Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2020/02232

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: ..... дүүрэг, .... дүгээр хороо, .... дугаар байр, .... тоотод  оршин суух, Д ургийн овогт Д  Ц /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, .. дугаар хороо, ... дугаар байр, .... тоотод оршин суух, Т ургийн овогт Б А /РД:.........../-д холбогдох,

 

            Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц , хариуцагч Б.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц миний бие Б.А 1996 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгүүлж гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 1999 оны 03 дугаар сарын 05-ны өдөр охин А.А , 2008 оны 12 дугаар сарын 12 сарын 29-ний өдөр хүү А.Т нар төрсөн. Бид зан харилцааны хувьд таарч тохирдоггүй байсан. Бидний тусдаа амьдрах болсон гол шалтгаан нь Б.А гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, гэрээсээ явсан. Одоо Б.Ц миний бие өөр хүнтэй хамтын амьдрал зохиож, удахгүй амаржих гэж байгаа тул цаашид Б.А эвлэрч, амьдрах боломжгүй. Бид харилцан ярилцаж гэрлэлтээ цуцлуулахаар болсон. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү эхийн асрамжид үлдээнэ. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.А  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 1996 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 1999 оны 03 дугаар сарын 05-ны өдөр охин А.А , 2008 оны 12 дугаар сарын 12 сарын 29-ний өдөр хүү А.Т нар төрсөн. Бид зан харилцааны хувьд таарч тохирдоггүй, хэрүүл маргаантай байсан тул 2017 оноос хойш тусдаа амьдрах болсон. 20 гаруй жил хамт амьдарсан. Зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалж тусдаа амьдарч байгаа. Д.Ц тусдаа гэр бүлтэй босон учир цаашид хамтран амьдрах боломжгүй. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүү А.Т г өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Б.А д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Ц , хариуцагч Б.А д нар 1996 оны 01 сарын 01-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хууль ёсоор бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 1999 оны 03 дугаар сарын 05-ны өдөр охин А.А /РД:............/, 2008 оны 12 дугаар сарын 12 сарын 29-ний өдөр хүү А.Т /РД:......./ нар төрж, одоо эх Б.А ын асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, .......өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, нэхэмжлэг, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2017 оноос хойш хамтран амьдраагүй бөгөөд цаашид гэр бүлийн хамтын амьдрал хэвийн үргэлжлэх боломжгүй болсон. Нэхэмжлэгч Д.Ц нь тусдаа гэр бүлтэй болсон учир хамтран амьдрах боломжгүй хэмээн тайлбарлажээ.

 

Гэрлэгчид гэр бүлийн харилцааг цаашид үргэлжлүүлэхийг хүсэхгүй, хамтран амьдрах боломжгүй байх тул нэхэмжлэгч Д.Ц , хариуцагч Б.А нарт эвлэрүүлэх арга хэмжээг авах нь ач холбогдолгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно гэж заасан.

 

Хариуцагч Б.А нь ... насанд хүрээгүй хүү А.Т г өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг нэхэмжлэгч Д.Ц зөвшөөрсөн тул гэрлэгчид хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж, хүү А.Т г эх Б.А ын асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

 

Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдав.

 

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон талаарх 2020 оны 06 сарын 16-ны өдрийн 169 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Д ургийн овогт Д Ц , Т ургийн овогт Б А нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан гэрлэгчдийн дундаас 2008 оны 12 дугаар сарын 12 сарын 29-ний өдөр төрсөн хүү А.Т г эх Б.А ын асрамжид үлдээсүгэй.

 

3.Зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч Б.А хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ц ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын гурван хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Эрдэнэцэцэгт даалгасугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР