| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/01565/И |
| Дугаар | 102/ШШ2022/01974 |
| Огноо | 2022-05-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2022/01974
2022 оны 05 сарын 25 өдөр Дугаар 102/ШШ2022/01974 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ....-р хороо, Дунд голын гудамж, М... оффис, регистр ..., Г. ХХК,
Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, . байр, ...9 тоот, регистр ..., О... ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 90 113 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Д...,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С...,
Гэрч Т.Д..., Г.О...,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь О... ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 90 113 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Манай компани 2021 оны 5-р сарын 14-ний өдөр “О....” ХХК-иас 48900 литр дизель түлш авахаар 85 086 000 төгрөгийг тус компаний данс руу шилжүүлсэн боловч одоо хүртэл дизелийн түлш өгөөгүй байна. Уг түлшийг төмөр замын бүтээн байгуулалтын ажилд графикийн дагуу нийлүүлэх ёстой байсан боловч залилан мэхлэгч этгээдүүдийн хууль бус үйлдлээс болоод манайх торгууль, алданги төлөх болоод байна. Биднийг анхнаасаа хууран мэхэлж мөнгийг шилжүүлж авсны дараа залилах зорилготой байсныг мэдэхгүй итгэж залилуулсанд гомдолтой байна. Тус компани дээр очиход түлшээ асуухад “өөр компани руу түлш авахаар мөнгийг шилжүүлсэн, авч чадаагүй байна, хүлээж бай, шүүх цагдаагаар явж байна” гэх мэтээр хууран мэхэлж байна. Тэд урьдаас төлөвлөн зохион байгуулалттайгаар залилан мэхэлж их хэмжээний мөнгөтэй болох төлөвлөгөөтэй байсныг мэдсэнгүй. О... ХХК-иас 11 160 000 төгрөгний түлш буцааж авсан. Одоо үлдэгдэл 73 926 000 төгрөг байна. Би бусдын өрийг төлөх гэж байраа зарж төлбөр тооцоог дуусгасан. Хүү, алданги 16 187 000 төгрөг нэмж төлсөн. Иймд “О...” ХХК-иас 90 743 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 05 дугаар сарын 14-ний 5 дахь өдөр “хямдхан дизель түлш 1 740 төгрөгөөр зарна” гэсэн мэдээллийг “Жаст” ХХК-ийн агуулах дээр сонссон. Төсөл дээр ажиллаж байгаа талаар Лхагва гэх хүнтэй утсаар ярьсан, энэ хүн Т.Д... Г.О... нарын найзууд юм. Л...тай ярихад А... ХХК-ийн агуулах руу очоорой, мөнгөө надруу шилжүүлчих гэсэн. Ингээд 1 740 төгрөгөөр 48 900 литр түлш авахаар 85 086 000 төгрөгийг компанийхаа Худалдаа хөгжлийн банкны данснаас “О....” ХХК-ийн Хаан банкны данс руу 3 000 000 төгрөгөөр 23 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Шатахуунаа авахаар орой 04.30 цагийн үед очиход “танай зөвшөөрөл ирээгүй” гээд ачуулаагүй. Яагаад ийм асуудал үүссэн талаар Т.Д....тэй холбогдсон. Бид нар мөнгөө залилуулсан талаар 3 хоногийн дараа мэдсэн. “О....” ХХК нь 1700 төгрөгөөр дизель түлш авахаар 83 130 000 төгрөгийг “Р...” ХХК-ийн данс руу шилжүүлсэн байсан, түлшний литр тутмаас ашиг олох зорилготой байсан. “О...” ХХК-иас мөнгөө авахаар гэж 1 жил хүлээсэн. Манайх Ө... аймгийн Ц... дэх төмөр замын төслийн ажлаа үргэлжлүүлж 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Л...” ХХК-иас 185 000 000 төгрөгийн 100 000 тн дизель түлш зээлсэн. 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Г.О... гэх хүн надад 6 тн дизель түлшийг 1 850 төгрөгөөр өгсөн. Манайх үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд өөр компаниас 100 000 литр түлш зээлсэн, үүний 60 000 литр түлшний мөнгийг би өөрөө төлсөн. “О...” ХХК-руу шилжүүлсэн 85 086 000 төгрөгийг төлөхийн тулд орон байраа зарсан. “О...” ХХК-ийг асуудлаа шийдэж өгөхийг удаа дараа шаардсан боловч “Р...” ХХК-тай учраа ол гэсэн. Гэтэл манайх “Р...” ХХК-тай ямар ч харилцаа үүсгээгүй. “О...” ХХК нь 40 төгрөгийн ашиг олохын тулд миний мөнгийг цааш нь өөр компанид шилжүүлсэн. 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “О...” нь 40 төгрөгийн зөрүү буюу 1 900 000 төгрөгийг надад шилжүүлсэн. “О.. ХХК-ийн учруулсан хохирлоос болж 82 хоногийн 16 000 000 төгрөгийн хүү, алданги төлсөн. Нийт 90 743 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
3.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2021 оны 5-р сарын 14-ний өдөр “О...” ХХК-иас 48900 литр түлш авахаар тохиролцоод 85 086 000 төгрөгийг шилжүүлсэн гэжээ. Манай компани тусгай зөвшөөрлийн эрхгүй ч тусгай зөвшөөрөлтэй компани руу шилжүүлэн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. “Г...” ХХК-ний мөнгийг “Р...” ХХК-руу шилжүүлэн зуучлалын үүрэг дуусгавар болсон. Илүү тооцогдсон төлбөрийг буцаан “Г...ХХК- руу шилжүүлсэн. Энэ асуудал өнөөдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа бөгөөд “О...” ХХК болон хамаарал бүхий этгээд нь хохирогчоор тогтоогдсон, нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон байна. “Р...” ХХК нь тухайн үед нэхэмжлэгчийн мөнгөөр өөр компанид түлш өгөх мэдээлэл авлаа, газар дээр нь очиж түлшээ ав, захиалга нь баталгаажсан учраас нэхэж байгаад ав гэхэд “за” гээд явсан. Тухайн үед ачигдсан түлш нь “С...” ХХК-ийх байна, манайхыг дараа нь өгнө гэж байна гэж хэлж байсан. Энэ нь “О...” ХХК болон” Г....” ХХК хоорондын асуудал биш, “Р...” ХХК болон “Г....” ХХК-ний хооронд үүссэн эрүүгийн журмаар эрх бүхий байгууллага шийдвэрлэж байгаа /эрүүгийн хэргийн дугаар 2120..../ тул энэ иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талууд 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр харилцан тохиролцож “Г.” ХХК-иас.. “О.” Х.ХК-руу 85 086 000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь Т.Д...тэй танилууд, нэг газарт хамт ажилладаг байсан. Зуучлалын 1 900 000 төгрөгийг “Г.” ХХК-д эхлээд 1 100 000 төгрөгөөр, дараа нь 800 000 төгрөгийг буцааж шилжүүлсэн. “Л.” ХХК-тай хийсэн хэлцэл нь 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хийгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатаао гэрчлүүлсэн 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хийсэн байдаг. Нэхэмжлэгч нь 09 дүгээр сарын 17-ны өдөр байраа зарсан гэх тайлбарыг өгдөг боловч он сар өдрийн хувьд зөрүүтэй байна. Нэхэмжлэгч нь А.Г. гэх өмгөөлөгчийг олж өгсөн, хөлсийг өөрөө өөрөө төлсөн гэж байгаа боловч “О.” ХХК хамтарч өмгөөллийн хөлс төлсөн. Миний бие Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан шалгагдаж байгаа хэргийн талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч нь А. болон Г.О., Т.Д. нар нь нийлж өөрийг нь залилсан, хууран мэхэлсэн гэж байна. Арилжигмаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа, манай компани хохирогчоор тогтоогдсон. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээ байгуулагдаагүй, шууд мөнгө шилжүүлсэн үйл баримт болсон. “Р.” ХХК болон “О..” ХХК-ний хооронд гэрээ байгуулагдаагүй. “О...” ХХК нь зуучлагчийн үүрэг гүйцэтгэж “Г...” ХХК-иас мөнгийг нь аваад “Р...” ХХК-руу шилжүүлж, литр тутмаас 40 төгрөгийн ашиг аваад үлдсэн бол нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. Зуучлалын үйлдлээс татгалзаад 1 900 000 төгрөгийг буцааж шилжүүлсэн, мөн гэрчүүд хувийн зүгээс төлбөр мөнгө, дизель түлш өгсөн. Энэхүү хэрэг нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.8 дахь хэсэгт зааснаар татгалзах үндэслэлтэй гэв.
5.Нэхэмжлэгчээс: Г. ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 3/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх 5, 24/, шатахуун, тослох материалын орлогын баримт /хх 6, 25/, Г. ХХК-ний Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх 7-8/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 38-39/,Л. ХХК. болон Г. ХХК-ний хооронд байгуулсан 2021-04-21-ний өдрийн “газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэх, төлбөрийн баримт /хх 40-48/,
Хариуцагчаас: О. ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 14/, Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст О. ХХК-ний гаргасан өргөдөл /хх 48/, “Хохирогчоор тогтоосон тухай” мөрдөгчийн тогтоол /хх 49/, “Иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тухай” мөрдөгчийн тогтоол /хх 50/, “Хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай” мөрдөгчийн тогтоол /хх 51/, хохирогч, хуул ёсны төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх 52-53/, “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах болон хяналтын харьяаллыг өөрчлөн тогтоох тухай” прокурорын тогтоол /хх 54-55/, О... ХХК-иас Баянгол дүүргийн прокурорт гаргасан гомдол /хх 56-57/, О... ХХК-ний ХААН банкны дансны хуулга /хх 58-59/, Р... ХХК-ний ХААН банкны дансны хуулга, тооцоо, зарлагын баримт /хх 60-77/ зэрэг баримтуудыг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагаас 73 926 000 төгрөг гаргуулахаар хангаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 16 817 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
“Г.” ХХК нь бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх үйл ажиллагаа эрхэлдэг нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан /хх 3/ байх ба 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “О... ХХК-ний дансанд 29 удаагийн шилжүүлгээр 85 086 000 төгрөгийг шилжүүлсэн /хх 8-9/ байна.
Нэхэмжлэгч нь мөнгө шилжүүлсэн үндэслэлээ “48900 литр дизелийн түлш худалдан авах байсан” гэж, хариуцагч “О...” ХХК нь “зуучлалын үйл ажиллагаа явуулж мөнгийг Р... ХХК-д шилжүүлсэн, энэ хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан” гэж маргажээ.
Талууд 85 086 000 төгрөгийг шилжүүлсэн, “О...” ХХК нь 2021 оны 5-р сарын 15-ны өдөр 1 956 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн /хх 72/ байх ба энэ талаар талууд маргаагүй байна.
Гагцхүү талуудын хооронд 48 900 литр түлш худалдах, худалдан авахаар хэлэлцэн тохироогүй нь шүүх хуралдааны шатанд тогтоогдсон, өөрөөр хэлбэл, энэ талаар нэг тал нь дизель түлш худалдан авахыг хүсч хүсэл зоригоо илэрхийлсэн, нөгөө тал нь нийлүүлэхээр түлшийг өмчлөлд нь шилжүүлэхээр тохироогүй, харин Ч.Д. нь дундын зууч хийдэг гэх Ал.тэй, А. Т.Да.тэй, Т.Д. Г.О.өөр дамжуулан мөнгийг шилжүүлсэн байжээ.
Энэ үйл баримт нь шүүх хуралдааны шатанд мэдүүлсэн гэрч Г.О...йн “2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр буюу 5 дахь өдөр Т.Д... надруу залгаад хямдхан түлш байна, нөгөө хүн авъя гээд байна гэж ярьсан. Хэсэг хугацааны дараа надад ямар үнээр түлш авах мэдээлэл ирснээр Т.Д...тэй холбож “Р.” ХХК-ийн дансыг өгч, мөнгийг нь шилжүүлээд түлшээ ачаарай гэсэн. Тэгээд “Р.” ХХК-ийн данс руу мөнгө шилжүүлж агуулах дээр нь очиход түлш ачигдахгүй удаан хүлээсэн, тухайн өдөр 5 дахь өдөр байсан учраас захирлын утасны дугаарыг олж ярисан, “яагаад түлш ачихгүй байгаа юм бэ” гэхэд “түлш чинь ачигдсан” одоо надад чамд өгөх түлш байхгүй” гэсэн. Тэгээд “О.” ХХК-ий буцааж шилжүүл гэхэд тэр мөнгөөр түлш ачигдсан гэсэн. Гэтэл “С.” Ойл ХХК-ийн агуулах руу мөнгийг нь шилжүүлсэн тэндээс түлш ачигдаж байгаа гэсэн. Би тэгэхээр нь “Г.” ХХК-ийн захирал Ч.Д. рүү залгаж чиний мөнгө “С.” ХХК-руу шилжиж түлш ачигдаад гарч байна, очиж зогсоогоод авах хэрэгтэй гэдгийг хэлсэн. Ч.Д. хэсэг хугацааны дараа “энэ хүмүүс “Р.” ХХК-иас түлш авахаар хүлээж байгаад өөрийнхөө түлшийг авч байгаа гэнэ, тэднийхээс авлагатай гэж байна-“гээд тэр хүмүүсийг явуулсан байдаг. Бид нар нийлж 10 гаруй хоног өдөр шөнөгүй хамт явсан. “О...” ХХК-иас гомдол гаргаж “Р...” ХХК-ийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өгсөн. Би найзын хувьд Ч.Д...гийн ажлыг зогсоохгүйн тулд 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн, дараа нь Өмнөговь аймгаас 6 тн түлш нийлүүлсэн /хх 25/ надад дизель түлш авах мэдээлэл ирэхээс өмнө өөр хүнтэй холбогдож Т.Д...гийн данс руу Ч.Д... мөнгөө шилжүүлсэн. Надтай тохирсны дараа Т.Д. нь “Р...” ХХК-ийн данс руу мөнгийг шилжүүлсэн, Т.Д... нь мөнгөнөөс 20 төгрөгийн зөрүү гаргаж ашиг олох зорилготойгоор 20 төгрөгийн ашгаа үлдээж бусдыг нь “Р...” ХХК-ийн данс руу шилжүүлсэн, Т.Д...гийн эхнэр нь “О.й” ХХК-ийн захирал, Т.Д... нь өөрөө борлуулалтаа хийдэг” гэсэн мэдүүлэг,
Гэрч Т.Д...гийн “Г...” ХХК-ийн захирал Ч.Д... надтай холбогдож түлш зах зээлийн үнээс хямд үнээр авах талаар ярьж, компаниар дамжуулж 2021 оны 05 дугаар 14-ний өдөр 85 086 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр мөнгийг нь “Р...” ХХК-ийн данс руу шилжүүлж, зөрүүг нь буцааж шилжүүлсэн. “Р...” ХХК түлшээ манайд өгөхөөр болж машины дугаар өгсөн. Г.О... надтай холбогдож “Р...” ХХК-ийн данс руу мөнгөө хийгээрэй гэхээр нь шилжүүлсэн, бид түлшээ авч чадахгүй өнөөдрийг хүртэл хөөцөлдөж байна, манайх тусгай зөвшөөрөлгүй, дундын зуучлалаар ашиг олох зорилготой байсан, дундын зуучлалд А... “Г...” ХХК болон надтай холбогдсон, Ч.Д. А.тэй, А. Т.Д...тэй, Т.Д... Г.О...тэй холбогдсон” гэх мэдүүлгээр тус тус тогтоогджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “манайх зуучилсан, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан” гэжээ.
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.
Хариуцагч нь зуучлалын үүрэг гүйцэтгэсэн гэх боловч Г...ХХК-ийг дизелийн түлш худалдан авахад нь Р... ХХК-д холбож өгсөн, улмаар хөлс авахаар тохирсон үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Хариуцагчийн гаргасан, хэргийн 48-57 дугаар талд авагдсан эрүүгийн хэргийн талаарх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй боловч “О.й” ХХК хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон, энэ хэрэгт С.А... шалгагдаж байгаа” талаар талууд маргаагүй, өөрөөр хэлбэл, “О...” ХХК болон “Р...” ХХК-ний хооронд үүссэн маргаанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь тогтоогдсон байна.
Харин энэ хэрэгт “Г...” ХХК хохирогчоор тогтоогдоогүй байх тул уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч “О...” ХХК-д шилжүүлсэн 85 086 000 төгрөгөөс 11 160 000 төгрөг төлөгдсөн гэж үзэж үлдэх 73 926 000 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэж, үндэслэлгүйгээр олж авсан мөнгийг хариуцагчаас гаргуулахаар хангах нь зүйтэй.
Г... ХХК нь Л... ХХК-ний хооронд байгуулагдсан 2021 оны 04-р сарын 21-ний өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, 16 817 787 төгрөгийн нэхэмжлэх, мөн Ньюэнен ХХК, Ундарга Увс ХХК, Хотол ойл ХХК-ний төлбөрийн баримтуудаар /хх 40-47/ нэхэмжлэгч нь худалдан авсан бүтээгдэхүүний үнийг төлж чадаагүйгээс “хүү, алданги” төлсөн үйл баримт тогтоогдоогүй байна.
Түүнчлэн 2021 оны 7-р сарын 5-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр өөрийн өмчлөлийн ... дүүргийн ...-р хороо, ... дугаар байрны 43 тоот сууцаа худалдсан /хх 24/ нь энэ нэхэмжлэлийн шаардлага, маргаантай шалтгаант холбоотой гэх үндэслэлгүй.
3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 611 865 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 73 926 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 611 865 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, “О....” ХХК-иас 527 580 төгрөг гаргуулж “Г....” ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “О...” ХХК-иас 73 926 000 /далан гурван сая есөн зуун хорин зургаан мянга/ төгрөг гаргуулж “Г...” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 16 817 000 /арван зургаан сая найман зуун арван долоон мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 611 865 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, “О....” ХХК-иас 527 580 төгрөг гаргуулж “Г....” ХХК-д олгосугай.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА