| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2019/02329/И |
| Дугаар | 102/ШШ2019/03152 |
| Огноо | 2019-11-21 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2019/03152
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....... дүүрэг,.... дүгээр хороо, .... дүгээр байранд байрлах, А /РД:........../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... дүүрэг, .... дугаар хороо, ...., ...... дүгээр байр, .... тоот хаягт байрлах, М /РД:........огдох,
Газрын төлбөрт 67,946,670 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, Ө.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А -ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А төрийн байгууллага, улсын төсөвт үйлдвэрлэлийн газар 2010 оны 9 сард М ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож улмаар 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 140 дугаартай Эрх олгох тухай, 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай .... дугаартай захирамжаар 10 га газрыг Зочид буудал худалдаа, агуулах үйлдвэрлэл-ийн зориулалтаар баталгаажуулсан захирамжийг тус тус гаргасан. Энэхүү захирамжуудыг үндэслэн 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 131 дугаартай А-ийн Хөрөнгө оруулалтын гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 10/112 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээ-г тус тус байгуулсан. Гэвч 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр А/78 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх гэрээнд заасан газрын төлбөрийг газрын ашигт эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх зэрэг үүргээ биелүүлээгүй, мөн эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлээгүй үндэслэлээр хөрөнгө оруулалтын болон газар эзэмших гэрээг цуцалсан. А нь аж ахуйн нэгжийн газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд М-иас Газар эзэмшүүлэх гэрээ-ний 3.5-д Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхийг үл хамааран хугацаанд нь төлөх, мөн гэрээний 4.3-т газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан аж ахуйн нэгж зохих хуваарийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөгдөөгүй тухайн хугацаанд төлсөн газрын төлбөрийн буцаан олгохгүй гэж тус тус заасны дагуу газрын төлбөрийн хуваарийн дагуу 2010 онд 22,400,000 төгрөг, 2011 онд 22,400,000 төгрөг, 2012 онд 22,400,000 төгрөг, 2013 онд 2,546,670 төгрөг нийт 67,946,670 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул гэрээний үүргийг хангуулах хүсэлтэй байна. М нь газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэжээ. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж заасны дагуу газрын төлбөрийг бүрэн төлөх үндэслэлтэй байна гэжээ.
Хариуцагч М -ын төлөөлөгч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад 2013 он хүртэлх газрын төлбөрийг нэхэмжилсэн байна. Газар эзэмших, ашиглах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаагүй гэсэн байна. Газрын төлбөрийг 2013 оны хамгийн сүүлийн улирлын эхний сарын 25-ны төлнө гэж заасан байгаа. Тэгэхээр 2013 оны 09 дүгээр сарын 25-аас өмнөх гэрээний үүргийг зааж байна. Мөн нэхэмжлэгч талаас татвартай холбоотой хөөн хэлэлцэх хугацааны талаар ярьж байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааны эрх үүсэх үеийг зааж өгсөн. Мөн хуулийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан. Иргэний хуулийн гэрээний үүрэг гүйцэтгэх хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Энэ хоёр хуулийн зүйл заалтаас харахад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйл хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, мөн хуулийн 82 дугаар зүйлд заасан шүүх арбитр сэргээсэн талаарх нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А нь хариуцагч М -д холбогдуулан 2010-2013 оны газрын төлбөрт нийт 67,946,670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...үйл ажиллагаа явах боломжгүй байдалд байсан, Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Зохигчийн хооронд 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдөр А ийн нутаг дэвсгэрт зочид буудал, худалдаа, үйлдвэрлэл, агуулахын зориулалтаар, 10 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх, хариуцагч газрын төлбөрт жилд 22,400,000 төгрөг төлөхөөр харилцан тохирч А ийн хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулжээ. Гэвч хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа явуулаагүйгээс нэхэмжлэгч нь 2014 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн А/78 дугаар тушаалаар дээрх гэрээг цуцалсан байна.
Газар эзэмшигч нь газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээнэ.
Татварын Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-т зааснаар Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэх ба мөн зүйлийн 5.7.-т төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ гэж тодорхойлсон бол газрын төлбөр нь орон нутгийн татварт хамаарахаар мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.11-т зохицуулжээ. Хуулийн дээрх зохицуулалтаар газрын төлбөр нь татварт хамаарах тул Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй.
Түүнчлэн Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна.
Татварын Ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-т татвар нөхөн ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар заасан, нэхэмжлэгч 2010, 2011, 2012, 2013 оны газрын төлбөрийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш нэхэмжилсэн, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон байдал тогтоогдохгүй байна.
Иймд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хариуцагч М -аас газрын төлбөрт 67,946,670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А -ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3., Татварын Ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасныг баримтлан хариуцагч М -аас 67,946,670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч А нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР