Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/2022/01973

 

2022 оны 05 сарын 25 өдөр                          Дугаар 102/ШШ2022/01973                        Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ө... аймгийн А... сум, ...-р баг, ... байрны ... тоотод оршин суух, регистр ..., С... овогтой Д...ын Л.,  

 

            Хариуцагч: С... дүүргийн, ...-р хороо, ... хороолол, . тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ...-р хороо, Энхтайваны өргөн чөлөө ... гудамж, Гранд плаза төвийн ... давхар, ... тоотод үйл ажиллагаа явуулах, регистр ..., “Т...” ХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 38 400 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ш.,

Гэрч Ц.Х. С.Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нь Т... ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 38 400 000 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Нэхэмжлэлийн үндэслэл нь түрээслүүлэгч Д.Л... нь Т... ХХК-ийн захиралтай харилцан тохиролцож өөрийн эзэмшлийн Хово маркийн 6656 ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу өөрөө буулгагч, Норт бенз маркийн 0181 ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу өөрөө буулгагчийг түрээслэхээр 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ТБС-21/26 дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт заасны дагуу түрээсийн төлбөрийг 1 тээврийн хэрэгслийн 10 цагийн төлбөр нь 8 000 000 төгрөг, 20 цагт 16 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Гэвч түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч нь тус төлбөрөө багасгаж нэг тээврийн хэрэгслээс сарын нийт 8 000 000 төгрөгөөр тооцон 4 сарын түрээсийн төлбөр 6556 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн 32 000 000 төгрөг,  0181 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4 сарын 32 000 000 төгрөг нийт 64 000 000 төгрөг байхаар тооцоолсон. Мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу түрээслүүлэгчийн нэхэмжилсэн аливаа зардлыг заасан цаг хугацаанд нь төлөөгүй бол хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувь хүртэл алдангийг бүрэн төлөх хүртэл төлнө гэсэн боловч нэхэмжлэлд дээрх алдангийг оруулаагүй бөгөөд өөрийн үндсэн төлбөрөөр бодож нэхэмжлэл гаргасан. Түрээслэгч буюу Т... ХХК нь дээрх 64 000 000 төгрөгөөс түрээсийн төлбөрт 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 11 000 000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 4 000 000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 4 000 000 төгрөгийг тус тус төлсөн байдаг. Т... ХХК нь хувьцаа эзэмшигч буюу Б... гэх хүнтэй аман тохиролцоо хийж төлбөртөө тооцуулан 1 өрөө байрандаа байлгахаар 8 сарын хугацаатайгаар сарын 700 000 төгрөгөөр тооцож 8 сарын 5 600 000 төгрөгөөр байрын түрээсийг тооцсон. Т.... ХХК-иас нийт 25 600 000 төгрөгийг авсан. Нийт түрээсийн төлбөр болох 64 000 000 төгрөгийн үлдэгдэл 38 400 000 төгрөгийг Т....ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Д.ын Л... нь Т... ХХК-ний  үндсэн үйл ажиллагаа биш дагалдах төсөл болох алтны уурхайн төсөлд 2021 оны 6-р сарын 24-ний өдөр “тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ” хийж Хово маркийн 6256 ӨВО, Нордбенз маркийн 0181 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг түрээсээр ажиллуулсан. Нэхэмжилж буй 38 400 000 төгрөгийг төлөх боломжгүй болно. Үүнд:

-2021 оны 6-р сарын 24-ний өдөр “Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ”.

Хово маркийн 6256 .... машины түрээсийн гэрээнд А... ГАРЫН ҮСЭГ зурсан. Нордбенз маркийн 0181 ... улсын дугаартай тээврийн гэрээнд Б... гэх хүмүүс тус тус гарын үсэг зурсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь Д.Л. гэх хүн нэхэмжилсэн байгаа нь гэрээнд тусгагдаагүй байна.

-Тус төслийн захирал Д.Б... нь Д.Л...ийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөрт буюу 8 сарын хугацаатай өөрийн эзэмшлийн 1 өрөө байрыг түрээслэн амьдруулахаар аман тохиролцоо хийж, Д.Л... нь одоо хүртэл тус байранд үлдэгдэл төлбөрөөсөө суутгуулан амьдарч байна.

-ажил эхэлсэн үед буюу 7 сараас хойш ажилласан хугацааны хөлс буюу 20 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Харин үлдсэн хугацаанд 53 хоног ажилласан бөгөөд 19 хоногт эвдэрч сул зогсолт хийсэн. Гэвч төслийн удирдлагууд 72 хоногоор төлбөрийг бодсон бөгөөд 19 200 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл байгаа бөгөөд энэ дүнгээс байр түрээслэн амьдарч байгаа. Одоо үлдэгдэл 4 200 000 төгрөг байна. Бид 4 200 000 төгрөгийг нэн даруй барагдуулахад татгалзахгүй, хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзахгүй гэжээ. 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ш.... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани эдгээр 2 машиныг хөлслөхөөр 2021 оны 06 дугаар 25-ны өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Ерөө суманд авч ирсэн. 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэхэд эхний нэг сарын түрээсийн төлбөрийг төлөх байсан. Манай компани эхний  1 сарын төлбөр 2 машин тус бүрт 8 000 000 төгрөг буюу нийт 16 000 000 төгрөгийг төлсөн. Норт бенз маркийн машины жолооч С.Б... нь 2021 оны 07 дугаар сарын 31-ний үеэр  ээжийнх нь бие өвдөж явсан. С.Б...ийг явснаас хойш Норт бенз маркийн машины диск нь эвдэрсэн. 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шинэ жолооч нь Д.Л...ийн хамт ирсэн. Жолооч нь ирээд өдрийн 14 цагаас орой 23 цаг хүртэл ажиллаад амарч,  өглөө нь 08 цагаас 09 цаг хүртэл ажиллаад машиных нь диск эвдэрч 7 хоног зогссон. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дахин эвдэрч зогссон. 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 10 хоног дахин эвдэрсэн. А... гэх жолоочтой Хова маркийн машин нь 07 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл  28 хоногийн ажилд нийт 8 000 000 төгрөг төлсөн. 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 1 хоног эвдэрсэн 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 3 хоног ажиллахгүй диск нь эвдэрсэн. 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үед машины эзэн Д.Л... ирж тооцоогоо тулгаж, 2 машины нийт явсан хугацаа болох 53 хоногийн 14 100 000 төгрөг өгөхөөр 2 тал харилцан тохиролцож гарын үсэг зурсан. Машины эзэн Д.Л... Хова маркийн машинаа авч явсан. Норт бенз маркийн машиныг шинэ жолооч О.од үлдэхээр тохирсон. 14 100 000 төгрөгөөс захирал н.Буянбадрах 5 000 000 төгрөгийг Д.Л...ийн дансанд хийсэн. Норт бенз маркийн жолооч н.О... нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс ажиллаж эхлээд нийт 7 хоног ажлаад үлдэгдэл 12 хоног нь компаниас шалтгаалж ажил зогссон. Жолооч н.О... нь ажилласан хоногоо тулгаж 2 тал гарын үсгээ зурсан. Машиныг 72 хоногоор тооцож нийт 19 200 000 төгрөг болсон. н.Б... захирал 5 000 000 төгрөг өгч 14 200 000 төгрөг үлдсэн. Үлдэгдэл 14 200 000 төгрөгөөс н.Б... захирал Соёл урлагийн их сургуулийн хажууд 1 өрөө байрны түрээсэнд оруулсан. Эхний саруудад Б...  нь танилынхаа байранд оруулж түрээсэнд 700 000 төгрөг төлдөг байсан. Дараа нь өөр байранд оруулсан тус байрны сарын төлбөр нь 1 400 000 төгрөг. Нийт 14 100 000 төгрөгийн үлдэгдлээс байрны 8 сар хүртэл хугацаанд амьдрах түрээсийн төлбөрийг хасаад 10 00 000 төгрөг болсон. Манайх 4 200 000 төгрөгийн үлдэгдэлтэй. Түрээсийн гэрээнд машины эвдрэлийн хоног нь сарын 3 хоногийг өгдөг. 3 хоногоос илүү эвдэрсэн тохиолдолд манай тал хариуцахгүй. Машин зогссон хоногоор нь түрээсийн төлбөрийг хасна гэж заасан. Тиймээс манайх 4 200 000 төгрөгийг төлөх ёстой. Д.Л... нь жолооч н.О...той хамт ирэхдээ 53 хоног гэж тохирохдоо төлбөр нь 14 100 000 төгрөг болсон. 14 100 000 төгрөгөөс Д.Лхагвааг буцаж явахад нь 5 000 000 төгрөгийг өгсөн.  53 хоног дээр 19 хоногийг нэмэхэд 72 хоног, 72 хоногийн 19 200 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгөө хасахад 14 200 000 төгрөг, үүнээс байрны түрээсийн мөнгийг хасаад 4 100 000 төгрөг үлдэж байна. Нэхэмжлэгч тал 4 100 000 төгрөгийг хүлээн зөвшөөрвөл эвлэрэх боломжтой гэв.

4.Нэхэмжлэгчээс: Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ /хх 5-12/, ХААН  банкны дансны хуулга /хх 13-32/, машины зураг /хх 33-36/, гар утасны зурвас /хх 37-40/,

Хариуцагчаас: Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ /хх 51-58/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх 65-66/, Дэвтэр /хх-т/ зэрэг баримтуудыг гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагаас 13 566 673 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

Д.Л... нь Т... ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ТБС-21/26 дугаартай “Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ” байгуулж Хово маркийн 6656 УБО улсын дугаартай өөрөө буулгагч, Норт бенз маркийн 0181 УБӨ улсын дугаартай өөрөө буулгагчийг 4 сарын хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч нэг машины сарын түрээсийн төлбөрт 8000 000 төгрөг төлөхөөр тус тус тохирсон /хх 5-128/, талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагджээ.

Хэдийгээр гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөрийг 1 тээврийн хэрэгслийн 10 цагийн төлбөр нь 8 000 000 төгрөг, 20 цагт 16 000 000 төгрөг байхаар тусгасан боловч талууд төлбөрөө багасгаж нэг тээврийн хэрэгслээс сарын нийт 8 000 000 төгрөгөөр тооцохоор тохирсон нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

Түрээслэгч гэрээний хугацаанд 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 11 000 000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 4 000 000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 4 000 000 төгрөг нийт 20 000 000 төгрөгийг төлсөн нь ХААН банкны депозит дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтаар /хх 13-32, 65-66/ тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Харин тээврийн хэрэгсэл нь ашиглалтын явцад эвдэрсэн, сул зогссон зэрэг шалтгааны улмаас төлбөр төлөх тал дээр маргаан үүссэн нь гэрч С.Б...ийн “...2021 оны 06 дугаар сарын 20-ны үед С.. аймгийн Е... суманд очсон. Сарын хугацаанд Норд  маркийн 8884 улсын дугаартай тээврийн хэрэгслийг сарын хугацаанд барьсан. Сарын хугацаанд ажиллаж ар гэрийн гачигдлаар сарын дараа Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас явсан” гэсэн мэдүүлэг,

гэрч Ц.Х...ийн “С.Б... бид 2021 оны 06 дугаар сарын 15-ны үед тээвэрт явах гээд хотод байсан. Наадмын дараа С.Б... нь ар гэрийн гачигдлын улмаас нутаг руугаа явсан тул би Сэлэнгэ аймгийн Ерөө суманд очиж сарын хугацаанд 0181 ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьсан, ажиллах хугацаанд машины диск эвдэрч 3 хоног зогссон, сэлбэг нь ирснээр өөрсдөө зассан” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогджээ.

Түрээслэгч нь 2 машинаар гүйцэтгэсэн ажлын өдөр, төлбөр тооцоог ажлын дэвтэрт бүртгэсэн, дэвтрийн 16 дугаар хуудасны ар талаас 18 дугаар хуудсанд Хово маркийн машины ажилласан хоногийг 53 хоногоор тооцож төлбөр 14 100 000 төгрөг болсныг зөвшөөрч гарын үсэг зурсан, Норд машины машины ажилласан хоногийг /19 дүгээр хуудасны ар талд/ 19 болсныг зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Үүнээс тооцвол, 14 100 000 төгрөг, 19 хоногийн төлбөр 5 066 673 төгрөг нийт 19 166 673 төгрөгийг түрээслэгч төлөөгүй гэж дүгнэлээ.

Түрээсийн төлбөрт 1 өрөө орон сууцыг сарын 700 000 төгрөгөөр тооцсон талаар талууд маргаагүй, харин хариуцагч сарын төлбөрийг 1 400 000 төгрөг болгосон гэх боловч баримтаар нотлогдоогүй тул 8 сарын төлбөр 5 600 000 төгрөгийг төлөгдсөнд тооцож хасах нь зүйтэй. Иймд түрээслэгчийн төлөх төлбөрийг 13 566 673 төгрөг  гэж үзлээ.

Хариуцагч нотлох баримтаар С.Б..., А...  нартай түрээсийн гэрээ байгуулсан /хх 51-58/ гэх боловч эдгээр нь түрээслүүлэгчийг төлөөлөх эрхтэй этгээд биш, харин жолоочоор ажилласан хүмүүс байна.

Түүнчлэн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар тул энэ шийдвэрийн үндэслэл болоогүй, хэргийн 33-34, 36 дахь талд авагдсан машины зургийн талаар талууд маргаагүй,  хэргийн 35, 37-40 дэх талд авагдсан баримт нотлох баримтын шаардлага хангаагүйг дурьдлаа.

3. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 349 950 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагаас 13 566 673 төгрөгийг хангаж шийдвэрлэлээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 349 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Т... ХХК-иас 225 783 төгрөг гаргуулж Д.Л.д олгох нь зүйтэй.

    

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т... ХХК-иас 13 566 673 /арван гурван сая таван зуун жаран зургаан мянга зургаан зуун далан гурав/ төгрөг гаргуулж Д.Л...д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 24 833 327 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэг, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 349 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Т... ХХК-иас 225 783 төгрөг гаргуулж Д.Л...д олгосугай.   

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                                        

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА