийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй болдог тул Сангийн яам эрх ашиг хөндөгдөж буй талуудад сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулж, тайлбар гаргах бололцоог олгох үүрэгтэй. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/09 дугаартай дүгнэлтэд нэхэмжлэгч тал хуульд заасан журмаар шүүхэд гомдол гаргасан, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад ийнхүү тушаал гаргасан нь үндэслэлгүй ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.11. Хариуцагчийн зүгээс ... Хуульд зааснаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөхөд улсын байцаагчийн дүгнэлт гаргасан байх үйл баримт л хангалттай бөгөөд улсын байцаагчийн хяналт шалгалт хийсэн асуудлаар дахин тендер оролцогчдыг сонсох, эсхүл улсын байцаагчийн саналаас зөрүүтэйгээр бүртгэхгүй байх хууль зүйн боломжгүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : ... Х****** Ш** ХХК нь Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан Сүхбаатар дүүргийн 18 хорооны гэрэлтүүлгийн толгой солих тендерт оролцсон. Тус тендерт оролцохдоо цахилгааны инженерт санал болгосон Ц**** овогтой М********** Шинжлэх ухаан технологийн их сургуулийн цахилгааны инженер гэсэн бакалаврын мэргэжлийн дипломыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр Сангийн яамны худалдан авах ажиллагааны байцаагч хяналт шалгалт явуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт илт худал бүхий тендерийн баримт ирүүлсэн үндэслэлээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан иргэдийн бүртгэлд хамруулахаар 2021 оны 10 сарын 11-ний өдөр УБ09 дугаартай дүгнэлт гаргасан. Хуулийн дагуу манайх гомдол гаргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 03 сарын 22-ны өдрийн 0210 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Тус шийдвэрт нэхэмжлэгч Х****** Ш** ХХК болон гуравдагч этгээдээр М**** нар давж заалдах журмаар гомдол гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г****** 2022 оны 04 сарын 11-ний өдөр албан бичгээр мэдэгдэл ирүүлсэн. Уг мэдэгдэлд тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан бүртгэлд танайхыг бүртгэсэн гэсэн. Тиймээс Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа тайлбар авах ажиллагаа явагдаагүй. Х****** ХХК, М****** нарт сонсох ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй. Тушаал гарах үндэслэл болсон улсын байцаагчийн дүгнэлтэд маргаан үүсэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байх үед Сангийн сайд тушаал гаргасан. Энэ мэдэгдэл ирснээс хойш бид нар 05 сарын 08-ны өдөр Сангийн яаманд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хүчингүй болгосон байна гэдэг гомдол гаргасан. Энэ баримт хэрэгт авагдсан. Улсын байцаагчийн дүгнэлтийг шийдвэрлэсэн Давж заалдах шатны шүүхийн магадлал 05 сарын 11-ний өдөр, Улсын дээд шүүхийн тогтоол гарсан. 04 сарын 06-ны өдөр Сангийн сайдын тушаал гараад 04 сарын 11-ний өдөр манай байгууллагад мэдэгдсэн. Шийдвэр гарахын өмнө мэдэгдэл ирэх ёстой байтал дараа нь ирсэн. 3 жилийн хугацаанд энэ компани тендерт оролцох боломжгүй болсон. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас ямар ч үйл ажиллагаа явуулж чадаагүй байхад арай гэж тендерт оролцоход санал болгосон цахилгааны инженерийн диплом хуурамч гэдэг үндэслэлээр дахиад үйл ажиллагааг нь зогсоочихсон. Диплом хуурамч гэдгийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоох эрхгүй. Боловсролын яамнаас лавлагаа авах ёстой байтал ганцхан сургуулиас нь тодорхойлолт аваад шийдчихсэн. Гуравдагч этгээдээр М****** оролцуулж тайлбар авах ёстой байсан. Тиймээс 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын Х****** Ш** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

3.2. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Э********шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Сангийн сайдын тушаал гарахад танилцуулаагүй гэдэг. Гэтэл тухайлсан хуулиар буюу Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулж байгаа. Түүний дагуу худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг тодорхой хугацаанд хязгаарлаж байгаа эрх зүйн харилцаа. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521 дэх хэсэгт заасан эрх бүхий улсын байцаагч албан тушаалтны шийдвэрийг үндэслэн гэж заасан. Өөр этгээдэд сонсох ажиллагаа явуулах, дахин хууль зүйн дүгнэлт үйл баримтын талаар тогтоох бүрэн эрхийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Сайдад олгоогүй. Засгийн газрын 274 дүгээр тогтоолоор баталсан тендерт оролцох эрхийг хязгаарласан бүртгэл хөтлөх журам гэж байгаа. Мөн адил Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулна гэж тогтоосон зүйл байхгүй. Яагаад хууль тогтоогч ингэж тухайлан зохицуулсан бэ гэвэл улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд бие даасан хараат бус байдлаар төрийн захиргааны төв байгууллага улс төрийн албан тушаалтнаас хараат бус байх зорилгоор бие даан шалгаж тогтоодог зүйлийг төрийн байгууллагын ямар нэг нэгж дахин шалгах, өөрчлөх үндэслэлгүй гэдгийг заасан байгаа. Хуурамч диплом үйлдсэн гэх иргэнтэй холбоотой тушаалыг гаргаагүй. Бие дааж эрх эдлэн үүрэг хүлээдэг Х****** Ш** ХХК-тай холбоотой тушаал гарсан. М****** холбоотой хуурамч дипломын асуудал тусдаа асуудлаар шийдэж байгаа. Сайдын тушаалтай холбоотой дахин сонсох ажиллагаа явуулах татан оролцуулах Х****** Ш** ХХК-ийн өмнөөс М****** тайлбар мэдүүлэг авах нь үндэслэлгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бол Үндсэн хуулиар баталгаажсан эрх. Шууд эрх зүйн хамгаалалт тогтоодог үр дагавар хэдийгээр бий болдог вэ гэвэл шүүх тухайлан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамж гарснаар бий болдог болохоос нэхэмжлэл гаргаснаар тухайн байгууллагын үйл ажиллагаа зогсохгүй. С***** гаргасан шийдвэр хүчин төгөлдөр байсан. Харин ч Сангийн сайдын зүгээс нэхэмжлэгчийг шүүхэд хандах, маргах эрхийг тодорхой хугацаанд олгосон. Тэгээд анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа тушаал гарсан. Түүнээс биш шүүхээс гарсан эрх зүйн хамгаалалтыг зөрчөөд шийдвэр гаргасан зүйл байхгүй. Улсын байцаагч инженерийн диплом хуурамч байсан эсэх асуудлыг тогтоох эрхгүй байхад 3 шатны шүүх хэлэлцэхгүй гэж тогтоосон. Шүүхийн систем өөрөө эрхийг нь зөрчсөн юм шиг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Улсын байцаагч ямар асуудлаар дүгнэлт гаргахыг тухайлан заасан. Хуурамч баримт бичиг үйлдэхдээ ямар арга хэрэглэсэн нь эрүүгийн хэрэгтэй холбоотой. Байцаагч бол худалдан авах ажиллагааны цахим системд тухайн компанийн тоон гарын үсгээр баталгаажуулаад ирүүлсэн тендер нь бодит байдал дээр байдаггүй, тухайн сургуулиас гараагүй үйлдэж байгаагүй дипломын хуулбар байна гэдгийг тогтоогоод илт хууль бус тендерийн мэдээлэл гэж үзсэн. Харин Х****** Ш** ХХК тухайн ажилтныхаа эсрэг гомдол гаргаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор тогтоогдоод явах боломжтой. Сангийн сайд юм уу, Худалдан авах ажиллагааны газар эрхийг нь зөрчсөн зүйл байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ агуулгаар хүсэлтээ гаргадаг. М***** ажилтны дипломын хуурамч эсэхийг шинжилгээний байгууллагаар тогтоолгоё гэснийг шүүхээс хангаагүй, түүнийг нь давж заалдах шатны шүүхээс хангаагүй. Энэ асуудлыг эцэслэн шийдсэн учраас маргааны зүйл болохгүй. Тэгэхээр эрх зүйн хамгаалалт тогтоогдоогүй байхад тогтоогдсон мэтээр шүүхэд тайлбарлаж Сангийн сайдын тушаалыг хүчингүй болгуулах гэж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчийн зүгээс Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаартай тушаал, түүний хавсралтын 1-д[9] Х****** Ш** ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдээр бүртгэснийг хууль бус гэж маргаж байна.

2. Маргаж буй Сангийн сайдын 75 дугаартай тушаалын эрх зүйн голлох үндэслэлүүдийг үзэхэд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.1.14 дэх заалтыг баримталжээ.

3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ. гэж заажээ.

4. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт Энэ хуулийн дагуу худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж, дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд мөн зүйлийн 52.1.14 дэх заалтад энэ хуулийн 14.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх; гэж зохицуулжээ.

5. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам нь тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх эрх хэмжээтэй этгээд байх бөгөөд ингэж хөтлөхдөө эрх бүхий улсын байцаагчаас мөн хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай шийдвэр гарсан тохиолдолд холбогдох этгээдийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулахаар хуульчилсан байна.

6. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбар зэргээс үзэхэд, нэхэмжлэгч Х****** Ш** ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зарласан СБДХААА/202101007/01/01 урилгын дугаартай 1-8 дугаар хорооны гэрэлтүүлгийн толгой солих цахим тендерт оролцсон байх бөгөөд энэ тендерт оролцохдоо бүрдүүлсэн материалд гүйцэтгэх ажлын цахилгааны инженерийн орон тоонд D201007186 дугаартай Цахилгаан хангамжийн инженерийн дипломтой гэх Ц******** санал болгосон боловч тухайн диплом нь хуурамч талаар маргаан бүхий асуудал гарчээ.

7. Улмаар Ц******** овогтой М********** D201007186 дугаартай Цахилгаан хангамжийн инженерийн диплом хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч Ц.Б***** хяналт шалгалт явуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, мөн хуулийн 14.5, 52.2.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулахаар 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/09 дугаартай дүгнэлтийг гаргасан байна.

8. Дээрх УБ/09 дугаартай дүгнэлтийн эсрэг нэхэмжлэгчийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 0210 дугаартай шийдвэрээр шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 316 дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

9. Дээрх шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6, 9 -д заасан хэсгүүдэд улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/09 дугаартай дүгнэлт хуульд нийцсэн талаар эрх зүйн дүгнэлтийг нэгэнт хийсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасны дагуу улсын байцаагчийн дүгнэлттэй холбоотой үйл баримтын талаарх асуудлыг шүүх дахин дүгнэж нотлохгүй, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч ... шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтын ... талаар маргах эрхгүй.

10. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай эрх бүхий улсын байцаагчийн шийдвэр буюу энэ тохиолдолд УБ/09 дугаартай дүгнэлт гарсан байх тул түүнийг үндэслэн Сангийн сайдаас 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Х****** Ш** ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдээр бүртгэсэн байгааг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ... хариуцагч нь маргаан бүхий 75 дугаартай тушаалыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулах ёстой байсан ... гэх агуулгатай тайлбарыг гаргасныг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Тодруулбал:

12. Захиргааны эрх зүйн онолын хувьд, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа-г бүхий л захиргааны акттай холбогдуулан хийх ёстой гэж үзэхгүй.

13. Өөрөөр хэлбэл, захиргааны акт гарах болсон үндэслэлээс хамааруулан сонсох ажиллагаа хийх асуудлыг ялгамжтай байдлаар авч үзэх учиртай бөгөөд тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар Сангийн сайд нь мөн хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай эрх бүхий улсын байцаагчийн шийдвэр гарсан тохиолдолд аливаа этгээдийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулахаар императив байдлаар тогтоосон байгаа энэ тохиолдолд сонсох ажиллагаа хийх боломжгүй бөгөөд энэ агуулгаар шүүхээс сонсох ажиллагаа хийх ёстой гэж дүгнэх боломжгүй.

14. Харин эрх бүхий улсын байцаагч дээрх хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоохоор дүгнэлт гаргахдаа сонсох ажиллагааг зайлшгүй хийх ёстой бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч Ц.Б**** нь УБ/09 дугаартай дүгнэлтийг гаргахдаа 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр сонсох ажиллагаа явуулсан[10] болох нь тогтоогдож байна.

15. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа ... улсын байцаагчийн УБ/09 дугаартай дүгнэлттэй шүүхийн журмаар маргаж байхад хариуцагч Сангийн сайд 75 дугаартай тушаалыг гаргасан нь буруу ... гэх агуулгаар тайлбарласныг шүүх үндэслэлгүй гэж үзсэн.

16. Учир нь, хууль зүйн утгаараа нэхэмжлэгчийн зүгээс Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн УБ/09 дугаартай дүгнэлттэй шүүхийн журмаар маргасан явдал нь Сангийн сайдаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасан чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шууд нөлөөлөх, түүнийг зогсоох үндэслэл болохгүй, түүнчлэн, улсын ахлах байцаагчийн УБ/09 дугаартай дүгнэлттэй маргасан эсэхээс үл хамаарч Сангийн сайдаас гаргасан 75 дугаартай тушаалын эсрэг шүүхийн журмаар маргах эрх нээлттэй, тийм учраас энэхүү захиргааны хэрэгт Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаартай тушаалын эсрэг нэхэмжлэгч маргаж байх тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордоогүй, дордох боломжгүй гэж үзнэ.

17. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

18. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШЗ2022/5573 дугаартай захирамжаар[11] нэхэмжлэгчийн зүгээс гаргасан маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг тухайн захиргааны актыг нотлох баримтын шаардлага хангуулж ирсний дараа хэлэлцэхээр тогтсон байх бөгөөд уг хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх үе шатанд нэхэмжлэгчийн зүгээс шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтгүй гэсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг, 52.1.14 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х****** Ш** ХХК-иас Сангийн сайдад холбогдуулан гаргасан Сангийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын хавсралтад Х****** Ш** ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ