| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2022/01158/И |
| Дугаар | 102/ШШ2022/01707 |
| Огноо | 2022-05-03 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2022/01707
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .... дугаар хороо, ..... оффис, .... тоотод байрлах, Т ХХК /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг,... дугаар хороо, ... байр .... тоотод оршин суух, Б ургийн овогтой Б.Л /РД:............./-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,974,511 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б.Л ид холбогдуулан 2,974,511 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь төмөр замаар тээвэр зуучлалын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хариуцагчийн 4 автомашиныг 2019, 2020 онд Япон улсаас Монгол улс тээвэрлэх тээвэр зуучлалын үйлчилгээг үзүүлсэн. Хариуцагч нь өмнө нь нэхэмжлэгчээс удаа дараа тээвэрлэлтийн үйлчилгээ авдаг байсан бөгөөд урьдын харилцааны явцад тогтоосон итгэлээ үндэслэн хариуцагчид тээвэрлэсэн автомашинуудаа бүгдийг нь төлөх буюу гаалиас хүлээж авснаас хойш хуанлийн 30 хоногт үйлчилгээний төлбөрөө гүйцэтгэх нөхцөлтэйгөөр төлөх хүлээлгэж өгсөн. Учир нь хариуцагч нь автомашин худалдан борлуулдаг үйл ажиллагаа хувиараа гүйцэтгэдэг бөгөөд импортлон оруулж ирсэн автомашинуудаа худалдан борлуулсаныхаа дараа тээвэрлэлтийн үйлчилгээний хөлсөө өгөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл 2019, 2020 онд нэхэмжлэгчээр тээвэрлүүлж импортлон оруулж ирсэн сүүлийн 4 автомашиныхаа төлбөрийг харилцан тохиролцсон хугацаандаа төлөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа хариуцагчаас төлбөрийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл элдэв шалтаг хэлж өгөхгүй байгаа. Иймд хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй тээвэрлэлтийн үйлчилгээний төлбөр 1,036 ам доллар буюу 2,974,511 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, тэврийн баримт, нэхэмжлэх нотлох баримтаар гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б.Л ид холбогдуулан 2,974,511 төгрөг гаргуулахаар шаардаж нэхэмжлэл гаргажээ.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.Л ийн худалдан авсан машиныг тээвэрлэн захиалагчид хүлээлгэн өгсөн боловч ачаа тээрийн зардлаа бүрэн төлөөгүй. гэжээ.
4.Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Б.Л той япон улсаас автомашин тээвэрлэхээр харилцан тохиролцсон. Тээврийн зардлыг тухайн үеийн ханшаар тооцож авдаг байсан гэж тайлбарласан байна.
5.Талуудын хооронд ачаа тээвэр хийгддэг байсан талаар хариуцагч маргаж тайлбар гаргаагүй тул Иргэний хуулийн 386 дугаар зүйлд заасан ачаа тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
6.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
7.Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хуульд заасан эрх, үүрэг тайлбарлаж өгсөн боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
8.Шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.
9.Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн тэрчлэн шүүхэд ирж тайлбар өгөөгүй байх тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болно.
10.Хариуцагч гэрээгээр тохирсон тээврийн хөлс төлөх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан нолох баримтаар тогтоогдохгүй байна.
11.Иймд хариуцагч Б.Л оос тээврийн хөлс 2,974,511 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
12.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,215 төгрөгөөс 62,542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 145,672 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 62,542 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
13.Иймд хариуцагч Б.Л-ээс 18,297,311.21 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,502,689 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1-д заасны дагуу хариуцагч Б.Л оос 2,974,511 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,215 төгрөгөөс 62,542 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 145,672 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 62,542 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР