Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/58

 

                                

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2521000000039 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 31 минутад хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “******* *******” ХХК-д ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 7 дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: /.

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн орчим Дорнод аймгийн сумын 07 дугаар баг тоотод байх гэртээ хамтран амьдрагч үл ялих зүйлийн улмаас маргалдаж гар утас толгой руу нь шидэж духанд нь язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж гаргах тайлбар байхгүй...гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тохиролцсоныг хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа учраас Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан хохирол төлбөрийг төлж барагдуулах боломжтой гэж үзэж байна гэв.

  Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь  2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн орчим Дорнод аймгийн сумын 07 дугаар баг тоотод байх гэртээ хамтран амьдрагч үл ялих зүйлийн улмаас маргалдаж гар утас толгой руу нь шидэж духанд нь язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Ренчиндагвын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь мэдүүлэхдээ “...би хамтран амьдрагч *******тай 2014 оноос эхлээд хамтран амьдарч байгаа бөгөөд гэрлэлтийн баталгаагүй. ... 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн орчим тус аймгийн сумын 7 дугаар баг тоотод хамтран амьдрагч *******, 3 хүүхдийн хамтаар оршин сууж байна. Би 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн орчимд ... хамтран амьдрагч ******* нь гаднаас архи уусан байдалтай орж ирсэн. Тэгээд 17 цагийн орчимд ******* нь утсаа авч гарна гээд байхаар нь би утсаа хүүхдүүддээ үлдээгээд яв гэж хэлсэн чинь над руу уурлаад та нарын юм биш, энэ чинь миний юм гээд барьж байсан гар утсаа миний толгой руу шидсэн. Тэгээд миний толгойноос цус гараад байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч нь мэдүүлэхдээ: “... ийн эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардал зарцуулсан эсэх талаар шүүж үзэхэд 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Иргэн ийн эмчилгээний зардалд 130,502 төгрөг зарцуулсан байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

               -Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 /

                 -Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22/

           -Сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл тогтоосон хэсгийн байцаагч А.Ганжаргалын магадлагаа /хх-ийн 25/

                 -Д.Ренчиндагвын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32 /

                 -Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/106 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-56/

               -Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. ийн биед духанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэжээ. /хх-20-21/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар  шүүгдэгч ******* нь нэг удаагийн үйлдлээр хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргасанаа илэрхийлсэн ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч нь түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч т шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид гаргах гомдол санал, түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас нэг удаагийн үйлдлээр, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 130 502 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогод оруулах нь зүйтэй үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* Ренчиндагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Ренчиндагвыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 130 502 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ОТГОНЖАРГАЛ