2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1107

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,  

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн яллагдагч ***д холбогдох эрүүгийн 2505000000268 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***

 

Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэхгүй  гэв.

Хоёр. Эрүүгийн 2505000000268 дугаартай хэргээс:

1. Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Иргэн *** нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23 цагийн орчимд ...бусдад зодуулсан” гэх утгатай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

2. 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 26-29 дэх тал),

3. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “*** овогтой *** /***/ гэх залуутай харьцаад нэг жилийн хугацаа өнгөрч байгаа. Өчигдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Аэромонголиа ажлын хамт олноороо *** гэх найзындаа сууцгаагаад тухайн үедээ бүгдээрээ утсаа авахгүй байхаар тохиролцсон учир найз залуу ***г залгах үед авч чадаагүй. Тэгээд өнөөдөр өглөө утсаа яагаад аваагүй талаар хэлж тайлбарлаад эвлэрсэн. 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23 цагийн орчимд хүлээж байхад гаднаас согтуу орж ирээд CU аппликейшнийн зээлийн карт кредит оноо 300.000 байснаас 52.600 төгрөг үрсэн байхаар нь “яагаад кредит авсан” талаар хэлэхэд би эмэгтэй хүнээр даалгаж мөнгө авах юм шиг харагдаад байна уу гэж босож ирээд CU дэлгүүрийн ширээ цохиод  салфетканы сав хагалсан, энэ үед нь би уурлаад салфетканы савны тагаар нь баруун талын мөр рүү нь цохисон. Тэгээд ***тэй ярилцъя гээд гадаа гарсан. Яагаад уурлаад юм эвдлээд байгаа талаар асуухад “би яасан юм” гээд нүүрээрээ над руу тулаад хана руу шахаад заамдаж аваад агсраад цаашаа түлхээд байсан боловч ойртсоор байгаад мөргөсөн. Энэ үед би газар суусан ***гийн найз *** салгаж авах гэж оролдоод дийлэхгүй байсан. Би хойшоо налж унаад уйлаад босож ирэхэд хамраас цус гарсан байхад дахин шат руу хоёр гараараа түлхэж унагаасан. Шатнаас унасны дараа босоод утсаараа цагдаа дуудах гэтэл утас булааж авсан. Тэгээд хүмүүс татаж аваад болиулах гэж байхад халааснаас нь миний утас унасан, би очиж утсаа аваад цагдаад дуудлага өгөөд мөн ***гийн ээжид нь хэлсэн. Хамар хавдаж улайсан, хоолой улайсан, баруун шанаа хавдсан. Би гомдолтой хуулийн дагуу араг хэмжээ авч өгнө үү. Шүүх эмнэлэгт үзүүлнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал),

- 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дахин өгсөн: “Баянгол дүүргийн 13 дугаар хороо, CU сүлжээ дэлгүүрийн гадна 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 23 цагийн орчимд найз залуу ***гийн *** нь архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ над руу дайрч мөргөн биед гэмтэл учруулсан асуудлаас болж цагдаад хандсан. Тухайн өдрөөс хойш *** нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч намайг эмнэлгийн байгууллагуудаар авч явж үзүүлэн шаардлагатай газарт үзүүлсэн. Мөн уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Гомдол санал байхгүй. ШШЕГ-н шинжээчид үзүүлэх шаардлагагүй. Учир нь миний сэтгэл санаа хэвийн байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),

4. Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: “2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр найз ***тэй их дэлгүүрийн ойролцоо Солонгос хоолны газарт уулзаад хоол захиалаад мөн 2 сөжү авч уусан. Тэндээс гараад хорооллын Өргөөгийн ар талын Дако төвийн CU сүлжээ дэлгүүрээс нэг пиво авч манай гэрийн гадаа уусан. Тэгээд эргээд CU сүлжээ дэлгүүрт *** болон түүний найз охин *** нартай уулзсан. CU дотор манай хоёр найз үл ойлголцол үүсгэж, хоорондоо маргалдаж байгаад гадаа гарсан. Намайг гадаа гарахад *** найз охиноо барьж байснаа түлхэж унагаж байгаа   харагдсан тул би ***г очиж салгасан. Эргээд *** руу дайраад татаад  хана руу шахаад зогсохоор нь Хүслэн андаа болиоч ээ гэхэд миний гарыг хойш татаж болиулаад ***ыг мөргөж газарт унасан. Би бас ***г холдуулсан. Удалгүй цагдаа нар ирээд ***г аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

5. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №ЕГ0725/2878 дугаартай:

            - ***ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

            - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

- Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

- Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.  гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

            6. Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “Би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Би 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, CU сүлжээ дэлгүүрийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийгөө хянаж чадахгүй толгой дух, хамар хэсэг рүү мөргөж ***ын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37-40 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас танилцуулсан нотлох баримтыг хэлэлцүүлэхгүй, тооцуулахгүй болон хасуулах шинжлэн судлах дараалалтай холбоотой санал, хүсэлт гаргаагүй.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд: “Шүүгдэгч *** нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дако” бизнес центр төвийн гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч ***ыг үл ялих зүйлээр шалтаглан толгойгоороо нүүрний хэсэгт мөргөж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтууд зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй байна.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Хавтаст хэргийн материалтай танилцахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтран амьдрах, найзалж нөхөрлөн үерхэх гэдэг ойлголтууд өөр хоорондоо зөрүүтэй асуудал юм. Хохирогчтой хамтран амьдраагүй, харин үерхэж байсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дако бизнес центр” төвийн гадна 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр найз нөхдийн харилцаатай хохирогч ***ыг утсаа аваагүй гэх шалтгаанаар толгойгоороо нүүрэн хэсэгт нь мөргөж биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

-  Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Иргэн *** нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23 цагийн орчимд ...бусдад зодуулсан” гэх утгатай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

- 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 26-29 дэх тал),

- Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал),

- 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),

- Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №ЕГ0725/2878 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

- Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт байх тул хууль ёсны гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

1.2 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахыг үндсэн шинжээр, мөн зүйлийн 2 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол хүндрүүлэх шинжээр тодорхойлон хуульчилжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчид буюу эхнэр, нөхөр, гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр болон хамтран амьдрагч, гэр бүлийн гишүүдийг хамааруулахаар, мөн хуульд гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тус тус хуульчилсан.

Шүүгдэгч ***, хохирогч *** нар үерхэж, нөхөрлөж найз нөхдийн харилцаа холбоотой байсан нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүст хамаарахааргүй байна.  

Учир нь: Тэд гэрлэлтээ батлуулсан албан ёсны гэрлэгчид болон хамтран амьдарч байсан үйл баримт энэ хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж хөнгөрүүлэн зүйлчиллээ.

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч ***ын эрүүл мэндэд хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдсон ба хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

            Мөн шүүгдэгч *** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэж гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байх тул түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

            Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь маргаан үүсгэх улмаар хүний биед халдах гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

 

             Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шүүгдэгч ***г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

          1.3 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

2.1 Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймээс шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалуулах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус шүүхэд гаргаж байна.” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн дүгнэлт, тайлбарыг гаргасан.

 

2.2 Хууль зүйн дүгнэлт:                

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус хуульчилсан.

 

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ***гийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч ***г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

3. Бусад асуудлын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ***г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** н

 

ь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч нар  гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН