| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 195/2025/0928/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1004 |
| Огноо | 2025-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Одхүү |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1004
2025 04 11 2025/ШЦТ/1004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Ганбаатар хөтлөн,
улсын яллагч Б.Одхүү,
шүүгдэгч Д.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос С овогт Д-н Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл **, ** дүүргийн 8 дугаар хороо, ** дүгээр гудамж, ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** дугаар орцны подвалд оршин суудаг гэх,
Урьд ** аймгийн Сум дундын шүүхийн ** оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1, 278 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
** аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн ** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
** аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 3 сарын хугацаагаар хорих ял,
*** аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ** дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж 5 жилийн хугацаагаар хорих ял эдлэхээр тогтоогдсон,
Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, С овогт Д-н Т- /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Т- 2024 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 12 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 2 дугаар байрны 6 дугаар орцны гадна хэсэгт Х.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т-ын өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт найзтайгаа хамт Приус-30 маркийн машинтай явж байтал араас түг гээд дугарахаар нь машинаасаа буусан чинь А, О нар маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би боль гэтэл салахгүй байхаар нь би толгойгоороо мөргөчихөөд явчихсан...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/, хохирол төлбөрт 1.500.000 төгрөг төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 22 дахь тал/, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 25 дахь тал/,
Хохирогч Х.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, 2 дугаар байрны гадаа хогоо хаях гээд хогийн цэг дээр явж байхад чулуун, нарийн зам дээрээс хар өнгийн *** улсын дугаартай цагаан өнгийн машин гэнэт хүчтэй гарч ирээд урд талынхаа Приус-30 маркийн машиныг мөргөөд зогсчихсон. Дотроос нь мөргөсөн, мөргүүлсэн 2 машины жолооч буугаад ирэхээр нь би та нар яагаад согтуу машин бариад яваад байгаа юм бэ, би цагдаад хэлнэ шүү гэхэд *** улсын дугаартай мөргөсөн машины жолооч 30 орчим насны залуу бариад авсан. Мөргүүлсэн машины жолооч бас бууж ирээд намайг зүүн талаас бас зуураад тэр хоёр намайг 6 дугаар орцны үүд рүү чирч аваачаад приус машины жолооч миний хамар руу мөргөхөд миний хамраас цус гарсан. Гэтэл мөргөсөн гэх цагаан өнгийн машины жолооч миний баруун шанаа хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, хоолой боосон. Миний өмсөж явсан пудволк урагдсан байсан. Тэд нар 2 машинтай 7-8 хүн явж байсан ба бүгд миний тал талаас зуураад байсан. Би цагаан өнгийн машины жолоочийг бариад байж байтал тухайн байрны баруун талын орцны подволд байдаг жижүүр эмэгтэй гарч ирээд наадах чинь манай хүргэн байгаа юм, тавьчих гэж хэлэхээр нь тавьсан чинь тэдгээр хүмүүс бүгд тухайн орцны подвол руу яваад орчихсон. Харин намайг зодсон 2 жолооч зугтаагаад явчихсан. Би хог хаяж байсан эмэгтэйн утсыг гуйгаад цагдаад дуудлага өгсөн. Тухайн цагаан өнгийн машины жолооч нь тус 2 дугаар байрны хамгийн баруун талын орцны подволд байдаг үйлчлэгчийн хүргэн байх шиг байсан... Т- 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр миний данс руу хохирол төлбөрт 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Миний хамрын хагалгаа 3 сараар хойшлогдсон байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32, 35-36 дахь тал/,
Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороонд байрлах **** дугаар байрны гадаа найз С болон нөхөр О-г хамт нөхрийн захирал Бадрал гэх хүний Сонота 5 маркийн машиныг нөхөр О бариад 2 дугаар байрны гадаа 6 дугаар орцны хавьд зогсоол дээр тавьдаг А ахын хар өнгийн Приус 30 маркийн хар өнгиийн машинд тулж очоод зогссон чинь нэг ах хүрч ирээд манай нөхөр чи хүний машин мөргөчихөөд зугтаах гэж байна гэж хэлэхээр нь манай нөхөр би зугтаахгүй, ахынхаа машинд тулаад зогслоо гэсэн чинь нөгөө ах манай нөхрийг заамдаж аваад би цагдаа байна гээд бариад тавихгүй байхаар нь би дундуур нь ороод та болиоч гээд нөгөө ахын цамцнаас нь зулгааж байгаад тавиулсан чинь приус-30 маркийн машинаас Т- гэх аавын найз ах бууж ирээд нөгөө ахыг бас заамдаж аваад чамд ямар хамаатай юм гээд нөгөө ахыг татаж байгаад нүүр рүү нь мөргөсөн. Гэтэл нөгөө хүний хамраас их цус гарсан. Т- ах буцаад машин руугаа орчихсон. Би найз С-г дагуулаад гэртээ орсон чинь манай нөхөр бас орж ирчихээд буцаад гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дахь тал/,
Гэрч Ц.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 12 цагийн үед би *** улсын дугаартай ажлын газрын Б гэх хүний машиныг Толгойтоос унаад эхнэр болон эхнэрийн найз С-н хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** дугаар орцны урд ирээд А гэх хүний хар өнгийн Приус-30 маркийн машинд тулаад зогссон чинь нэг ах хүрч ирээд чи яагаад согтуу машин бариад байгаа юм хүний машин мөргөчихлөө, цагдаа байна гэж хэлэхээр нь би тухайн ахад би хүний машин мөргөөгүй, таньдаг хүнийхээ машинд нь тулаад зогссон юм, та цагдаа бол үнэмлэхээ үзүүлчих гэсэн чинь тухайн ах намайг заамдаж аваад тавихгүй байхаар нь би тухайн хүнийг зүүн гараараа нэг удаа баруун шанаа хэсэгт нь цохисон чинь машинаас Т- гэх манай хадам аавын найз бууж ирээд тухайн ахын нүүр рүү нь мөргөсөн. Тухайн хүн намайг барьчихсан байж байхад манай хадам ээж гарч ирсэн. Удалгүй цагдаа хүрч ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44, 63-64 дэх тал/,
Гэрч Д.М-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О нь 2 дугаар байрны цэвэрлэгч эгчийн хүргэн байгаа юм. Тухайн 2 хүн бие биенээ цохиж байгааг хараагүй, тухайн хүн нь согтуу байх шиг байсан. Би Приус-30 маркийн машин дээр нь оччихоод л яваад өгсөн. Машин дотор А, Т- хоёр сууж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
Гэрч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 12 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, ***2 дугаар байранд байрлах хамаатныхаа гэрээс гараад явж байхад 2 машин мөргөлдөх шиг болсон. Гэтэл нэг эрэгтэй хүн тухайн 2 машины жолооч дээр очоод та нар согтуу машин барьж болохгүй гээд байж байтал цагаан машинаас нь нэг залуу гарч ирээд тухайн шаардлага тавьсан эрэгтэй хүнтэй барьцалдаж аваад хоолойг нь боогоод зууралдаад гараараа 2-3 удаа толгой хэсэгт нь цохисон. Цаанаас нь нэг эмэгтэй хүн гарч ирээд тухайн эрэгтэйг зуураад маргалдаад байж байхад мөргүүлсэн гэх хар машины жолооч бууж ирээд тухайн эрэгтэйг нэг удаа нүүр рүү нь толгойгоороо мөргөчихсөн чинь их цус гарсан. Ингээд тухайн эрэгтэй миний утсаар цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
Шинжээч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогчийн биед хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт зэрэг нь нэг удаагийн мөргөх үйлчлэлээр үүсэх боломжтой бөгөөд хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний цус хуралт нь хохирлын зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-60 дахь тал/,
Гэрч Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 11 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо 2 дугаар байрны 6 дугаар орцоо угаачихаад гарсан чинь орцны үүдэнд нэг танихгүй эрэгтэй хүний хамраас нь цус гарчихсан манай хүргэн О-г барьчихсан тавихгүй байж байсан. Тухайн хүн дээр очоод наадах чинь манай хүргэн байгаа юм, тавьчих гэж хэлчихээд би орц руу яваад орчихсон юм. Т- нь манай нөхрийн найз байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,
Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр С бид хоёр нөхөр болох О-тай хамт машинаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 2 дугаар байрны 6 дугаар орцны үүдэнд зогсоол дээр ирээд хар өнгийн Приус-30 маркийн машинд тулаад зогссон юм. Би С-тай юм яриад байж байсан, машин шүргэлцсэн талаар огт мэдээгүй. Т- нь би тухайн хүний хамар руу мөргөсөн, цус гарсан, гэхдээ арай хугараагүй байх гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ** дугаартай шинжээчийн “...Х.Г-н биед хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдоно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 178 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Т-ын яллагдагчаар өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 8-ны өдөр би 11 цагийн үед зүс таних А-н хар өнгийн Приус-30 маркийн машин дотор Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны угсармал 2 дугаар байрны * дугаар орцны урд зогсоод А-тай 0.5 граммын архи хувааж уугаад байж байтал А хоёулаа эндээс холдъё гэж хэлээд ухартал ард 1 машин байсныг хараагүй шүргээд зогсчихсон. Тэгээд би буугаад харсан чинь О, А хоёр танихгүй хүнтэй маргалдаад зогсож байсан. Би О дээр очоод энэ машин хэнийх вэ гэтэл О миний машин гэж хэлэхээр нь ахын дүү машинаа холдуулчих гэж хэлсэн чинь энэ хүн намайг явуулахгүй зураад байна гэхээр нь чи яагаад явуулахгүй байгаа юм гэсэн чинь чи цаашаа бай гээд намайг нэг удаа цохиод авсан. Тэгээд салахгүй болохоор нь би толгойгоороо нэг удаа тухайн хүний хамар хэсэгт нь мөргөчихсөн. А явъя гэхээр нь би машинд буцаж суугаад А машинаа бариад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89-90 дэх тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93, 125 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 128 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэгийн 129 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 131 дэх тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Т- 2024 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 12 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 2 дугаар байрны 6 дугаар орцны гадна хэсэгт Х.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна
Шүүгдэгч Д.Т- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал, дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Д.Т- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Иймд шүүгдэгч Д.Т- хохирогч Х.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Т-ад Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Т-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.Т-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Гурав. Хохирол хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Д.Т-ад эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хохирол төлбөрт 1.500.000 төгрөг төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 22 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Д.Т- нь хохирол төлбөрт 1.500.000 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн хохирогч Д.Т- нь энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол хор уршигаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Т-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Дөрөв: Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.Т- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болох болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С овогт Д-н Т-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ад 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Т-ад нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван найм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Х.Ганбат нь сэтгэцэд учирсан хор уршигаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Т-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Д.Т- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ