Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2022/02782

 

 

 

 

 

 

 

2022 06 15 101/ШШ2022/02782

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, Т банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, О.Г-ийн,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,  тоот хаягт оршин суух, Д.А нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 18,992,873.58 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Хариуцагч О.Г, Д.А,

Хариуцагч Д.А-гийн өмгөөлөгч Т.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Г, Д.А нар нь 2020-02-19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 16,800,000 төгрөгийг сарын 1,6 хувь, жилийн 19,2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай бизнесийн зээлийг авсан. 2020-02-19-ний өдөр зээлдэгч О.Г-н Т банк дах 0 тоот харилцах дансанд 16,800,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн.

Мөн О.Г, Д.А зээл, зээлийн хүүг сар бүрийн 20-ны өдөр төлөх үүрэгтэй боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 413 хоног хугацаа хэтэрсэн. Банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгчид мэдэгдэж, утсаар холбогдон зээлийн төлбөрийн зөрчилөө арилгах шаардлага тавьсан. 2022-05-03-ны өдрийн байдлаар О.Г, Д.А нарын 0 тоот барьцаат зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 15,570,043.09 төгрөг, хүү 3,430,229.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,592.39 төгрөг, нийт 18,990,865.33 төгрөгийг төлөөгүй. Хариуцагч нар нь зээл авсан өдрөөс хойш үндсэн зээлд 1,229,956.91 төгрөг, зээлийн хүүнд 3,333,439.58 төгрөг төлсөн. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 15,570,043.09 төгрөг, хүү 3,430,229.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,592.39 төгрөг, нийт 18,982,123.58 төгрөгийг, нотариат хөлс 10750 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч О.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.А-ийн хамт Т банкны Өнөр тооцооны төвөөс 2020-02-19-ний өдөр 0 тоот зээлийн гэрээ байгуулж 16,800,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Т банкны Өнөр тооцооны төвийн нэхэмжлэлийн дүнтэй маргах зүйлгүй. 2020 онд авсан зээлээрээ уг зээлийн хамтран зээлдэгч Д.Ад урьдчилгаа төлбөргүй 100 хувийн лизингээр приус 30 маркийн автомашин худалдан авч өгсөн. Миний хувьд уг зээлийн мөнгөнөөс 1 ч төгрөгийг хэрэглээгүй. Анх машин авахад Д.А машиныг унаж хэрэглэнэ, зээлийн эргэн төлөлтийг бүрэн хариуцна гэсэн аман тохиролцоо байгуулсан. Зээлийн төлөлт хугацаандаа хийгдэхгүйгээс болж банкнаас удаа дараалан холбогдож, 2 удаа гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсан боловч зээлийг төлөхгүй явсаар өнөөдрийн байдалд хүрсэн. Өнгөрсөн 2 жил гарангийн хугацаанд миний хувьд ч жижиг дунд бизнесийн 3 хувийн зээлд хамрагдах боломжтой байсан ч энэ зээл хугацаа хэтрэлттэй гэсэн ангилалтай тул зээлэнд хамрагдаж чадаагүй. Д.А-тэй утсаар холбогдох гэхээр утсаа авдаггүй, эсвэл харааж зүхээд хэл амаа ололцохыг хүсдэггүй. Гэрт нь очихоор зугтаадаг. Удаа дараалан хэл амаар доромжилсон. 0 утасны дугаартай Т банкны захиралтай хэд хэдэн удаа очиж уулзан А-ийн автомашиныг хураалгах хүсэлт гаргасан боловч ажлын зав нь гарч өгөхгүй байсан тул би 2022-05-26-ны өдөр таньдаг хүнээрээ банкны ажилтан гэж хэлүүлж 00 улсын дугаартай автомашиныг нь авсан. Би анх уг автомашиныг А-д худалдаж авч өгөхөд гаалийн бичигтэй, улсын дугаар аваагүй, монголд огт яваагүй машин байсан. Уг автомашины одоогоор зээлийн үнийн дүнгийн тал хувийг ч төлөх үнэд зарагдахааргүй болтол хуучирч, эвдэрсэн байна. Т банкны нэхэмжлэлд дурьдсан төлбөрийг барагдуулахдаа  автомашиныг зах зээлийн ханшаар нь борлуулж, үлдэгдэл төлбөрийг зээлийн хамтран зээлдэгч Д.А төлөх ёстой гэж үзэж байгаа. Банкнаас 16,800,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн, тэр өдөр Д.А-д машиныг авах компаний дансруу шилжүүлж машиныг авсан гэдэг дээр маргах зүйл байхгүй гэв.

Хариуцагч Д.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 02 сард О.Г-тай хамтарч Т банкны Өнөр тооцооны төвөөс зээлийг хамтран авахад батлан даагч нь болсон нь үнэн. О.Г-тай приус 30 маркийн машиныг авч зээлийг өөрийн зүгээс барагдуулж байсан. Ковид 19-ийн улмаас зээл хойшлуулах үйлчилгээг авч хүүг нь хугацаанд нь төлж байсан. Энэ хугацаанд 3,107,000 төгрөгийг О.Г-гийн 0 тоот дансанд хийдэг байсан. 2021 оны 05 сард О.Г нь эргэн төлөлт хийгээгүй гэсэн шалтгаанаар хувийн ачилтын машин дуудаж машин ачуулж авч явсан. Тухайн үед миний бие өөрийн зүгээс төлсөн мөнгөө авч машин өгөх эсвэл машиныг авч зээлийг үргэлжлүүлэн төлөх санал тавьсан ч харилцан тохиролцоонд хүрээгүй. О.Г нь утсаар болон хэл амаар доромжилж машинаа авна, хэзээ ч авсан миний эрх гэх мэтээр үргэлж доромжилсон тул 2021 оны 05 сараас би зээлийн төлөлтийг хийгээгүй. Т банканд машиныг хураалгах хүсэлт удаа дараа гаргаж байсан. Машин авч явах үед машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл явах эд ангины асуудалгүй авч явсан. Иймд миний бие нь энэ зээлийн эргэн төлөлт хийх шаардлагагүй гэж үзэж байна. Д.А би 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, приус 30 машинаараа өрхийн амьжиргааг хийдэг байсан. О.Г нь 2022-03-26-ны өдөр машин авч явснаас хойш уг машиныг гар дамжуулан хүмүүст унуулж байгаа. Одоо тэр машинд ямар эвдрэл гэмтэл гарч байгааг мэдэхгүй тул би хариуцахгүй. О.Г уг зээлийг төлөх чадваргүй болох нь хуулиар тогтоогдож, батлан даагч миний бие төлөхөөр болсон тохиолдолд приус 30 маркийн  машиныг бүрэн хүлээж авсан тохиолдолд эргэн төлөлтийг хуваарийн дагуу эргэн төлөхөд татгалзах зүйлгүй. Миний бие уг машиныг унаж байх хугацаанд гарсан элэгдэл гэмтэл гарсан гэж үзвэл О.Ггийн дансанд шилжүүлж байсан 3,107,000 төгрөгийг суутгуулах хүсэлттэй байна. 16,800,000 төгрөгний зээлийг авч машин авсан гэдэгт маргах зүйлгүй гэв.

Нэхэмжлэгчээс 2019-12-27-ны өдрийн 0 дугаартай зээлийн гэрээ /хх-ийн 6-7 тал/,0 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /хх-ийн 8-9 тал/, барьцаат зээлийн тооцоо хуудас /хх-ийн 10 тал/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-02-08-ны өдрийн 516 дугаартай шийдвэр /хх-ийн 23-25 тал/, зээлийн тооцооллын хүснэгт /хх-ийн 26 тал/ зэргийг тус тус баримтаар гарган өгсөн, харин хариуцагчаас шүүхэд бичгийн нотлох баримт ирүүлээгүй.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т банк ХХК нь хариуцагч О.Г, Д.А нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 15,570,043.09 төгрөг, зээлийн хүүнд 3,430,229.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 80,592.39 төгрөг, нотариатын төлбөр 10,750 төгрөг, нийт 18,992,873.58 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч О.Г нь Т банкны Өнөр тооцооны төвөөс 2020-02-19-ний өдөр 0 тоот зээлийн гэрээ байгуулж 16,800,000 төгрөгийн зээл авсан, нэхэмжлэлийн дүнтэй маргах зүйлгүй. 2020 онд авсан зээлээрээ уг зээлийн хамтран зээлдэгч Д.А-д машин авч өгөх зорилгоор зээлийг авч приус 30 маркийн автомашин худалдан авч өгсөн. Миний хувьд уг зээлийн мөнгөнөөс 1 ч төгрөгийг хэрэглээгүй. Анх машин авахад Д.А машиныг унаж хэрэглэнэ, зээлийн эргэн төлөлтийг бүрэн хариуцна гэсэн аман тохиролцоо байгуулсан тул зээлийг төлөхгүй гэх үндэслэлийг гаргаж маргасан.

Хариуцагч Д.А нь О.Г-гийн хамт машин авах зорилгоор 16,800,000 төгрөгний зээлийг авч, 0 улсын дугаартай автомашиныг худалдан авч зээлийг төлж байсан, О.Г машиныг 2022-03-06-ны өдөр авсан учир зээлийн үлдэгдлийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Зохигчийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 0 дугаартай зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 0 улсын дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ тус тус байгуулагдаж, гэрээний дагуу Т банк ХХК нь зээлдэгч О.Г, Д.А нарт 16,800.000 төгрөгийг, хэрэглээний зээлийн зориулалтаар 30 сарын хугацаатай, сарын 1,6 хувь, жилийн 19,2 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 8-10 тал/

Талууд 2020 оны 06 сарын 30-ны өдөр болон 2021 оны 03 сарын 23-ны өдөр тус тус зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд зээл болон зээлийн хүүг зээлдүүлэгчид буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Зохигчид зээлийн гэрээний зүйл болох 16,800,000 төгрөгийг зээлдэгч нарт зээлдүүлэгчээс хүлээлгэн өгсөн эсэх талаар маргаагүй ба хэргийн 16 дугаар талд авагдсан зээлийн дансны харилцагчийн хуулга баримтаар зээлдэгч О.Ггийн эзэмшлийн 0 тоот дансанд 16,800,000 төгрөгийг зээл олгов гэх гүйлгээний утгаар нэхэмжлэгч Т банк ХХК-иас шилжүүлжээ.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагч О.Г, Д.А нар нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг ашигласан хугацааны хүүгийн хамт 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хооронд сар бүр 709,677.61 төгрөгөөр төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 10 тал/

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

Хариуцагч буюу зээлдэгч О.Г, Д.А нар нь зээл, хүүгийн төлбөрт нийт 3,333,439.58 төгрөгийг төлсөн байна.

Нэхэмжлэгч Т банк ХХК-иас зээлдэгч нарыг зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгч мэдэгдэж байсан болох нь зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдээр тогтоогдсон. Мөн зээлдэгч нараас Т банк ХХК-д хандан ... зээлийн төлбөрийг төлж барагдуулна, хугацаа олгохыг хүсэж бичгээр хүсэлтүүдийг гаргаж байсан байна. /хх-20-21 тал/

Гэвч Т банк ХХК-иас хугацаа олгосон байх боловч үр дүн гараагүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаанаас өмнө гэрээг цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрх үүссэн байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үндсэн үүрэг 15,570,043.09 төгрөг үлдсэн, төлвөл зохих үндсэн хүүгийн төлбөр 3,430,229.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,592.39 төгрөгийн хэмжээнд маргаагүй.

Хариуцагч О.Ггийн 16,800,000 төгрөгнөөс нэг ч төгрөг хэрэглээгүй гэх татгалзал, мөн хариуцагч Д.Агийн О.Г машиныг хүн явуулж хурааж авсан тул миний бие нь энэ зээлийн эргэн төлөлт хийх шаардлагагүй гэх татгалзал тус тус үндэслэлгүй. Д.А нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож үүрэг хүлээж, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.А нь хамтран үүрэг гүйцэтгэгч байна.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж заасан байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь шүүхэд хариуцагч нарыг зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргахын тулд нотариатын зардалд 10,750 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан мөнгөний тасалбар баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 17 тал/

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч О.Г, Д.А нараас үндсэн зээлийн үлдэгдэл 15,570,043.09 төгрөг, зээлийн хүү 3,430,229.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 80,592.39 төгрөг, нотариатын төлбөр 10,750 төгрөг, нийт 18,992,873.58 төгрөгийг гаргуулж Т банк ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч О.Г, Д.А нараас зээлийн гэрээний үүрэгт 18,992,873.58 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т банк ХХКолгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,904.33 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.Г, Д.А нараас 252,904.33 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т банк ХХКолгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА