| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 307/2025/0172/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/207 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Улаанаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0172/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүлэн,
Улсын яллагч Э.Улаанаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******д холбогдох эрүүгийн 2518000680136 дугаартай хэргийг 2025 оны 03 сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1989 оны******* сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 06 дугаар баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Төв аймаг дахь сум дундын 02 дугаар шүүхийн 2007 оны 12 сарын 18-ны өдрийн******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2025 оны 01 сарын 03-ны 20:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 06 дугаар багийн*******ны 05 тоотод*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүний толгой руу гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ын: Хохирогчийг нэг удаа цохисон. Мөн хохирогч гэрт нь байсан жижиг стенкний буланг мөргөсөн. Бид гэр бүлийн найзууд байсан. Өмнө нь миний хүүхдийг загнаж байсныг нь ярьж муудалцсан. Хохирол төлбөрийг төлсөн. Миний буруу гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хохирогчийн дүү*******ын Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 7-8/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 сарын 21-ний өдрийн дугаартай:*******ын биед тархи доргилт, хоёр нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, нүүр, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо эх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/,
“Духны баруун тал, зулай, чамархай хэсгийн хуйх дор 11.2 сантиметр урттай, 1.5 сантиметр өргөнтэй цус хуралт тодорхойлогдоно” гэх хохирогч*******ын Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийлгэсэн толгойн компьютерт томографын шинжилгээний хариу, хохирогчийн гэмтсэн байдлын гэрэл зураг /хх-ийн 24-26/,
Хохирогч*******ын: ...манай ажлын газрын ах тэтгэвэрт гарч байгаа гээд бид нар архи уусан. Би нэлээн согтоод гэр лүүгээ явж чадахгүй эхнэрыг дуудаад гэртээ харьсан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна, маргааш нь сэрэхэд миний толгой, нүүр, нүд хавдчихсан байсан. Эхнэрээс юу болсон талаар асуухад надад болсон асуудлыг ярьж өгсөн. Миний биед ******* халдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34/,
Гэрчийн: ...манай нөхөр ******* иргэн*******ын цээж, толгой хэсэг рүү 2-3 удаа цохихоор нь би дундуур нь орж салгасан. Тэгтэл манай нөхөр *******ын гараас цус гарч байсан, ******* гараад явсан. Би юу болоод байгаа юм бэ? гэж асуутал “орилоод амраахгүй байна, битгий орилж хашхираад бай” гэж хэлээд цохиод авлаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,
Гэрчын: ...би хөрш айл руу ороод нэг цаг болчхоод гэртээ орж ирэхэд хамтран амьдрагч*******ын дээр найз ******* нь гарчихсан толгой, нүүр хэсэг рүү нь цохиод байж байсан. Тэгээд би *******ыг “болиоч, боль” гээд салгах гэхэд салахгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,
Гэрчын: ...хүмүүс шуугилдах чимээ гарахаар нь*******ын гэрт ороход өрөөний зүүн талд*******, баруун гар талд ******* нар сууж байсан. Би “яагаад хоорондоо хэрүүл маргаан хийгээд байгаа юм бэ? дандаа архи ууж, хэрүүл маргаан хийж байх юм, битгий маргалдаад бай” гэж хэлээд гэртээ орсон. Түүнээс хойш хэрүүл зодоон болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч*******ын биед халдаж хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2025 оны 01 сарын 03-ны 20:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 06 дугаар баг*******ны 05 тоотод*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүний толгой, нүүр хэсэг рүү гараараа удаа дараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хоёр нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, нүүр, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******ын эрүүл мэндэд тархи доргилт, хоёр нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, нүүр, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 460 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нь ялын хугацааг багасгаж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР