| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 195/2025/0980/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1292 |
| Огноо | 2025-05-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхбат |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1292
2025 05 12 2025/ШЦТ/1292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл хөтлөн,
улсын яллагч С.Энхбат,
хохирогч М.М-,
шүүгдэгч Д.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Баянгол дүүргийн Прокурорын газрын прокуророос Б овогт Д--н О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамжны *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Д-н О- /регистрийн дугаар **/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О- 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 5 цагийн орчим Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” зочид буудлын *** тоот өрөөнд хохирогч М.М-гийн нүүрэн тус газарт гараар цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О-ын өгсөн “...Хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн гэж яллах дүгнэлтэд бичсэнтэй санал нийлэхгүй байна. Хэрэг гарахын өмнөх өдөр М.М- над руу яриад намайг хамт хөдөө яваад ажил хийгээд ирье гэж хэлсэн байсан. Маргааш өдөр нь М.М-г дуудахаар нь хөдөө явна гэж бодтол “**” зочид буудалд байна гэж хэлсэн. Яваад очтол Б гэх найзтайгаа хамт байсан. Намайг очиход Б-н найз Б гэх залуу архи ууя, нэг шил архи аваад ир гээд намайг дэлгүүр гаргасан. Гэтэл М-, Б нар стакантай архи уу гэж шахахад Б архиа уугаад уурлаад надад бас архи өгөхөөр нь би уусан. Маш их согтоод сүүлдээ тасарсан. Гэрч Б хэт нэг талыг барьж мэдүүлэг өгсөн байсан. Хэрэв би хохирогчийг цохисон бол яагаад тэр өдөр үнэн байдлыг хэлж намайг цагдаад шалгуулаагүй, яагаад 1 сарын дараа намайг шалгуулсан бэ, мөн Б-н анх ирсэн цагдаад дуудлага өгсөн болон цагдаад өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байна. Цагдаад дуудлага өгөхдөө үүдэнд хүн уйлаад байх шиг болохоор нь босоод хартал М.М- уйлаад сууж байсан хохирогчийг О- гэж хүн цохисон гэх мэдүүлэг өгсөн байдаг. Намайг цагдаа аваад явсан ба эрүүлжүүлэхээс гараад М.М- руу яриад би чамайг цохисон юм уу гэж утсаар асуухад М.М- чамайг цохисон байх гэж бодож дуудлага өгсөн гэж хэлсэн. М.М-г намайг цохисон гэж мэдүүлэг өгдөг хүн Б-. Гэтэл яагаад тэр үед нь биш 1 сарын дараа цагдаад гомдол гаргасан бэ, үүнтэй санал нийлэхгүй байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.М-гийн өгсөн “...Би тухайн өдөр цалингаа аваад 2 сая төгрөгтэй байсан. Тухайн үед шинэ жил болох гээд шинэ жилийнхээ хувцасыг авах гээд явж байсан. Гэтэл тэр өдөр Б гэх найз залгаад нөхөртэйгөө хэрэлдээд хэцүү байна гэж хэлэхэд нь би “чи хүрээд ир, хоёулаа дэлгүүр оръё” гэж хэлсэн. Бид хоёр Солонгос хоолны газарт уулзаад пиво уусан. Тэгээд хорооллоор ганц нэг дэлгүүр орсон, ганц нэг пиво ууя гээд “**” зочид буудал орсон. Ороод удаагүй байтал Б-н найз Б- гэх залуу удахгүй Солонгос явна гээд уулзахаар ирсэн. Бид 3 юм яриад сууж байтал О- залгаад эхнэрээ амралтад хүргэж өгчихөөд явж байна гэж ярьсан. Тэгэхэд би “завтай бол” хүрээд ир гэхэд Д.О- ирсэн. Б бид 2 архи ууж чаддаггүй, тэгээд бүгдээрээ пиво уугаад халаад караоке оръё гээд караоке орсон. Би тооцоо хийж байсан учир эрүүл байсан, караоке ороод тасарсан байсан. Би тасарсан ч гэсэн болсон зүйлийг санаж байна. Б-, О- 2 буцаад буудал орохдоо 1 шил архи авсан, түүнийгээ уусан. Б бид 2 пиво уусан. Тэгээд унтахаар болоод би Д.О-ыг “чи эхнэр чинь байхгүй юм бол найзаасаа таксины мөнгө аваад харь” гэхэд “байж бай, би жаахан хэвтэж байгаад явъя” гэж хэлсэн. Тэгээд хэсэг унтаж байхад нэг хүн мөнгө хайгаад байгаа юм уу, тэмтрээд оролдоод байхаар нь “чи цаашаа зайл” гээд түлхэхэд Д.О- орноос унасан. Б “яасан бэ” гэж хэлэхээр нь “О- намайг оролдоод байна, Б энэ хүнийг явуулаач” гэхэд Б миний хажуугаар хэвт гэж хэлэхээр нь би очоогүй цааш хараад хэвтсэн. Гэтэл “чи цаашаа хараад хэвтчихлээ, ямар сүртэй юм бэ” гээд хараал хэлэх шиг болсон. Тэр хооронд би ухаан алдсан байсан. Сэрээд харахад цус гарсан, би айгаад тархи хагарсан байх гэж бодсон. Мөн Д.О- би эхнэрээсээ саллаа гээд над руу байнга залгадаг, согтуу залгаад надад хайртай гээд уйлдаг байсан. Миний зүгээс сорви үүссэн эмчилгээний зардал болох 1.444.700 төгрөг нэхэмжилж байгаа, мөн сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилж байна, гомдолгүй...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Н.М-гийн хохирогчоор өгсөн:
“...2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б гэх найзтайгаа уулзаж ярилцсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм чинь гайгүй буудалд хоночих уу гэж ярилцаад Баянгол дүүргийн 17 дугаар хорооны “****” зочид буудлын 12 давхарт өрөө авсан. Өрөөнд ороод байж байтал О- над руу залгаад эхнэрээ амралтанд хүргэж өгчихөөд завтай явж байна, уулзах уу гэж хэлэхээр нь амралт эхэлсэн юм чинь уулзъя гэж яриад тэр найз бас “***” зочид буудал руу ирсэн. Найзыг ирсний дараа 10-20 ширхэг пиво авч уусан. Тэгээд юм яриад сууж байтал бүгд тасрах маягтай болоод ор руугаа явж хэвтсэн. Би жаахан тасраад сэргэсэн. Цүнхний урд талын халаасанд байсан мөнгийг аваад гадуур өмднийхөө гуя хэсэг рүү хийсэн байж байгаад ариун цэврийн өрөө ороод өмдөө тайлтал мөнгөө газар болон нойл руу унагасан. Ингээд гуяндаа хийж болохгүй юм байна гэж бодоод куртикнийхээ халаасанд хийсэн. Манай найзууд намайг мөнгөтэй явж байгааг мэдэж байсан. 400-500.000 төгрөг үлдсэн байсан. Тооцоо хийгээд үлдсэн мөнгө юм. Тэгээд унтацгаах гээд хэвтэхэд О- хажуугаар хэвтээд байхаар нь чи яв, хүүхдүүд дээрээ оч, таксины мөнгө авах юм уу гэхэд зүгээрээ гээд боссон. Үүний дараа миний өмдийг оролдоод, хувцас тайлах гээд оролдоод байсан ба уурласан. Гэтэл тас хийгээд явсан би ухаан алдаад сэрсэн. ... Одоогийн байдлаар миний зүүн нүдний харалдаа бондгор хатуу сорви үүссэн нь гоо сайханд муухай байна. Үүнийг гоо сайхны эмнэлэгт үзүүлтэл 450.000 төгрөгөөр эмчилнэ гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10, 12-14 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Б-ын гэрчээр өгсөн:
“...Би өнөөдөр найз М-тай “*** тухайн залуу удалгүй уучихсан ирсэн. Тэгээд удалгүй манай найз залуу ирээд бид 4 ууж байгаад тасраад унтсан. Үүрээр 4-5 цагийн үед найз залуугийн хамт сэрсэн чинь буудлын өрөөний үүдний хэсэгт хүн уйлаад байх шиг байхаар нь найз залуугийн хамт буудлын өрөөний гэрэл асаах чипийг хайж байгаад гэрлээ асаасан чинь М- өөрийнхөө унтаж байсан орны хажууд цус болчихсон уйлаад сууж байсан. Би айгаад цагдаа болон эмнэлэг дуудсан. Манай найзын зүүн нүдний орчмоос цус гарсан байсан. Нөгөө залуу нь М-гийн хажууд суучихсан уучлаарай, миний буруу гээд байж байсан. Орны гудас, хөнжил цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ө-н гэрчээр өгсөн:
“...2024 оны 12 дугаар сарын 13-ны орой 16 цагийн үед М- гэх хүнээр бүртгүүлж хосоороо орсон байна. Эхлээд нэг эмэгтэй, 1 эрэгтэй орсон байна. Миний бие 21 цагийн үед ээлж хүлээж авсан. Намайг 21 цагийн үед ирэхэд тэд дөрвүүлээ болсон байсан. Тухайн өрөөнд бүтэн лүүкстэй захиалга оруулсан байсан тул чимээгээ багасгана уу гэхэд ойлголоо гэж хэлээд гарах хүмүүс нь гарч байсан. Мөн *** тоот өрөөнийхөн их чимээтэй байсан, бидний зүгээс хэлж сануулахад хамгаалагч руу нэг залуу нь дайрч давшилсан гэсэн. Барьцаа 150.000 төгрөг авдаг. Тухайн хүмүүсийн захиалга 290.000 төгрөгийн 2 ортой энгийн өрөө байсан. 2 эрэгтэйн арай хөгшин царайтай, жийнсэн өмдтэй, бор үстэй, давхраатай нүдтэй залуу сэрүүн байсан, тэр залуу байх, цагдаа ирэхэд тэр уйлаад байсан. Тухайн өрөөг гарах хүн гарсан байна уу гэдгийг шалгахад зохион байгуулагч шоконд ороод гараад ирсэн. Миний бие очиход ариун цэврийн өрөөний шалан дээр цустай, нойлын өрөөний суултуур дээр тухайн хөмсгөө сэтлүүлсэн эмэгтэйг унтуулж хэвтүүлсэн байдалтай байсан. Цагдаа ирээд зодсон гэх эрэгтэйг аваад гарсан. Зодуулсан болон хамт явж байсан нэг эрэгтэй, нэг эмэгтэй үлдсэн. Манай байгууллагын гудас, дрож, нойлын алчуур зэргийг бохир болгосон байсан. Тухайн өдрийн төлбөр болон бохирын төлбөр гэж 300.000 төгрөг картаар уншуулж, 230.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн барьцаа 150.000 төгрөгийг суутгаж авсан. Барьцаанд утас үлдээсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дэх дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Н.М-гийн биед зовхины гадна буланд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн эмчийн үзлэгийн хуудас /хавтаст хэргийн 38-40 дэх тал/,
Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,
Эрх бүхий албан тушаалтны тогтоол /хавтаст хэргийн 64 дэх тал/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 67-69 дэх тал/,
Хохирлын баримт /хавтаст хэргийн 70-71 дэх тал/,
Хохирогч Н.М-гийн Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 89 дэх тал/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 73-75 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.О-ын яллагдагчаар өгсөн: “... Хэрэг гарсан өдрийн урьд өдөр М- над руу яриад цугтаа хөдөө яваад өгөөч, би хөдөө явахдаа ганцаардаад гэж залгасан. Ингээд би эхнэр шинэ жилтэй 2-3 өдөр явах юм, би хамт яваад өгье гэж хэлээд тохиролцоод 12 цагийн үед ярьсан. Би эхнэрээ хүргэж өгчихөөд М- руу залгатал Баянгол дүүргийн “**” зочид буудалд хүрээд ир гэж хэлсэн. Миний зүгээс би жаахан удах байх, ахдаа машинаа өгчихөөд очно гэж хэлээд 17 цагийн үед очиход М- болон тэр найзынх нь согтолт гайгүй байсан. Гэхдээ пиво үнэртүүлсэн байдалтай байсан. Намайг очиход чи гараад пиво, чихэр жимс, уух юм аваад ир гээд гаргасан. Б- билүү найзтайгаа байсан, найз нь нэг шил архи авчихаарай гэж хэлсэн. Би архиар яах гээд байгаа юм бэ гэхэд манай найз залуу ирж байгаа, тэр хатуу юм уудаг юм гэж хэлсэн. Би дэлгүүрээс нэг шил архи, 20 гаруй лааз пиво авсан санагдаж байна. Буцаж буудал руу ороод Б- болон М- нарын хамт пиво ууж суусан. 2 лааз пиво уучихаад байж байхад Б- согтож эхэлсэн. Найз залуу Б- гэх залуу орж ирсний дараа чи хатуу юм уудаг гэсэн үү гээд стакан дүүрэн архи өгсөн. Б- нь өө чи тэгвэл адилхан хэмжээнд ирэх ёстой гээд надад бас стакан дүүрэн архи өгсөн... Б- над руу уурлаж бухимдаж эхлэхээр нь би за за явъя гээд хувцасаа өмстөл М- яагаад маяглаад байгаа юм, эр хүн байж өнгөрөөчих гэж хэлэхээр нь за за гээд үлдсэн. Тэгээд байж байтал Б- надад дахиад стакан дүүрэн архи хийж өгсөн. Цонх онгойлгож тамхи татахаар зогссон, тэр үеэс хойш юу болсон талаар санахгүй байгаа. Маргааш нь эрүүлжүүлэхэд сэрсэн. Би эрүүлжүүлэхээс гараад М-гаас юу болсон талаар асуухаар очиход Б-, Б- нар хамт байсан. Хөмсөг сэтэрсэн байна гэж хэлж байсан, сэтрэлт нь гурвалжин байсан. Тэгээд би сэтэлсэн юм уу гэхэд бид харин мэдэхгүй байна гэж хэлж байсан. М- миний өвөр дээр хөмсөгнөөс нь цус гарсан, уйлаад байсан гэсэн. Тухайн хөмсөг сэтэрсэн үед Б-, Б- гэх 3 хүн байж байгаагүй гэсэн. Б- цагдаа дуудсан гэсэн. Би санахгүй байгаа. Гараар цохисон зүйл биш байсан, энэ хүн ирмэгтэй зүйл мөргөж унасан байх эсвэл цохиж барьсан бол ирмэгтэй зүйлээр цохисон байх. Өмнө нь хамт буудалд орж байсан, ийм зүйл болж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 61 дахь тал/, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 81, 84 дэх тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Прокуророос шүүгдэгч Д.О-ыг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 5 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” зочид буудлын **** тоот өрөөнд хохирогч М.М-гийн эрүүл мэндэд зүүн зовхины гадна буланд сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Д.О- шүүхийн хэлэлцүүлэгт “…Би М.М-гийн биед халдсан бол яагаад тухайн үед нь цагдаад гомдол өгөөгүй, нэг сарын дараа цагдаад гомдол гаргасан бэ, би үүнтэй санал нийлэхгүй байна. Гэрч Б- намайг М.М-г цохисон гэж мэдүүлэг хэдий ч түүний өгсөн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байдаг...” гэж мэдүүлж мэтгэлцэв.
Харин хохирогч М.М-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаар тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гарч, хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан “зүүн зовхины гадна сорви гэмтэл” бүхий хөнгөн гэмтлийг шүүгдэгч Д.О- гараараа цохиж учруулсан гэж мэдүүлэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзээд шүүгдэгч Д.О-ын үйлдлийн улмаас хохирогч М.М-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан байна гэж дүгнэв.
Учир нь: Хэрэгт авагдсанаар тухайн цаг хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө 5 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “**” зочид буудлын 1212 тоот өрөөнд болсон үйл баримтын талаар хохирогч М.М- “…би Д.О-ыг “…хэсэг унтаж байхад нэг хүн мөнгө хайгаад байгаа юм уу, тэмтрээд оролдоод байхаар нь “чи цаашаа зайл” гээд түлхэхэд Д.О- орноос унасан. Б “яасан бэ” гэхэд “О- намайг оролдоод байна, Б энэ хүнийг явуулаач” гэхэд Б миний хажуугаар хэвт гэж хэлсэн, би очоогүй цааш хараад хэвтсэн. Гэтэл “чи цаашаа хараад хэвтчихлээ, ямар сүртэй юм бэ” гэж хэлэх шиг болсон. Тэр хооронд би ухаан алдсан байсан...” гэж, гэрч Э.Б- “...хүн уйлаад байх шиг байхаар нь гэрлээ асаасан чинь манай найз М- өөрийнхөө унтаж байсан орны хажууд цус болчихсон уйлаад сууж байсан. Манай найзын зүүн нүдний харалдаа нь цус гараад аймар харагдаж байсан. Нөгөө залуу нь М-гийн хажууд суучихсан уучлаарай, миний буруу гээд байж байсан. Орны гудас, хөнжил цус болсон байсан...” гэж тус тус мэдүүлснийг хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд гэрч, хохирогчийн мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт болон бичгийн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Шүүгдэгч Д.О- мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.О- өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Иймд шүүгдэгч Д.О-ыг хохирогч М.М-гийн биед халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос шүүгдэгч Д.О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Гурав. Хохирол хор уршгийн талаар:
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана., 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэжээ.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт Сэтгэцийн шинжилгээ хийх журмыг Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэж заасан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, ХА/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1 дэх хэсэгт Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр (цаашид “хүснэгт” гэх) шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ: 2.1.1-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах) гэж, 2.3-т Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана гэжээ.
Хэрэгт хохирогч М.М- сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 73-75 дахь тал/-д авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтан буюу мөрдөгчийн эрхийг мөн хуулийн 6.2 дугаар зүйлд заасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх чиг үүргийг уг хуулийн холбогдох бүлгүүдэд (6-8, 11-16, 21-32 г.м) тодорхойлон зохицуулжээ.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадалгааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.
Дээрх хуулийн эдгээр заалтад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоож болох талаар хуульчлагдаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.
Дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.
2.1.1.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж зохицуулсан байна.
Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус заан тодорхойлсон байна.
Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч М.М-гийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад мөрдөгч түүнд хамтарсан тушаалаар батлагдсан хүснэгтийг танилцуулснаар /хэргийн 73-75 дахь тал/ хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох боломжгүй байна.
Иймд хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зардал, мөн гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Түүнчлэн хохирогч М.М- шүүхийн хэлэлцүүлэгт ажилгүй байсан үеийн 2 сарын хугацаанд олох байсан орлого болох 9.441.139 төгрөг, сэтгэл санааны хохирол хор уршгийг нэхэмжилснийг энэ шүүх хуралдаанаар бүхэлд нь хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх боломжтойг тайлбарлан өгөх нь зүйтэй байна.
Хохирогч М.М- шүүхийн хэлэлцүүлэгт “эмчилгээний зардалд 1.444.700 төгрөг нэхэмжилсэн ба шүүхээс шүүгдэгч Д.О-аас нийт 1.444.700 /нэг сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга долоон зуун/ төгрөг гаргуулж хохирогч М.М-д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.О-аас 99.840 /ерэн есөн мянга найман зуун дөчин/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Дөрөв: Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.О- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Д-н О-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.О-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
4. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-аас 1.444.700 /нэг сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга долоон зуун/ төгрөг гаргуулж, хохирогч М.М-д олгосугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар 99.840 /ерэн есөн мянга найман зуун дөчин/ төгрөгийг шүүгдэгч Д.О-аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч М.М- энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.О-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван найм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шүүгдэгч Д.О- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ