| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/01421/И |
| Дугаар | 102/ШШ2022/01755 |
| Огноо | 2022-05-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2022/01755
2022 оны 05 сарын 11 өдөр Дугаар 102/ШШ2022/01755 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ч... дүүргийн .....-р хороо, 2-р .... мянгат, ....-р байрны ... тоот, регистр ...., М... хадгаламж, зээлийн хоршоо,
Хариуцагч: Баянгол дүүргийн ....-р хороо, ... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, .... байрны .... тоотод оршин суух, регистр ...., Б... овогтой С.ийн Э.,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 56 947 817 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д...,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь С.Э.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 56 947 817 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
С.Э. нь М. хадгаламж, зээлийн хоршоонд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гишүүнээр элсэж, гишүүний хувьд 70 тоот зээлийн гэрээ байгуулж 35 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох байсан. Зээлдэгч С.Э... нь зээл авснаас хойш үндсэн зээл 124 500 төгрөг, хүү 15 425 500 төгрөг төлсөн. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр С.Э.., Т.У.. нартай харилцан тохиролцож Баянгол дүүгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлэхээр материал хүргүүлсэн боловч 1 сарын 03-ны өдөр эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан. Зээлдэгч нар нь зээлээ төлөхгүй удаж байгаа, барьцаа хөрөнгөө зарж өөр банкнаас зээл авахаар болсон зэрэг тайлбаруудыг өгч цаг хожиж хугацаа алдсан. Зээлдэгч С.Э.. нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр үндсэн зээлд 34 875 500 төгрөг, зээлийн хүү 22 072 317 төгрөг нийт 56 947 817 төгрөгийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжилж байна. Төлбөрийг төлөхгүй бол барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2201054759 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойтын 18105-р гудамжны 33-р байрны 27 тоот 43.6 м.кв талбай бүхий 2 өрөө байраар үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж... шүүхэд гаргасан тайлбартаа: С.Э... нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “М...” хадгаламж, зээлийн хоршоотой зээлийн гэрээ байгуулж 35 000 000 төгрөгийг 3 сарын хгуацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр, хамтран зээлдэгч Т.У...ын хамт авсан. Зээлийг Т.У... бизнестээ ашигласан. Зээл авсны дараа цар тахал гарсныг дэлхий даяараа мэдэж байгаа. Монгол улсад ковид-19 цар тахлын улмаас 2019 оны 3-р сарын 6-ны өдрөөс хөл хорио тогтоож байсныг хэн бүхэн мэдэж байгаа. Зээлийн гэрээний хугацааг сунгаж байгаагүй, зээл авснаас хойш 15 550 000 төгрөг төлсөн боловч 124 500 төгрөгийг үндсэн зээлд, 15 425 500 төгрөгийг зээлийн хүүд тооцож байгааг зөвшөөрөхгүй. 1 сарын зээлийн хүүнд 1 225 000 төгрөг, 3 сард нийт 3 675 000 төгрөгийн хүү авах эрхтэй. Харин 2018 оны 10-р сарын 20-ноос хойш Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсэгт зааснаар Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламжийн төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг баримтлан хүү тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй, энэ хууль хүчингүй болсон. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг зааснаар нэмэгдүүлсэн хүү 1 477 956 төгрөг, үндсэн зээлд 23 497 405 төгрөг нийт 24 975 361 төгрөгийг төлөх боломжтой гэв.
3.Нэхэмжлэгчээс: М... хадгаламж, зээлийн хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 5-6/, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх 7-8/, 2018-07-20-ны өдрийн 70 тоот зээлийн болон барьцааны гэрээ /хх 8-13/, С.Э... иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 14-15/, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх 16/, зээлийн тооцоо /хх 17-18/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1-р сарын 3-ны өдрийн “Эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзах тухай” захирамж /хх 19-20/, гишүүний анкет /хх 49/, хураамж төлсөн тухай ерөнхий журналын тайлан /хх 50/ зэрэг баримтуудыг,
Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр: гишүүний хураамж төлсөн баримт /хх 37/, зээлдэгчид мөнгө шилжүүлсэн баримт /хх 38-41/ бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагаас 22 931 000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар зарим хэсгийг хангаж, 34 016 817 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч нь шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон.
Монос дэлгэрэх хадгаламж, зээлийн хоршоо нь С.Э.аас үндсэн з..ээл 34 875 500 төгрөг, зээлийн хүү 22 072 317 төгрөг нийт 56 947 817 төгрөгийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжилж, төлбөрийг төлөхгүй бол барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2201.... дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Т...-р гудамжны ...-р байрны ... тоот ... м.кв талбай бүхий 2 өрөө байраар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаарджээ.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас “...Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг зааснаар нэмэгдүүлсэн хүү 1 477 956 төгрөг, үндсэн зээлд 23 497 405 төгрөг нийт 24 975 361 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.
4.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Монос дэлгэрэх хадгаламж, зээлийн хоршоо нь С.Э..., Т.У... нартай 2018 оны 07-р сарын 20-ны өдөр 70 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 35 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр, улсын бүртгэлийн Ү-2201... дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Толгойтын .... гудамжны ... -р байрны ... тоот ... м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг барьцаалан зээлүүлэхээр /хх 8-13/ тохирчээ. Талуудын хооронд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, барьцааны гэрээг Иргэний хуулийн 156-р зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.
Хадгаламж зээлийн хоршоо нь гишүүдийнхээ эдийн засаг болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгодог байна.
С.Э... нь 2018 оны 7-р сарын 20-ны өдөр М.... хадгаламж, зээлийн хоршооны гишүүнээр элсэхээр өргөдлөө гаргаж, хураамж төлсөн хоршооны гишүүн болох нь гишүүний хураамж төлсөн баримт /хх 37/, гишүүний анкет /хх 49/, хураамж төлсөн тухай ерөнхий журналын тайлан /хх 50/ зэрэг баримтуудаар тогтоогдсон, хоршооны гишүүн байна.
Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17-р зүйлийн 17.8 дахь хэсэгт зааснаар хоршоо нь зээлийн гэрээг Иргэний хуульд зааснаар байгуулах ба уг зээлийн гэрээнд Иргэний хуулийн 452-р зүйлийн 452.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцохоор зааж болохоор тогтоожээ.
Харин нэхэмжлэгч нь зээлдэгчээс үндсэн зээл, хэтэрсэн хугацааны хүү шаардсан байх ба энэ хуулиар 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүү тооцож болохыг нарийвчлан зохицуулсан, харин Иргэний хуулийн 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулиар нарийвчлан заагаагүй байна. Энэ нь хоршоо ашгийн төлөө бус байх, гишүүдийнхээ эдийн засгийн нийтлэг хэрэгцээг хангах зорилготой нь нийцсэн гэж үзнэ.
Зээлдүүлэгч нь зээлдэгчид 70 тоот гэрээгээр тохирсон 35 000 000 төгрөгөөс 2018 оны 07-р сарын 20-нд кассын 117 тоот ордероор 11 600 000 төгрөг, 123 тоот ордероор 16 400 000 төгрөг /хх 38-40/, 2018 оны 08-р сарын 5-ны өдөр 7 000 000 төгрөгийг дансаар /хх 41/ тус тус шилжүүлсэн, үүнээс шимтгэл 175 000 төгрөг суутгаж авсан, хариуцагч зээлээс 15 550 000 төгрөг төлсөн нь зохигчийн тайлбар, эдгээр баримтаар тогтоогдсон, үнийн дүнгийн талаар талууд маргаагүй байна.
Харин зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон мөнгийг зээлдэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлэх үүрэгтэй бөгөөд олгох мөнгөнөөс 175 000 төгрөгийг шимтгэлд суутгасан нь нь буруу. Өөрөөр хэлбэл, зээлээс шимтгэл тооцож хасах талаар хуулиар зохицуулаагүй, зээлдүүлэгч нь зээлд 34 825 000 төгрөг шилжүүлсэн гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь үндсэн зээлд 34 875 500 төгрөг, 2022 оны 01-р сарын 31-нийг хүртэлх хугацааны зээлийн хүү 22 072 317 төгрөг нийт 56 947 817 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна. Хадгаламж, зээлийн хоршоо нь Иргэний хуулийн 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүргийг шаардахгүй, гэрээний 2.3-т энэ талаар тохирсон нь буруу.
Харин талууд гэрээний 2.1.3-т зааснаар нэмэгдүүлсэн хүү 20 хувиар төлөхөөр тохирсон боловч энэ хуулийн 452-р зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүү шаардаагүй байна.
Зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 34 825 000 төгрөг, гэрээгээр тохирсон 3 сарын хүү 3 656 625 төгрөг нийт 38 481 625 төгрөгийг төлөх үүрэгтэй, үүнээс 15 550 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй, үлдэх 22 931 625 төгрөгийг хариуцагч С.Энхтуяа төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.
Хэдийгээр хариуцагчийн төлөөлөгч нэмэгдүүлсэн хүү 1 477 956 төгрөг төлөх боломжтой гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр шаардаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, энэ үүргийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Э...аас 22 931 000 /хорин хоёр сая есөн зуун гучин нэгэн мянга/ төгрөг гаргуулж М... хадгаламж, зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 34 016 817 /гучин дөрвөн сая арван зургаан мянга найман зуун арван долоо/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар С.Э... нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2201.... дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, Толгойтын 1...р гудамжны ...-р байрны ....тоот 43.6 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442 689 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч С.Э...гаас 272 605 төгрөг гаргуулж М... хадгаламж, зээлийн хоршоонд олгосугай.
4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА