Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/15

 

 

 

 

 

 2021         04            21                                         2021/ДШМ/15

 

Г.От холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Ч.Батзориг,

Нарийн бичгийн дарга: С.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 151 дүгээр захирамжтай Г.От холбогдох 2038006150037 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ш овогт Г-ын О, ..... оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан /регистрийн дугаар ................/.

Яллагдагч Г.О нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Г.Д7032 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хүчээр оруулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 151 дүгээр захирамжаар Яллагдагч Гын От холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол яллагдагч Гын От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3006 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Хөвсгөл аймгийн прокурорын газарт буцаан хүргүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Батзориг эсэргүүцэлдээ: ... Шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

 1. Захирамжийн тодорхойлох хэсэгт: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн мөн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул яллагдагчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авч хэргийг дараах үндэслэлээр прокурорт буцаах нь зүйтэй байна” гэжээ.

Шүүгч дээрх захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа ямар нэгэн шүүх хурал, хэлэлцүүлэг хийхгүйгээр, яллагдагчийн өмгөөлөгч шүүхэд хүсэлт гаргасан бол тэрхүү хүсэлтийг шийдвэрлэх талаар шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлахгүйгээр буюу шүүх хуралдаанаар шийдвэрлэхгүйгээр шууд хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхээс хэрэг буцаах тохиолдолд заавал урьдчилсан хэлэлцүүлэг хийгдэж, хэрэг буцаах тухай уг хуулийн агуулга, конвенцийг буруу ойлгон хэрэгжүүлсэн төдийгүй, хэрэв шүүхээс хэрэг буцаах тохиолдолд мөн хуулийн 33.3 дугаар зүйл “Хэргийг прокурорт буцаах” гэсэн процесс ажиллагааны дагуу буюу мөн зүйлийн 1 дэх хэсэг “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ.’’, 33.1 дүгээр зүйлийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр... шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэсэн заалтуудын дагуу хуулийн заалтыг нэг мөр хэрэгжүүлэлгүйгээр зөрчсөн байна.

Нөгөөтэйгүүр, уг хэргийн яллагдагчийн өмгөөлөгч хэргийн талаар шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байхад “...яллагдагчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авч хэргийг дараах үндэслэлээр прокурорт буцаах нь зүйтэй байна.” гэсэн нь ойлгомжгүй, нотлох баримтад үндэслээгүй байна.

2. Шүүгчийн “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийн “ТОДОРХОЙЛОХ нь:” хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг удирдлага болгохдоо 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хэргийг түдгэлзүүлэх" заалтыг баримталсан нь шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зуйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэснийг зөрчсөн байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 151 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 151 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг шинжлэн судалбал яллагдагч Г.От холбогдох хэргийг анхан шатны шүүх нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.

Шүүхээс хэргийг прокурорт буцаах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлд хуульчилсан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед “хэргийг буруу тусгаарласан бол, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх  бол, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” зэрэг нөхцөл байдал тогтоогдвол шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаадаг.

Гэтэл анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтыг удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан нь буруу байна.

Учир нь дээрх хуулийн заалт нь хэргийг түдгэлзүүлэх ажиллагаанд хэрэглэгдэх зохицуулалт бөгөөд хэргийг прокурорт буцаахдаа энэхүү зохицуулалтыг хэрэглэсэн, шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт “Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг...” гэж шүүх хурал хийсэн мэтээр бичсэн байгаа нь “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн гэж үзэх юм.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/151 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.От урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

                          ШҮҮГЧИД                           Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                 Н.БАЯРХҮҮ