Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/217

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:*******7/2025/0033/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунцэцэг,

Улсын яллагч Э.Улаанаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Орхончимэг,

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******д холбогдох эрүүгийн 2418000000870 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1981 оны 05 сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 02 дугаар хороо,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт******* улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******ын: Би Дархан-уул аймагт ангийнхаа шинэ жилд ороод нэг ширхэг шар айраг уусан. Тэгээд хүүхэд рүүгээ очихоор Дархан зард дуудлагын жолооч байгаа эсэх талаар пост оруулахад нэг ч хүн холбогдоогүй. Тэгэхээр нь нэг ширхэг шар айраг уусан учир гайгүй байх гэж бодоод машинаа жолоодоод явсан. Өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод эрхээ хасуулсан. Би одоо 40 настай бөгөөд 39 настайдаа нэг хүүхэд төрүүлсэн, хүүхдийн аав нь надтай хамт амьдардаггүй. Мөн би төгссөн мэргэжлээрээ олон жил ажиллаж байгаа, одоо хувиараа орчуулгын компани ажиллуулдаг бөгөөд ажлын байрны зориулалтаар зээл авсан. Миний буруу гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-5/,

          Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.02 хувийн үзүүлэлт илэрч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх тэмдэглэл /хх-ийн 6/,     

          Шүүгдэгчийн согтуурлыг шалгасан гэрэл зураг /хх-ийн 7/,

          Гэрч*******ийн: 2024 оны 12 сарын 07-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн “Апполло” дэлгүүрийн орчимд шалгалтын үүрэг гүйцэтгэж байхдаа******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн суудалд ******* гэх эмэгтэй хүн сууж байсан бөгөөд ******* нь 2023 оны 12 сарын*******-нд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгуулахаас татгалзсаны улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан байсан. Мөн зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. *******аас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул драгер багажаар үлээлгэж шалгахад 1.02 хувь гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

          Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 сарын 02-ны******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлсэн талаарх зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал /хх-ийн 35-50/,

          Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хасах ялаар шийтгүүлсэн, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулсан тухай Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 52-55/,

          Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 12 сарын*******-аас 01 жилийн хугацаагаар, 2024 оны 11 сарын 04-өөс 03 жил 01 сарын хугацаагаар тус тус хасуулсан гэх Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 63/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа тул маргаж мэтгэлцэхгүй зүйлгүй гэв.

          Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2023 оны 12 сарын*******-нд 2.09 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодож Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад Э.Энх-Амарын 2024 оны 01 сарын 02-ны******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлсэн байна.

          Мөн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн ба 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт******* улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийг 1.02 хувийн согтолттой жолоодож яваад цагдаагийн алба хаагчид саатуулагдсан гэх үйл баримт тогтоогдож байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан атлаа дахин 1.02 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсоноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

          Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

          2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

          Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

          3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

          Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

          Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 2, 2020 оны 6 сарын 24-нд төрсөн охины хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байна.

          Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн эдлэх ялыг 01 жил 06 сарын хугацаагаар тогтоож нээлттэй хорих ангид эдлүүлэх, эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тус тусад нь эдлүүлэх саналтай байна гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, өрх толгойлсон эх зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж өгнө үү гэв.

          Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 сарын*******-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасуулсан. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ба шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсжээ.

          Гэтэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулснаас гадна тэнссэн хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байдлаас дүгнэхэд шүүгдэгч нь энэ төрлийн гэмт хэргийн нийгэмд аюултай шинж, хор уршгийг ойлгож ухамсарлахгүйгээр удаа дараа согтуурсан үедээ, жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

          Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

          Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан.

          Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг тул Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зохицуулалт нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээс зөвхөн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах зохицуулалт бөгөөд шүүхийн шийдвэрийн бусад заалтуудыг адил шатны шүүх өөрчлөх эрхгүй юм.

          Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хасах ял оногдуулсныг хүчингүй болгох, өөрчлөх эрхгүй.

          Иймд улсын яллагчийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасах оногдуулах санал нь үндэслэлгүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 02 жилийн хугацаагаар тогтоож, түүний ажил эрхлэлтийн байдал, ам бүлийн байдлыг харгалзан ялын хязгаарлалтыг Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоож шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд ялыг нэмж нэгтгэх журмыг хуульчилсан нь үндсэн ялд хамаарах бөгөөд нэмэгдэл ялыг хэрхэн нэмж нэгтгэхийг зохицуулаагүй байна. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй тул дээрх журмаар нэмэгдэл ялыг нэмж нэгтгэх боломжгүй.

          Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хасах ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь 2025 оны 01 сарын 28-ны өдрөөс 2025 оны 04 сарын 15-ны өдрийн хооронд 77 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон байна.

Түүний цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 01 жил 09 сар 13 хоногоор тогтоов.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч*******ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 02 жилийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хасах ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 77 хоногийг эдлэх ялаас хасаж биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 01 жил 09 сар 13 хоногоор тогтоосугай.

10. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР