Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 734

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Н-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.О даргалж, шүүгч Г.Д, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00323 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Н-ы хариуцагч Э.Б-д  холбогдуулан гаргасан автомашин захиалгын болон худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н “приус автомашин захиалгаар оруулж ирнэ” гэсэн фэйсбүүкт тавьсан зарын дагуу 99068186 дугаараар анх Э.Б-тай холбогдож автомашин захиалахаар болж 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл захиалгын гэрээг байгуулан нотариатаар баталгаажуулсан. Анх тээврийн хэрэгслийн үнийг 6 000 000 төгрөгөөр тохиролцож, 4 000 000 төгрөгийн урьдчилгааг Э.Б-ийн нэрлэн заасан хамтран ажилладаг гэх Э.А-ийн 5925187913 тоот данс руу 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Анх 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр боронзон бор өнгийн 2010 оны приус-20 автомашины урьдчилгаа 4 000 000 төгрөгийг одоо өгч, үлдэгдэл 2 000 000 төгрөгийг автомашин орж ирэх өдөр өгч тээвэр, гаалийн татвараа төлөхөөр тохиролцсон. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Э.Б-тай холбогдож автомашин ирж байгаа эсэхийг асуухад Замын-Үүдэд ирсэн, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Сонсголонд ирсэн гэж хэлсэн. Э.Б Да хүрээ зах дээр автомашины сэлбэг зардаг, харин Япон улсаас тээврийн хэрэгсэл оруулж ирдэггүй, хуурагдсанаа мэдэж, 2018 оны 8 дугаар сарын 27-нд гэрт нь очиж уулзахад “чи явдаг газраараа яваад олж ав” гэж хэлээд утсаа авахаа больсон тул автомашин захиалгын болон худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 4 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Н-тай фэйсбүүк холбогдож, автомашин захиалахаар тохиролцож байгаагүй. Б.Н өөрөө Э.А-тэй цахим сүлжээгээр холбогдож автомашин захиалсан байсан. Нэхэмжлэгчийг Э.А миний сайн дүү, эхнэр нь удахгүй төрөх гэж байгаа надад автомашин захиалсан, эхлээд 4 000 000 төгрөг авч байгаа, үлдэгдэл 2 000 000 төгрөгийг өгөхгүй байж магадгүй тул гэрээ байгуулаад өгөөч гэж гуйсан, Маргааш нь нэхэмжлэгчийн дүү нь гэрээ байгуулья гэж ярьсан. Би Б.Н-аас бэлнээр болон дансаар мөнгө аваагүй. Би Э.А-тэй 2018 оны 6 сард танилцсанаас хойш цахим сүлжээгээр холбоотой байсан боловч 23 000 000 төгрөгөө залиулсан. Энэ талаараа Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсан. Э.А Монгол Улсад байхгүй, залилангийн хэргээр Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримтлан хариуцагчаас 4 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 79 500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 79 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

            Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Н-аас мөнгө аваагүй, өөрөө Э.А-д залилуулж эрүүгийн хэргийн хохирогч болсон талаар баримт байхад надаас 4 000 000 төгрөг гаргуулсныг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

            Нэхэмжлэгч Б.Н хариуцагч Э.Б-д  холбогдуулан автомашины захиалгын болон худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 4 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, Э.А гуйсан учир гэрээ байгуулсан, Б.Н-аас бэлнээр болон дансаар мөнгө аваагүй, нэхэмжлэгч Б.Н Э.А-тэй ямар харилцаатайг мэдэхгүй, би өөрөө Э.А-д залилуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Зохигчдын хооронд 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан автомашин захиалгын болон худалдах, худалдан авах гэрээгээр /хх4/ нэхэмжлэгч Б.Н төлбөрийг төлөх, хариуцагч Э.Б нь эрхийн доголдолгүй автомашиныг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөх үүрэг хүлээж, талууд харилцан зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

            Гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй тул хүчин төгөлдөр гэрээний үүргийг хэн аль нь биелүүлэх үүрэг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүссэн.

            Хариуцагч Э.Б автомашиныг гэрээнд заасан хугацаанд автомашиныг нийлүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нэхэмжлэгч Б.Н нь гэрээнээс татгалзах эрхтэй.

            Гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан шаардах эрх үүснэ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчид 4 000 000 төгрөг шилжүүлж өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

            Талуудын хоорондын гэрээнд “төлбөрийг бэлнээр болон дансаар төлнө” гэж заасан байх бөгөөд худалдагч Э.Б-д  төлбөл зохих уг мөнгийг Э.А гэх хүнд шилжүүлэх талаарх заалт байхгүй, энэ талаар өөр бусад баримт хэрэгт авагдаагүй. Иймд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дахь хэсэгт зааснаар мөнгө төлөх үүргийн гүйцэтгэлийг өөр этгээдэд хүлээлгэн өгсөн эсхүл мөн ийнхүү өгснийг нөгөө тал зөвшөөрсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Э.А, Э.Б нар нь ажил хэргийн харилцаатай гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн уг мөнгийг Э.Б-ийн зөвшөөрснөөр Э.А-д шилжүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй.

            Өөрөөр хэлбэл, 4 000 000 төгрөгийг Э.Б-ийн нэрлэн заасан дансанд шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдоогүй байна. Иймд Э.Б-аас гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан шаардах Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2019/00323 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Н-ы автомашин захиалгын болон худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.О

                                    ШҮҮГЧИД                                           Г.Д

                                                                                                А.О