Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/01862

 

2022 оны 05 сарын 18 өдөр                           Дугаар 102/ШШ2022/01862                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С... дүүргийн ....-р хороо, А...., ...-р байрны ... тоотод оршин суух, регистр ..., Д... овогт А...ийн С...,

Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо, Туул голын гудамж, А... барилга, ... тоотод оршин байрлах, регистр ..., М... ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 3 421 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.С...

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д.. Ц.Н...,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь М... ХХК-д холбогдуулан нөхөн олговорт 3 421 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Миний бие 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өөрийн өмчлөлийн 76-51 .... улсын дугаартай, Т... 30 маркийн тээврийн хэрэгслээ “Э...” ХХК-ийн өмчлөлд зээлийн гэрээний үүргийг хангуулахаар фидуцийн гэрээгээр шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлэхдээ тээврийн хэрэгслээ “М...” ХХК-д 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр №21/06/301. дугаартай “А...” нэртэй тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг бичгээр байгуулсан. Даатгалын гэрээ байгуулахдаа тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 13 000 000 төгрөгөөр үнэлж түүний 1.6 хувь буюу 260 000 төгрөгөөр даатгалын хураамжийг төлсөн. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Миний бие 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Х. аймги..йн Б... сум руу өвчтэй ээжийгээ хүргэж өгөхөөр 76-51 .... улсын дугаартай, Т... 30 маркийн тээврийн хэрэгслээрээ явсан. 2021 оны 10 дугаар сарын 08-09-ний шилжих шөнө 01 цагийн үед Б.. сумын “Х...” бригадын Жаргалантын гарам гэдэг газарт машин минь усанд суусан байдаг. Уг газар нь тухайн сумын орон нутгийн зориулалттай тээврийн хэрэгсэл зорчдог төв зам юм аа. Миний бие тээврийн хэрэгслээ уснаас гаргаж чадахгүй байсан учраас сумын Засаг дарга болон аймгийн Онцгой байдлын газар руу холбогдон тусламж хүссэн. Ингээд аймгийн Онцгой байдлын газраас 10 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагт алба хаагчид ирж машиныг уснаас гаргаж өгсөн. Усанд суусны улмаас машины минь зарим эд зүйлд хохирол учирсан байдаг. Ингээд миний бие “М...” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулахаар холбогдох баримт, материалаа бүрдүүлж даатгалаас нөхөн төлбөр гаргуулахаар өргөдлөө өгсөн боловч нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг өгдөг. 

Энэ асуудлын хүрээнд миний бие Санхүүгийн зохицуулах хороонд “М...” ХХК-ийн даатгалын үйл ажиллагаатай холбогдуулан гомдол гаргаж, “М... ХХК-д иргэн А.С...ийн даатгалын нөхөн төлбөрийг олгохыг үүрэг болгосон боловч даатгалын компаниас нөхөн төлбөр төлөхөөс татгалзсан хариуг дахин өгсөн.

“Х...” ХХК-иар 76-51 .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг хийлгүүлэхэд 10 төрлийн эд ангийн эвдрэл гарсан. Уг эд ангийг солиулахад 2 170 000 төгрөгийн шууд зардлын хохирлын үнэлгээ гарсан байдаг. “Х...” ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 126 000 төгрөгийн үйлчилгээний хөлс, тээврийн хэрэгслийн оношилгоо хийлгэхэд 75 000 төгрөгийг үйлчилгээний хөлсийг тус тус төлөхөөс гадна тээврийн хэрэгслийг Б... сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэн авч ирэхэд 1 050 000 төгрөгийг тээврийн зардалд төлсөн. Иймд “М...” ХХК-иас тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрт 3 421 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр буюу 5 дахь өдөр Х. аймгийн Б... сумруу 7654 ... улсын дугаартай П... маркийн автомашинаар ээжийгээ хүргэж өгөхөөр явсан. Уг замаар жилдээ улирал хамаарахгүй 3-4 удаа зорчдог. Тэр зам нь байршил заагчаар төв зам гэж харагддаг. Улаанбаатар хотоос гарахад цаг агаар хэвийн байсан. Жаргалтхаан өнгөрч шороон замаар ороод явж байхад их хэмжээний цасаар шуурч эхэлсэн. Маш их шуурч зам харагдахгүй, харагдах үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Тухайн гармыг туулах явцад манай машин чулуунд тээгэлдэж усанд суусан. Усруу орж үзэхэд миний хөлний өвдөгнөөс доогуур татсан. Машины дугуйны тал хэсгээр ус татаж байсан. Эргэх явцад усанд машин сууж гарах боломжгүй болсон. Машины дугуй хий эргэж газарт суусан. Тэр өдрөө машинаа гаргах гэж оролдоод чадаагүй тул машинаа усанд хонуулсан. Маргааш нь Хэнтий аймгийн Батширээт сумын онцгой байдалд хандсанаар УАЗ маркийн машинаар чирүүлж гаргасан. “М...” ХХК-д Приус 30 маркийн автомашин нь 100 хувийн эрсдэлийн даатгалтай байсан. Одоо М.” ХХК-иас эрсдэлийн дагуу төлбөр нэхэмжилж байна. Үндэслэл нь гэрээнд заасны дагуу байгалийн эрсдэл үүссэн. Үер, газар хөдлөлт, аянга, мөндөр, хүчит салхи, цасан болон шороон шуурга гэж давагдашгүй хүчин зүйлийг тайлбарласан. Маргааш нь цас их хэмжээгээр шуурч усны түвшин нэмэгдсэн. Би усанд суусны маргааш нь М.” ХХК-тай холбогдож болсон процессыг ярихад “та баримтаа сайн бүрдүүлж, зураг бичлэг хийгээрэй” гэсний дагуу баримтаа бүрдүүлсэн. Оношилгоогоор машины нэлээн олон зүйлүүд гэмтсэн, гэрээнд заасны дагуу хохирол, үнэлгээний зардал болон засварын зардал нийт 3 421 000 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт гаргуулахаар шаардаж байна гэв.

3.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “М...” ХХК болон А.С... нар нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Тээврийн хэрэгслийн даатгал”-ын гэрээ байгуулсан. Уг гэрээний 5 дугаар зүйлд нөхөн төлбөрийн хасагдах нөхцөлийг тусгаж өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн тохиолдол нь “Тээврийн хэрэгслийн даатгал”-ын гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “техникийн хүчин чадлын хувьд зорчих боломжгүй газраар зорчсоны улмаас үүссэн хохирол” гэж заасан нөхцөлд хамаарч байгаа юм.

Даатгуулагч нэхэмжлэлдээ “тус зам нь тухайн орон нутгийн зориулалттай тээврийн хэрэгсэл зорчдог төв зам юм. Миний бие тээврийн хэрэгслээ уснаас гаргаж чадахгүй байсан учраас сумын Засаг дарга болон аймгийн Онцгой байдлын газар руу холбогдон тусламж хүссэн” гэж дурдсан байна. Тус замыг орон нутгийн зориулалттай тээврийн хэрэгсэл зорчдог зам эсэхээс үл хамааран техникийн хэрэгслийн хувьд зорчих боломжгүй газраар зорчсон тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэж гэрээнд тусгасан. Манай байгууллагад ирүүлсэн тохиолдол бий болсон нөхцөл байдлын зураг болон нэхэмжлэгчийн тайлбараас харахад тогтоол усанд суусны улмаас машинд хохирол учирсан. Тогтоол устай газраар техникийн хэрэгсэл буюу автомашин зорчиход эрсдэл учирч болзошгүйг жолооч буюу даатгуулагч урьдчилан таамаглан мэдэх боломжтой байсан. Иймд автомашинд эрсдэл учрах боломжтойг мэдсээр байж аз туршин, хөнгөмсгөөр найдан тогтоол усруу орсон үйлдэл нь талуудын хоорондын байгуулсан гэрээнд заасан нөхөн төлбөрийн хасагдах нөхцөл бий болсон гэж үзэн татгалзаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: T... 30 маркийн автомашин нь хосолмол хөдөлгүүртэй буюу hybrid, цахилгаан мотортой машин юм. Ийм машин гүн ус, үерт автсан замаар явах боломжгүй байдаг. Toyota компанийн хэрэглэгчдэд зориулсан гарын авлагад хосолмол хөдөлгүүртэй машин нь устай замаар явбал цахилгаан мотор нь ажиллагаагүй болж мөн цахилгаан эд анги нь гэмтэх учраас тус замаар аль болох явахгүй байх зөвлөмжийг өгдөг. Бид зорчих боломжгүй гэдгийг яаж нотлох байгаа бэ гэхээр Японы JАF буюу тээврийн хэрэгслийн холбооноос туршилт хийж хосолмол хөдөлгүүртэй машин ямар хэмжээтэй усыг туулах чадвартай гэдэг талаар Toyota Приус 30 маркийн автомашин нь седан төрлийн автомашинд хамаардаг бөгөөд уг төрлийн автомашин нь 30 см-ээс гүн ус туулж явах боломжгүй. 30см-ээс дээш усаар зорчсон тохиолдолд шууд эд анги нь ажиллагаагүй болж зогссоныг туршилтаар харуулсан. Даатгуулагч нь 30 см-ээс илүү гүн усыг туулж гарсан, усруу орохдоо хэр хэмжээний гүн ус гэдгийг харж, мэдэх боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгч хайхрамжгүй хандаж уг усыг гарах гэж оролдсон. Нэхэмжлэгч гэрээний 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан “зорчих боломжгүй газраар зорчсон” гэж үзэж байгаа учраас нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон нөхөн төлбөр авахаар өгсөн материалд байгалийн гамшгийн талаар огт дурдаж байгаагүй. Гэтэл шүүх хуралдааны шатанд “маш их хэмжээний цасаар шуурч байсан тул байгалийн эрсдэл болсон” талаар тайлбарлалаа. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

5.Нэхэмжлэгчээс: Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 5/, автомашин барьцаалсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээ /хх 6-13/, авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ /хх 14/, кассын орлогын ордер /хх 15-16/, төлбөрийн баримт /хх 17/, Х...ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 18-22/, М... ХХК-ний “нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай” 2021.12.03-ны 256/02/21 тоот албан бичиг /хх 23, 26/, Санхүүгийн зохицуулах хорооны 2021.12.09-ний 89/4265 тоот албан бичиг /хх 24-25/,  Х... аймгийн Б... сумын Засаг даргын 2021.10.11-ний өдрийн 337 тоот албан бичиг /хх 27/,

Хариуцагчаас: тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх 30/, М... ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 31/, итгэмжлэл /хх 32-33, 39/,  Тоёота компаний JAF сайтаас машины хүчин чадлын талаарх мэдээллийн орчуулсан баримт /хх 53-74/ зэрэг баримтуудыг гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт заасан даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардсан, хариуцагч нь 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт заасан энэ хуулийн 8.5-д заасан үндэслэлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг бүрэн олгохоос татгалзсан байна.

 

3.Даатгуулагч А.С... нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар М... ХХК-ний даатгалын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан, гомдлыг 2021 оны 12-р сарын 9-ний өдрийн 9/4265 тоот албан бичгээр шийдвэрлэж хариу өгсөн, шийдвэрийг М... ХХК эс зөвшөөрсөн хариу өгсөн /хх 23-26/, шийдвэрийг даатгагч, даатгуулагчийн хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

4.Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

  А.С... нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 76-51 ... улсын дугаартай, То... 30 маркийн машиныг худалдан авахдаа “Энх ...” банк бус санхүүгийн байгууллагатай “Автомашин барьцаалсан зээлийн гэрээ”, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” тус тус байгуулж, зээлдүүлэгчийн өмчлөлд тээврийн хэрэгслээ шилжүүлсэн /хх 5-12/ байна.

Нэхэмжлэгч нь тухайн өдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр М... ХХК-тай “Авто тээврийн хэрэгслийн даатгал”-ын гэрээ байгуулж /хх 14/, хураамж төлсөн, энэ талаар талууд маргаагүй.

Даатгуулагч А.С... нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатараас Х... аймгийн Б... сум руу явахдаа 08-09-нд шилжих шөнө 01 цагийн үед Б. сумын “Хурх” бр..игадын Жаргалантын гармаар гарахад машин усанд суусан, нөгөө талаас, байгалийн эрсдэл буюу цасан шуурга болж усны түвшин нэмэгдсэн давагдашгүй хүчин зүйл үүсч машины эд ангид хохирол учирч даатгалын тохиолдол үүссэн гэж үзэж нөхөн төлбөр гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “гэрээний 5.4-т заасан техникийн хүчин чадлын хувьд зорчих боломжгүй газраар зорчсоны улмаас үүссэн хохирол буюу нөхөн төлбөрөөс хасагдах заалтад хамаарсан гэж маргажээ.

Авто замын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.24 дэх хэсэгт зааснаар "Орон нутгийн чанартай авто зам" гэж аймгийн нутаг дэвсгэр дэх хот, сум, суурин газар, фермерийн аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн баазыг хооронд нь холбосон болон тэдгээрийн доторх авто замыг ойлгох ба энэ хуулийн 15-р зүйлийн 15.2-т зааснаар авто замыг тодорхой ангилалд хамааруулах асуудлыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэдэг байна. Нэхэмжлэгчийн зорчсон гарам нь орон нутгийн зам болох талаар талууд маргаагүй, Х... аймгийн Б...сумын Засаг дарга “төв зам байсан” талаар тодорхойлсон нь /хх 7/ дээрх хуулийн заалттай нийцээгүй байна.

Талууд 2021 оны 10-р сарын 8-9-нд шилжих шөнө 1 цагийн үед машинтайгаа усанд суусан, аймгийн онцгой комисс  машиныг уснаас гаргасан үйл баримтын талаар маргаагүй, харин нэхэмжлэгч “гармаар гарахад чулуунд тээглэж машин суусан”, “байгалын эрсдэл” буюу  тухайн үед Жаргалтхаан өнгөрөөд шороон замд ороход цас ихээр шуурч үзэгдэх орчин хязгаарлагдсан, усны түвшин нэмэгдсэн гэж өөр өөр үндэслэлээр тайлбарлажээ.

Тухайн цаг хугацаанд байгалын аюултай үзэгдэл болсон, энэ талаар эрх бүхий байгууллагаас мэдээлсэн, өөрөөр хэлбэл, байгалын эрсдэл буюу даатгалын тохиолдолд   үүссэн нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй байна.

Нөгөө талаас, үзэгдэх орчин хязгаарлагдсан шөнийн цагт усны түвшин ямар байсныг тогтоох боломжгүй байжээ. 

Хариуцагч нь япон автомашины www.jap.or.jp сайтад байршсан  PRIUS маркийн автомашины ус туулах хүчин чадлын талаарх мэдээллийг албан ёсоор орчуулсан, нотариатаар гэрчлүүлсэн баримтыг гаргасан /хх 53-61, 67-74/  байх ба энэ машин нь хосолмол буюу hybrid системийн машин бөгөөд 30 см гүн ус туулах боломжтой, үүнээс их ус туулах тохиолдолд хосолмол систем ажиллагаагүй болох, цахилгаан эд ангид богино холбоос үүсэх, ус нэвтэрч хөдөлгүүр гэмтэх эрсдэл үүснэ гэжээ.

Харин усанд суусан үеийн фото зураг /нэхэмжлэгч гаргасан хэргийн 19/, машинд үүссэн гэмтэл, хохирлын үнэлгээ /хх 18, 20/  зэргээс дүгнэвэл тухайн машины hybrid асаалтын болон бусад компьютерийн систем гэмтсэн нь хүчин чадлаас давсан хэмжээний ус туулсан гэх үндэслэлтэй.

Талууд гэрээний 5.4 дэх хэсэгт зааснаар “техникийн хүчин чадлын хувьд зорчих боломжгүй газраар зорчсоны улмаас үүссэн хохирол” буюу нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлд хамаарахаар тохирсон, хариуцагч энэ үндэслэлээр нөхөн төлбөр олгох, гарсан зардал буюу оношлогоо, ачилт, үнэлгээний зардлыг /хх 16-18/ нөхөн төлөхөөс татгалзсан нь үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Хэргийн 62-66 дахь талд авагдсан фото зураг нь нотлох баримтын шаардлага хангаагүй боловч хариуцагч  PRIUS маркийн машины дугуйны өндөр, 30 см өндрийн хэмжээг харуулсан гэснийг дурьдах нь зүйтэй. 

 

5.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 69866 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан Мо... ХХК-иас 3 421 000 /гурван сая дөрвөн зуун гучин нэгэн мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн А.С...ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69 866 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

  

 

               ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                      Р.АЛТАНТУЯА