Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/01863

 

2022 оны 05 сарын 18 өдөр                         Дугаар 102/ШШ2022/01863                         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ....-р хороо, ... байранд үйл ажиллагаа явуулах, “Н...” сууц өмчлөгчдийн холбоо,

Хариуцагч: Баянгол дүүргийн ....-р хороо, ...-р байр, ... тоотод оршин суух, регистр ..., Л. овог.т С.ийн Г..., 

Нэхэмжлэлийн шаардлага: 1 226 200 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Э...

Хариуцагч С.Г...

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгч нь С.Г...т холбогдуулан засвар үйлчилгээний зардал 1 226 200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

С.Г... нь тус байрандаа .... тоот хоёр байр эзэмшдэг. С.Г... нь Н... СӨХ-д төлөх сар бүрийн засвар үйлчилгээний зардал болох 2020 оны 06 дугаар сараас эхлээд одоо хүртэлх хугацааны 27-р байрны 42 тоотын төлбөр 610 000 төгрөг, 19 тоотын төлбөр 610 000 төгрөг, нийт 1 226 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд С.Г...аас 1 226 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2.Хариуцагч С.Г... хариу тайлбартаа: Би 27 дугаар байрны 19 тоотын өмчлөгч биш тул төлбөр 610 000 төгрөгийг хариуцахгүй. Наранбулаг сууц өмчлөгчдийн холбоо нь байгуулагдсан цагаасаа хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байрны орон сууцны дундын өмчлөлийн тухай хуулийн олон заалтыг зөрчсөн. “Н...” СӨХ-ийн төлбөрийг 25 000 төгрөгөөр тогтоосон хурлын тогтоолтой танилцлаа. Энэ нь хууль зөрчсөн, хураамжийн хэмжээг зөвхөн бүх гишүүдийн хурлаар тогтоодог хуулийн заалттай. Гэтэл удирдах зөвлөлийн гишүүд СӨХ-ийн хураамжийн хэмжээг өөрчилсөн. Энэ нь хууль зөрчсөн. Бүх гишүүдийн хурал хуралдаж бидний саналыг авч, санал бүх гишүүдээр хэлэлцэгдэж шийдэгдэхээр байсан. Хууль зөрчсөн учраас би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

3.Нэхэмжлэгчээс: Н... сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ /хх 3/, 27-р байрны 19, 42 тоот сууцны төлбөр тооцоо /хх 4-5, 109/, СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2020.12.16-ны өдрийн 10 тоот тогтоол /хх 100/, сууц өмчлөгчдийн хурлын 2019.11.17-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх 101-108/, Н... ХХК-ний 2022.05.11-ний өдрийн 22 тоот албан бичиг, Н...СӨХ-ны 2020, 2021  оны ажлын болон санхүүгийн тайлан /хх 81-86/, С... ХХК, Дээд зөвлөлийн хяналтын зөвлөлөөс Н. 2020 оны ажлыг шалгасан дүнгийн  тухай /хх 87-90/, Н... СӨХ-ний УЗ-ийн дүгнэлт /хх 91-92/ зэрэг баримтыг,

Хариуцагчаас: 2022.5.4-ний өдөр БГД-ийн засаг даргад гаргасан гомдол, бүртгэл хяналтын карт, /хх 18-29, 48-55/, холбооны гүйцэтгэх захирал Т.Э...т хүргүүлсэн шаардлага /хх 30-31/, УЗ-ийн дарга Б.Л...д хүргүүлсэн шаардлага /хх 32-43/, БГД-ийн ЗДТГ-ын дарга, СӨХ хариуцсан мэргэжилтэнд гаргасан гомдол /хх 56-58/, БГД-ийн ЗДТГ-аас С.Г...т ирүүлсэн 2022.04.27-ны өдрийн 05/737 тоот тайлбар /хх 59-61/, Төрийн банкинд СӨХ-ны төлбөр төлсөн баримт /хх 62-63/, Сан арвич аудит ХХК-ний тайлбар /хх 64/, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд гаргасан хүсэлт /хх 65-69/, Н... СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2021.09.10-ны хурлын тэмдэглэл /хх 70-71/, СӨХ-ны Удирдах зөвлөлд хүргүүлсэн шаардлага /хх 72-72-74/,  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 111/ зэрэг баримтуудыг тус тус гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлээс 610 000 төгрөгийн шаардлагыг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

Н... сууц өмчлөгчдийн холбоо нь С.Г...аас Баянгол дүүргийн ....-р хороо, .... дугаар байрны .... тоот сууцны засвар үйлчилгээний зардал гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нь 27 дугаар байрны 42 тоот сууцны өмчлөгч болох нь  Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар /хх 111/ тогтоогдсон байх ба харин 19 тоот сууцны өмчлөгч болох нь лавлагаагаар тогтоогдоогүй, сууцны өмчлөгч биш байна.  

Н... сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 147-р зүйлийн 147 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгчөөс 42 тоот сууцны засвар үйлчилгээний 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын зардал 610 000 төгрөгийг төлүүлэхээр шаардах эрхтэй.

Сууц өмчлөгч С.Г... нь Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд сууц өмчлөгч нь 2020 оны 05 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын зардал 610 000 төгрөгийг төлөөгүй нь зохигчийн тайлбар, Төрийн банкны нэхэмжлэх  /хх 5/ зэрэг баримтаар тогтоогдсон байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ...сууц өмчлөгчдийн холбоо хуульд зааснаар ажлаа явуулдаггүй, ажлын болон санхүүгийн тайлангаа тавьдаггүй, удирдах зөвлөл төлбөр бууруулсан нь буруу...гэж тайлбарладаг боловч энэ нь тогтоосон засвар үйлчилгээний зардлыг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй.

Нөгөө талаас, сууц өмчлөгчдийн холбоо нь Ковид-19 цар тахалтай холбоотойгоор сууц өмчлөгчдийн сар бүр төлөх төлбөрийг 5000 төгрөгөөр бууруулсан нь сууц өмчлөгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөөгүй байна. 

3. Хэрэгт авагдсан С.Г....ын 2022.5.4-ний өдрийн Баянгол дүүргийн Засаг даргад гаргасан гомдол, бүртгэл хяналтын карт, /хх 18-29, 48-55/, Наранбулаг сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Э...т хүргүүлсэн шаардлага /хх 30-31/, Уирдах зөвлөлийн дарга Б.Л...д хүргүүлсэн шаардлага /хх 32-43/, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, Сууц өмчлөгчдийн холбоо хариуцсан мэргэжилтэнд гаргасан гомдол /хх 56-58/, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас С.Г...т ирүүлсэн 2022.04.27-ны өдрийн 05/737 тоот тайлбар /хх 59-61/, Төрийн банкинд СӨХ-ны төлбөр төлсөн баримт /хх 62-63/, С. ХХК-ний тайл..бар /хх 64/, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд гаргасан хүсэлт /хх 65-69/, СӨХ-ны Удирдах зөвлөлд хүргүүлсэн шаардлага /хх 72-74/ зэрэг баримтууд нь Н... сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаатай холбоотой, харин нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзалтай холбоогүй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 33 830 төгрөг төлснийг улсын орлогот хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр буюу 18 950 төгрөгийг хариуцагч С.Г...аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан С...ийн Г...аас 610 000 /зургаан зуун арван мянга/ төгрөг гаргуулж “Н.” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 610 000 / зургаан зуун арван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.    

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 830 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч С.Г...аас 18 950 төгрөг гаргуулж Н. сууц өмчлөгчдий..н холбоонд олгосугай.

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

                 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА