| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2022/00303/И |
| Дугаар | 103/ШШ2022/00327 |
| Огноо | 2022-07-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2022/00327
2022 7 27 103/ШШ2022/00327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороо, Бага гүний 12 дугаар гудамжны 3 тоотод бүртгэлтэй боловч, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 51 дүгээр байрны 9 тоотод түр оршин суух Урт овгийн Очирхүүгийн Хэрлэнтуул, Баттулгын Энхтүвшин нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Түвшинжаргал, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Түвшинжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би Хэрлэнтуул гэх эмэгтэйг сайн танихгүй, миний найз болох Мягмарсүрэнгээр дамжуулж 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг зээлдэж авсан. Энэ 2.000.000 төгрөгийг өөрийнх нь данс болох 5750590292 тоот данс руу нь шилжүүлж өгсөн. Хэрлэнтуул нь энэ мөнгөө төлж байгаад 500.000 төгрөг төлөөгүй үлдсэн байх үедээ 4.000.000 төгрөг дахин зээлдүүлээч гэсэн хүсэлтийг мөн Мягмарсүрэнгээр дамжуулан гуйсан. Ингээд О.Хэрлэнтуултай 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хуулийн дагуу зээлийн гэрээ байгуулж өөрийнх нь хүсэлтээр түүний нөхөр Б.Энхтүвшингийн данс руу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг шилжүүлсэн. Тус гэрээний дагуу зээлийн хүүг сар бүр зээлдүүлэгчид шилжүүлж байхаар тохиролцсон боловч хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчиж, гэрээ байгуулсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон зээлийн хүүг эгүүлэн төлөөгүй байна. Энхтүвшингийн данс руу 3.450.000 төгрөг шилжүүлсэн, учир нь өмнөх зээлийн үлдэгдэл 500.000 төгрөгийг хүү 50.000 төгрөгийн хамт авч үлдсэн юм. Иймд хариуцагч О.Хэрлэнтуул, Б.Энхтүвшин нараас гэрээний дагуу олгосон зээлийн төлбөр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, зээлийн хүүгийн төлбөр /90 хоног/ 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, үндсэн зээлийн алданги төлбөр /90 хоног, өдрийн 20.000 төгрөг/ 1.800.000 /нэг сая, найман зуун мянга/ төгрөг, нийт 6.400.000 /зургаан сая, дөрвөн зуун мянга/ төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хасаж тооцов/ гаргуулж нэхэмжлэгчид нөхөн төлүүлэх шийдвэрийг гаргаж өгнө үү. Зээлийн гэрээг 03 дугаар сарын 01 гэж бичсэн байгаа боловч тухайн үед би Улаанбаатарт, Хэрлэнтуул Багануурт байсан, сүүлд 04 дүгээр сарын 01-ний өдөр би Багануурт ирж Хэрлэнтуултай уулзаад гэрээнд гарын үсгээ зурсан, мөнгийг бол 03 дугаар сарын 01-ний өдрөө шилжүүлсэн, зээлийг утсаар ярьж тохиролцоод шилжүүлсэн. Хэрлэнтуул авсан зээлээ төлөхгүй гэдэггүй, төлнө, миний мөнгө бүтэхгүй байна гэсэн тайлбарыг өгдөг, энэ талаар над руу удаа дараа мессэж бичиж өөрийн дуу хоолойгоор бичлэг хийж явуулдаг байсан, би энэ бүхнийг нь баримтжуулж авсан байгаа. Өөрөө бусдад өр зээлтэй талаараа хэлсэн байдаг, тиймээс өөрийн дансаар мөнгөө авахаар татуулчихна гэж бодоод нөхрийнхөө дансаар авна гэж гэрээнд тусгуулсан гэж ойлгож байгаа. Нөхрийнхөө дансаар авна гэсэн санаачлагыг өөрөө гаргасан, нөхрийнхөө дансыг 03 дугаар сарын 01-ний өдөр чатаар над руу явуулсан, энэ талаарх баримт ч байгаа, шүүхэд хүсэлт гаргаж үзлэг хийлгүүлэн бэхжүүлж авсан байгаа гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Д.Цолмон би З.Түвшинжаргалын нэхэмжлэлтэй О.Хэрлэнтуул, Б.Энхтүвшин нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Хэрлэнтуул, Б.Энхтүвшин нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. О.Хэрлэнтуул нь нэхэмжлэгч З.Түвшинжаргалаас мөнгө аваагүй учир нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Б.Энхтүвшин нь нэхэмжлэгч З.Түвшинжаргалтай уулзаж байгаагүй, утсаар ч ярьж байгаагүй. Зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 3.450.000 төгрөг Энхтүвшингийн дансанд орж ирснийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ хэнээс ямар учиртай орж ирснийг мэдэхгүй, Түвшинжаргалаас Энхтүвшин нь мөнгө зээлье гэж хүсээгүй. Нэхэмжлэгчтэй харилцсан чат, мессэнжер нь өмнөх зээлтэй холбоотой асуудал гэж Хэрлэнтуул надад хэлсэн. Гэрээнд гарын үсэг зурсан асуудалд маргаан байхгүй, гэрээг 03 дугаар сарын 01-нд бол байгуулаагүй, бараг сарын дараа гарын үсэг зурсан гэдэг. 5750989230 данс Энхтүвшингийн данс мөн, Erdenestei emegtei гэсэн Facebook хаяг Хэрлэнтуулын хаяг мөн маргах зүйлгүй гэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээг О.Хэрлэнтуултай бичгээр байгуулж түүний гэр бүл Б.Энхтүвшингийн ХААН банкны 5750989230 тоот дансанд 3.450.000 төгрөг шилжүүлсэн, гэрээгээр сард 10 хувийн хүү төлөх, гэрээгээр тохирсон хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд 0.5 хувиар алданги төлүүлэхээр тохиролцсон гэж тодорхойлсон.
Хариуцагч О.Хэрлэнтуул нь Нэхэмжлэгчээс мөнгө аваагүй гэж, хариуцагч Б.Энхтүвшин нь Нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй гэсэн үндэслэл дурдаж шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Нэхэмжлэгчээс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ, хариуцагч О.Хэрлэнтуулын иргэний үнэмлэхийн канондсон хувь, Erdenestei Emegtei хаягнаас бичсэн мессэжний хуулбар, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. Хариуцагч талаас өөрийн шаардлага татгалзалтай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч О.Хэрлэнтуулын Erdenestei Emegtei Facebook хаягт болон нэхэмжлэгчийн гар утсанд ирсэн мессэжүүдэд үзлэг хийж бэхжүүлж авсан.
Шүүх хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Түвшинжаргал нь хариуцагч Очирхүүгийн Хэрлэнтуул, Баттулгын Энхтүвшин нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч О.Хэрлэнтуул, Б.Энхтүвшин нар нь нэхэмжлэгчээс мөнгө аваагүй, зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй тул 6.400.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч З.Түвшинжаргал, О.Хэрлэнтуул нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж уг гэрээгээр зээлдүүлэгч нь 4.000.000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч зээлийн хүүг сар бүрийн тогтсон хугацаанд зээлдүүлэгчийн 5099110808 тоот дансанд шилжүүлэх, үндсэн зээлийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн ба гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 0.5 хувиар алданги төлөх үүрэг тус тус хүлээж, зээлийг зээлдэгчийн хүсэлтээр түүний нөхөр Баттулгын Энхтүвшингийн 5750989230 дугаарын дансаар шилжүүлэн авахаар гэрээг байгуулжээ. /хх-ийн 5-6 дугаар тал/
Гэрээ байгуулсан, гэрээнд гарын үсэг зурсан талаар хариуцагч О.Хэрлэнтуул маргаагүй, харин гэрээг 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулаагүй, гэрээнд сүүлд сар орчимын дараа гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байна.
Зээлийн гэрээний 2 дахь хэсгийн 2.5-д заасан тохиролцооны дагуу зээлдүүлэгч З.Түвшинжаргал нь 3.450.000 төгрөгийг Б.Энхтүвшингийн ХААН банкны 5750989230 тоот дансанд шилжүүлсэн үйл баримт З.Түвшинжаргалын Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч Б.Энхтүвшин өөрийн дансанд мөнгө орсон эсэхэд маргаан үүсгээгүй. /хх-ийн 24 дүгээр тал/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр байгуулна гэж тус тус хуульчилжээ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан дээрх шаардлагуудыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, түүний хүү, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги шаардах эрхтэй.
Зээлдэгч О.Хэрлэнтуул нь зээлдүүлэгч З.Түвшинжаргалтай зээлийн гэрээг бичгээр байгуулж мөнгийг өөрийн дансаар бус өөрийн гэр бүлийн хүний дансаар авахаар хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд нэг заалт болгон тусгаж оруулсан, мөнгийг авч хэрэглэсэн, харин зээлийг буцаан төлөх үүргээ хэрэгжүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн болох нь:
- Зээлийн гэрээнд 2 тал гарын үсгээ зурсан, гэрээнд О.Хэрлэнтуул өөрийн иргэний үнэмлэхийг хавсаргаж гэрээг баталгаажуулсан,
- О.Хэрлэнтуул нь өөрийн зураг бүхий Erdenestei Emegtei гэх Facebook хаягнаас З.Түвшинжаргал руу 03 дугаар сарын 01-ний өдрийн 4:59 минутад 5750989230 Battulga Enkhtubshin гэсэн зурвасыг өөрийн иргэний үнэмлэхийн зурагийн хамт илгээсэн, З.Түвшинжаргал нь 3.450.000 төгрөгийг тухайн өдрийн 19:26 минутад өөрийн 5099110808 тоот данснаас Б.Энхтүвшингийн 5750989230 тоот данс руу Tuul 4 z 10% 03.01 гэсэн утгатайгаар шилжүүлсэн,
- О.Хэрлэнтуул нь 2022 оны 04 сараас 08 сар хүртэл З.Түвшинжаргал руу удаа дараа чат бичиж, өөрийн дуу хоолойгоо бичсэн бичлэгүүдийг явуулсан байх бөгөөд уг бичлэг, чатад ...Мөнгөний алданги хүү яваад удчихлаа уучлаарай, удахгүй 2 сарын хүү хийнэ. Мягаа эгчээр хэлүүлсэн болохоор санаа зовоод байна. ...Иргэний шүүхээс над руу ярьж байна. Та нэхэмжлэлээ буцаах боломж байна уу. Нэхэмжлэлээ гардаж авлаа. Би бүгдийг төлөхөөр хүлээн авлаа. Нөхрийг хамтран хариуцагчаас салгаад өгөөч, яг үнэнийг хэлэхэд ийм өндөр хүү алдангийг хэзээ ч зөвшөөрөхгүй, би өөрөө бүгдийг төлнө, мөнгөний асуудлаас болоод таарамж муутай байгаа. ...Ямар ч байсан мөнгийг хүүтэй нь бүгдийг төлнө, алдангиас татгалзах боломж байна уу ... Үнэндээ надад өөр мөнгөний асуудал байгаа учраас танаас гуйж байна. Одоо удлаа удлаа гэхэд 7 хоногийн дотор мөнгө орж ирнэ, тэгэхээр хүүг үндсэн мөнгөтэй нь өгөөд тооцоогоо дуусгая гэх зэргээр мөнгө авч хэрэглэсэн, үндсэн мөнгийг хүүгийн хамт буцаан төлөх талаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн зурвас бичлэгүүдийг явуулсан байгаа зэргээр тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Хариуцагч О.Хэрлэнтуулын нэхэмжлэгч З.Түвшинжаргал руу илгээсэн Нэхэмжлэлээ гардаж авлаа. Би бүгдийг төлөхөөр хүлээн авлаа. Нөхрийг хамтран хариуцагчаас салгаад өгөөч, би өөрөө бүгдийг төлнө. ...Ямар ч байсан мөнгийг хүүтэй нь бүгдийг төлнө, алдангиас татгалзах боломж байна уу .. гэсэн чат, болон бичлэгээс харахад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр өгсөн тухайн чат бичлэг нь өмнө авсан зээлтэй холбоотой, өмнөх чат бичлэгүүд гэсэн тайлбарыг үгүйсгэж байна.
Хариуцагч О.Хэрлэнтуулаас зээлийн төлбөрийг төлүүлэхдээ үндсэн зээлийг данснаас шилжүүлсэн 3.450.000 төгрөгөөс, зээлийн гэрээг бодитойгоор байгуулж гэрээнд 2 тал гарын үсэг зурж баталгаажуулсан гэх 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс тус тус тооцох нь зүйтэй байна. Учир : Зээлдүүлэгч мөнгийг 03 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн боловч гэрээг 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан тул энэ хугацаанд хүү алданги нэхэмжлэх эрхээ хуулиар алдсан болно.
Буцаан төлөх зээлийн төлбөрийг тооцож үзвэл 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 01 хүртэлх 2 сарын хүүд 3.450.000 х 10 хувь = 345.000 х 2 =690.000 төгрөг, алданги 3.450.000 + 690.000 = 4.140.000 х 0.5 хувь = 20.700 х 2 хоног= 41.400 төгрөг. /Алдангийг 06 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр 06 дугаар сарын 03-ны өдрөөр тооцов./ Үндсэн зээлд 3.450.000 төгрөг, хүүд 690.000 төгрөг, алдангид 41.400 төгрөг нийт 4.181.400 төгрөгийг зээлдэгч О.Хэрлэнтуулаар төлүүлэхээр шийдвэрлэж, харин хариуцагч Б.Энхтүвшингийн дансаар мөнгө орж ирсэн боловч зээлдэгчтэй зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй, түүний хүсэл зориг илэрхийлэгдээгүй үндэслэлээр түүнд холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч О.Хэрлэнтуул нь өөрийн шаардлага татгалзлаа баримтаар нотлоогүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 117.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4.181.400 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Урт овгийн Очирхүүгийн Хэрлэнтуулаас үндсэн зээлд 3.450.000 төгрөг, хүүд 690.000 төгрөг, алдангид 41.400 төгрөг бүгд 4.181.400 / дөрвөн сая, нэг зуун наян нэгэн мянга, дөрвөн зуун/, төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сартуул овгийн Зунрийн Түвшинжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.218.600 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Баттулгын Энхтүвшинд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 6.400.000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 117.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Хэрлэнтуулаас 81.852 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Түвшинжаргалд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ