| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 307/2025/0133/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/214 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0133/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүлэн,
Улсын яллагч Б.Энхтулга,
Насанд хүрээгүй хохирогч*******,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******,
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******т холбогдох эрүүгийн 2518000000093 дугаартай хэргийг 2025 оны 03 сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 2006 оны 11 сарын 03-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,******* 01 дүгээр дамжааны оюутан, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 04 дүгээр баг,*******,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг 2025 оны 01 сарын 15-ны өдрийн 21:00 цагийн үед*******ыг “найз охиныгаа хамгааллаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж эрүүл мэндэд нь 01 дүгээр шүдний сулрал, дээд уруулд шарх, баруун чихний дэлбэн, дээд уруулын дотор салстад зулгаралт, баруун хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ын: Хохирогчтой гэх охиноос болж маргалдсан. Би найз охинтой нь тэгж их харилцдаггүй байсан. Уулзаад найз охин руу чинь бичихгүй гэж хэлэхэд юм дугарахгүй байсан. Гэм буруу, хэргийн зүйчлэл дээр маргах зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч*******ын: Би эхэлж шүүгдэгчтэй чатаар харилцсан, яагаад гэхээр миний найз охин “энэ ******* гэх хүн бичээд байна үүнийг болиулаад өгөөч” гэж хэлсэн. ******* нь намайг чат бичихэд хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байсан. Би *******тай ярилцаад учраа олох гэсэн боловч уулзъя гээд байсан. Тэгэхээр нь найзууддаа хэлээд байрных нь гадаа очиход байгаагүй. Би хаана байна гэхэд гэртээ байна гэж хэлсэн. Яасан бэ? хааччихав гэхэд, найзуудтайгаа гэнэт гарч ирээд орц оръё гэхээр нь үгүй гэж хэлэхэд оръё гээд шалсаар байгаад орсон. Орц руу ороод шатаар дээш гарч байгаад намайг шууд жийсэн. Би хойшоо унахад дээрээс нэлээдгүй цохисон. Удалгүй миний араас боосон. Би үнэхээр ухаан алдах гээд байхаар нь гараас нь хазсан. Тэгээд тэр найзуудынх нь нэг нь ирээд чи махчин юм уу? гэж хэлсэн. Намайг нүүрээ дараад сууж байтал найзууд ирээд эмнэлэг оръё гээд эмнэлэг рүү явсан гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******ийн: Намайг Улаанбаатараас шөнийн 2 цагт гэртээ ирэхэд хүн байхгүй болохоор нь гайхаад залгасан чинь ээжээ намайг уучлаарай гэж хэлэхээр нь гайхаад чи хаана байна гэхэд би аниагийнд байна гэсэн. Би аниа руу нь ярихад энд байна гэж хэлэхээр нь очоод уулзтал уруулаа оёулчихсан байсан. Би цагдаад бүртгүүлсэн юм уу? гэхэд насанд хүрээгүй хүүхэд учраас бүртгэж авах боломжгүй гэсэн гэхээр нь цагдаад бүртгүүлчхээд өглөө эмнэлгээр явсан гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,
Гэрчгийн: ... **************ын араас тэврээд авсан чинь******* *******ын гараас нь хазсан. Тэгтэл ******* “яая гараас хазчихлаа” гээд орилсон. Гараас нь цус гарч байхад******* гараас нь тавихгүй байхаар нь би очиж салгасан. Тэгсэн ******* миний хажуугаас шууд*******ын нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохихоор нь би “боль” гээд *******ыг салгаад орцноос гарсан. Тэгтэл******* араас гарч ирээд ******* тэр хоёр дахин юм ярьж байснаа ******* нь*******ыг дахиад цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Гэрчын: ... *******,******* хоёр нэгийн эсрэг нэг үзнэ гээд орц руу ороод хоорондоо маргалдаж ноцолдсон. **************ын араас тэврэхэд******* *******ын гараас хазсан, очиж салгасан. Тэгсэн чинь **************ын нүүр хэсэгт цохисон. Бид нар бөөндөө орцноос гараад машиндаа суугаад, нөгөө хүүхдүүд бас машиндаа суугаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
Гэрчын: ... ******* нэг хүүхэдтэй уулзаад тэр хоёр нэгийн эсрэг нэг үзнэ гээд байрны орц руу ороод хоорондоо маргалдаж ноцолдсон. **************ын араас тэврээд авахад******* *******ын гараас хазсан. очиж салгасан. Би тухайн үед*******ын дагуулж ирсэн нэг найзтай хамт хоёр давхрын шатан дээр байсан болохоор сайн хараагүй, тэр хоёр салаад орцноос бөөндөө гараад машиндаа суугаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Гэрчын: ... *******,******* хоёр маргалдаад ******* “нэглэх үү” гэхэд******* “чи зүгээр манай найз охин руу чат бичихээ больчих” гээд өөрөөсөө холдуулаад түлхсэн. Тэгээд тэр хоёр орц руу ороод 2 давхарт ******* шатны дээд талд,******* шатны доод талд байрлалтай байж байтал ******* шууд өшиглөөд тэр хоёр шатны уруу тэврэлдээд ноцолдож байгаад ******* “ёо ёо гараас хазчихлаа” гээд гараад ирэхэд урдаас нь очоод*******ыг “чи хүний махаар хооллодог юм уу? гараас нь хазаад байхдаа яадаг юм бэ” гэж хэлсэн.******* доошоо тонгойгоод босоход амнаас нь цус гараад түүний уруул язарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 сарын 24-ний өдрийн дугаартай:*******ын биед зүүн дээд 01 дүгээр шүдний сулрал, дээд уруулд шарх, баруун чихний дэлбэн, дээд уруулын дотор салстад зулгаралт, баруун хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/,
“Дээд уруул язарсан шархтай” гэх насанд хүрээгүй хохирогч*******ын Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 35/,
“Баруун талын хацар, хоншоорын эргэн тойрон зөөлөн эдэд хавантай” гэх насанд хүрээгүй хохирогч*******ын Саран-Элит клиникийн эмнэлэгт хийлгэсэн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 36-37/,
“21 дүгээр шүд (зүүн дээд төвийн үүдэн шүд)-ний гэмтлийн гаралтай зөөлцийн үрэвсэл, 21 дүгээр шүдний булгаралттай” гэх насанд хүрээгүй хохирогч*******ын “Харзтай” шүдний эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 38/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 сарын 29-ний өдрийн дугаартай: *******ын биед баруун сарвууны эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгчийн гэм буруу нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч *******ын хувьд гэм буруу дээрээ маргадаггүй гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2025 оны 01 сарын 15-ны 21:00 цагийн үед*******тай Дархан-Уул аймгийн Дархан сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт маргалдаж түүний нүүр рүү удаа дараа цохиж эрүүл мэндэд нь 21 дүгээр шүд (зүүн дээд төвийн үүдэн шүд)-ний сулрал, дээд уруулд шарх, баруун чихний дэлбэн, дээд уруулын дотор салстад зулгаралт, баруун хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч*******ын эрүүл мэндэд 21 дүгээр шүд (зүүн дээд төвийн үүдэн шүд)-ний сулрал, дээд уруулд шарх, баруун чихний дэлбэн, дээд уруулын дотор салстад зулгаралт, баруун хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардалд Эрүүл мэндийн даатгалын санд 106,190 төгрөг зарцуулагджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч талаас эмчилгээний зардалтай холбоотой 964,600 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч нь хохирогчид 964,600 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 106,190 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байна.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэцэд учирсан хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5,280,000 төгрөг нэхэмжилсэн боловч насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт гараагүйгээс шүүх хохирлыг тооцох боломжгүй байна.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол 5,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Насанд хүрээгүй хохирогч*******ын гэмтэл болох 21 дүгээр шүд (зүүн дээд төвийн үүдэн шүд)-ний сулрал гэмтэлд цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хохирогч*******ын 21 дүгээр шүд (зүүн дээд төвийн үүдэн шүд)-ний сулрал гэмтэлд цаашид хийлгэх эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хохирогчийн өмгөөлөгч дэмжсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргадаггүй. Шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Улсын яллагчийн гаргаж буй саналыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд сар бүр 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирол 5,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хохирогч*******ын цаашид хийлгэх эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохирол зэргийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11 Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР