Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 277

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Б.Мэндсайхан

шүүгдэгч Ө.Мөнгөншагай, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол улсын иргэн 1992 оны 6 дугаар сарын 14-нд Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт  Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 4-12 тоотод оршин суудаг,  урьд нь

Сонгинохайрхан дүүргийн шүүхээр 2007 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар Ө.Мөнгөншагайг эцэг Ш.Өлзийбаяр эх М.Оюун нарын хяналтанд байлгасан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхээр  2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, /РД:НР92061416/, Жаал овогт Өлзийбаярын Мөнгөншагайд холбогдох 201726020455 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн аваад хянан хэлэцэв.

 

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр.

Ө.Мөнгөншагай 2017 оны 02 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн хашаанд машины зогсоолоос болж муудалцан иргэн Д.Саранчулууны нүүрэн тус газар цохиж догшин авирлаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ө.Мөнгөншагай шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Надад шүүхэд нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой ял шалгах хуудас /хх-ийн 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49/, жолоочийн лавлагаа /хх-ийн 60/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56/, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 58/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Ө.Мөнгөншагай 2017 оны 02 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн зогсоол дээр иргэн Д.Саранчулуунтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Саранчулууны”...би 2017 оны 02 дугаар сарын 03-наас 4-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Хар хорин” худалдааны төвд мах зарах талбайд оочерлож байгаад өглөө 9 цагийн орчим  талбай олоод махаа зараад зогсож байтал 25 орчим насны өндөр залуу хүрч ирээд наадах чинь миний зогсдог талбай байна, чи зайл гэхээр нь би чадахгүй, би өөрөө оочерлож авсан юм гэтэл тэр залуу машинаасаа бууж ирээд миний микрог өшиглөсөн юм, тэгтэл тэр залуугийн ээж нь бололтой эмэгтэйтэй учраа олох гээд ярилцаад байж байтал тэр залуу машинаараа миний машиныг түрэхээр нь би тэр залуугийн машиныг гараараа цохитол тэр залуу машинаасаа бууж ирээд машины түлхүүрээр миний нүүрийг цохичихсон юм. Тэгээд би авга ах Батчулуун руу залгаад болсон асуудлын талаар хэлтэл Батчулуун ах хүрч ирээд цагдаа дуудсан юм...”  /хх-ийн 10-11/ гэсэн,

 

гэрч Б.Лхамсүрэнгийн:..”2017 оны 02 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвийн В секторын баруун талд нөхөр Мөнгөншагай, ээж Оюуны хамт мах борлуулахаар зогсдог газраа ирсэн юм. Эхлээд ээж машинаас буугаад нөгөө залуутай уулзтал нөгөө залуу нь ерөөсөө холдохгүй гарахгүй гээд байсан тухайн үед би машинд нүүрээ будаад сууж байсан ба болсон явдалыг харсан. Ингээд манай нөхөр машинаасаа буугаад гарчих л даа гэж нөгөө залуу хэлээд машинаа тулгаад тавьсан. Нөхөр маань тэр залуутай ярилцаж байгаад машиндаа суусан тэгээд машин асаалттай байсан. Нөхөр маань машинаасаа буугаад нөгөө залуутай дахиад ярилцах гэтэл тэр залуу манай нөхрийг багалзуурдчихсан зогсож байсан, манай нөхөр баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон чинь дух орчмоор нь цус гарчихсан зогсож байсан...хохирогч зогсоол тавьж өгөхгүй маргалдаад байсан мөн манайх уг газраа зогсох гээд төмөр ширээ гинжлээд цоожлоод тавьчихсан байсан. Өглөө нь ирэхэд гинж нь салчихсан хохирогч нь машинаа оруулаад зогсоочихсон байсан. ... манай нөхөр түлхүүр гартаа барьсан байхдаа цохиогүй машин хэрэг гарах үед асаалттай нормалдаж байсан. /хх-ийн 37/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2413 дугаартай.     Д.Саранчулууны биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй./хх-ийн 13/ гэсэн дүгнэлт,

хохирогчоос гаргаж өгсөн эмчилгээний гэх баримтууд /хх-ийн 66/, хохиролын мөнгө 200.000 төгрөг хүлээн авсан гэх баримт /хх-ийн 67/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Эдгээр бичгийн баримтуудаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлд заасан “өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүргийг хүлээхгүй” байх эрхтэй Ө.Мөнгөншагай өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн:

мөрдөн байцаалтын явцад Ө.Мөнгөншагай”...2017 оны 02 дугаар сарын 4-ний өдөр Хар хорин зах руу өглөө 9 цагийн үед машинтайгаа мах зарах гээд орсон тэгтэл урьд миний гинжилсэн зогсоол руу машин ороод зогссон байсан миний гинжийг тасалсан байсан. Тэгээд би тэр залууд хандаад наанаасаа гараа хөгшөөн наадах зогсоолыг чинь би гинжилсэн байсан, чи гинжийг нь яах гэж тасалсан юм бэ гэж хэлэхэд урдаас би таслаагүй гарахгүй гэж хэлээд урдаас салаавч өгөөд мах тавьсан төмөр ширээг гаргаад тавьсан байсан тэгээд би хэсэг машиндаа суугаад машины араас нь очиж зогсоод тулгаад тавьсан тэгтэл тэр залуу миний машиныг мөргөлөө гэж хэлээд машины цонх руу юу нь мэдэгдэхгүй зүйлээр цохисон тэгэхээр нь би бууж ирээд би машиныг чинь мөргөөгүй байна тулгаад л тавьсан байна ш дээ гэтэл намайг багалзуурдаад авахаар нь би бас гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэгтэл тэр залуугийн хөмсөгнөөс цус гарсан тэгээд 2-уулаа салаад өөр зогсоолд зогсоод тэр залуутай уулзаад учир зүйгээ олохоор болсон, тэгээд учир зүйгээ олсон өөр зүйл болоогүй...би Саранчулууныг баруун гараараа нэг удаа цохисон өөр цохиж зодсон зүйл байхгүй. Бид өөр хоорондоо гомдол саналгүй болсон...надад ходбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. /хх-ийн 15-16/ гэсэн  мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдож байх тул яллагдах үндэслэл болно.

 

Прокуророос Ө.Мөнгөншагайд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч  Жаал овогт Өлзийбаярын Мөнгөншагайг үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж  танхайрайх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ө.Мөнгөншагай урьд нь шүүхээр ял шийтгэгдэж байсан байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар түүний ялтай байдал дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүхээс Ө.Мөнгөншагайд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Жаал овогт Өлзийбаярын Мөнгөншагайг үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ө.Мөнгөншагайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/  сар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Ө.Мөнгөншагайд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Ө.Мөнгөншагай цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

  1. Ө.Мөнгөншагайд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар биечлэн эдлүүлгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн хугацаанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүдэд даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Мөнгөншагайд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

  

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ